Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

 

2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр                           Дугаар 2022/ШЦТ/70                              Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Г.Х,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Гын Хд холбогдох 2228000000085 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Г.Х согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын төвд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Нтай маргаж, улмаар нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж хамар ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Г.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

   Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2022.04.24-ний өдөр 16 цагийн үед би найз Ч түүний нөхөр Х түүний найз Б байх бүтэн нэрийг нь мэдэхгүй байна нарын хамт Бын машинаар Манлай сум руу ямаа самнахаар явсан. Замдаа бид 4, 4 ширхэг 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво авч яваад замдаа уусан. Гэхдээ голцуу Х уугаад байсан. Бид 3 нээх уугаагүй 2-3 аяга пиво уусан. Тэгээд шөнө Манлай суманд очоод зогссон чинь Х эхнэр Чыг сумо гээд бечин аваад өг гэсэн чинь Ч сонсоогүй. Би ойр байсан болохоор аваад өгсөн чинь Х эхнэр Чдаа уурлаад сүүлдээ Чыг нүүр рүү нь цохиж авахаар нь би чи болиоч нялх нойтон хүүхэдтэй байж ингэж болохгүй гэсэн чинь чамд хамаагүй гичий минь гэж хэлэхээр нь би яах гэж эмэгтэй хүн цохиж зоддын гэсэн чинь миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Дахиад цохих гэхээр нь би эргэж хараад явсан чинь цохихоо больсон. тэгээд Ч бид 2-ыг суман дээр үлдээгээд Х Б нар машинтайгаа аймаг руу явсан. Ч бид 2 дэлгүүрийн үүд нүдэж байгаад нээгээд дэлгүүр дотор нь байж байгаад хөдөөнөөс хүмүүс ирэхээр нь бид 2 хөдөө явсан... Х эхнэр Чыг хэл амаар доромжилж биед нь халдахаар нь боль гэж хэлсэн тэгээд миний биед халдаж миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон... Миний хохирлыг барагдуулсан. 2022 оны 05-р сарын 30-ны өдөр надад 300.000 төгрөг Х өгсөн. Одоо надад санал гомдол хүсэлт байхгүй. надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 13, 15 дахь тал/

Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 04 сарын 24-ний өдөр 13 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Манлай сум ямаа самнахаар өөрийн нөхөр Х, найз Б, Н хүүхдүүдийн хамт явсан. Аймгийн төвөөс гарахдаа Н дэлгүүрээс 3 том савтай пиво авсан. Б машин жолоодож байсан болохоор уугаагүй би бас ходоод өвддөг учраас уугаагүй. Х Н хоёр тэр пивоо замдаа уугаад явсан. Уг нь Манлай сумын төвөөр орохгүй гэж байгаад замд дугуй хагарсан болохоор дугуйгаа засуулахаар сумын төвөөр дайрсан. Дугуйгаа засуулчихаад Н дэлгүүрээс дахиад 2 савтай пиво авсан манай нөхөр Х хүүхдүүдээ идэх юм авсан. Би машинд суугаад утсаа ухаад сууж байсан чинь манай нөхөр намайг хүүхдүүдээ хооллосонгүй гээд уурлаад бид 2 жаахан маргалдсан. Тэгээд машины ард талд зогсож байсан чинь Н гарч ирээд Хийг намайг зодсон гэж ойлгосон юм шиг байгаа юм Х рүү боль гээд дайраад байсан. Н манай нөхрийг замдаад авсан байсан. Тэгсэн чинь Х Нг бид хоёрын гэр бүлийн асуудалд чамд хамаагүй бид 2 ярилцаж байна гэсэн. Би бас Нг бид 2 ярилцаж байна чи цаашаа байж бай гэж хэлсэн чинь үгэнд орохгүй дайраад байсан. Тэгсэн чинь Х чи цаашаа бол гээд түлхсэн. Тэгсэн чинь хамар руу нь цохисон.  Н хамар руугаа цохиулсандаа уурлаад дэлгүүрийн гадаа очоод явахгүй гээд суучихсан. Би одоо яаж хүүхэдтэй хүнийг ганцааранг нь үлдээхэв гээд Нтай хамт үлдсэн чинь Б, Х нар яваад өгсөн.” /хавтаст хэргийн 17 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Нгийн биед хамар ясны хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

 Шүүгдэгч Г.Х мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би гэрчийн мэдүүлэгт бүгдийг хэлсэн нэмж ярих зүйлгүй... Нд 300.000 төгрөг өгсөн...” гэжээ  /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/

Өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-7 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 34 дэх тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 37 дахь тад/,

Хаан банкны депокит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 43-48 дахь тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “Х би хийсэн хэргээ хүлээж хялбаршуулсан журмаар шийдүүлэхийг хүсэж байна” гэх хүсэлт /хавтаст хэргийн 52 дахь тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 53 дахь тал/

Прокурорын санал /хавтаст хэргийн 54 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Хд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Хийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Хд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Г.Хийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт /хх-52/ гаргаж 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 53 дахь тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Г.Хд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Х  согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын төвд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Нтай маргаж, улмаар нүүр рүү  гараараа нэг удаа цохиж хамар ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 15 дахь тал/, гэрч Б.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Нгийн биед хамар ясны хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, шүүгдэгч Г.Хийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Х, хохирогч Д.Н нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Хийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Х би хийсэн хэргээ хүлээж хялбаршуулсан журмаар шийдүүлэхийг хүсэж байна” гэх хүсэлт /хавтаст хэргийн 52 дахь тал/-ээр шүүгдэгч Г.Хийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч Г.Х нь Прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Н 300.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Х  хохирол төлбөрт 300.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн “Миний хохирлыг барагдуулсан. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр надад 300.000 төгрөг Х өгсөн. Одоо надад санал гомдол хүсэлт байхгүй. надад нэхэмжлэх зүйл байхгүй.”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 15 дахь тал/, шүүгдэгч Г.Х мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би гэрчийн мэдүүлэгт бүгдийг хэлсэн нэмж ярих зүйлгүй... Нд 300.000 төгрөг өгсөн...” гэжээ  /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Хийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Г.Х танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Г.Х хохирогч Д.Нгийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Хийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүгдэгч Г.Хд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн  хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэн шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Х 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Хд торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн тул  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Х нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Гын Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч Г.Х шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Х хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Нд 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болохыг дурдсугай.

  

6. Шүүгдэгч Г.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.    

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ