Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 172/2022/0070/э |
Дугаар | 2022/ШЦТ/71 |
Огноо | 2022-06-13 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/71
2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дугаар 2022/ШЦТ/71 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Д.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Дий Ст холбогдох 2228000000073 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Д.С нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Өмнөговь аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт байх иргэн Л.Мийн пинд байсан эмээл дээрх 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг мөнгөн даруулгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 732.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Сыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь мэдүүлэг өгсөн учир одоо нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Л.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх Өмнөговь аймгийн Булган сумын Дэн 1-р багт Мэргэний бууц гэх газар нутагладаг Булган сумын төвөөс 70 км газар байдаг. 2022 оны 05 сарын 07-ны өдөр пингээ янзлах гээд пиндээ ороод юмаа янзалж байгаад харсан чинь тоононы доор тавиатай байдаг байсан эмээл харагдахгүй байхаар нь эмээл хаашаа орчихсон юм бол гэж бодоод хураалттай 4 ханатай гэрийн зүүн хойд талын булан руу унасан байсныг гаргаж ирээд харсан чинь эмээлийн 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг мөнгөн даруулга зэрэг нь алга болсон байсан... 2021 оны 11 сарын эхээр пиндээ үзэхэд эмээл бүрэн бүтэн байсан, тэрнээс хойш нээх анзаараагүй, эмээл байгаа харагдаж л байсан. Тэгээд саяхан үзтэл эмээлийн мөнгөн эдлэлүүд нь байхгүй болсон байсан гэжээ. /хавтаст хэргийн 18 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Эмээлийн мөнгөн тоноглол болох мөнгөн даруулга 4 ширхэг, мөнгөн баавар 2 ширхгийг хүлээн авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 22 дахь тал/
Шүүгдэгч Д.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би хулгайлж авсан байсан 2 ширхэг мөнгөн баавар болон 4 ширхэг мөнгөн даруулгыг С төлөөлөгчид хүлээлгэж өгсөн. Хохирогчид тэдгээр эд зүйлийг хүлээлгэж өгсөн гэсэн. Би хулгайлсан эд зүйлээ зарж үрэгдүүлээгүй бүгдийг хүлээлгэж өгсөн гэжээ. /хавтаст хэргийн 39 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-9 дэх тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-14 дэх тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 713 дугаартай хохирлын дүгнэлт “мөнгөн тоноглол 2 ширхэг 368.000 төгрөг, мөнгөн даруулга 4 ширхэг 364.000 төгрөг нийт 732.000 төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 44 дэх тал/
Хаан банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 45 дахь тал/
Харилцах дансны харилцагчийн хуулга /хавтаст хэргийн 46 дахь тал/
Эд зүйл хураан авах тухай “...Д.Саас 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг мөнгөн даруулга зэрэг эд зүйлсийг хураан авах зөвшөөрлийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Сд олгов” /хавтаст хэргийн 51 дахь тал/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 53 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 54 дэх тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 55 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 62-63 дахь тал/
Прокурорын санал /хавтаст хэргийн 64-65 дахь тал/
Д.Сын хүсэлтэд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Д.С миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй санал хүсэлтгүй гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэжээ. /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч Д.С нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 62-63 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Сын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ст холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.Сын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 62-63 дахь тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Д.Ст холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой.
Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан Д.Сын хүсэлтэд: Д.С миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй санал хүсэлтгүй гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү. /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Д.С нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.С нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах тухай ялын санал /хавтаст хэргийн 64-65 дахь тал/-тай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгохоор тайлбарласан.
Шүүгдэгч Д.С нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Өмнөговь аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт байх иргэн Л.Мийн пинд байсан эмээл дээрх 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг мөнгөн даруулгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 732.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Мийн “...Манайх Өмнөговь аймгийн Булган сумын Дэн 1-р багт Мэргэний бууц гэх газар нутагладаг Булган сумын төвөөс 70 км газар байдаг. 2022 оны 05 сарын 07-ны өдөр пингээ янзлах гээд пиндээ ороод юмаа янзалж байгаад харсан чинь тоононы доор тавиатай байдаг байсан эмээл харагдахгүй байхаар нь эмээл хаашаа орчихсон юм бол гэж бодоод хураалттай 4 ханатай гэрийн зүүн хойд талын булан руу унасан байсныг гаргаж ирээд харсан чинь эмээлийн 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг мөнгөн даруулга зэрэг нь алга болсон байсан... 2021 оны 11 сарын эхээр пиндээ үзэхэд эмээл бүрэн бүтэн байсан, тэрнээс хойш нээх анзаараагүй, эмээл байгаа харагдаж л байсан. Тэгээд саяхан үзтэл эмээлийн мөнгөн эдлэлүүд нь байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Мийн “...Эмээлийн мөнгөн тоноглол болох мөнгөн даруулга 4 ширхэг, мөнгөн баавар 2 ширхгийг хүлээн авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, шүүгдэгч Д.Сын “...Би хулгайлж авсан байсан 2 ширхэг мөнгөн баавар болон 4 ширхэг мөнгөн даруулгыг С төлөөлөгчид хүлээлгэж өгсөн. Хохирогчид тэдгээр эд зүйлийг хүлээлгэж өгсөн гэсэн. Би хулгайлсан эд зүйлээ зарж үрэгдүүлээгүй бүгдийг хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-9 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-14 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 713 дугаартай хохирлын дүгнэлт “мөнгөн тоноглол 2 ширхэг 368.000 төгрөг, мөнгөн даруулга 4 ширхэг 364.000 төгрөг нийт 732.000 төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, шүүгдэгч Д.Сын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Мт 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг мөнгөн даруулга бүхий 732.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 713 дугаартай “мөнгөн тоноглол 2 ширхэг 368.000 төгрөг, мөнгөн даруулга 4 ширхэг 364.000 төгрөг нийт 732.000 төгрөг” гэх хохирлын дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.С 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг мөнгөн даруулгыг биет байдлаар хохирогч Л.Мт буцаан олгосон болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Мийн “... Эмээлийн мөнгөн тоноглол болох мөнгөн даруулга 4 ширхэг, мөнгөн баавар 2 ширхгийг хүлээн авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, эд зүйл хураан авах тухай “...Д.Саас 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг мөнгөн даруулга зэрэг эд зүйлсийг хураан авах зөвшөөрлийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Сд олгов” /хавтаст хэргийн 51 дахь тал/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 53 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 54 дэх тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэргээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Сын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.С нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах санал гаргасан ба шүүгдэгч Д.С “гэм буруугаа хүлээж байна. Тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүдэгч Д.Ст холбогдох хэргийг хянан хэлэлцэж байна. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр өгсөн, гэм буруугаа ухамсарлан ойлгож хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр болох 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг даруулга зэргийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа. Хохирогч санал, гомдол байхгүй гэж мэдүүлэг өгснөөр хохирол төлбөр байхгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорт хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокурор хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил тэнсэхээр тохиролцсон байгаа тул энэ тохиролцоог баталгаажуулж өгнө үү гэх дүгнэлтийг шүүхэд оруулж байна гэв.
Шүүх шүүгдэгч Д.Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.С нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Дий Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.С тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Д.С хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Мт эмээл дээрх 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг мөнгөн даруулгыг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ