Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/152

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Л.О

           Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-т  холбогдох эрүүгийн 1725004440112 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ц.Э

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн ****  тоотод оршин суух Д.С-г   гэртээ унтаж байхад нь ТСЛ маркийн 32 инчийн зурагт, ногоон дарь эх, 10 см гуулин бурхан хулгайлж 430 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.С-н    ... “2017 оны 12 сарын 07-ны өдөр 16 цаг 30 минутын үед ажлаа тараад гэртээ очсон чинь нөхөр минь ганцаараа гэртээ унтаж байсан юм. Тэгээд би нөхрөөсөө зурагт хаачсан юм бэ? Чи авсан юм уу? гэсэн чинь үгүй ээ би аваагүй гэхээр нь манай гэрт хүн орж ирсэн үү гэсэн чинь Э      нь нэг найзтайгаа орж ирээд гараад явсан гэж хэлсэн юм. Манай нөхөр бол зурагт бурхан аваад гарсныг мэдээгүй юм байна лээ. Тэгээд л Э     ийг сэжиглэх болсон юм. Э     ийг хаана явааг нь огт мэдэхгүй. Түүний ээж С     нь гэр хорооллын Хөвсгөл дэлгүүрээс цаашаа яваад чимээгүй хотын ойролцоо нөхөр хүүхдийнхээ хамт байдаг юм. Том хүү нь Хялганатад байдаг гэсэн. Би хулгайд алдагдсан зурагт бурхан хоёроо цагдаагийн алба хаагчаас хүлээн авсан. Манай гэрт хулгай ороод удаагүй байхад Э     ийн ээж С     миний гар утас руу залгаад “танай гэр рүү Э      хууль бусаар ороод эд зүйлийг чинь аваад явсан байна. Одоо айлын хашаанд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн хүү Э       руу залгаад хэлсэн юм. Э       нь цагдаа дагуулаад Э      дээр очсон. Тэгээд цагдаагийн алба хаагч нь бурханыг нь хураан аваад надад хүлээлгэн өгсөн юм. Надад бол гомдол санал байхгүй ээ, Э     ийг хаана байгаа гэдгийг С     мэдэж байгаа байхаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-30-р хуудас/

 

2. Гэрч П.Б      ... “Би өнөөдөр ажил дээрээ байж байгаад 17 цагийн үед ажлаасаа буух гээд байж байхад Г        миний гар утас руу залгаад хүнээс зурагт авах гэсэн юм хүрээд ир гэхээр нь би Дэнжийн Тахилт гэх газар очсон. Тэгээд очиход Г        зурагт тэвэрсэн залуугийн хамт очсон юм. Тэгээд тэр залуугаас зурагтыг нь авна гээд зурагтыг нь шалгах гээд дэлгүүр рүү ороход тооллоготой байна гэхээр нь замын эсрэг талд Бямбажав гэх залуугийн гэрт ороод шалгасан. Тэгээд зүгээр байхаар нь Г        нь 80000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд зурагт зарсан гэх залууг Шандын 17 дугаар сургуулийн орчимд буулгаад эргээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-р хуудас/

 

3.Гэрч Б.Г       ийн ... “2017 оны 12 сарын 07-ны өдөр ажлаа тараад гэртээ харих гээд Дэнж багийн автобусанд суугаад Эрдэнэ багийн самбар дээр буусан. Тэгтэл замын хажуу талд нэг залуу зурагт тэврээд зогсож байсан. Тэр залуу над дээр ирээд мөнгөний хэрэг байна 40000 төгрөгөөр авчих гэхээр нь үгүй гээд дэлгүүр рүү орсон. Тэгсэн чинь араас орж ирээд дэлгүүрийн хүнээс авчих гээд гуйгаад байхаар нь шалгаж үзнэ гээд таньдаг айл руу орж шалгаж үзчихээд асахаар нь 60000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-р хуудас/

 

4.Эд хөрөнгийн үнэлгээний “Бан Хас” ХХК-ний шинжээчийн 2017 оны 12 сарын 10-ны өдрийн 361 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт.

 

5.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19-р хуудас/ болон Ц.Э     ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Д.Сосорбарам нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Э “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Ц.Э     ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Д.С-н     мэдүүлэг, “Бан Хас” ХХК-ний 2017 оны 12 сарын 10-ны өдрийн 361 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Б.Г       , П.Батзул нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн ****  тоотод оршин суух Д.С-г   гэртээ унтаж байхад нь ТСЛ маркийн 32 инчийн зурагт, ногоон дарь эх гуулин бурхан хулгайлж 430 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Э     ийг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, Орхон аймгийн Прокурорын газраас яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У.Э     ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6-д заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Ц-ийн Э     ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э     ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Э-т  оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хот тохижуулах газарт гүйцэтгүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС