| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00221/и |
| Дугаар | 387 |
| Огноо | 2018-06-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 387
2018 оны 06 сарын 21 өдөрс Дугаар 153/ШШ2018/00387 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, М овогт Л-ийн Д-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Д, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.: шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын 25 дугаар шүүхэд 1981 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Барилга угсралтын конторт карьерийн суурин бутлагчийн машинистаар 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Гэтэл миний хүсэлтийг хянаад намайг Ховд аймгийн Барилга угсралтын конторт карьерийн суурин бутлагчийн машинистаар ажиллаж байсан нь нотлогдохгүй байга гэж үзэж Ховд аймгийн Барилга угсралтын конторт барилгачнаар ажиллаж байсан гэж тогтоож шийдвэр гаргасан. Тэр үед миний карьерийн суурин бутлагчийн машинистаар ажиллаж байсан талаарх баримт олдоогүй бөгөөд дараа нь Барилга угсралтын конторын даргын 1981 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 220 дугаартай тушаалаар намайг өргөгч 3, бутлагч машинчаар ажиллуулсан тушаал, мөн Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 194 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалууд олдсон тул Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 247 дугаартай шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар хүсэлт гаргасан. Миний энэ хүсэлтийг шүүх хүлээн авч Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 247 дугаартай шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгосон.
Иймд намайг 1981 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт карьерийн суурин бутлагчийн машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Д нь 1981 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт карьерийн суурин бутлагчийн машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Л.Д нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд 1981 оны 09 дүгээр сараас 1991 оны 11 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторын карьерийн суурин бутлагчийн машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 247 дугартай шийдвэрээр хүсэлт гаргагч ******* овогт *******ийн Дийг 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэжээ.
Тус шийдвэрээр ******* овогт *******ийн Д нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар Ховд аймгийн Барилга угсралтын конторын карьерийн суурин бутлагчийн машинистаар ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байна гэжээ.
Улмаар хүсэлт гаргагч Л.Д нь шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт гэх Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 220 дугаартай “Ажилд түр томилох тухай тушаал”-ын хуулбар, уг тушаалын хавсралт, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 194 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт, хүсэлт гаргагчийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.
Хүсэлт гаргагчийн дээрх нотлох баримтуудыг тус шүүх хүлээн авч 2018 оны 05 дугаар срын 04-ний өдрийн 16 дугаартай шүүхийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.4-т зааснаар дээрх баримтуудыг шинэ нотлох баримтууд гэж үзэж хүсэлт гаргагчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг хүлээн авч хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Иймд хүсэлт гаргагч Л.Д нь 1981 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт карьерийн суурин бутлагчийн машинистаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 220 дугаартай “Ажилд түр томилох тухай тушаал”-ын хуулбар, уг тушаалын хавсралт, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 194 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан ******* дугаартай Л.Дийн хөдөлмөрийн дэвтэрийн 6-7 дугаар хуудаст авагдсан бичилт нь засвартай, мөн хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 1986, 1988 оны цалингийн картуудад “Ховдын тулга” ХХК-ний санхүүгийн тэмдэг дарагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн Дийн 1981 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт карьерийн суурин бутлагчийн машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА