Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

 

 

 

 

 

   

                                 

      2022         07           26                                        2022/ШЦТ/125

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагч Б.Ариунтөр,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

         Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

  Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эид холбогдох эрүүгийн 2219000000172 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: О.Э

         Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Э нь 2022 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Таван толгой Ханги чиглэлийн авто замын барилгын үйл ажиллагаа явуулж буй “Бээжин юни констракшн групп Монголиа” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн талбайгаас 518.000 төгрөгийн үнэ бүхий аккумлятор, цахилгаан кабел утас зэргийг нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгч О.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хулгайлсан эд зүйлээ буцааж өгсөн. Нутгийнхан намайг Шагхүү гэж дууддаг. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

           -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дагиймаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Бээжин юни констракшн групп Монголиа” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр барьж байгаа талбай дээрээс 2022 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 1 ширхэг 120 амперын аккумлятор, 17 метр урттай цахилгааны кабел утас хулгайд алдагдсан талаар манай харуул хамгаалалтын албанаас мэдэгдсэн. Алдагдсан аккумляторыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос 470.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн барилгын талбай дээр шинээр нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс мотор асаах зорилгоор ашиглаж эхэлсэн гэсэн мэдүүлэг /хх 21-22 ху/,

          -Гэрч Ц.Одсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Бээжин юни констракшн групп Монголиа” ХХК-ийн зам барилгын түр кемпийн харуул хамгаалалтын ажлыг хариуцан ажиллаж байгаа. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 06 цаг өнгөрч байхад бетон зуурмагийн үйлдвэрийн барилга явагдаж байгаа талбайд харуулаар хоносон хамгаалагч Нэргүй утсаар залгаж, үүрэг гүйцэтгэж хоносон газрын цахилгаан үүсгүүрийн аккумлятор алдагдсан байна, гутлын мөр байна гэсний дагуу тухайн газар очиж хамгаалагч Нэргүй бид хоёр мөрийг мөрдөж явахад бетон зуурмагйин үйлдвэрийн талбайгаас баруун хойд зүгт 3 орчим км зайд байх Шагхүү гэх залуугийн өвөлжөөн дээр тухайн мотоциклийн мөр очсон. Тэгээд би Шагхүү гэх залуутай уулзаж манай үйлдвэрийн талбай дээрээс 1 ширхэг аккумлятор алдагдсан тэндээс явсан гутлын мөр, мотоциклийн мөр танай гадаа ирсэн байна гэхэд би авсан юм гээд бид хоёрыг дагуулаад гэрээсээ баруун хойш 3 орчим км хөдөө хээр газар 1 ширхэг цэнхэр өнгийн хайрцагтай аккумлятор, 17 метр урт цахилгаан утас зэрэг эд зүйлийг хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 24 ху/,

           -Гэрч Б.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би 2022 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 05:00 цагт босоод постоо эргэж тойрч шалгахад хамгийн баруун талд байдаг цэнхэр өнгийн цахилгаан хажууд тавьж даавуун хөнжлөөр бүтээсэн байдалтай орхисон байсан 1 ширхэг, 120 амперийн аккумлятор, цахилгааны шийт дороос 20 орчим метр хар өнгийн 4 пазтай цахилгаан кабел утас зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тухайн газар нэг явган хүн ирсэн мөр байсан. Тухайн хүний гутлын мөрийг харахад пүүз, кетний мөр байсан. Тухайн мөр эд зүйлүүдийг манай харуулын пост буюу зуурмагийн үйлдвэрийн байрлалаас баруун зүгт 500 орчим метр зайд яваад мотоцикл унаад явсан юм шиг мөр байсан. Энэ талаар харуулын ахлах Одсайханд мэдэгдэж, дуудан ирүүлж тухайн мөрийг дагаж явсаар Хатанбулаг сумын 2 дугаар багийн иргэн Шагхүү гэх айлд очсон. Шагхүү гэх залуутай уулзаад манай үйлдвэрийн талбай дээрээс 1 ширхэг аккумлятор алдагдсан тэндээс явсан гутлын мөр, мотоциклийн мөр танай гадаа ирсэн байна, авсан эд зүйл хаана байна гэхэд гэрээс баруун хойш 3 орчим км хөдөө хээр газар 1 ширхэг цэнхэр өнгийн хайрцагтай аккумлятор, хар өнгийн цахилгаан кабелийг тавьж орхисон газраа зааж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,

         -Яллагдагч О.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...шөнө 00 цагийн үед өөрийн эзэмшлийн хар өнгийн Даюун маркийн мотоциклтойгоо кемпийн баруун хойд талд зогсоод кемп рүү алхаж очиж цахилгаан кабел, аккумлятор хоёрыг аваад буцаад гэрээс зүүн зүгт шар модон дунд нуусан гэсэн мэдүүлэг /хх 28, 42 ху/,

         -Хохирлын үнэлгээ /хх 30-32 ху/,

         -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9 ху/,

         -Эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх 13-15 ху/,

         -Яллагдагчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурор тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 36-37 ху/,

        -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56 ху/

        -Хохирол төлсөн талаар баримт /хх 61 ху/ зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүгдэгч О.Э нь 2022 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Таван толгой Ханги чиглэлийн авто замын барилгын үйл ажиллагаа явуулж буй “Бээжин юни констракшн групп Монголиа” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн талбайгаас аккумлятор, цахилгаан кабел утас зэргийг нууцаар, хууль бусаар авч 518.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч  О.Эийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн “...Хулгайлсан эд зүйлээ буцааж өгсөн. Нутгийнхан намайг Шагхүү гэж дууддаг. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дагиймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алдагдсан аккумляторыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос 470.000 төгрөгөөр худалдан авч байсан“ гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Одсайхан, гэрч Б.Нэргүй нарын мэдүүлэг, яллагдагч О.Эийн “...шөнө 00 цагийн үед өөрийн эзэмшлийн хар өнгийн Даюун маркийн мотоциклтойгоо кемпийн баруун хойд талд зогсоод кемп рүү алхаж очиж цахилгаан кабел, аккумлятор хоёрыг аваад буцаад гэрээс зүүн зүгт шар модон дунд нуусан” гэсэн мэдүүлэг, “хохирлын үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эд зүйлийг биет байдлаас буцааж өгсөн талаарх баримт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч О.Эийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Энэ хэргийн улмаас хохирогч “Бээжин юни констракшн групп Монголиа” ХХК-д бага бусаас дээш  хэмжээний хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Иймд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан, шүүгдэгч О.Эид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос пүүзийг шүүгдэгч О.Эид буцаан олгож, 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч О. Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эийг ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Эид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос пүүзийг шүүгдэгч О.Эид буцаан олгож, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

         7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА