Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2024/0122

 

 

                                                                                                              

 

 

 

 

 

 

 

 

         

“Т э с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С

 

Нэхэмжлэгч: “Т э с” ХХК

Хариуцагч: Ашгтг Кхд

Гуравдагч этгээд: Үга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0936 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

       Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0914/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т э с” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0936 дугаар шийдвэрээр: “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 49 дүгээр зүйлийн 49.10-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. “Т э с” ХХК нь Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Бадаг нэртэй газар 2985.38 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 025090 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 145 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын Х\/-017830 дугаартай тусгай зөвшөөрлийг “Т э с” ХХК-д олгосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 560 дугаар магадлал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 514 дүгээр шийдвэрийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 тоот шийдвэрээр 2018 оны 305 шийдвэр болон Х\/-017830 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10/4296 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө бүртгүүлэхийг “Т э с” ХХК-д мэдэгдсэн.

3.2. Ашигт малтмалын хайгуулын Х\/-017830 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн баримт бичгийн бүрдүүлэх мэдэгдэлд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, ирүүлээгүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр дээр дурдсан 12 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ тухай 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/4566 тоот албан бичгээр “Т э с” ХХК-д мэдэгдсэн байна. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай /2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын XV-017830 тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт бүрдүүлээгүй болох нь анхан шатны шүүхийн шатанд тогтоогдсон байдаг. Гэвч шүүх хэтэрхий богино хугацаа олгосон байна гэж үзэж байгаа нь өөрөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг зохих ёсоор хэрэглээгүй гэж үзэж байна.

3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан ба Х\/-017830 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн зурагзүйн дэлгэрэнгүй шүүлтээс харахад Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 1.69 га талбайгаар давхцалтай байсан байна.

3.4. Нэхэмжлэгч “Т э с” ХХК нь Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад тухайн асуудлаар өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай. Гэвч нэхэмжлэгч өнөөдрийн хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж өргөдөл, гомдол гаргаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14, 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2-т гомдол гаргах, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаатай холбоотой харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нөхцөл шүүхэд цугларсан баримтаар бүрэн тогтоогдож байсан. Гэтэл нэхэмжлэгч “Т э с” ХХК-ийн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байтал 128/ШШ2023/0936 дугаар шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх шаардлагыг тус тус хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан.

3.5. Мөн шүүх ямар тохиолдолд нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зайлшгүй хийлгэхийг шаардаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, ямар тохиолдолд нэгэнт хэрэг үүсгэсэн, шүүхэд маргах нь тодорхой байсан гэж үзэн асуудалд ялгамжтай хандаж шийдвэрлэж байгаа нь хуулийг нэг мөр ойлгож, хэргийг шударгаар шийдвэрлэх хуулийн үндсэн зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

4.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэр нь захиргааны акт болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан журмын дагуу гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны үеэр удаа дараа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа журмын дагуу явагдаагүй талаар тайлбар хэлсэн боловч анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг хангаагүй гэж үзэж байна.

4.2. Ашгтг Кхд2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээ дан ганц байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэх байдлыг үндэслэж гаргаагүй бөгөөд баримт материалаа ирүүлээгүй гэх үндэслэлээр гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тусгай зөвшөөрлийг сунгуулахад бүрдүүлэх баримтуудыг дурьдаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх дан ганц байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, батлуулах боломжит хугацаа олгоогүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хууль бусад тооцож байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь 22.1.1, 22.1.2, 22.1.4-д заасан баримтуудыг мөн бүрдүүлж өгөх үүрэгтэй. Гэтэл шүүх хариуцагчийг мөн хуулийн 22.1.3-д заасан баримтыг бүрдүүлээгүй гэх үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг гаргасан мэтээр дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна.

4.3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримт нь 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан урьдчилан төлсөн байх нөхцөлийг хангасан байх учиртай. Нэхэмжлэгч “Т э с” ХХК нь захиргааны байгууллагаас тогтоосон 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг төлөөгүй, одоог хүртэл төлөөгүй байдаг.

4.4. Гуравдагч этгээд Үга нь маргаан бүхий талбайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалгаар ӨТТЭ-1 судалгааны ажлыг “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-аар гүйцэтгүүлсэн бөгөөд нийт улсын төсвөөс 288,867,887 төгрөгийн зардал гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг үндэслэлгүйгээр хууль бусад тооцож, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалаагүй.

4.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0936 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Ашгтг Кхдболон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Маргааны үйл баримтын тухайд;

3.1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 145 дугаар шийдвэрээр “Т э с” ХХК-д Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Бадаг нэртэй газарт 2985.38 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-017830 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

3.2. Нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын XV-017830 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргасан бөгөөд Ашгтг Кхднь “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан баримт байхгүй” гэх үндэслэлээр 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан.

3.3. Нэхэмжлэгч нь Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан, XV-017830 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 560 дугаар магадлалаар, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргасны дагуу, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 110/ГХ2022/0010 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон ба Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/665 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.

3.4. “Т э с” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “XV-017830 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2018 оны 305 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тус компанийг XV-017830 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 514 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3.5. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр уг хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө бүртгүүлэх талаар 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10/4296 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

3.6. “Т э с” ХХК-иас 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05/14, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 05/19 дүгээр албан бичгээр, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар дурдаж, өргөдөл гаргах хугацаа сунгахыг болон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргажээ.

3.7. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр, ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 560 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 514 дүгээр шийдвэрийг биелүүлж, ашигт малтмалын хайгуулын XV-017830 дугаартай тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон бүртгэлийг нь хүчингүйд тооцож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэр гарч, “Т э с” ХХК-д 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10/4296 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч дурдсан хугацаанд хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж сунгуулах өргөдлийг гаргаагүй гэх үндэслэлээр “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 12 дугаар тушаалыг хүчингүй болгосон.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан тул шүүх хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл бүрд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

5. Нэхэмжлэгч “Т э с” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, ... Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйгээс Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 305 дугаар шийдвэрээр сунгахаас татгалзсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 560 дугаар магадлалаар сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж шийдвэрлэсэн, мөн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 305 дугаар шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 514 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосноор тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрх сэргэсэн, тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг төлж, баримтыг сунгуулах хүсэлтдээ хавсарган хүргүүлсэн, хариуцагч байгууллагад байх ёстой, манай буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүйг анхаарч үзээгүй гэх зэргээр шаардлагын үндэслэлийг тодорхойлжээ.  

6. Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “... өнөөдрийг хүртэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардлагатай хуульд заасан баримтуудыг ирүүлэх 15 хоногийн хугацаа олгосон ч бүрдүүлж ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2017 оноос хойш төлөгдөөгүй, хайгуулын ажлын зардлын хэмжээг батлуулаагүй, захиргааны актын талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаагүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

7. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гээд 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” хэмээн тухайлан заасан.

8. Хэргийн оролцогчдын тайлбарыг дээрх хуулийн зохицуулалттай харьцуулан үзэхэд, “Т э с” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэр болон 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10/4296 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийн дагуу XV-017830 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахаар өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангаж, зохих баримтыг хавсаргаж хүргүүлсэн, хариуцагч түүнийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар хэргийн оролцогчид зөрүүтэй тайлбар гаргах боловч холбогдох баримтыг хэрэгт нотлох баримтаар цуглуулаагүй байна.

9. Тодруулбал, дээрх маргааны үйл баримттай холбогдуулан,

- “Т э с” ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 05/19 дүгээр албан бичгээр хүсэлт гаргахдаа ямар баримтуудыг хавсаргасан, түүнийг Ашигт малтмал, газрын тосны газар хэзээ хүлээн авч, бүртгэсэн болох;

- ийнхүү ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.4-т заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг бүрдүүлсэн байх шаардлагыг биелүүлж, хүсэлтэд хавсаргасан эсэх;

- нөгөөтээгүүр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 110/ГХ2022/0010 дугаартай гүйцэтгэх хуудас,  Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тооцох тухай” 11/665 дугаар тогтоолтой холбогдуулан Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018 оны  байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан эсэх, тийм бол “Т э с” ХХК-иас  уг төлөвлөгөөг захиргааны байгууллагад хэзээ, ямар хэлбэрээр хүргүүлсэн; зэргийг тогтоохын тулд хариуцагч байгууллагаас ирсэн бичгийн бүртгэл болон холбогдох архивын баримтыг гаргуулах, нэхэмжлэгч болон бусад байгууллага, албан тушаалтнаас холбогдох лавлагаа, баримтыг цуглуулах ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай.    

10. Хэрэгт авагдаагүй эдгээр нотлох баримтуудыг нэмж цуглуулах нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэр гарахаас өмнө “Т э с” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын XV-017830 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулахаар өргөдөл гаргаж, ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримтыг бүрдүүлж, хуульд заасан шаардлагыг хангаж байсан эсэх талаар хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөхөд ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийгээгүй учраас шийдвэрийн хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0936 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

 

 

                       ШҮҮГЧ                                                                      С.МӨНХЖАРГАЛ

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ