Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 574

 

 

 

 

 

 

 

2019           6               11                                            2019/ДШМ/574

 

                                                 О.А-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаартай эсэргүүцлийг үндэслэн О.А-д холбогдох эрүүгийн 1806096440006 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн О.А-, 20.. оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... дүүргийн 22 дугаар хороо, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

О.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хотхоны 403 дугаар байрны авто зогсоолоос иргэн Б.Саруулсанаагийн эзэмшлийн унадаг дугуйг эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 69 дүгээр байрны 902 тоотод оршин суух Ш.Цэрмаагийн бага насны хүүхдийг гэртээ байхад нь худал хэлж улмаар 659.000 төгрөгийн үнэлгээ бүхий “TCL” маркийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд” хотхоны 501 дүгээр байрны В1 давхараас иргэн Д.Нямдаваагийн “Трек” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 858.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.18 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар О.А-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А-ийн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш цагдан хоригдсон нийт 94 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ээс нийт 1.517.400 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Цэрмаад 659.400 төгрөг, Д.Нямдаваад 858.000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулиар “Хууль ёсны зарчим”, “Шударга ёсны зарчим”, “Гэм буруугийн зарим” гэсэн гурван зүйлийг томьёолж, уг 3 зарчмыг хэлбэрэлтгүй баримтлахаар хуульчилсан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж тус тус заасан. Хуулийн дээрхи зохицуулалтаас үзвэл гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх ёстой бөгөөд нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчим буюу 1 гэмт хэрэгт 1 ял, 2 гэмт хэрэгт 2 ял гэсэн агуулга бүхий зарчмыг хуульчилсан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг баримтлан ял оногдуулсан боловч хуулийн энэхүү зохицуулалтыг авч үзвэл хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр нэг л гэмт хэргийн шинжийг буюу нэг обьектод чиглэсэн олон удаагийн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой хугацаанд үргэлжилсэн байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзнэ” гэж ойлгогдохоор байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэм нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж тус тус заасан хуулийн зохицуулалт нь нэг гэмт хэрэгт нэг ял гэсэн шударга ёсны зарчимтай харилцан уялдаатай болох нь харагдаж байна. Нөгөө талаасаа, олон удаагийн тус тусдаа үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцож ял оногдуулж буй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна” гэж заасны дагуу үйлдэл тус бүрт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үйлдэл тус бүрийг өөр хооронд нь үл хамааруулах байдлаар тус тусад нь нотлон тогтоосны ач холбогдол үгүй болж байна. Өөрөөр хэлбэл, 1 удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 1 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эсхүл 100 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 1 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулан шийдвэрлэж буй байдал нь шударга ёсны зарчмыг шууд утгаараа үгүйсгэж, гэмт хэрэг үйлдсэн этгээд, цаашлаад нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхэд оршиж буй эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч  О.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хотхоны 403 дугаар байрны авто зогсоолоос Б.Саруулсанаагийн өмчлөлийн 420.000 төгрөгийн үнэ бүхий Шимано /Shimano/ загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан;

2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 69 дүгээр байрны 902 тоотод оршин суух Ш.Цэрмаагийн бага насны хүүхдийг гэртээ байхад нь “танай хажуу айлын хүн байна” гэж худал хэлж гэрт нь орж, улмаар 659.000 төгрөгийн үнэ бүхий “TCL” маркийн 40 инчийн зурагтыг нь “манайх шинэ зурагт авах гэж байгаа, ээжид үзүүлчихээд ирье” гэж худал хэлж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн;

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд” хотхоны 501 дүгээр байрны В1 давхараас Д.Нямдаваагийн өмчлөлийн  858.000 төгрөгийн үнэ бүхий “Трек” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гурван удаагийн үргэлжилсэн хулгайн үйлдлүүдийн улмаас бусдад 1.937.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7/, хохирогч Б.Саруулсанаа /хх 40/, хохирогч Ш.Цэрмаа /хх 9-11/, хохирогч Д.Нямдаваа /хх 91/ нарын хэрхэн яаж эд зүйлээ алдсан талаарх мэдүүлгүүд, тухайн эд зүйлсийг үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээний тайлангууд /хх 15-16, 58-59, 95-96/ болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.А-ийн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.    

Шүүгдэгч О.А-ийн хохирогч Ш.Цэрмаагийн эд зүйлийг хулгайлсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтэрч үйлдсэнээс гадна хохирогчийн бага насны хүүхдэд худал хэлж, эд зүйлийг нь авсан нь хулгайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Прокурор Ц.Гантулгабатаас “шүүгдэгчийн үйлдэл тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйл хэсгээр ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох ёстой” гэсэн утга агуулга бүхий улсын яллагчийн эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох зүйтэй.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснээс үзэхэд шүүгдэгч О.А-ийн 2018 оны 11 дүгээр сарын 19, мөн оны 12 дугаар сарын 4, 12 дугаар сарын 10-ны өдрүүдийн хулгайн үйлдлүүдийг үргэлжилсэн нэг үйлдэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүх О.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

Гэвч, прокуророос шүүгдэгчийн гурван үйлдэл тус бүрт Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр зүйлчилснийг нэг зүйл хэсэг болгон өөрчлөлгүйгээр шийдвэрлэсэн нь буруу тул энэ талаарх өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэв.

Үүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч О.А-ийг “өсвөр насны хүн” гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан оногдуулах ялыг багасгасан нь учир дутагдалтай болсон байх ба энэ зүйл, хэсгийг хэрэглэх болсон хууль зүйн үндэслэлийг зөв тайлбарлаж чадаагүй байна.  

Харин шүүгдэгч О.А-ийн анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн тохирох хэсгийг журамлан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд хууль хэрэглээний хувьд зохимжтой болохоор байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг “Шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ