Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 172/2022/0059/э |
Дугаар | 2022/ШЦТ/59 |
Огноо | 2022-05-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/59
2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дугаар 2022/ШЦТ/59 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Хохирогч, шүүгдэгч Б.Ш, Д.А,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Бгийн Ш, С овогт Дийн А нарт холбогдох 2228000000059 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багт орших Д.Бын гэрт Д.Атэй маргалдаж, түүний толгойн тус газарт аягаар цохиж, биед хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багт орших Д.Бын гэрт Б.Штэй маргалдаж, түүний толгойн тус газарт аягаар цохиж, биед нүүрний зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Ш, Д.А нарын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч, шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэв.
Хохирогч, шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоо ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний биед Б.Ш гэдэг хүн 2022 оны 03 сарын 19-ний өдөр манай таньдаг хүн М намайг утсаар дуудсан. Би үдээс өмнө завгүй байсан болохоор очоогүй орой нар жаргасан үед 18:00 цагийн үед гэрт нь очсон. Тэгээд архи уугаад байхаар нь архинаас нь уугаагүй пиво хийж өгөхөөр нь 2 аягыг уусан. Ш гэрээс гаргахгүй явуулахгүй байсан. Айлын эзэн болох Б гараас бариад байж байгаач гэсэн чинь архины шилээр намайг Ш цохисон. Би цусаа гоожуулаад гэрээс гарах гэсэн чинь гаргахгүй миний толгойноос гарсан цусыг тогтоосон. Намайг явуулахгүй болохоор нь намайг ийм болгочхоод гээд Шгийн толгой руу нь архины шилний хагархай ёроол хэсгийг шидсэн. Тэгтэл духнаас нь цус гаргасан юм.” /хавтаст хэргийн 8 дахь тал/
Хохирогч Б.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний биед А гэдэг хүн 2022 оны 03 сарын 19-ний өдөр хамт архи ууж байхдаа шилэн аягаар духны орчим нэг удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Хэрэг явдал манай найз Бын гэрт болсон юм. Би өөрийгөө архны шилээр цохиулсан гэж тухайн үед бодоод байсан юм. Тэгсэн чинь харин шилэн аягаар цохиулсан юм байна лээ. Тэр аягыг хаясан гэж тухайн айлын хүн хэлсэн хаана хэзээ хаясныг нь мэдэхгүй” /хавтаст хэргийн 11 дэх тал/
Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Та 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ш гэдэг хүн манайд 19 цагийн үед нэг шил архитай ирсэн. Тэгээд мотоциклийн дугуй авна гээд аав ээжтэй яриад архиа уугаад сууж байхад А эгч гаднаас орж ирсэн. Тэгээд хамт архи уугаад хоорондоо ярьж сууж байгаад сүүлдээ маргалдаж эхэлсэн. А эгч Шг дугтарч аваад хамар амнаас нь цус гаргаад байсан. Ш архи ууж байсан аягаараа А эгчийн толгой руу цохисон. А эгч Шгийн толгой руу хагарсан аягаа шидээд духыг нь зүссэн. Аав ээж хоёр гэрийн зүүн талаас ирээд хоёуланг нь салгаад цуснуудыг нь тогтоож өгөөд А эгчийг би дүү Шинэсарын хамт гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд гэртээ ирсэн чинь Ш гэрээс гараад мотоциклоо унаад яваад өгсөн.” /хавтаст хэргийн 13 дахь тал/
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би эхнэртэйгээ гэртээ байж байхад Ш гаднаас өдөр 11:00 цагийн үед 0,75 литр Хараа архи авч ирсэн. Би эхнэр М, Ш нарын хамт тэр архийг хуваагаад уусан. Ш гараад явсан. Тэгээд хэсэг байж байгаад Ш дахиад нэг шил архи авч ирсэн. Хэдэн цаг болж байсныг би мэдэхгүй байна. Шгийн авч ирсэн архинаас хамт бид гурав уугаад сууж байхад А гаднаас орж ирсэн. Тэр архинаас бүгд хамт уугаад яриад сууж байцгаасан. Тэгээд бие биетэйгээ тоглоом хийж ярьж байгаад А, Ш хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн. Хоорондоо зодолдоод эхлэхээр нь би очиж дундуур нь орж салгасан тэгээд тэр хоёрыг манай эхнэр загнаад удалгүй тэр хоёр цувралдаад гэрээс гарсан Аийг гэрээс гарах үед манай хоёр охин болох Шинэсар, А нар гэрт нь хүргэж өгсөн Ш өөрийн унаж ирсэн мотоциклоо унаад өөрөө яваад өгсөн.” /хавтаст хэргийн 20 дахь тал/
Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр үдээс хойш Ш манайд ирээд мотоциклийн обуд авъя гэж орж ирсэн. Тэгж ирэхдээ нэг шил 0,75 л Хараа архи авч ирсэн байснаа манайд тэр архиа манай нөхөр Бтай хуваагаад уусан. Би дундуур нь ганц хоёр удаа уусан. Ш согтуу мотоциклио унаад яваад өгсөн. Би нөхөр хүүхдүүдийнхээ хамт гэртээ байж байхад А манайд ирсэн. Ирээд сууж байтал Ш 0,75 л Хараа архи аваад ирсэн. Тэр архийг бид нар хуваагаад уусан. Удалгүй Ш, Ад хайртай үнсий гээд байсан. Тэгсэн А нь дургүй байгаа бололтой байсан. Би гараад бие засчхаад орж ирэхэд А, Ш нар цусаа гоожуулаад зогсож байсан. Би загнаад Аийг гэрээсээ хөөгөөд явуулсан явуулсан. Аийг манай А, Шинэсар манай хамаатан Мжав нар хүргэж өгсөн. Харин Ш өөрөө мотоциклио унаад яваад өгсөн.” /хавтаст хэргийн 21 дэх тал/
Гэрч Х.Мжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би тэр өдөр Б ахынд 18:00 цагийн үед очиход гэрт Б, М хоёр хүүхдүүдтэйгээ байсан. Б ах намайг очиход халамцуу байсан. Нээх удаагүй байхад Ш гэдэг хүн халамцуу мотоцикльтой ирээд нэг шил 0,75 л Хараа архи, нэг том пиво авч ирсэн. Тэр архи пиво хоёроо гурвуулаа хувааж уугаад сууж байхад байхад 20:00 цагийн үед А ирээд хамт ууж эхэлсэн. Хамт уугаад тэгээд Ш ахиж архинд яваад нэг шил 0,5 литр Хараа архи авч ирсэн. Архи ууж байхад А гэдэг эмэгтэй Шг чи эртээд намайг муулсан байна лээ гээд хувцаснаас нь татаад боогоод хамар руу алагдаад хамарнаас нь цус гаргасан. Ш цусаа тогтоочхоод хоорондоо ахиад маргалдаад байсан. Хоорондоо заамдалцаад босоод ирсэн. Ш нь Аийн толгой дээр зуухны хажууд байсан ногоон өнгийн шаазан аягаар толгой руу цохисон. Би очоод хоёр тийш нь салгасан. Аийг би хойшоо түлхээд байж байсан. А нь эмэгтэй хүний толгой дээр аяга хагалдаг чи ямар овоо юм гээд зуухны хажууд байсан. Өөр нэг шилэн аягыг аваад Шгийн толгой дээр нь хагалсан. Би Аийг гэрээс гаргаад буцаад гэр рүү ороход Шгийн духнаас цус гараад айлын хойморт хэвтэж байхаар нь би өргөөд гэрийн баруун талд байх хулдаасан дээр татаж авч ирсэн. А гэдэг эмэгтэй орж ирээд Шг чирээд аваад гарсан. Шг А хоёр гараараа хувцаснаас нь зуураад хөлөөрөө хөшиглөөд байсан. Ш нь хувцсаа тайлаад зугтаагаад яваад өгсөн. Би Аийг айлын хүүхэд болох Атай хамт гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буцаад Бын гэрт очиход Ш мотоцикьлио унаад яваад өгсөн байсан.” /хавтаст хэргийн 24-25 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Аийн биед хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гомдол нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Шгийн биед нүүрний зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65-66 дахь тал/
Банк түүний харилцагчийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 53-64 дэх тал/
Шүүгдэгч Б.Шгийн хувийн байдлын талаарх нотлох баримт:
Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 67 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 68 дахь тал/
Гэрлэснийг бүртгэлгүй лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 69 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 70 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 71 дэх тал/
Шүүгдэгч Д.Аийн хувийн байдлын талаарх нотлох баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 72 дахь тал/
Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 73 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 74 дахь тал/
Гэрлэснийг бүртгэлгүй лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 75 дахь тал/
Д.Аийн хүсэлтэд: Д.А миний бие 2228000000059 дугаартай эрүүгийн хэрэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлоо барагдуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад өөрт холбогдсон хэргийг хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иргэн Штэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, яаралтай аймаг явахад зардалд 100.000 төгрөгийн тусламж үзүүлсэн. /хавтаст хэргийн 89 дэх тал/
Б.Шгийн хүсэлтэд: Б.Ш миний бие нь 2022.03.19-ний өдөр Д.Атэй муудалцаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ийм учир уг хэргийг шүүхээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул уг хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү. Д.Ад эмчилгээний зардал болох 100.000 төгрөгийн хохирол барагдуулсан /хавтаст хэргийн 90 дэх тал/
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 91-92 дахь тал/
Прокурорын санал /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ш, Д.А нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай Прокурорын тогтоол /хавтаст хэргийн 91-92 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Ш, Д.А нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ш, Д.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Ш, Д.Аийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Ш, Д.А нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай Прокурорын тогтоол /хавтаст хэргийн 91-92 дахь тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Ш, Д.А нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан Б.Шгийн хүсэлтэд: Б.Ш миний бие нь 2022.03.19-ний өдөр Д.Атэй муудалцаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ийм учир уг хэргийг шүүхээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул уг хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү. Д.Ад эмчилгээний зардал болох 100.000 төгрөгийн хохирол барагдуулсан /хавтаст хэргийн 90 дэх тал/, Д.Аийн хүсэлтэд: Д.А миний бие 2228000000059 дугаартай эрүүгийн хэрэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлоо барагдуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад өөрт холбогдсон хэргийг хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иргэн Б.Штэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, яаралтай аймаг явахад зардалд 100.000 төгрөгийн тусламж үзүүлсэн. /хавтаст хэргийн 89 дэх тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Ш, Д.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ш, Д.А нар нь Прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялын санал /хавтаст хэргийн 93-94 дэх тал/-тай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багт орших Д.Бын гэрт Д.Атэй маргалдаж, түүний толгойн тус газарт аягаар цохиж, биед хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багт орших Д.Бын гэрт Б.Штэй маргалдаж, түүний толгойн тус газарт аягаар цохиж нүүрний зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Агийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, гэрч Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, гэрч Х.Мжавын мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Аийн биед хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гомдол нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Шгийн биед нүүрний зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, шүүгдэгч Б.Ш, Д.А нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Б.Ш, Д.А нар нь бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хохирогч Д.Аийн “...Иргэн Штэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, яаралтай аймаг явахад зардалд 100.000 төгрөгийн тусламж үзүүлсэн. /хавтаст хэргийн 89 дэх тал/, шүүгдэгч Б.Шгийн “...Д.Ад эмчилгээний зардал болох 100.000 төгрөгийн хохирол барагдуулсан /хавтаст хэргийн 90 дэх тал/ гэх хүсэлтүүдээр шүүгдэгч Б.Ш нь хохирогч Д.Ад учирсан хохирол төлбөрийг барагдуулсан, шүүгдэгч Б.Ш нь хохирогч, шүүгдэгч Д.Аээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэх тайлбар мэдүүлэг зэргээр төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ш нь хохирогчид 100.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Аийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ш, Д.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б.Ш, Д.А нар нь өөрийгөө өмгөөлж хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй байхыг хичээнэ гэх тайлбарыг гаргав.
Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ш, Д.А нар нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш, Д.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ш, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ш нь хохирогч Д.Ад 100.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш, Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ш, Д.А нар өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх нь шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Бгийн Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, С тойн овогт Дийн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Ш, Д.А нар шүүхээс оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор тус тус төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш, Д.А нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ш, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Ш хохирогч Д.Ад хохирол төлбөрт 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш, Д.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Ш, Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ