Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0202

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.У*******ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү 

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С*******, өмгөөлөгч Г.А*******

Нэхэмжлэгч: Ч.У*******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.А*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 159/2023/0048/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.У******* нь “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар “Ч*******ийн У*******ийг Жаргалант 1 дүгээр багийн Засаг даргаас огцруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах ”-аар маргасан байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.У*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаартай “Ч*******ийн У*******ийг Жаргалант 1 дүгээр багийн Засаг даргаас огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 11.818.891 төгрөгийг гаргуулан Ч.У*******т олгож, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С*******, өмгөөлөгч Г.А******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:  

3.1. “...Нэхэмжлэгч Ч.У*******ийн зүгээс Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн Б/12 дугаартай захирамж, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах, нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн байна.

3.2. Хариуцагчийн зүгээс Б.У*******ийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу багийн нутаг дэвсгэрт нохой устгал хийгээгүй, хог цэвэрлэгээний ажил зохион байгуулаагүй, сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй үндэслэлээр 2023 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн Б/12 дугаартай" захирамжаар 3 сарын хугацаагаар үндсэн цалингийн 20 хувиар суутган тооцож сахилгын шийтгэл ногдуулсныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн.

Харин 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаартай "... багийн Засаг даргаас огцруулах" тухай захирамж нь гарахдаа өмнө нь гаргасан зөрчлөөр дахин сахилгын арга хэмжээ авсан гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3.3. Хариуцагчийн зүгээс цалингийн хувиар тооцох сахилгын арга хэмжээг 2023.04.26-ны өдөр авсан ба боловч нэхэмжлэгчийн зүгээс дахин удирдлагаас өгсөн Үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т зааснаар засаг даргын албан үүргээс огцруулах арга хэмжээ авсан болно. Өөрөөр хэлбэл өмнө гаргасан зөрчлөөр дахин арга хэмжээ аваагүй гэж үзэж байна.

3.4. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлд багийн Засаг даргын харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгаж өгсөн ба 58 дугаар зүйлийн 58.1.12-т "сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах эрхтэй байна.

3.5. Засаг дарга нь улс төрийн албан тушаалд хамаардаг ба багийн Засаг дарга нь сумын Засаг даргатай, сумын Засаг дарга нь аймгийн Засаг даргатай, аймгийн Засаг дарга нь Монгол улсын Ерөнхий сайдтай бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ"-г байгуулахыг хуульд тусгайлсан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээ нь Засаг даргын хувьд чиг үүргээ хэрэгжүүлэх, түүнийгээ дүгнэх үндсэн баримт бичиг юм.

3.6. Гэтэл нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээг удаа дараа байгуулахаас татгалзаж байгаа эс үйлдэхүй гаргасны улмаас цаашид албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж байна гэж ойлгогдохоор байна.

3.7. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд гэрчээр /шийдвэрт гэрч оролцуулсан асуудлыг тусгаагүй тул хуралдааны тэмдэглэлээс үзэх боломжтой/ сумын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Дүүрэнбаярыг оролцуулсан ба гэрчийн зүгээс нэхэмжлэгчид хамтран ажиллах гэрээ байгуулах саналыг утсаар мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй гэснийг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрсөн байна.

3.8. Сумын Засаг даргын зүгээс 2023.05.11-ний өдөр Ч.У*******т мэдэгдэл хүргүүлсэн ба уг мэдэгдэлд ... гэрээ байгуулна гэж заасныг зөрчин гэрээ байгуулахад хүрэлцэн ирээгүй гэдгийг тусгасан байна.

3.9. Нэгэн хуульд зааснаар 2023 оны 01 сараас эхлэн байгуулах ёстой хамтран ажиллах гэрээг байгуулахаас удаа дараа татгалзаж, улмаар сахилгын арга хэмжээ авсаар байхад дахин байгуулахаас татгалзаж 26 хоног өнгөрсөн тул төрийн албаны зарчим, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчим буюу асуудлыг шийдвэрлэхэд хамтын зарчмыг баримтлах гэсэнтэй нийцэхгүй байгаа тул багийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулж шийдвэрлэсэн болно.

3.10. Харгийн 112 дугаар хуудсанд авагдсан баримтад сумын Засаг даргаас үүрэг даалгаврын хяналтын картыг 2023.05.02, 2023.05.08 өдрүүдэд нэхэмжлэгчид өгсөн боловч гарын үсэг зурахаас татгалзсан ба уг үйлдэл нь үүрэг даалгаврыг биелүүлэхгүй гэсэн эс үйлдэхүй байна.

3.11. Өмнө нь авагдсан сахилгын шийтгэлийн нэг үндэслэл болох нохой устгал хийх ажиллагааг хийгээгүйгээс болж сумын иргэд нохойд уруулах аюулд өртсөн гомдлыг 2023.05.04-ны өдөр сумын Засаг даргад гаргасан байна. Сахилгын шийтгэлийн ногдуулсан хугацаа 3 сар боловч багийн Засаг даргын үүрэгт ажил нь шийтгэл ногдуулсан өдрөөс хойш дахин хэрэгжээд явах ёстой. Гэтэл шүүх дээрх үндэслэлүүдэд арга хэмжээ авсан учраас дахин арга хэмжээ авах нь давхардсан үндэслэл болно гэсэн утга агуулгатай дүгнэсэн нь буруу ба төрийн ажлыг цалгардуулах, цаашлаад дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг арга хэмжээ авсан гэсэн үндэслэлээр дахин биелүүлэхгүй байх хэмжээнд хүрч байна.

Дээрх дурдсан үндэслэлүүдийг няцаасан, үүрэгт ажлаа хийсэн, төлөвлөсөн. хэрэгжүүлсэн талаарх баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй болно.

3.12. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаартай"... багийн Засаг даргаас огцруулах" тухай захирамжийн нэг үндэслэл нь "албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн" гэх тухайд:

3.13. Талуудын хооронд маргаж байгаа Захиргааны актанд дурдагдсан үндэслэлийг шалгах, нотлох ажиллагааг хэргийн оролцогчоос гадна захиргааны хэргийн анхан шатны шүүх бүрдүүлэх үүргийг хуулиар зохицуулсан.

3.14. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Дүүрэнбаяр нь нэхэмжлэгч нь төрийн зарим албан хаагч нартай хамт ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас өөрийн эрх хэмжээнд хамаарах албан хаагчийг ажлаас чөлөөлсөн талаараа мэдүүлэг өгсөн байдаг. Энэ талаар болон бусад нөхцөл байдлыг тодруулахаар шүүхийн зүгээс үзлэг болон шалгах ажиллагааг дутуу явуулсан гэж үзэхээр байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангав.

2.1. Нэхэмжлэгч Ч.У*******ээс “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар “Ч*******ийн У*******ийг Жаргалант 1 дүгээр багийн Засаг даргаас огцруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах ” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.2. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар тус сумын Жаргалант 1 дүгээр багийн Засаг дарга Ч.У*******ийг “удирдлагаас өгсөн багийн нутаг дэвсгэрт нохой устгал хийгээгүй, хог цэвэрлэгээний ажил зохион байгуулаагүй, сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулах өдөр ирээгүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй” гэх үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд мөн сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, сахилгын шийтгэлийг шат дараалан хариуцлага тооцогдсон, албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн багийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулжээ.

2.3. Анхан шатны шүүхээс “...Б/12 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” гэх тухайн үндэслэлээр дахин хариуцлагыг давхардуулан нэхэмжлэгч Ч.У*******ийг Жаргалант 1 дүгээр багийн Засаг даргаас огцруулсан нь үндэслэлгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар “Ч*******ийн У*******ийг Жаргалант 1 дүгээр багийн Засаг даргаас огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 11.818.891 төгрөгийг гаргуулан Ч.У*******т олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй байна.

2.4. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т. “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна”, 64.2.5-д “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр”, 64.3-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана...”, 65 дугаар зүйлийн 65.1.3-т “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэж тус тус заажээ.

2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаас Жаргалант 1 дүгээр багийн Засаг дарга Ч.У*******т үүрэг даалгаврын хяналтын картаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 3 хоногийн хугацаатай нохой устгах үүрэг даалгавар, хог цэвэрлэгээний ажил зохион байгуулах үүргийг өгсөн бөгөөд нэхэмжлэгч Ч.У******* нь дээрх үүрэг даалгавруудыг огт биелүүлээгүй, мөн сумын Засаг даргатай хамтран ажиллах талаар гэрээ байгуулаагүй тул Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар түүнд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулсан,

2.6. Улмаар нэхэмжлэгч Ч.У******* нь дээрх шийдвэрийн дараа сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон үүрэг даалгавруудыг биелүүлээгүй төдийгүй сумын Засаг даргаас 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн үүрэг даалгаврын хяналтын хуудсаар өгсөн “Тариалангийн талбай чөлөөлөх” хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мөн хамтран ажиллах гэрээ байгуулахаас татгалзсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01/132 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...гэрээ байгуулахад хүрэлцэн ирээгүй, ...Засаг даргаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврын гүйцэтгэлийн үйлдэл, эс үйлдэл нь ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа үүрэгтэй тэнцэхгүй байгаа” зэрэг үндэслэлээр цаашид багийн Засаг даргын албан үүргийг гүйцэтгүүлэх боломжгүй гэж үзэж байгаа” талаар мэдэгдэж, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар түүнд сонсох ажиллагаа хийж, тайлбар мэдүүлэг авснаар мөн өдрийн Б/16 дугаар захирамжаар багийн Засаг даргаас огцруулсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

2.7. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар багийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалын ангилалд хамаарах ба багийн Засаг дарга нь дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлж ажиллаагүй ажлын хариуцлага алдсан тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах, огцруулах бүрэн эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч өмнө сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон зөрчлийг арилгаагүй, уг үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, нөгөөтээгүүр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.12-т “сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байхад дахин гэрээ байгуулахаас татгалзаж байгаа энэ тохиолдолд “...цаашид хамтран ажиллах боломжгүй” гэж үзэж нэхэмжлэгчийг огцруулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

2.8. Харин анхан шатны шүүхээс “...шат дараалан сахилгын арга хэмжээ авагдсан тохиолдолд Засаг даргыг огцруулна гэх үндэслэл хуулиар зохицуулагдаагүй байна” гэж зөв дүгнэсэн атлаа “...Ч.У*******ийн гаргасан гэх зөрчилд сумын Засаг дарга сахилгын шийтгэл ногдуулчихсан бөгөөд түүнээс хойш нэхэмжлэгч дахин зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл шат дараалан тооцогдсон гэх хуульд байхгүй үндэслэлээр огцруулсан нь үндэслэлгүй ба ойлгомжгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2.9. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.3-д Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад сануулах болон үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах 2 төрлийн сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Ч.У*******т сахилгын шийтгэл ногдуулаагүй, харин мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийг Жаргалант 1 дүгээр багийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан байхад анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд бүрэн дүгнэлт хийлгүй, хуулийг буруу тайлбарлан өмнө нь ногдуулсан шийтгэлд давхардуулан шийтгэл ногдуулсан гэх агуулгаар ойлгомжгүй дүгнэлтийг хийж шийдвэрлэжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.12, 64 дүгээр зүйлийн 64.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.У*******ийн гаргасан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар “Ч*******ийн У*******ийг Жаргалант 1 дүгээр багийн Засаг даргаас огцруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ                            

 

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН