Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2016/0536

 

“Очир гео” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, өмгөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хүрэлбаатар, Б.Солонго, өмгөөлөгч Б.Заантогтох нарын бүрэлдэхүүнтэйгээр, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, “Очир гео” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Баян сумын “Цант” 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн е, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрлийг дэмжихгүй тухай 03 дугаар тогтоолын, Төв аймгийн Баян сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 16 дугаар тогтоолын, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тэмдэглэл-ийн “Очир гео” ХХК холбогдох хэсгүүдийг, Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрийн Ар худагтай гэдэг нэртэй 4585.85 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн 15 дугаар саналыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Төв аймгийн Засаг дарга Д.Батбаяр давж заалдах гомдолдоо: "ОчирГео" ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн
Баян сумын "Цант" 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга, Баян сумын
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын дарга нарт холбогдох Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн
Иргэдийн нийтийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн "Хайгуулын
тусгай зөвшөөрлийг дэмжихгүй" тухай 03 дугаар тогтоол, Төв аймгийн Баян сумын
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах" тухай 16 дугаар тогтоол, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 34 дүгээр тэмдэглэл, Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал"-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд гаргасан 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 16 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэгдүгээрт, Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал"-ыг захиргааны акт мөн гэж үзсэн явдал нь Монгол Улсын Захирааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ("ЗХХШтХ")-ийг зөрчсөн дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл, ЗХХШтХ-ийн 3 дугаар "захиргааны акт" гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байдаг атал шүүх Засаг даргын санал нь "захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгосон нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагаа" мөн эсэхийг нягтлан шалгаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ" гэж заасан, цаашлаад Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 203 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны заавар"-ын 4.10 дугаар зүйлд "аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй "дэмжээгүй" санал ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, мэдэгдлийн төсөл хариуцсан мэргэжилтэн нь ажлын 5 өдөрт багтааж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, төлбөр төлөх мэдэгдлийг боловсруулж ..." гэж зааснаас харахад аймаг, нийслэлийн Засаг даргын өгч буй санал нь захирамжилсан шинжтэй биш буюу түүнийг хүлээн авагч этгээдэд шууд үүрэг болгоогүй, түүнийг хүлээн авагч этгээд хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэж, өөрсдийн шийдвэрээ гаргах боломжтой байна. Гэтэл Засаг даргын саналыг тухайн компанид тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх эцсийн шийдвэр мэтээр үзэж, Засаг даргын саналыг харгалзаж, тусгай зөвшөөрөл олгох эрхийг зөвхөн Ашигт малтмалын газар эдэлдэг эрх зүйн зохицуулалтыг харгалзан үзээгүй байна.

Хоёрдугаарт, Засаг даргын саналаас шалтгаалж, нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөн нь тодорхой бус байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал бидэнд Ашигт малтмалын газар эцсийн байдлаар тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэрийг хүргүүлээгүй, бидэнд уг шийдвэрийг хүргүүлэхээс нь өмнө бид Засаг даргын саналыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа гэж тайлбарлаж байснаас харахад нэхэмжлэгч талын эрх ашиг хөндөгдөөгүй болох нь тодорхой байсан. Гэтэл шүүх түүнийг харгалзан үзэлгүй, шийдвэрээ гаргасан нь ЗХХШтХ-ийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэснийг зөрчсөн байна.

Иймд, ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Очир гео” ХХК нь “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүнийг шүүх хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч “Очир гео” ХХК нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тэмдэглэл, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол, Төв аймгийн Баян сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

2016 оны 03 дугаар сарын 31-ны өдөр нэхэмжлэгч “Очир гео” ХХК “Төв аймгийн ИТХ-ын 12-р хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай “Баян сумын газар нутгийн зарим хэсгийг аймгийн тусгай хэрэгцээ хамгаалалтанд авах тухай” тогтоолын Хараат уул, Бадрахын цагаан овоо, сумын төв хэсгийн “Очир гео” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газрын координатад хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлсэн.

Шүүх нэхэмжлэгчийн “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар хуралдааны “Баян сумын нутгийн зарим хэсгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтанд авах” тухай 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар шийдвэрийн тогтоох хэсэгт заасан байх боловч ямар учраас уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, энэ талаар үндэслэх хэсэгт огт дүгнэлгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана” гэж заасныг зөрчжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дүгнээгүй ба энэ шаардлагыг огт шийдвэрлэлгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4, 72.5-д заасныг зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгч анхан шатны шүүхэд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тэмдэглэл, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол, Төв аймгийн Баян сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэгч шаардлагаа багасгаагүй байхад дээрх актуудын “Очир гео” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачлагаар багасган Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ.

            Тэрчлэн анхан шатны шүүхээс хариуцагч Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Амгалан, тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ш.Өнөржаргал нарт 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи хугацаанд хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс хийгдсэн ажиллагаануудыг танилцуулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан хариуцагч нарын эрхийг нь хязгаарлан, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Шүүх хуралдаан даргалагч хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасныг зөрчжээ.

            Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                                              Г.БИЛГҮҮН