Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр                             Дугаар 2022/ШЦТ/63                              Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгч Ц.Ө,

            Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л овогт Цын Өт холбогдох 2228000000078 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Ц.Ө нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний орой Өмнөговь аймгийн Номгон сумын төвд Д.Этай өөрийн охин Ө.Ст согтууруулах ундааны зүйл хэрэглүүлсэн гэж маргалдаж, түүний толгой, нүүр, гар хэсэгт цохиж, биед тархины доргил, баруун хацар шанаа, зүүн нүдний дээд болон доод зовхи зүүн шанаа эрүүн дэх цус хуралт, баруун гарны 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Байцаагчид мэдүүлгээ өгсөн байгаа. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхөр Н, найз С \бүтэн нэрийг сайн мэдэхгүй\ нарын хамт 2022 оны 05 дугаар 09-ний өдөр Даланзадгад сумаас Номгон сум ороод ямааны ноолуураа тушаачхаад байж байхад хамт явсан Саа гэж манай найз Номгон сумандаа ирсэн юм чинь 2 найзтайгаа уулзаад явах уу гэхээр тэгье гээд Баяндалай сумын баруун хойд талд гараад байж байсан 2 танихгүй эмэгтэй ирээд хамт 2 шил 0.75 грамм, 0.5 граммтай архи хувааж уучхаад байж байхад гадаа харанхуй болсон байхаар нь одоо Даланзадгад яваад яах юм зам сайн мэдэхгүй гээд Номгон сумын төв ороод Сн найз нэг танихгүй айлын хашаанд очоод байж байсан чинь Саа ээж ирлээ зугтаарай гэхээр би нөхөр Н нарын хамт нөхөр машинаа унаад айлын хашаанаас гараад сумын төвийн хойд тал явж байхад машинтай хүн араас гүйцэж ирээд зогс гэхээр нь зогсоод машиндаа сууж байсан чинь Сн ээж гэх Ө гэж хүн ирээд машины хаалга цонх нүдээд байхаар нь би буугаад очсон чинь намайг үгийн зөрүүгүй миний баруун, зүүн талын хацар, шанааны хэсэгт Ө гэж гараараа 5-15 удаа цохиж авч байх үед Өийн охин гэсэн Х нь бас миний хөл рүү хөлөөрөө өшиглөөд миний хацар нүүрний хэсэгт гараараа 2-3 удаа алгадаж байхад Ө миний зүүн талын нүд рүү гараа цохиод авсан. Миний нүд өвдөөд юм харж чадахгүй болоод машиндаа ороод суусан. Тухайн үед манай нөхөр Н, С нар машиндаа сууж байсан намайг зодуулаад машинд ороод суухад С машинаас гараад ээжтэйгээ уулзчихаад манай машинд ороод ирсэн. Тэгээд бид нар шөнө яваад Даланзадгад орж гэртээ ирсэн... гэжээ.../хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ө нь С гэж хүний ээж нь юм билээ, Х гэж дуудаад байсан бүтэн нэрийг нь мэдэхгүй\ хүн нь Сын төрсөн дүү нь юм билээ. Ө намайг охин Сыг уруу татаж архи уулаа гэж уурлаад зодсон гэсэн... 2022 оны 05 дугаар сарын 09-ний орой намайг Номгон сумаас Даланзадгад явах гээд Номгон сумаас гарах гэж байхад Ө, Х гэж хүмүүс ирээд намайг зодсон юм. Энэ үед Х гэж хүн миний зүүн талын хөлийн хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөж аваад гараараа миний зүүн хацарт 1 удаа алгадаж авсан энэ үед надад гэмтэл учраагүй гэмтэл учруулахаар хүчтэй цохиогүй. Ө тухайн үед намайг машинаас заамдаж гаргаад гараараа миний зүүн, баруун талын нүүрний хэсэгт гараараа 5-6 удаа алгадаж цохиж авсан тэр үед миний биед гэмтэл учирсан бас миний зүүн талын нүдний хэсэг гараараа хүчтэй цохиж авсан. Шүүх шинжилгээний дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийн Ө учруулсан өөр миний бие халдсан хүн байхгүй... Би Ө гэх хүнтэй эвлэрсэн миний хохирыг бүрэн барагдуулсан надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. гэжээ.../хавтаст хэргийн 16 дахь тал/,

Гэрч Д.Нын мэдүүлэгт: “2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Э найз С нарын хамт Өмнөговь аймгийн Номгон сум ороод ямааны ноолуураа тушаачхаад буцах гэж байсан чинь хамт явсан С гэж хүн 2 найзтайгаа уулзчихаад явъя гэхээр нь Номгон сумын баруун талд гараад байж байсан 2 танихгүй хүүхэн ирээд С, манай эхнэр Э нартай 2 шил архи хувааж уучхаад Номгон сумын төв ороод Сн найзын хашаанд очоод байж байсан чинь Саа ээж ирлээ хурдан явахгүй болохгүй байна гэхээр нь бид 4 машиндаа суугаад Номгон сумын төвийн хойд талд явж байх үед араас саарал өнгийн машин дуут дохио өгөөд машины урдуур ороод зогссон би ч машинаа зогсоосон чинь машинаас Ө гэсэн нэг охинтой хамт машинаас бууж ирээд миний машины цонх хаалга нүдээд байхаар нь манай эхнэр машины урд сууж явсан хаалга нээсэн чинь Ө гэх хүн манай эхнэрийг заамдаж аваад татаж буулгаад гараараа 2, 3 удаа нүүрэн тус газар нь алгадаад авч байгаа харагдсан хамт явсан нэг хүүхэн нь хажуу талаас нь манай эхнэр Эыг хөлөөрөө өшигчөөд алгадаад байгаа харагдсан С машинаас буусан. Эхнэр Эын нүд, нүүр нь цус болсон машинд орж ирсэн тэгээд удалгүй С машинд орж ирээд бид нар Даланзадгад явсан юм” гэжээ. /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Гэрч Ө.Сын мэдүүлэгт: “Би Даланзадгад сумаас Э, Н нартай 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хамт Өмнөговь аймгийн Номгон сум ороод Н, Э нар ямааны ноолуураа тушаачхаад буцах гэж байсан чинь Э, Н нар ноолуураа чиний буянаар үнэтэй өгчихлөө гээд дэлгүүрээс 1 шил 0.75 граммтай Хараа нэртэй архи аваад гараад ирэхээр нь би энэ архийг хувааж ууж барахгүй 2 найзаа дуудчихъя гээд Номгон сумын баруун хойд талд гарч байгаад би 2 найзаа дуудсан манай 2 найз 0.5 граммтай архитай ирсэн. Бид нар архи хувааж уучхаад манай 2 найз гэрээдээ явсан. Бид нар дагаад гэрийн хашаанд нь очсон чинь миний ээж Ө утсаар залгаад чи яваагүй байгаа юм уу харангуй шөнөөр архи уулаа одоо хаана байна хүрээд очлоо гэхээр нь би Э, Н нарт ээж ирнэ гэнээ явъя гээд сумын хойд талд явж байсан чинь ээж машинтай гүйцэж ирээд зогссон бид бас зогсоод байж байсан чинь ээж Ө машинаасаа бууж ирээд машины хаалга цонх тогшоод байсан. Э машины жолоочийн эсрэг талд урд сууж явсан хаалга нээсэн чинь ээж Ө Эын машинаас татаад буулгаад алгадаад авахаар нь би машинаас буугаад очсон чинь ээж намайг загнаад нэг зөөлөн алгадсан. Ээж Эыг дахиад хацар дээр нь алгадаад авсан чинь ээжтэй хамт явсан манай дүү Сумьяахорол Эын хөлийн хэсэгт нэг удаа өшиглөөд авахаар нь би дүүгээ боль гэж гэсэн чинь манай дүү машин руугаа яваад өгсөн. Тэгээд Н, Э бид нар машиндаа суугаад хөдлөөд Даланзадгад ирсэн ээж араас машинтай дагаж яваад хөтөл давуулж өгчхөөд буцаад явсан.” гэжээ. /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Гэрч Ө.Сын мэдүүлэгт: “Би Өмнөговь аймгийн Номгон сумаас урд ээж Өийн хамт байдаг юм. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн үед ээж Ө утсаар яриад эгч С чинь Номгон ирсэн хүмүүстэйгээ архи уусан согтуу ярьж байна явлаа гэхээр би хамт явна гээд ээжийн машинд суусан. Ээж бид 2 Номгон сумын төв ороод утсаар ярьсан чинь эгч С сумаас хойшоо гарч байна гэсэн ээж байж бай гээд бид яваад Номгон сумын төвийн хойд талд С эгч Н, Э нар машинтай явж байгаар нь зогсоосон. Ээж Ө машинаас бууж очоод Нын машины хаалгыг татсан чинь хаалга нээж өгөхгүй байж байгаад Э машины урд жолоочийн эсрэг талд сууж байгаад хаалга нээсэн би араас нь машинаас буугаад очсон чинь ээж Эыг машинаас буулгаад 2 удаа гараараа хацар шанаа хэсэг нь алгадаж авсан би Эыг очоод тавигтай хөлөөрөө 1 удаа хөлийн хэсэгт нь өшиглөж авсан чинь эгч С намайг занаад байхаар нь би машин руугаа явсан. Тэгээд удалгүй С, Э, Н нар машиндаа суугаад хөдлөөд явсан. Ээж бид 2 араас нь дагаж яваад хөтөл давуулчхаад буцаад гэрээдээ явсан.” гэжээ. /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Гэрч Д.Нын мэдүүлэгт: “2022 оны 05 дугаар сарын 09-ний Номгон сумын хойд талд Э найз С нарын хамт Даланзадгад гарах гээд явж байхад Ө нэг охинтой хамт машинаас бууж ирээд миний машины цонх хаалга нүдээд байхаар нь манай эхнэр Э машины урд сууж явсан хаалга нээсэн чинь Ө гэх хүн манай эхнэр Эыг заамдаж аваад татаж буулгаад гараараа 2,3 удаа нүүрэн нь тус газар алгадаад авч байгаа харагдсан хамт явсан нэг хүүхэн нь Ө гэж хүний охин С гэж нэртэй хүн юм билээ Ө, Эыг машинаас заамдаад буугаад алгадах үед С, Этай хэрүүл хийгээд байхаар нь би хамт зодлоо гэж бодсон. Тухайн үед гадаа харангуй болсон байсан би машиндаа сууж байсан болохоор яг С, Өийн цохиж зодсоныг нь бол хараагүй. Машинаас Эыг Ө заамдаж татаж буугаад алгадаж байхыг нь бол харсан.” гэжээ. /хавтаст хэргийн 26 дахь тал/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 261 дугаартай дүгнэлтэд: Д.Эын биед тархины доргилт, баруун хацар шанаа, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн шанаа эрүүн дэх цус хуралт, баруун гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

             Шүүгдэгч Ц.Өийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан байгаа дээр нь нэмж ярих зүйлгүй гэжээ. /хавтаст хэргийн 39 дэх тал/

            Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 42-44 дэх тал/

            Компьютер томографи дүрс оношилгоо /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

            Хохирлын баримт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/

            Банк түүний харилцагчийн талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 51-55 дахь тал/

            Төрийн банк ХХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга /хавтаст хэргийн 56-57 дахь тал/

            Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 60 дахь тал/,

            Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 61 дэх тал/

            Өмнөговь аймгийн Номгон сумын Богд багийн Засаг даргын “КЖ69111406 тоот регистрийн дугаартай Ц овогтой Ө нь охин /КЖ00311305/ Өнөржаргал овогтой С ам бүл 2-уул амьдардаг. Тус багийн хүн амын бүртгэлд байдаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх албан бичиг /хавтаст хэргийн 62 дахь тал/,

            Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

            Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримтын хуулбар /хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

            Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэд гаргасан “Яллагдагч Ц.Ө би Э гэж хүний биед хөнгөн гэмтэл учруулсан учир гэм буруугаа хүлээж Эын 426.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдох ялыг хөнгөн оногдуулж амьдралын ар гэр, мал хөрөнгө маань хүн гуйж харуулаад ирсэн. Тийм учир хэргийг минь хөнгөн шийдэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 73 дахь тал/

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 74-75 дахь тал/

            Прокурорын санал /хавтаст хэргийн 76 дахь тал/

            Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 77-78 дахь тал/

            Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон хэргээс холбогдох материалыг хуулбарлан, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 79-80 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Өт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Өийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Өт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ц.Өийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Ө нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Ц.Өт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

            Шүүгдэгч Ц.Ө нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний орой Өмнөговь аймгийн Номгон сумын төвд Д.Этай өөрийн охин Ө.Ст согтууруулах ундааны зүйл хэрэглүүлсэн гэж маргалдаж, түүний толгой, нүүр, гар хэсэгт цохиж, биед тархины доргил, баруун хацар шанаа, зүүн нүдний дээд болон доод зовхи зүүн шанаа эрүүн дэх цус хуралт, баруун гарны 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.Ө нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч Ц.Ө би Э гэж хүний биед хөнгөн гэмтэл учруулсан учир гэм буруугаа хүлээж Эын 426.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдох ялыг хөнгөн оногдуулж амьдралын ар гэр, мал хөрөнгө маань хүн гуйж харуулаад ирсэн. Тийм учир хэргийг минь хөнгөн шийдэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 73 дахь тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ц.Ө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв. 

            Шүүгдэгч Ц.Ө нь прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч Ц.Өийн гэмт үйлдлийн улмаас хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Эын тархины доргил, баруун хацар шанаа, зүүн нүдний дээд болон доод зовхи зүүн шанаа эрүүн дэх цус хуралт, баруун гарны 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 261 дугаартай дүгнэлтэд: Д.Эын биед тархины доргилт, баруун хацар шанаа, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн шанаа эрүүн дэх цус хуралт, баруун гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

 

             Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э нь өөрт учирсан гэмтлээ үзлэг, шинжилгээнд хамрагдан эмчлүүлсэн болох нь амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 42-44 дэх тал/, компьютер томографи дүрс оношилгоо /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, хохирлын баримт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд эмчилгээ хийлгэсэн зардлыг нэхэмжилсэн байна.  

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эд шүүгдэгчээс хохирол төлбөрт 425.406 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч Ц.Өийн мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Ц.Ө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

          Шүүгдэгч Ц.Ө нь хохирогч Д.Эын бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

            Шүүгдэгч Ц.Ө нь хувийн байдлын хувьд болох нь Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 60 дахь тал/, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 61 дэх тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримтын хуулбар /хавтаст хэргийн 65-67 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.Өийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

          Иймд шүүгдэгч Ц.Өийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

          Улсын яллагч шүүгдэгч Ц.Ө 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ц.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

          Шүүгдэгч Т.Энхболд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Ц.Ө торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Ө цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Ө өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л овогт Цын Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Б Ц.Ө шүүхээс оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Ө нь эмчилгээний зардалд 425.406 төгрөгийг хохирогч Д.Эд төлсөн болохыг дурдсугай. 

6. Шүүгдэгч Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ