Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 100

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19.. онд Багануур дүүрэгт төрсөн, .. настай, халх, эмэгтэй, дээд  боловсролтой,  хятад хэлний орчуулагч  мэргэжилтэй,  ам бүл ..,  ээж хүүхдийн хамт  … тоотод оршин суух, Х овогт Б-ийн Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19.. онд ... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой,  автомашины ашиглалтын инженер, аж ахуйч мэргэжилтэй,  эрхэлсэн ажилгүй, ам бүл .., ээж ахын хамт ...тоотод оршин суух И- овогт Л-ийн Э-т /РД:........./ холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 сарын  12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н-, хариуцагч Л.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.Н- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Б.Н- нь Л.Э-тай  ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиас үерхэж нөхөрлөн улмаар гэр бүл болсон. Бидний дундаас 2013 оны 10 сарын 19-нд хүү Э.Т- төрсөн. Бид гэрлэх ёслол хийж тусдаа гарахдаа гэрлэлтээ баталгаажуулна гэж төлөвлөж улмаар гэрлэлтээ баталгаажуулаагүй, өөрийн гэсэн  орон байргүй  эцэг, эхийндээ амьдарч байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд хүмүүжиж байна. Бид тусдаа амьдарч эхэлснээс хойш хүүдээ огтхон ч санаа тавьж эргэж тойроогүй. Одоо хүү маань 4 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлтэй, хүүгээ анхаарч халамжилж явах хангалттай чадвартай хэдий ч  эцэг нь хүүхдээ эргэж тойрохгүй анхаарал халамж тавихгүй байгаа учраас  Л.Э-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдэж шүүхэд хандсан. Хүү маань одоо Улаанбаатар хотод цэцэрлэгт явдаг, салсны дараа бид хоёр зан харьцааны таарамжгүй байдалтай байсан учраас хүүгээ  уулзуулахгүй байсан нь үнэн, би ажлаар хөдөө гадаа явдаг учраас уулзуулах боломж гарсангүй, одоо хүүхдээ эцэгтэй нь уулзуулахгүй гэх юм байхгүй гэв.

Хариуцагч  Л.Э-  шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Л- овогтой Э- миний бие Б.Н-гийн гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй, харин хүүтэйгээ уулзаж баймаар байна, хэд хэдэн удаа уулзах гэтэл уулзуулаагүй, би өөрөө хөдөө гадаа яваад ойрных  уулзаж чадахгүй байна, хүүхдийн тэтгэлгийн хэмжээг  шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч  Л.Э-т  холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Н-, хариуцагч Л.Э- нар нь ерөнхий боловсролын сургуулиасаа үерхэж  нөхөрлөн улмаар 2013 оноос хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа  2013 оны 10 сарын 19-ний өдөр хүү Э.Т-ийг  төрүүлэн  хүүхэд одоог хүртэл эрүүл саруул, эхийн гар дээр өсөн бойжиж  байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос тус тусдаа амьдрах болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Л.Э-аас тэтгэлэг гаргуулж хүү Э.Т-ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд  тэгш эрх эдэлж , адил үүрэг хүлээх учраас нэхэмжлэгч Н-гийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ дуртай үедээ  уулзахыг хориглох, саад учруулах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Л.Э-аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагч  Л.Э-т   анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн  37.052 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 198.600 төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаанд  1  хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.191.600 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 33.148 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2013 оны 10 сарын 19-нд төрсөн Э-ын Т-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг  тогтоон эцэг И- овогт Л-ийн Э-аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгчээс илүү төлсөн 37.052 төгрөгийг улсын орлогоос,  33.148 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ЦЭЦЭГДУЛАМ