Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2021/0326

 

 

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Гомдол гаргагч: ЧД-ийн хяналтын прокурор Б.Б

Хариуцагч: ЧД-ын С,ТС-ийн хнбб улсын байцаагч Ц.Ц

Гомдлын шаардлага: ЧД-ын С,ТС-ийн хнбб улсын байцаагч  Ц.Ц ийн  2021 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 236...  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Б.Б , хариуцагч Ц.Ц , гуравдагч этгээд М.А , гуравдагч этгээд “М” ХХК -ийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ЧД-ийн хяналтын прокурор Б.Б  шүүхэд гаргасан дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ЧД-ын С,ТС-ийн хнбб улсын байцаагч Ц.Ц  нь “М” ХХК -ийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийг илрүүлсэн. Энэ зөрчлийн талаар “М” ХХК -ийн зүгээс өөрсдөө илчилж ирснийг хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж тус компанийн  нягтлан  бодогч  ажилтай  М.А ээс  холбогдогчоор  мэдүүлэг авч

түүнд  Зөрчлийн  тухай  хуулийн  11.18  дугаар  зүйлийн  1.6,  1.24  дэх  хэсэгт  тус тус

заасны дагуу 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Уг зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалыг миний бие 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянасан. Эрх бүхий албан тушаалтны дээрх шийтгэл ногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байсныг олж тогтоосон. Үүнд, М.А нь “М” ХХК -ийг төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий этгээд мөн эсэхийг тус компаниас тодруулаагүй, мөн түүнийг “М” ХХК -ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг аваагүй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу зөрчилд холбогдогч хуулийн этгээдээс хууль ёсны төлөөлөгчийг томилсноор түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хуулийн заалтыг зөрчсөн.

Нягтлан бодогч М.А ийг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.24 дэх хэсэгт нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй гэх зөрчлүүдийг гаргасан гэж улсын байцаагч Ц.Ц  үзсэн.

Хэрвээ М.А  нь дээр дурдсан хоёр зөрчил болох тайланг хуульд заасан хугацаанд цахимаар хүргүүлээгүй, мэргэжлийн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй гэх зөрчлүүдээ нэг үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдсэн гэж үзэж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь буюу тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй гэх зөрчилд 4000 нэгж төгрөгөөр торгох ёстой байсан.

Улсын байцаагч Ц.Ц  нь хуульд аль хүнд шийтгэл ногдуулах ёстой байсан шийтгэлд хөнгөнийг нь сонгож шийтгэлийн хуудсаа бичсэн нь дээрх хуулиудыг мөн зөрчсөн байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “мэргэжлийн нягтлан бодогч” гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг ойлгох”-оор томьёолсон. М.А  нь нягтлан бодогч мэргэжлээр их дээд сургууль төгсөөгүй, бакалаврын зэрэггүй хүн байж байгаад “М” ХХК -ийн тайланг гаргасан бол Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.24 дэх хэсэгт “нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй” гэх хуулийн зүйл, заалтыг зөрчсөнд тооцогдох байсан.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан Ц.Ц ийн зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалын 10 дахь талд М.А ийг мэргэжлийн нягтлан бодогч мөн гэдгийг баталсан бакалаврын дипломын хуулбар авагдсан байсан. Иймд шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон хуулийн заалт болон торгосон мөнгөн дүн нь М.А ийн үйлдсэн зөрчилд таарахгүй байгаа учраас эрх бүхий албан тушаалтан Ц.Ц ийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулаад, нэмэлт ажиллагааг явуулахаар дүгнэлт бичсэн.

Мөн хариуцагч болон гуравдагч этгээд нараас шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцахад прокурорын байгууллага нь хүнд, хэцүү цаг үед хуулийн этгээдийг заавал өндөр үнийн дүнгээр торгох гэж байгаа мэтээр бичсэн байсан. Прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд зөвөөр ойлгуулахын тулд энэ талаар тайлбар хэлье.

Прокурорын байгууллага нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх тал дээр хяналт тавьж ажилладаг байгууллага юм.

Эрх бүхий албан тушаалтан Ц.Ц ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан “М” ХХК -д холбогдох материал нь нягтлан бодогч М.А ийг мэргэжлийн нягтлан бодогч мөн байхад мэргэжлийн биш хэмээн үзэн шийтгэл оногдуулаад, хариуцлага хүлээх ёстой байсан хуулийн этгээдийг торголгүйгээр, хуулийг буруу хэрэглэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдлийг зөвтгөхөөр дүгнэлт бичсэн болохоос биш хуулийн этгээдийн нөхцөл, байдлыг хүндрүүлж, илүү мөнгөн дүнгээр торгох гээд байгаа зүйл биш юм” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 –д “мэргэжлийн нягтлан бодогч ” гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг ойлгоно” гэж, 3.1.7-д “мэргэшсэн нягтлан бодогч” гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч эдийн засагчийг ойлгоно” гэж тайлбарласан ба “Моннавара “ХХК-ийн нягтлан бодогч М.А  нь 1999 онд Мандах бүртгэл дээд сургууль төгссөн. Зөрчлийн тухай хуулийн  11.18 дугаар зүйлийн 1.24-д “нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр нягтлан бодогчид  хариуцлага хүлээлгэсэн.

Тухайн байгууллагатай хийсэн нягтлан бодогчийн гэрээ, ажилд авсан тушаал, тухайн байгууллагын гэрчилгээний хуулбар, нягтлан бодогчийн иргэний үнэмлэхний хуулбар, нягтлан бодогч буруутайгаа хүлээн зөвшөөрч мэдүүлэгт гарын үсэг зурсан баримтууд,  хүлээн зөвшөөрч торгуулийн төлбөрийг Төрийн сан банкны Чингэлтэй дүүргийн татварын хүү торгуулийн орлогын  100......тоот дансанд тушаасан баримт зэргээр нягтлан бодогчид  хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ байгууллагын нягтлан бодогч өөрсдийн мэдүүлэгтээ нягтлан бодогч нь гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан.

2017 оны 07 дугаар сарын  01-ны өдрөөс  Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Дүүргийн прокурорын газарт Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн баримтуудыг холбогдох материалын хамт хянуулж, ажиллаж ирсэн. 

Дээрхи  баримтууд хангалттай нотолгоо болж байгаа тул дахин байгууллагаас нотлох баримт шаардах нь төрийн албаны хүнд сурталыг улам ихэсгэж байгаа байдал харагдаж байна.

 2020 оноос хойш дэлхий даяар коронавирус COVID-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор ялангуяа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ард иргэдийн амьжиргааны төвшинд болон улс орны эдийн засагт хүндээр тусч байгаа. 

Нягтлан бодогч нь буруутайгаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал дээр гарын үсэг зурсан байхад аж ахуйн нэгж, байгууллагыг  4000 нэгжээр давхардуулан торгох нь  тухайн байгууллагын эдийн засгийн байдалд хүндээр тусна гэж үзэж байгаа болно.

Прокурорын дүгнэлтэд дурдсан Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.6, 1.24 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шийтгэлийн хуудас ногдуулсныг няцааж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Миний зүгээс Ковид-19 вирусын цар тахалтай холбоотойгоор байгууллагуудын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгааг харгалзан үзээд 4000 нэгжээр торгох нь хүндрэлтэй гэж үзээд нягтлан бодогч М.А ийг холбогдогчоор татаж, уг шийтгэлийн хуудсаа гаргасан. Прокурорын дүгнэлтэд дурдсанчлан зарим нэг талаар дутагдалтай шийдвэр гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрнө” гэжээ.

Гуравдагч  этгээд  шүүхэд  бичгээр  ирүүлсэн  хариу  тайлбартаа  болон  шүүх

хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие  2020  оны  11 дүгээр сарын  сүүлээр “М” ХХК -ийн захирал  Б.Б гийн санал болгосноор  татвар, санхүүгийн тайлан гаргах, тайлан өгдөг цахим системийг ашиглаж сурах, улмаар цаашид компанийн татвар, санхүүгийн тайланг илгээж байхаар гэрээт нягтлан бодогчоор ажиллах болсон.

Тухайн компанийн тайланг гаргах  үед   хөл хорионы үе үргэлжилсэн, интернэт холболтын боломжгүйгээс тайлант хугацаа дууссан, тайлангийн цахим системийн учрыг сайн ойлгох, сургалтад суух боломж гараагүй, төлөвлөж байсан ч амжаагүй, мэддэг хүнээс асууж заалгах гэсэн боловч утасны цаанаас заалгаж болохгүй байсан, цахим систем нь дурын үед ороод ажиллах боломжгүй зэрэг учир шалтгааны улмаас компанийн тайлангаа өгч чадаагүй. Тайлан өгөх хугацаа Ковид-19 цар тахалтай холбоотойгоор гайгүй байх гэж бодож байсан.

2021 он 03 сарын сүүлээр улсын байцаагчийн дуудсанаар очсон. Улсын байцаагч Ц.Ц ийн бэлтгэсэн  бичиг баримтуудад гарын үсэг зурсан. Нягтлан бодогчийг хугацаа хэтрүүлсэн  заалтаар  400,000 төгрөгөөр торгох болсон тухай компанийн захиралд хэлсэн. Торгуулиа төлсөн” гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК -ийн төлөөлөгч Б.Б  шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь байгуулагдсанаасаа хойш олон жилийн дараа буюу 2020 онд анхны үйл ажиллагаагаа явуулсан. Хуульд заасан татвараа бүгдийг төлөөд, санхүүгийн тайлан гаргах асуудал дээр бид туслалцаа авахаар дүүрэг дээр хэд хэдэн удаа очсон. Ковид-19 вирусын цар тахалтай холбоотойгоор ажилчид нь байхгүй, жижүүр нь дотогш нэвтрүүлдэггүй байсан. Эцэст нь улсын байцаагч Ц.Ц ийн утасны дугаарыг олоод, холбогдоод, тайлангаа хуулийн хугацаа хэтрүүлсэн талаараа хүлээн зөвшөөрч очиж уулзсан.

Өнгөрсөн жил дүүгийн хамт ажилладаг нягтлан бодогч гэх М.А  гэх хүнийг “М” ХХК -д ажиллуулахаар болсон. Үндсэн нягтлан бодогчийн ажлаасаа хөндийрсөн ч гэсэн явцын дунд суралцах боломжтой байх хэмээн хоорондоо тохиролцож, тайлан гаргах ажлын талаар болон ажлын хөлс бусад зүйлсээ тохирон гэрээ байгуулсан. Нягтлан бодогч М.А  уг мэргэжлийн ажлаасаа хөндийрсөн, мөн би тайлан тооцоо гаргах талаар мэдлэг байхгүй учраас алдаа дутагдал гаргасан байна.

2021 оны 01 дүгээр сард ажил явдлын улмаас би хөдөө явсан. Тэндээ 14 хоногийн хөл хорионд гацчихсан. Эргээд хот руу ирэх гэтэл мөн л тусгаарлалтад орсны улмаас тайлангийн хуулийн хугацаагаа хэтрүүлсэн. Манайх дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа компанид 4.000.000 төгрөг байтугай 400.000 төгрөгөөр торгуулах хүртэл хүндрэлтэй байна. Би үндсэн цалингүй хүн. Өөрийн мэдлэг чадварыг ашиглан хийж бүтээх хүслээрээ олон жил хичээсэн ажил маань өнгөрсөн жил л хөлөө олж эхэлж байхад санхүүтэй холбоотой ийм асуудал гарсанд харамсаж байна.

 

Би анх зөрчил гаргасан тухайгаа мэдээд улсын байцаагч Ц.Ц тай утсаар анх холбогдсон. Манай компанийг тайлан хугацаа хэтрүүлсний улмаас торгох болсон талаар хэлэхэд би нягтлан бодогчдоо бичиг хийж өгч, явуулахаар болсон. Итгэмжлэл заавал шаардлагатай талаар би мэдээгүй. Мөн хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор цахимаар хүргүүлдэг гэх талаар би мэдээгүй байсан.

 

Тайлан гаргах хугацаанд миний ээж нас барж, би Сүхбаатар аймаг руу явсан. Сүхбаатар аймагт очиход байгаа газраасаа гарахгүйгээр 14 хоног шаардлагыг өгсөн. Үүний дараагаар улсаас хөл хорио тогтоосон. Эдгээр баримтууд хэрэгтэй гэж мэдсэн бол би баримтуудыг бүрдүүлэх байснаа одоо л ойлгож байна.

2021 оны 01 дүгээр сард би тайлантай холбоотойгоор санхүүгийн хэлтэст удаа дараа очсон боловч гадны хүн нэвтрүүлэхгүй байсан. Арай гэж улсын байцаагч Ц.Ц ийг олж, утсаар холбогдсон. Хөл хориотой холбоотой нотлох баримтуудаа би бэлдэх байснаа мэдсэнгүй.

 

Тайлангийн хугацаа хэтрүүлснээ бол хүлээн зөвшөөрч байна. Тайлангаа гаргуулах хүн олдохгүй байсан. Арга барахдаа Сүхбаатар аймагт байсан хүнийг гуйж гаргуултал зөрчилд тооцогдчихсон байна. Цар тахал тархсан энэ хүнд цаг үед төр засгаас дэмжих бодлого барьж, бололцооны хэрээр арга хэмжээ авч буй үед хяналтын   прокуророос   шүүхэд   дүгнэлт  бичиж  байгаад  гомдолтой   байна”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

ЧД-ын С,ТС-ийн хнбб улсын байцаагч  Ц.Ц  нь “М” ХХК -ийн нягтлан бодогч М.А ийг “М” ХХК -ийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй”, “ нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн  нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж,   2021   оны  03   дугаар   сарын   16-ний  өдрийн  236...   дугаар  шийтгэлийн

хуудсаар[1] Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.24-т

зааснаар дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 мянган төгрөгөөр

торгох шийтгэл оногдуулжээ.

Нийслэлийн ЧД-ийн хяналтын прокурор Б.Б  нь энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн байх ба гомдлын шаардлагын үндэслэлээ “ ... М.А ийг “М” ХХК -ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг аваагүй, ... М.А  нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх ямар үүргээ биелүүлээгүй болохыг тогтоогоогүй, ...дээрх 2 зөрчлийг  ...нэг үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдсэн гэж үзвэл ... аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл онодуулах хуулийн заалтыг зөрчсөн, ...”М” ХХК -д торгох шийтгэл оногдуулах байтал тус компанийн нягтлан бодогчид  ... торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. ... Шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон хуулийн заалт болон торгосон мөнгөн дүн нь  ... үйлдсэн зөрчилд тохироогүй ...” гэж тодорхойлон маргажээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д  “Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно”,  10.3-т  “...аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ний өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ний өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд аж ахуйн нэгж, байгууллага нь жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ний өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороонд байрлах, 6.... регистрийн дугаартай  “М” ХХК  нь  2020 оны жилийн эцсийн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллага болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн и-баланс цахим программд хуульд заасан хугацаанд шивж илгээгүй болох нь  тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар энэхүү үйл баримттай маргаагүй байна.

Эрх бүхий албан тушаалтан буюу нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч 

Ц.Ц  нь өөрийн гаргасан зөрчлөө илчилж ирсэн тус компанийн нягтлан бодогч М.А ийг зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.24-т зааснаар дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэсэн нь хууль бус болжээ.

            Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх зэрэг нөхцөл байдлыг тогтоосон байх ёстой.

            Гэтэл  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч  нь  тухайн компанийн эрх бүхий этгээдээс нягтлан бодогч М.А ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилоогүй байхад түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд  холбогдогчоор оролцуулж, мэдүүлэг авсан, түүнчлэн тухайн компанийн нягтлан бодогч М.А  нь 1999 онд Нягтлан бодох бүртгэлийн “М” дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгссөн байхад энэхүү нөхцөл байдлыг тодруулж нягтлахгүйгээр /холбогдох зөрчил нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад/ түүнийг “...санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн байх, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй “гэх зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 3.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д “тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцож байгаа бол ...хуулийн этгээдийг төлөөлж болохгүй” , 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчжээ.

            Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д аж ахуйн нэгж, байгууллагад шийтгэл оногдуулахаар заасан байхад тухайн компанийн нягтлан бодогч М.А т  шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 2-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 3.2 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд

хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэж заасантай нийцээгүй байна.

Мөн эрх бүхий албан тушаалтан нь энэхүү зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёр зүйл, хэсгээр шийтгэл оногдуулсан нь  Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-д заасныг ноцтой  зөрчжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ц  нь 2021 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн  236...  дугаар шийтгэлийн хуудсаар “М” ХХК -ийн нягтлан бодогч М.А ийг “М” ХХК -ийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй”, “нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн  нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.24-т зааснаар дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “ хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг тус тус зөрчсөн байх тул гомдол гаргагч прокурорын дүгнэлтийг хангаж,  улсын байцаагч Ц.Ц ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн  236...  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох  нь  үндэслэлтэй байна гэж  шүүх үзлээ.    

Гуравдагч этгээд “М” ХХК  нь санхүүгийн тайлангийн  хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх холбогдох нотлох баримтаа тус шүүхэд ирүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.3, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д заасныг тус тус үндэслэн гомдол гаргагчийн дүгнэлтийг бүхэлд нь хангаж, ЧД-ын С,ТС-ийн хнбб улсын байцаагч  Ц.Ц ийн  2021 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 236...  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.14-д  зааснаар  гомдол  гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн

болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН

 

[1]  Хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд