| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0091/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/109 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бод холбогдох эрүүгийн 1825000000066 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн
Шүүгдэгч Ц.Быг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-18 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байсан Л.Норовсамбын өмчлөлийн Киа Бонго Жи-3 загварын 34-81 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 талын толь, нэмэлт жижиг толь, баруун талын гэрэл зэргийг хагалж устгасан, урд гүперийг хатуу зүйлээр зурж гэмтээн 405.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон байдал: 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Б нь согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-18 дугаар байрны гадна очиж хүргэн Чийг “гараад ир” гэж хашгирсан ба улмаар тухайн үед Б.Ч барьж яваад автомашины зогсоол дээр байршуулсан байсан Л.Норовсамбын өмчлөлийн Киа Бонго Жи-3 загварын 34-81 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 талын толь, нэмэлт жижиг толь, баруун талын гэрэл зэргийг хагалж устган, урд гүперийг хатуу зүйлээр зурж гэмтээн 405.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хохирогч Л.Норовсамбын мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/, гэрч Б.Чийн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, гэрч Л.Будсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, “Далай ван Аудит” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/01-06 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 24-29-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Ц.Бын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай үйлдэл болох нь хохирогч Л.Норовсамбын... “2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Хаан тавилга” ХХК-ийн байгууллагын машин болох 34-81 ОРО улсын дугаартай Бонго Жи-3 машины эд зүйлийг Ц.Б гэгч залуу эвдсэн байсан. ...Уг машин миний нэр дээр байдаг. Мөн хамтран эзэмшигч гээд жолооч ажилтай БатОрших гэж хүн байдаг.” гэх мэдүүлэг, гэрч Б.Чийн... “Тухайн өдөр Ц.Б нь 18 цаг өнгөрч байх үед над руу залгасан. Тэгээд хаана байна ах нь уулзаад ярих хэрэг байна гэсэн. Тэр үед би Хүрэнбулаг багийн 4-18 дугаар байранд байна гэж хэлсэн. Тэгээд би 4-18 дугаар байранд айлд тавилга угсраад байж байх үед над руу залгасан. Тэр үед би утсаа аваагүй. Миний тавилга угсарч байсан айл 1 давхарт байсан. Тэр үед Ц.Б орцон дотор Чоо гараад ир чамайг ална тална гээд орилж байгаа нь дуулдаж байсан. Тэгээд би ажилтай байсан болохоор гараагүй. Удалгүй ажлаа дуусгаад гарах үед миний ажилладаг “Хаан тавилга” ХХК-ийн байгууллагын машин болох 34-81 ОРО улсын дугаартай Бонго Жи-3 машины хоёр талын толь урд талын жижиг толь, урд талын гупер өшиглөөд хагалаад явсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бадамхандын ... 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Б нь манай гэрт байж байгаад манай хүргэн болох Чтой утсаар яриад уулзахаар болоод гарсан. Тэгээд уулзах гэж яваад машин тэрэгний эд зүйл эвдэлсэн байсан. Харин би тэр талаар бол хараагүй, сүүлд нь энэ талаар мэдсэн.” гэх мэдүүлэг, гэрч М.Туулын... 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би Хүрэнбулаг багийн 4-18 дугаар байрны гадаа явж байгаад нагац ах Ц.Бтой тааралдсан. Тэр үед нагац ах Ц.Б нь манай нөхрийн ажилладаг газрын тавилга хүргэж өгдөг Бонго цагаан өнгийн машины эд ангийг эвдсэн байсан. Тухайн тааралдах үед машины эд ангийг нь эвдсэн байсан. ...Харин сүүлд сонсоход манай нөхөр Чтой маргалдаад эвдсэн гэж байсан.” гэх мэдүүлэг, “Далайван Аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/01-06 дугаартай: ”Эвдэрсэн эд зүйл 405.000 төгрөгөөр үнэлэгдсэн” гэх дүгнэлт, шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Би уг нь хүргэнтэйгээ гайгүй харилцаатай байдаг. Хүнээс түүний талаар юм сонсоод уулзаж ярилцах гээд утсаар “хаана байна” гэж яриад очсон. Байрны гадаа очиж чанга дуугаар хашгирсан. Ч машиндаа байхгүй, гарч ирэхгүй болохоор нь уур хүрээд цагаан өнгийн Бонго машиных нь хоёр талын толь, нэмэлт жижиг толь, урд талын гэрэл, гүпер зэрэг эд зүйлийг нь гэрийнхээ түлхүүрийг гартаа барьж байгаад хагалж эвдэлсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоодож байна. Ц.Б “Ч гарч ирж уулзсангүй” гэсэн сэдлээр санаатай үйлдлээр хохирогчийн машины 2 талын толь, нэмэлт жижиг толь, баруун талын гэрэл зэргийг хагалж ашиглах боломжгүй болгон устгаж, урд гүперийг хатуу зүйлээр зурж гэмтээсэн байна. Шүүгдэгч Ц.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол нөхөн төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв. Шүүгдэгч эрхэлсэн ажилгүй, нуруу нугас, тархи толгойны өвчний улмаас 65 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон талаар шүүх хуралдаанд тайлбарласан ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй ба 405 000 төгрөгний хохирол нөхөн төлөгдөөгүй талаар шүүхэд тайлбарласан байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгөгүй битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Өвгөдий овгийн Цэрэнсодномын Быг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Боос 405 000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн дотор гаргуулан хохирогч Л.Нд олгосугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ