Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/02078

 

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/02078

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Т.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Д-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Бнь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр О.Дтай барьцаат зээлийн гэрээ байгуулж 60.000.000 төгрөг зээлдүүлсэн ба зээлдэгч О.Дгийн эхнэр Л.Агийн өмчлөлийн Ү-2202019127 бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо 6 дугаар хороолол, Их тойруу,  6 дугаар байр, 35 тоот байрлах 98.3 м.кв орон сууцыг барьцаалсан. Уг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд гаргасан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01610 тоот шийдвэрээр зээлдэгч О.Дгаас 94.680.000 төгрөгийг гаргуулж зээлдүүлэгч О.Дд олгож шийдвэрлэсэн. Тухайн үед зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйн улмаас шүүхийн шийдвэрийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийнэ, барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хийх боломжгүй талаар шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Азбаяр хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 1 жил орчим хугацаанд хийгдэж байхад нэг ч төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй байна. Иймд зээлдэгч мөнгөө төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар дараах шаардлагыг гаргаж байна. 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох Л.Агийн өмчлөлийн Ү-2202019127 бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу, 6 дугаар байр, 35 тоотын  98.3 м.кв орон сууцаар хангуулж өгнө үү гэв.

            Хариуцагч О.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Д миний бие иргэн Т.Бгээс 60.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас маргаан үүсч, уг маргаан 2017 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн билээ. Нэгэнт шийдвэрлэгдсэн, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр байсаар байхад уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Бнь хариуцагч О.Дд холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Т.Бнь хариуцагч О.Дтай 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019127  дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй  дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 6 дугаар байрны 35 тоотын 98.3 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан, 60.000.000 төгрөгийг сарын 6.0 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар зээлдүүлжээ. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 6 сарын хугацаагаар сунгасан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Уг гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 94.680.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01610 дугаар шийдвэрээр хариуцагчаас 94.680.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба  дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.  Энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай. Хариуцагч О.Д нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй байх бөгөөд шүүх барьцааны гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны  гэрээний дагуу барьцаалсан, Л.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019127  дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй  дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу, 6 дугаар байрны 35 тоотын 98.3 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 458.000 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 387.800 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Д нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01610 тоот шийдвэрийн дагуу 94.680.000  төгрөгийг нэхэмжлэгч Т.Бд төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019127  дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй  дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу, 6 дугаар байрны 35 тоотын 98.3 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458.000 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 387.800 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ