Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 167/2022/0119/Э |
Дугаар | 2022/ШЦТ/126 |
Огноо | 2022-07-26 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/126
2022 07 26 2022/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагч Б.Ариунтөр,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 2219000000189 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Г.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг, Мааньзав гудамжны 422 тоотод хохирогч Д.Дэндэвтэй худгийн насос сольсон, солиогүй гэх зүйлээр шалтаглан маргалдаж, түүнийг төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн бугалга, зүүн шууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Хохирогч бид хоёр нэг ангийн хүүхдүүд. Энэ худгийн насосыг намайг ав гээд өгсөн байсан. Гэтэл худгийн насосыг авъя гээд хүн явуулсан байхаар нь өгөөд явуулсан. Тэгтэл өөр насос байна гээд ирээд маргалдаад заамдалцаж байтал намайг мөргөсөн. Тухайн үед уур хүрээд төмрөөр цохисон. Бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал байхгүй. Хэргийн хувьд маргахгүй. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Нэхэмжилсэн хохирлыг өгнө гэж бодож байгаа. Тухтай уулзаагүй байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Дэндэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 23-ны өглөө гэр хорооллын гэртээ ногоо тарихаар эхнэр Мөнхтуяагийн хамт очсон. Найз Бийн гэрээс машин угаадаг өөрийнхөө насосыг аваад ир гэж эхнэр Мөнхтуяаг явуулахад эхнэр удалгүй аваад ирсэн. Эхнэрт ажилладаггүй хуучин машин угаагч моторыг Б өгөөд явуулсан байсан. Би найз Бийн гэрт насосоо тэргэн дээр түрэн очиж энэ миний насос биш байна гэхэд өөр насос надад байхгүй гэхэд эхнэр Нарангуа нь 1 хүнд өгсөн тэр нь Зоригоод өгсөн, Зоригоогоос асуугаад өгье гэсэн. Харин Б надад насос байхгүй, энэ насосоо аваад яв гэсэн. Би энэ насосыг авахгүй хуучин насос байдаг гэсэн тэр чинь энэ биш үү гэхэд надад өөр насос байхгүй гэхээр нь би өөрийнхөө насосыг авъя гэхэд Б гэрийнхээ амбаарын зүүн талд сууж байснаа газраас төмөр аваад миний зүүн гар талын мөрний доод хэсэгт 1 удаа цохин, толгойгоороо миний нүүр рүү мөргөн, нүүрийг гараараа түлхэхээр нь би Бийн дух хэсэгт нь мөргөсөн. ...Тэгээд би Бээс зугтаад хашаанаас нь гараад явсан. ... Миний зүүн шуу, мөрний доод хэсэгт оёдол тавьсан, хэдэн оёдол тавьсныг мэдэхгүй. Надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 8 ху/,
-Гэрч Т.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б надад насос гаргаж өгсөн. Би Бт энэ манай насос биш байна, цэнхэр өнгийн үзэмжгүй насос байна гэхэд Б энэ танай худгийн насос гэж хариулаад цаашаа яваад өгсөн. Тухайн насосыг тэргэн дээр тавин очиход нөхөр тухайн насосыг хараад манай насос биш байна гэхээр нь би залгаж үзье, ажиллаж байвал газраа усаар чийглэе гэж залгаж үзэхэд ажиллахгүй болохоор нь Дэндэвт яах гэж айлд насосоо өгсөн юм, тэргийг нь хүргэж өгөхдөө насосынхоо солиог гаргаж ир гэж загнахад Дэндэв насосыг тэргэн дээр тавин Бийн гэр рүү явсан. 20-30 минутын дараа Бийн эхнэр ирж, Б, Дэндэв хоёр зодолдоод байна гэхээр нь би Бийн гэр рүү явах замд Дэндэвтэй таарсан ба зүүн гар хэсэг нь цус болсон байдалтай, шуу хэсгээрээ юманд зүсэгдсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02/0300 дугаартай дүгнэлтэнд:
1.Д.Дэндэвийн биед зүүн бугалга, зүүн шууны шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 14 ху/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5 ху/,
-Яаралтай тусламжийн хуудас /хх 15-16 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 33-50 ху/
-Г.Бт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурор тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 53-55 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг, Мааньзав гудамжны 422 тоотод хохирогч Д.Дэндэвтэй худгийн насос сольсон, солиогүй гэх зүйлээр шалтаглан маргалдаж, түүнийг төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн бугалга, зүүн шууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...худгийн насосыг авъя гээд хүн явуулсан байхаар нь өгөөд явуулсан. Тэгтэл өөр насос байна гээд ирээд маргалдаад заамдалцаж байтал намайг мөргөсөн. Тухайн үед уур хүрээд төмрөөр цохисон. ...Хэргийн хувьд маргахгүй.” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Дэндэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б гэрийнхээ амбаарын зүүн талд сууж байснаа газраас төмөр аваад миний зүүн гар талын мөрний доод хэсэгт 1 удаа цохин, толгойгоороо миний нүүр рүү мөргөн, нүүрийг гараараа түлхэхээр нь би Бийн дух хэсэгт нь мөргөсөн“ гэсэн мэдүүлэг, гэрч Т.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20-30 минутын дараа Бийн эхнэр ирж, Б, Дэндэв хоёр зодолдоод байна гэхээр нь би Бийн гэр рүү явах замд Дэндэвтэй таарсан ба зүүн гар хэсэг нь цус болсон байдалтай, шуу хэсгээрээ юманд зүсэгдсэн байсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн бугалга, зүүн шууны шарх гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 02/0300 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэргийн улмаас хохирогч Д.Дэндэвийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь “...эмчилгээний төлбөр авна” гэж мэдүүлж гэсэн байх боловч эмчилгээтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, гэвч шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Нэхэмжилсэн хохирлыг өгнө гэж бодож байгаа” гэж мэдүүлж хохирол төлөхөө илэрхийлсэн байна.
Хохирогчийн хувьд хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдогдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г. Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмрийг устгасугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА