| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0570/Э |
| Дугаар | 649 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 649
Д.Ст холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Даваасүрэн,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 609 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Сийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806094590101 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
, Хэнтий аймгийн Батноров суманд 1959 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 60 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч, бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс шир үн 120-9 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: /;
-Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөлийн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн,
Д.Снь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ч.Энхчулуунаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гааль дээр буусан автомашиныг хямд аваад зараад мөнгийг нь өгнө, түр зээлээч гэж 1.000.000 төгрөг, мөн уг машиндаа дугуй авна гэж хэлээд 300.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараар дамжуулан залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Доржийн Саранцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ст энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ял дээр өмнөх Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 /таван/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 11 /арван нэгэн/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Ст оногдуулсан 11 /арван нэгэн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сийн хоригдсон 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Сээс 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Чимэддоржийн Энхчулуун /РД:СЮ61071879/-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Сдавж заалдах гомдолдоо: “...Миний бие Дорж овогтой Саранцэцэг нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 60 настай, тэтгэвэрт, ам бүл 1, өрх толгойлсон эмэгтэй. Миний бие нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын ял аваад, одоо тус ангид 60 хоног болж байна. Миний бие давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан учир нь:
1. Миний бие Д.С60 настай, харж хандах үр хүүхэд, ах, эгч, дүү, төрөл садан, хамаатан байхгүй ба одоогоор биеийн байдал маш муу, 2011 онд даралт ихсэж, харвалт өгч, зүүн тал мэдээгүй болж, 2018 оны 3 дугаар сард зүрхний ховдол бөглөрч Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлгийн Зүрх судасны тасагт гуурс тавиулж, соруулсан. 2018 оны 11 дүгээр сард Хавдар судлалын эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт умайн хүзүүний хорт хавдар оноштойгоор химийн эмчилгээнд орсон. Одоо миний байдал доройтож, даралт маань байнга 150-200 хүрч, зүрх өвдөж, бүх бие маань хавагнан үс, хумс, шүд минь бүгд унаж, нойр хоолондоо муудаж, бөөлжиж, байнга эмчид үзүүлж, эм тариа хэрэглэж байна.
2. Өөрийн хийсэн гэмт хэрэгтэй маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна.
3. Хохирогч Энхчулууны хохирлыг өөрийнхөө тэтгэврийн зээлийг нэмж аван хохирлоо барагдуулах боломж, хугацаа олгож өгнө үү. Одоо миний биеийн байдал муу байгаа учир биеийн байдал, эрүүл мэнд, цаашид амьдрах нас зэрэг байдлыг харгалзан үзэж, надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Ст оногдуулсан ял тохирсон. Хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Снь ганц бие, тодорхой орлогогүй, биеийн байдал муу зэрэг нөхцөл байдлуудыг харахаар торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй харагдаж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Д.Снь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ч.Энхчулууныг хуурч гааль дээр буусан автомашиныг хямд авч зараад мөнгийг нь өгнө, түр зээлээч гэж 1.000.000 төгрөг, мөн уг машиндаа дугуй авна гэж хэлээд 300.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараар дамжуулан залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Энхчулууны “...Би өөрийн нэг нутгийн хуучны танил болох Д.Сгэх эмэгтэйд гааль дээр таньдаг хүн байгаа, тэндээс машин хямд авч зараад өгнө гэхээр нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас өөрийн биеэр шилжүүлсэн. Д.Снь 2018 оны 3 дугаар сарын 15-нд “дугуй авна, дахиад мөнгө зээлээч” гэхээр нь 300.000 төгрөг өмнө мөнгө шилжүүлсэн салбараас шилжүүлсэн. Д.Сгэх эмэгтэй надад мөнгө зээлээч, би машинаа зараад шагнал өгнө гээд авсан. Эхэндээ бага багаар мөнгийг минь буцаан нийт 600.000 төгрөг өгч байгаад 2018 оны 5 дугаар сараас сураггүй алга болсон. Би Д.Сийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2-85 дугаар байранд очиж Д.Стэй таарсан. Д.С“надад мөнгийг чинь өгнө” гэж хэлээд явсан. Булган аймагт амралтын газарт ажил хийж ирээд өгнө гэж хэлээд явсан боловч одоо хэрнээ өгөөгүй байна. Би Д.Сгэх эмэгтэйд анх 1.300.000 төгрөг өгсөн. Одоо би Д.Сээс 700.000 төгрөг авах ёстой. ...” /хх 8-9/,
Д.Сяллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 3 дугаар сард түүнтэй гэрт нь очиж уулзахдаа “хувь хүнээс машин аваад буцаагаад зарж, зээлсэн мөнгөө өгье, надад мөнгө зээлээч, би мөнгөний ажил хийх гээд байгаа юм” гэж 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нийт 1.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5011392216 тоот дансаар шилжүүлж авсан. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ч.Энхчулуунтай утсаар холбогдож “авах гэж байгаа машиндаа дугуй авах гэж байна” гээд 300.000 төгрөг өөрийнхөө дансаар шилжүүлж авсан юм. Би ингээд түүнд цувуулаад мөнгийг нь төлж байгаад гэнэт хагалгаанд орохоор болж, Ч.Энхчулуунаас авсан 1.300.000 төгрөгийн 800.000 төгрөгийг зүрхний шигдээсний хагалгаанд орохдоо хэрэглэсэн, мөн 300.000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн эмнэлэгт төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлж өрөөний төлбөр 280.000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг нь хувьдаа хэрэглээд дууссан. Эмнэлэгт мөнгө төлсөн баримтыг эмнэлгээс авч болох байх. Би Ч.Энхчулуунаас зээлсэн мөнгөнөөсөө 600.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа, одоо 700.000 төгрөг төлөх дутуу байгаа юм. ...” /хх 35-37/ гэх мэдүүлгүүд, хохирогч Ч.Энхчулуунаас Д.Сийн 5011392216 тоот данс руу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 12/, хохирогч Ч.Энхчулууны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 54/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Сийг бусдыг хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо, шүүгдэгч Д.Сийг бусдыг “хуурч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан” гэдэг дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн талаар дүгнээгүй байна.
Гэхдээ хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар нөхөн дүгнэлт хийх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Снь хохирогч Ч.Энхчулуунтай хувийн харьцаатай байсан гэдэг боловч өмнө нь шүүгдэгч болон хохирогч нарын хооронд мөнгө зээлж итгэл хүлээлцэж байсан зүйлгүй. Иймээс урьдын харилцааны явцад буюу мөнгө өгч авалцах үйлдлээр бий болсон итгэлийг урвуулан ашигласан нөхцөл тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч нь гааль дээр таньдаг хүн байгаа, тэндээс машин хямд авч зараад өгнө, дугуй авна, дахиад мөнгө зээлээч гэж Ч.Энхчулууныг хоёр удаа хуурч, нийт 1.300.000 төгрөг авсан нь нотлогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх үндэслэлгүй.
Шүүгдэгч Д.Снь “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг тавин таваас дээш насны эмэгтэйд хүнд оногдуулахгүй...” гэж тус тус заажээ.
Иймээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлөөгүй зэргээс үзэхэд торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулжээ.
Анхан шатны шүүх Д.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ст энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ял дээр өмнөх Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 /таван/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 11 /арван нэгэн/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Ст оногдуулсан 11 сарын хугацаагаар хорих ял нь түүний удаа дараа бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хувийн байдалд нь тохирсон байна гэж үзэв.
Иймд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах талаар гаргасан шүүгдэгч Д.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ялыг 50 хоногийг нэмж нэгтгэх гэж буруу бичсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзсэн бөгөөд цаашид алдаа, зөрчил гаргахгүй байхад анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 609 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ