| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0153/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/161 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-т холбогдох эрүүгийн 1825000000115 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Г.М
Шүүгдэгч Г.М нь 2018 оны 03 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Баруун задгай ** ***тоот гэртээ хамтран амьдрагч Б.С-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдож, Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.С-н ... “2018 оны 03 дугаар сарын 05-ны өглөө М-тай гэрээсээ гараад гадуур явж байгаад өдөр Сонорхайрхан төвөөс хүн дуудаад өг гэж хэлэхээр нь би Сонорхайрхан орж гар утас зардаг газар руу орчихоод уг хүн юм хийж байхаар нь дуудаагүй гарч ирээд тэр хүн чинь завгүй байна гээд хэлчихсэн юм. Тэгээд бид хоёр тэндээсээ шууд гэртээ харьсан. Гэртээ очоод миний дуудуулсан хүнийг гаргаж ирсэнгүй гэх шалтгаанаар хэрүүл хийж байгаад босож ирээд миний нүүрэн тус газар 2-3 удаа алгадаад, халуун тогооны залгуураар гар, хөл, гуя руу хэд хэдэн удаа цохиж аваад үснээс зулгаагаад толгой руу өшиглөж авсан. Тэгээд М гар утсаараа хэн нэгэн хүнтэй ярьж байхаар нь гэрээсээ гүйж гараад арынхаа дэлгүүрт орж аавтайгаа ярих гэсэн юм гэж хэлээд гар утас руу залгаад зогсож байхад араас М орж ирээд чирээд гэр рүү аваад орсон. Тэгээд яасан их цагдаа дууддаг юм гэж асуухаар нь би цагдаа дуудаагүй аав руу ярих гэсэн юм гэж хэлтэл М аавтайгаа ярьж яах гэж байгаа юм бэ, аав руугаа ярьдаг болчихсон юм уу? та нар намайг цагдаад барьж өгөх гэж байгаа юм уу гэж асуугаад байсан. Тэгээд би юм дуугараагүй байж байтал М намайг гаднаас цоожлоод гараад явсан. Удалгүй гаднаас орж ирээд дэлгүүрийн эгчийн утсыг шалгаад ирсэн бололтой “чи цагдаа дуудаагүй юм байна, аавруугаа залгасан юм уу?” гэж асуухаар нь би тийм гэсэн. Тэгээд гэрт байж байхад гаднаас хоёр цагдаа орж ирээд М ыг хорооллын цагдаагийн хэсэг дээр авч ирсэн. Урьд өмнө нь 2-3 удаа цохиж зодож байсан. М нь түргэн ууртай, болж өгвөл гар хүрэх гээд байдаг зантай. Хүний үгийг сонсохгүй, хүнд амархан итгэдэг, хааяа их архи уудаг. Би М-тай танилцаад намайг 2-3 удаа цохиж зодож байсан. Анх манай гэрт миний охин болон аавтай хамт амьдардаг байхдаа М нь ямар нэгэн шалтгаангүйгээр унтах гэж байхад хоолой боохоор нь би муухай дуугартал миний охин сэрж орилоод М гараад явсан. 2017 оны цагаан сараар манай аавтай золгох гээд манай багын найз болох О.О 2 хүүхэдтэйгээ ирсэн байсан. Манай аав, охин хоёр айл руу золгох гээд явсан байсан. Манай найз охин болох Баасанжаргал гэр рүүгээ харьдаг юм бил үү манай нөхөр машинтайгаа ирж авна гэж хэлэхээр нь би “машинтай нөхөртэй хүн сайхан юм аа” гээд санаандгүй хэлчихсэн юм. Тэгээд найз охиныгоо гаргаж өгчихөөд гэртээ орж иртэл М уурлаад чиний хүний сэтгэлд биш, эд хөрөнгө хардаг юм байна гэж уурлаад босч ирээд цохиж аваад өмднийхөө тэлээгээр хоёр гар руу хэд хэдэн удаа цохиж автал дүү О хажуу талаас боль гэж хэлсэн боловч үгэнд нь орохгүй, намайг цохиж байгаад больсон. Хажууд манай хуучин нөхрийн дүү болох О харж байсан. Урд өмнө нь нэг удаа цагдаа дуудаж 7 хоног баривчлуулж байсан. М уурлахаараа чи намайг цагдаа дуудаж өгөх гэж байна уу гээд дайраад байдаг юм. Болж өгвөл ямар ч шалтгаангүйгээр цохиж зодох гээд байдаг болсон. Сүүлийн үед чамайг би алчихана шүү би шоронд яваад засарна гэж бодож байна уу, үгүй би гарч ирээд чамайг зүгээр байлгахгүй гээд заналхийлээд байдаг. Манай аав, эгч хоёр мэдэж байгаа. Голдуу эрүүл үедээ цохиж зоддог юм. Хааяа архи уучихаараа түргэн ууртай ямар нэгэн шалтаг шалтгаан гаргаад гар хүрэх гээд байдаг юм. /хаалга үүдээ тайлж өгсөнгүй, над руу муухай харлаа гэх мэт/ М намайг жирэмсэн гэдгийг мэдэж байгаа. Одоо би жирэмсэн нэг сар гарантай байх, эмчийн хяналтанд ороогүй байгаа. Тестээр үзэхэд 2 зураас гарч байсан. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Эм тариа хэрэглээгүй. Бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй, хамтран амьдарч байгаа, би шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9-р хуудас/
2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 09-ний 231 дугаартай дүгнэлтийн “Б.С-н биед зүүн чихний ард, дээд уруулын дотор талд шарх, нүүр, эрүүний доод тал, зүүн чихний дэлбээ, зүүн бугалга, шуу, баруун шуу, цээж, нуруу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Уг гэмтлүүд нь тус бүрдээ ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтлүүд нь шинэ байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 11-12-р хуудас/
3. Гэрч Б.Т-н ... “С нь миний бага дүү юм. М нь С тэй танилцаад 2 жил болж байгаа. 2017 оны цагаан сараар М гэдэг залуугаа дагуулж ирээд аавтай минь хамт амьдарсан. Эхний хэдэн сар гайгүй байх шиг байсан. Би эхний үед С , М нарт хандаж та хоёр амьдарвал амьдар, хэн нэгнийгээ цохиж зодохгүйгээр хамт байж чадна гэвэл амьдар гэж хэлж байсан. Тэгээд манай дүү С нь гэрээсээ гараад явахаараа нүд нь хөхөрчихсөн яав юу болсон талаар нь асуухад С нь ерөөсөө хэлдэггүй байсан. Энд тэнд байж байгаад уначихсан аль эсвэл өөр хүн цохичихлоо гээд худлаа яриад байдаг байсан. Энэ жилийн хоёр сард М , С хоёр хашаа байшин түрээслэж хамт амьдарна гээд явсан боловч удалгүй нүүр ам нь хөх эрээн болоод хавдчихсан ирэхээр нь яагаад нүүр ам чинь хөхөрчихсөн юм бэ гэж асуусан чинь М намайг зодсон гэж хэлж байсан. Тэгээд цагдаад өргөдөл өгч байсан. С зан байдлын хувьд ааштай, гэр орны ажил сайн хийдэг ганц охинтой, хүнтэй эвтэй байдаг, М ын хувьд архи их уудаг, худлаа ярьдаг, ажил төрөл хийдэггүй, ах дүү нар гэж байдаггүй, ганцаараа байдаг, гадуур тэнэж явдаг хүн. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Миний мэдэж байгаагаар 3-4 удаа зодуулж байсан. Ер нь С ийн нүүр болон гар хөл нь хөхөрчихсөн байдалтай байдаг. 2018 оны 03 сарын 05-ны өдөр С нь гэртээ ирэхэд нүүрэндээ цохиулчихсан байдалтай ирсэн. С болон түүний нөхөр М нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг юм. Миний хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй учраас хир зэрэг хэрэглэдэгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. М бол нилээн их архи уудаг, манай дүү С хамт байхаараа бас архи уучихдаг юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/
4. Гэрч Ц.Б-н ... “2016 оноос хойш миний охин С нь М гэдэг залуутай танилцаад гэрт ирэн очин явдаг байсан. Хааяа охин С сурагггүй алга болчихоод ирэхээрээ хүнд зодуулчихсан байдалтай нүд ам нь хөхөрчихсөн гэртээ орж ирдэг юм. Яав юу болсон талаар асуухад М намайг зодсон гэж хэлдэг ба яг яаж зодож нүдсэн талаар нь асуухад юу ч хэлдэггүй юм. Миний охин хүний хажууд хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, дуугайдуу хүүхэд байгаа юм. Харин М ын хувьд худлаа ярьдаг, архи уудаг, тамхи татдаг, хүнээс мөнгө төгрөг худлаа хэлж авдаг. Өөрийнхөө эрхэнд байнга дарамталж байлгах санаатай хүн. Гадуур гарч явахаар миний таньж мэддэг хүмүүс танай охин чинь нүд ам нь хүнд зодуулчихсан бололтой явж байна гэж хэлдэг. Өөрөөс нь энэ талаар асуухад юу ч хэлдэггүй юм. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна гэрт байж байхад М манай охин С ийг өшиглөөд цохиж байгаа нь харагдсан. Тухайн үед юунаас болж цохиж зодсоныг сайн хэлж мэдэхгүй байна. Миний нүднээс далдуур С ийг хэд хэдэн удаа цохиж зодож байсан. Нүүр ам нь хөх эрээн болчихсон байдаг байсан. Охин С ээс асуухаар надад юу ч хэлдэггүй юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/
5. Гэрч О.О-ийн ... “Намайг 2017 оны цагаан сарын шинийн 03-ны өдөр С ийн аавтай золгох гээд гэрт нь очоод аав Банзрагчтай нь золгочихоод гэрт нь С тэй хууч хөөрөөд хэсэг байсан. Тэр үед С ийн найз нь гэрт ирээд гарахдаа манай нөхөр машинтай ирээд намайг авах гэж байна гээд хэлчихсэн чинь С тоглоод “машинтай нөхөртэй хүн сайхан юм аа ирээд авчихдаг” гэж хэлчихээд найзыгаа гаргаж өгчихөөд ороод иртэл М гэрт байж байгаад С рүү уурлаад “чи яасан машинтай хүнтэй явах юм уу” гээд хэрүүл хийгээд эхэлсэн. С би тоглоод тэгээд хэлчихсэн шүү дээ гээд тэр хоёр хоорондоо маргалдаж байхад М босч ирээд С ийг нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж аваад сүүлдээ өмднийхөө тэлээгээр гар хөл рүү нь хэд хэдэн удаа цохиж зодоод байхаар нь би дундуур нь ортол миний үгийг сонсохгүй, хохичино шүү, чамайг цохиод хаячихана шүү гээд орилоод байсан. Хааяа энд тэнд тааралдахаар С ийн нүд нь хөхөрчихсөн байдаг юм. С урд өмнө нь М намайг байнга хардаж зоддог. Тэгээд хамт явахгүй болохоор уурлаад байдаг юм. Гэртээ харих гэхээр хариулахгүй дагуулаад яваад байх юм гэж ярьж байсан. М С хоёр нийлэхээрээ архийг байнга хэрэглэдэг юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/
6.Шүүгдэгч Г.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Би урьд өмнө нь эхнэрээ 2-3 удаа цохиж зодож байсан. Яг цаг хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Би С ийг жирэмсэн гэдгийг сайн мэдээгүй. Урд өмнө нь С надад жирэмсэн гэж худлаа яриад байдаг байсан. 2017 оны 11 сард маргалдаад зодчихсон чинь цагдаад дуудлага өгөөд эрүүлжүүлэх байранд орж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 52-53-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Б.С миний бие гадуур явж байгаад энд тэнд М-тай таарахаар зодох гээд байдаг. Ер нь олон удаа зодож гэмтээж байсан. Намайг байнга муухай үгээр хэлдэг. Гудамжинд таарахаараа явуулахгүй хүчээр чирж авч явдаг байсан. Байнга зодож муухай үгээр хэлэг. Би маш их айж байна. М өөрийнхөө бурууг ойлгохыг хүсдэггүй. Миний хувьд нөхөн төлбөр нэхэмжлэх шаардлагагүй, тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гэхдээ маш их гомдолтой байна. Айдастай байгаа учир намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Г.М ыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Б.С-н мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 231 дугаартай дүгнэлт, гэрч Б.Тунгалагтуяа, Ц.Б , О.О нарыг мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М нь 2018 оны 03 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Баруун задгай ** ***тоотод гэртээ хамтран амьдрагч Б.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, урьд нь удаа дараа зодсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М ын үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй бөгөөд хохирогч гэм хорын нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овгийн Г-ийн М ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.М ыг 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС