| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0140/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/151 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Т.Г
Насанд хүрээгүй хохирогч Д.Бадам-Очир
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 1825001410108 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Б.Н
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 01 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цайны газарт насанд хүрээгүй Д.Б-н Самсунг маркийн гар утсыг хүнтэй ярьчихаад өгнө гэж хуурч эд хөрөнгийг нь залилан 60000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Насанд хүрээгүй хохирогч Д.Б-н ... “Би 2018 оны 1 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах МСҮТ-ийн гуанзад байж байсан чинь үл таних хүн ирээд миний гар утсаар ярьчихаад өгнө гэж хэлээд аваад явсан. Тэрнээс хойш миний гар утсыг авч ирж өгөөгүй, Samsung win нэртэй гар утас байсан. Би энэ гар утсаа худалдан аваад 3 сар болж байна. Би энэ гар утсаа хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар сайн мэдэхгүй байна. Хар куртиктэй жинсэн өмд өмссөн байсан. Би сайн анзаараагүй, тухайн үед гуанзанд байсан болохоор ярьчихаад өгөх юм болов уу гэж бодсон чинь буцааж өгөөгүй аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/
2. Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ний шинжээчийн 2018 оны 02 сарын 1-ний өдрийн ОЦ/1851 дугаартай дүгнэлтийн “Самсунг вин загварийн гар утас 60000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 17-21-р хуудас/
3.Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “2018 оны 01 сарын 17-ны өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дотор явж байгаад нэг хүүхдээс гар утсаа өгч байгаач нэг ярьчихаад өгнө гэж хэлээд Самсунг маркийн гар утас аваад тэр өдөртөө Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багт байрлах Тэди төвийн гадна зогсож байгаад үл таних эрэгтэй хүнд 15000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэндээсээ гэр рүүгээ яваад тогны мөнгөө төлсөн. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад гуйвал зөвшөөрөхгүй гэж бодоод нэг ярьчихаад өгье гэж хэлээд авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 3-р хуудас/ болон ял шийтгэлийн лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Н нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Д.Б мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, хохирол төлбөрөө бүрэн авсан” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч Д.Б-н мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Н нь 2018 оны 01 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цайны газарт насанд хүрээгүй Д.Б-н “Самсунг вин” загварын гар утсыг хүнтэй ярьчихаад өгнө гэж хэлж аваад бусдад зарж 60000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н-н үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг улсын яллагчийн саналын хэмжээнд оногдуулах нь зүйтэй.
Хохирогч Д.Б нь хохирлоо төлүүлж авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Б-ын Н-г бусдын эд хөрөнгө залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хот тохижуулах газарт гүйцэтгүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС