Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 00092

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогч Ц.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч М.Найдан,

шүүгдэгч М.Санжаажамц, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Мягмарсүрэнгийн Санжаажамцад холбогдох 132/2016/0091/Э индекстэй, эрүүгийн 201606000262 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Булган сум 2 дугаар баг 2б-13-01 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Мягмарсүрэнгийн Санжаажамц /РД:ГЮ88092715/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Санжаажамц нь /яллагдагчаар татах тогтоолоор/ 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт баригдаж байгаа дулааны станцын барилга дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Мөнхбаатартай маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Санжаажамц мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Мөнхбаатар мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр надтай хамт дулааны цахилгаан станцын барилга дээр туслах ажилтнаар ажиллаж байсан Санжаажамц гэдэг залуу ажлаа хийхгүй болохоор нь би “ажлаа хий” гэж шаардлага тавьсаны төлөө миний шүд рүү мөргөж 1 шүд хугарч, 2 шүд сул ганхаж урууланд 3 оёдол тавиулсан. Орхон аймагт хувийн шүдний эмнэлэгт үзүүлэн зураг авахуулсан бөгөөд миний доод шүдийг эмчилхэд 1710000 төгрөг, дээд 2 шүдэнд эмчилгээ хийгдэж 2290000 төгрөгөөр үнэлсэн. Нийт гарсан эмчилгээний зардал 4559000 төгрөг болно гэсэн. Томографикийн зураг авахуулсан 20.000 төгрөг, эмийн 4000 төгрөг нийт 24.000 төгрөг дээрхи 4.559.000 төгрөгнөөс гадна нэмэмжилнэ. Эмчилгээний төлбөрөө гаргуулах хүсэлтэй гэв. 

201606000262 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Хохирогч Ц.Мөнхбаатарын өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр надтай хамт дулааны цахилгаан станцын барилга дээр туслах ажилтнаар ажиллаж байсан Санжаажамц гэдэг залуу ажлаа хийхгүй болохоор нь би ажлаа хий гэж шаардлага тавьсаны төлөө миний шүд рүү мөргөж 1 шүд хугарч, 2 шүд сул ганхаж уруул дээрээ 3 оёдол тавиулж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Орхон аймагт хувийн шүдний эмнэлэгт үзүүлэн зураг авхуулсан. Дээрхи эмнэлэг миний доод шүдийг 1710000 төгрөг, дээд 2 шүдэнд эмчилгээ хийгдэж 2290000 төгрөгөөр үнэлсэн. Нийт гарсан эмчилгээний зардал 4590000 төгрөг дээд 2 шүд эмчилгээ авахгүй бол шүдийг авч шүд суулгаж хийнэ энэ нь 5000000 төгрөг болно гэсэн гэх мэдүүлэг /хх 13-14 тал/

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ¹323 тоот дүгнэлтэнд: 1. Ц.Мөнхбаатарын биед дээд доод уруулд шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн, баруун 1-р шүднүүдэд ганхал, доод үүдэн зүүн 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 16-17 тал/, гомдол мэдээлэлийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх 6 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 тал/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч М.Санжаажамц нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт баригдаж байгаа дулааны станцын барилга дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Мөнхбаатартай маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Мөнхбаатарын... Санжаажамц гэдэг залуу ажлаа хийхгүй болохоор нь би ажлаа хий гэж шаардлага тавьсаны төлөө миний шүд рүү мөргөж 1 шүд хугарч, 2 шүд сул ганхаж уруул дээрээ 3 оёдол тавиулсан гэх, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... би Мөнхбаатарын нүүрэн хэсэгт нэг удаа цохисон,...дахин хэрэлдэж барьцалдаж аваад Мөнхбаатарын шүдрүү нь толгойгоороо мөргөсөн гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 323 тоот дүгнэлтээр… Ц.Мөнхбаатарын биед дээд доод уруулд шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн, баруун 1-р шүднүүдэд ганхал, доод үүдэн зүүн 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Санжаажамц нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч М.Санжаажамц анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь эмчилгээний зардалд нийт 4.559.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан томографикийн зураг авахуулсан 20.000 төгрөг, эмийн 4000 төгрөг нийт 24.000 төгрөгний баримт байх ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний биед хөнгөн гэмтэл учирчээ. Хохирогч эмчилгээний зардалд нийт 4.583.000 төгрөг нэхэмжилсэнээс эмчилгээний 24.000 төгрөгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч Ц.Мөнхбаатар нь эмчилгээний 4.559.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 мөн хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.4, 418.5 дахь зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Мягмарсүрэнгийн Санжаажамцыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч М.Санжаажамцыг 02 /хоёр/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Санжаажамцын бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч М.Санжаажамц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч М.Санжаажамцаас 24.000 төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум Зүүн дэнжийн 5-20 тоотод оршин суух Цагаан гэрүүд овгийн Цогтбаярын Мөнхбаатар /РД: РД91110418/ -т олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.    

                 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ДЭЛГЭРМӨРӨН