| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2022/0074/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/73 |
| Огноо | 2022-06-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/73
2022 оны 06 сарын 20 өдөр Дугаар 2022/ШЦТ/73 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.О даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.О,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн Д Од холбогдох 2228001080071 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Д.О 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт орших Худалдааны төвийн Нарлаг гар утасны дэлгүүрээс Samsung А-40 маркийн гар утсыг үзэх нэрийдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Т.Цт 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт “ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Т.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нарлаг гар утасны дэлгүүр дээр худалдагч Жаргалын хамт сууж байхад 14 цагийн үед хар, хөх өнгийн гадуур хувцастай толгойндоо бор, шаргал өнгийн кейстэй 46 орчим насны эгч байсан дэлгүүр рүү орж ирээд гар утас засах уу гэхээр би засахгүй гэсэн эгч манай дэлгүүрийн урд талын лангууны ойролцоо зогсоод байсан тэгээд гар утасны үзүүлэнтэй лангуу руу хараад зогсоод байсан нөгөө эгч лангуу тогшоод энэ гар утсыг аваад үзээдэхье гэхээр би очоод аваад өгөхөд Самсунг А-40 маркийн гар утас руу заахаар нь би тэр эгчид авч өгсөн тэгээд би өөр үйлчлүүлэгчид гар утсанд наалт хийж өгөөд бас гар утасны зай сольж хийж өгөөд буцаад очиход нөгөө эгч байхгүй болсон байсан би А40 маркийн гар утсыг өөр газар тавьчихсан юм бол уу гээд хайгаад үзсэн тэгээд камер шүүж үзсэн чинь тэр эгч гар утас ханцуйндаа хийгээд гараад явчихсан байсан. Тухайн гар утас Нарлаг дэлгүүрийн өмч миний эзэмшлийн гар утас байгаа юм. Би тухайн гар утсыг бүрэн хариуцаж алдаж үрэгдэж гээсэн тохиолдолд бүрэн хариуцдаг юм. Усан цэнхэр өнгөтэй, Самсунг А-40 маркийн гар утас байсан. Солонгос улсаас 2021 оны 11 дүгээр сард Солонгосдоо ашиглаж байсан гар утас монгол мөнгөөр 390,000 төгрөгөөр худалдан авсан. Би огт тэр гар утас авсан эмэгтэй хүнийг танихгүй, харж байгаагүй. Манай дэлгүүрт өмнө нь орж ирж байгаагүй хүн байна лээ. Байхгүй сериал кодыг мэдэхгүй. Манай дэлгүүрт Солонгос А40 450,000 төгрөгөөр зарагддаг. Би хохирлоо барагдуулмаар байна... Уг гар утас алдагдах үед би дэлгүүрийн барааг хариуцан худалдаа эрхэлж байсан бөгөөд дэлгүүрийн эд зүйлийг хариуцаж байсан. Тэгээд гар утас хулгайд алдагдахаар нь би уг дэлгүүрийн эзэн Ат алдагдсан А40 маркийн гар утасны худалдаалагдаж байсан үнийг дүн буюу 450.000 төгрөгийг өгөөд уг утсыг олдвол би өөрөө авна гэж тохиролцсон юм. Тийм болохоор энэ алдагдсан А40 маркийн гар утас нь миний өмч юм. Мөн байна. Гэхдээ уг алдагдсан утас бол оригнал дэлгэцтэй дэлгэцэнд ямар нэгэн дүрсийн үлдэгдэлгүй байсан. Энэ утас болохоор зэрэг дэлгэцэнд нь дүрсийн үлдэгдэлтэй байна. Дэлгэцийн үлдэгдэл нь интернэтэд удаан хугацаагаар орох унагаах доргиох зэрэгт үүссэн байж болно. Эсхүл өөр утас юм уу дэлгэцийг нь сольсон байж магадгүй юм. Солонгос улсад ашиглаж байгаад. Монгол улсад орж ирсэн утас байсан юм. Надад уг алдагдсан утасны IMEI код нь байхгүй. Оригнал дэлгэцтэй байсан. Гэхдээ оригнал дэлгэцтэй байсан гэдгийг нотлох ямар нэгэн зүйл байхгүй. 450.000 төгрөгөөр худалдаалж байсан юм. Солонгос улсаас худалдаж авсан үнийн дүн дээр тээврийн зардлаа нэмээд дээр нь 30-40 мянган төгрөг нэмж зардаг юм. ямар нэгэн жишиг стандарт гэж байхгүй. Уг гар утсыг хүлээж аваад өөрт учирсан хохирлоо нөхөн төлөхийн тулд би утсыг зарах болно. Дэлгэцийн үлдэгдэлтэй болохоор 200.000 мянган төгрөгөөр худалдаалах болно. Би уг гар утасны анх худалдаалж байсан үнэ 450.000 төгрөгийг төлсөн тэгээд одоо би уг утсыг 200.000 төгрөгөөр зарахаар надад 250.000 төгрөгийн алдагдал учраад байна. гэмт буруутай этгээдээс 250.000 төгрөг нэхэмжилмээр байна гэжээ ” /хавтаст хэргийн 27-28, 31-32 дахь тал
Гэрч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би одоо Нарлаг дэлгүүрт 2020 оны 12 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Өмнө нь гэрт хүүхдээ хардаг байсан. Тийм би анх Солонгос улсаас ирэхэд нь тестэлж шалгаад цэвэрлээд зарахад бэлэн болгож байсан. Ц болохоор яг нарийн үзэж шалгаж авдаг хүн биш утас зардаг хэсэгт ажилладаг юм. дэлгэц болон бусад хэсгүүд нь хэвийн ажиллаж байна. Дэлгэц нь оргинал анх Солонгос улсаас орж ирсэн хэвээрээ байна. Нээх элэгдэл хорогдол гэх зүйл анзаарагдахгүй байна. Ямар нэгэн задаргаа засвар ороогүй байна гэжээ. /хавтаст хэргийн 39-40 дэх тал/
Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 1977 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. 1984 оноос хойш аав ээж ах дүү нарын хамтаар Дорнод аймгийн Чойбалсан хотод амьдардаг болсон бага насыг тэндээ өнгөрөөсөн юм. Манай аав геологич хүн байсан. 2000 онд Улаанбаатар хотод гэр бүлийн хамт нүүж ирж Улаанбаатар хотод амьдрах болж Улаанбаатар хотод зочин бууз гэх газарт туслах тогооч бэлтгэгчээр ажиллаж байгаад хувиараа цайны газар ажиллуулах болсон. Анхны нөхөр маань 2000 онд зам тээврийн ослоор нас барчихсан юм. бид хоёр нэг хүүхэдтэй байсан юм. Тэгээд хоёр дахь нөхөртэйгөө 2009 онд сууж нэг хүүтэй болсон боловч архи уугаад зодож нүдээд байхаар нь жил орчим хамт амьдарч байгаад салчихсан юм. Улаанбаатар хотод 2000 оноос 2014 он хүртэл цайны газар ажиллуулах, туслах тогооч бэлтгэгч зэрэг ажлуудыг хийж амьдарч байгаад 2014 онд одоо байгаа нөхөр Алтангэрэлтэй танилцаж хамт амьдрах болсон би нөхөр Алтангэрэлийг дагаж Өмнөговь аймагт ирж ажиллаж амьдрах болсон. Өмнөговь аймагт ирснээс хойш эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Нөхөр Алтангэрэл хот тохижилтын газарт ажилладаг сарын 500.000 төгрөгийн цалин авдаг тэр мөнгөөр нь амьдарлаа болгож амьдардаг юм. Би нийт 4 хүүхэдтэй хамгийн том хоёр хүүхэд маань надаас тусдаа байдаг ам бүлийн бүртгэлээс тусдаа хамгийн том охин маань нөхөр аваад Улаанбаатар хотод амьдардаг МУБИС-ийн оюутан. 2 дахь хүү маань Улаанбаатар хотод манай ээж дээр байдаг юм. Одоо 7 дугаар ангийн сурагч. Би одоо ам бүл 4 үүл гэж явдаг юм. сарын орлого нөхрийн цалин 2 хүүхдийн мөнгө цалинтай ээж гэсэн мөнгөнүүдээс бүрддэг. Би 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нарлаг гар утасны дэлгүүрт ороод худалдагч охиныг Самсунг А-40 маркийн гар утсыг заагаад аваад өг үзээдэхье гэхэд уг охин надад миний заасан гар утсыг авч өгсөн. Би дэлгүүрт дотор уг гар утсыг үзэж зогсож байгаад худалдагч нь өөр хүнтэй худалдаа хийгээд намайг анзаарахгүй байхаар нь уг үзэж байсан А-40 маркийн гар утсыг ямар нэгэн мөнгө төгрөг өгөлгүй нууцаар аваад гараад явсан юм. Би анх Дэлгүүрт орохдоо нэгж авах гэж орсон боловч нэгж байхгүй гэсэн тэгээд гар утас сонирхож байгаад намайг анзаарахгүй байхаар нь өмсөж явсан куртикний ханцуйнд хийж нуугаад аваад явчихсан юм. Анх дэлгүүрт орохдоо гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй байсан. тэгээд утас үзэж байгаад авмаар санагдаад шунал хөдлөөд уг утасны төлбөрийг өгөх мөнгө байхгүй болохоор нь хулгайлчихсан юм. Самсунг А-10 маркийн гар утас барьдаг байсан. одооч мөн барьж байгаа гэжээ. /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/27 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Samsung А-40 гар утас, 1 ширхэг, нийт дүн: 300.000 төгрөг.” /хавтаст хэргийн 44 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-23 дахь тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дэх тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 56 дахь тал/
Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 57 дахь хэсэг/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/
Банк түүний харилцагчийн мэдээлэл /хавтаст хэргийн 62-67 дахь тал/
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 75-78 дахь тал/
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч Д.О 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт орших Худалдааны төвийн Нарлаг гар утасны дэлгүүрээс Samsung А-40 маркийн гар утсыг үзэх нэрийдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Т.Цт 300.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгохоор тодорхойлсон байдаг.
Шүүгдэгч Д.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.Он нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.О 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах Худалдааны төвийн Нарлаг гар утасны дэлгүүрээс Samsung А-40 маркийн гар утсыг үзэх нэрийдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Т.Цт 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 31-32 дахь тал, гэрч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хавтаст хэргийн 39-40 дэх тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-23 дахь тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дэх тал/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/27 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Samsung A-40 гар утас 1 ширхэг, нийт дүн: 300.000 төгрөг.” /хавтаст хэргийн 44 дэх тал/ гэх үнэлгээний дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Цийн эд хөрөнгөд 300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/27 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Samsung A-40 гар утас нийт дүн: 300.000 төгрөг.” /хавтаст хэргийн 44 дэх тал/-ээр тогтоогдсон.
Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Д.О хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлттэй шууд санаатай үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Д.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч Т.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Уг гар утсыг хүлээж аваад өөрт учирсан хохирлоо нөхөн төлөхийн тулд би утсыг зарах болно. Дэлгэцийн үлдэгдэлтэй болохоор 200.000 мянган төгрөгөөр худалдаалах болно. Би уг гар утасны анх худалдаалж байсан үнэ 450.000 төгрөгийг төлсөн тэгээд одоо би уг утсыг 200.000 төгрөгөөр зарахаар надад 250.000 төгрөгийн алдагдал учраад байна. гэмт буруутай этгээдээс 250.000 төгрөг нэхэмжилмээр...” гэсэн бөгөөд хохирогч нь тус шүүхэд “Т.Ц миний бие Samsung А-40 маркийн гар утсаа хулгайд алдан авсан. Д.Оэс нэхэмжилсэн 250.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлээ хүчингүй болгох хүсэлтэй байна” гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
Шүүгдэгч Д.О гэм буруу болон эрүүгийн хариуцлагын тухайд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, тэнсэн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх агуулга бүхий дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүх шүүгдэгч Д.Ог үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Од 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй байхаар хуульчилсан.
Шүүгдэгч Д.О нь хохирогч Т.Цийн гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хулгайлан авсан атлаа 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1 сар гаруй хугацаанд ашиглан мөрдөн байцаалтын явцад хураалган хохирогчид хүлээлгэн өгсөн.
Хохирогч Т.Ц гар утасны дэлгэцийн элэгдэлд 250.000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй тул шүүгдэгчид тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О шүүхээс оногдуулсан 260 /хоёр зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.Од нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн Д Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Д.О хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Цд Samsung А-40 маркийн гар утсыг биет байдлаар буцаан олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ