Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Иргэдийн төлөөлөгч Д.Сундуйжав

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч П.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Сд холбогдох эрүүгийн 1825000000022 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Шүүгдэгч: П.Сг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 7-5 тоотод Ч.Бын хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 01 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн Шинэ тосгоны 7-5 тоотод П.Угийн гэрт П.С, П.Угийн хамтран амьдрагч Ч.Б нар архидан согтуурч байгаад П.С нь “миний дүү Уг хэвтэрт ортол зодсон”гэх мэтээр Ч.Бтай маргалдан улмаар хутга авч хэвлий тус газар нь хатгаж биед нь хэвлийн баруун хажууд хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн хүнд зэргийн гэмтэл учруулжээ. Дээрхи үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.Баттулгын......”2018 оны 01 сарын 01-ний өдөр Баянцагаан багийн Шинэ тосгоны 7-5 тоотод Угийн төрсөн эгч болох С, Оёхо нарын хамт 3-4 шил архи уусан юм. Архи уугаад эхлэж байхдаа бол эхлээд зүгээр юм яриад сууж байсан. Ямар нэгэн байдлаар хэн хэнтэйгээ маргаан хийгээгүй байсан. Би архи их уугаад согтсон байна лээ, Бодоод бодоод яаж гэрээс гарч гэр хороолол орсоноо хүртэл санахгүй байгаа юм. Би нэг мэдсэн чинь Их залуу багийн байрны замын баруун талын хороололд төрсөн ах Батсайханы гэрт оччихсон байсан. Хаагуур яаж явсанаа мэдэхгүй байгаа. Архиндаа согтоод тасарчихсан байна лээ. Тэгээд ахынд очсон хойно ах түргэн дуудаж тэгээд түргэний эмч ирж байх үед би сэргэсэн. Тэгэхэд миний гэдэсний баруун доод хэсэгт 1 удаагийн хатгагдсан шарх үүссэн гэдэс гарсан байсан. Тэгээд эмнэлэгт ирсэн. ... миний биеийн байдал зүгээр болсон хагалгаанд орсон, өвчин зовиур байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, гэрч П.Угийн .....”2018 оны 01 сарын 01-ний өдөр манай гэрт миний төрсөн эгч нар болох Оюунчимэг, С, миний охин Баяртуул, миний хамтран амьдрагч Баттулга гэж залуу бид нар байж байгаад шинэ жилийн баяр тэмдэглэж 1 шил архи хувааж уусан. Би энэ архинаас 3 шил архи уугаад согтсон байсан. Намайг согтуу байхад эгч С болон хамтран амьдрагч Баттулга нар маргалдаад байсан. Би хэсэг хугацаанд унтсан байсан. Унтаад босоод ирсэн ийм хэрэг болсон байсан. Яг яасныг сайн мэдэхгүй байна...Хэрэг болсон өдөр шөлтэй хоол хийж идсэн. Мах чанаж идээгүй...”гэх мэдүүлэг, гэрч П.Оюунчмэгийн өгсөн.....”Архи ууж байхад С Баттулга руу чи миний дүүг дандаа зоддог, чи Улаанбаатар хотод байхад чи миний дүүг зодоод хэвтэрт оруулсан байсан. Тэгээ биз дээ гээд С Баттулгатай хэрүүл маргаан хийх гээд байхаар нь Би Сд хандаж урьд нь болсон явдал битгий яриад бай гэсэн чинь С над руу хандаж та ч гэсэн дүү нараа хүмүүсээс өмөөрч мэдэхгүй гээд маргалдах шинжтэй байсан”гэх мэдүүлэг,гэрч У.Баяртуулын ...” Өчигдөр манай ээжийн гэрт ээж У, ээжийн эгч С, том эгч нь болох Оюунчимэг, ээжийн хамтран амьдрагч Баттулга нар 1-2 шил архи уусан. Тэгээд эхлээд Оюунчимэг С нар маргалдсан. Тэр хоёрыг ээж болон Баттулга нар салгасан. Тэгээд хэсэг сууж байснаа С Баттулга руу үг хаяж “чи манай дүүг хэвтэрт ортол нь зодож байсан биз дээ” гэж хэлээд маргалдаж байсан. Тэгээд С эгч “би чамайг ална шүү” гээд байсан...Тэгсэн чинь С эгч Баттулга ахыг “би чамайг одоо алчихъяа гээд босч очоод гал тогооны өрөөний шүүгээнээс хутга авсан юм. Баттулга болиулах гээд араас нь очоод зууралдаад авсан. Би “болиоч” гээд босож очсон. Тэгэхэд Баттулга ахын гэдэс рүү хатгачихсан байсан. Гэдэснээс нь цус гарч байсан. Тэгсэн чинь Баттулга цамцаараа шархаа дараад гараад явсан...”гэх мэдүүлэг, гэрч Ч.Мөнхзулын......”2018 оны 01 сарын 01-ний өдөр 17 цагийн орчим миний төрсөн эгч Тунгалаг над руу утсаар яриад Баттулга хүнд хутгалуулсан байна. Манай гэрт ирээд боолгож байна гэхээр нь яваад очсон чинь Баттулга ах архи уусан байдалтай түүний хэвлийн баруун доод хэсэгт шархтай байсан ба эгчээр шархаа боолгоод сууж байсан. ....У эгч өөрөө над руу ярьсан. Тэгэхээр нь Баттулга ах хүнд хутгалуулсан байна хаана хэнд хутгалуулчихваа гэсэн чинь У эгч манай эгчийн уур нь хүрээд хутгалчихсан юм. гэхдээ аминд нь хүрэх газар хутгалаагүй. Цагдаагаар битгий яваарай гэж хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлэг, гэрч Д.Тунгалагийн ......”2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байсан чинь миний үеэл Баттулга архи уусан байдалтай согтуу орж ирээд гэдэс хэвлий хавиараа цамцаар боосон байсан бөгөөд цамц нь цус болсон байсан. Тэгэхээр нь юун цус юм бэ гэсэн чинь хүнд хутгалуулчихлаа гэсэн. Хаана хэнд хутгалуулсан бэ гэсэн чинь хэнд хутгалуулсан талаараа юу ч хэлээгүй. Тэгэхээр нь шархыг нь сөхөөд үзсэн чинь Баттулгын хэвлийн баруун доод хэсэгт хутгалуулсан шарх байсан. Тэгээд би түүний төрсөн дүү болох Мөнхзул руу утсаар яриад дуудсан. Гэтэл орой нь хагалгаанд орох гэж байна гээд утсаар ярьсан.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 77 дугаартай “Ч.Баттулгын хэвлийн баруун хажууд хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ. Гэмтлийн улмаас хэвлийн хөндийг нээх, хэвлийн хөндийг шалгах , угаах, гуурс тавих хагалгаа хийжээ. Уг гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн хатгах, хатгагдах , зүсэх , зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна, гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны “2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1217 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн Ч.Баттулгын гэх цус нь АВО системээр О\I\ бүлгийн харъяалалтай байна. Шаргал өнгийн хуванцар оруулгатай 12 см иштэй 26 см урттай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Шаргал өнгийн хуванцар оруулгатай 12 см иштэй 26 см урттай хутган дээрх цус АВО системээр О\I\ бүлгийн харъяалалтай байна.” гэх дүгнэлт, хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд “...хутга нь шаргал өнгийн хуванцар бариултай...ажлын хэсгийн 2 талаар цус мэт зүйлээр бохирлогдсон...” гэж тэмдэглэсэн, гэрэл зургийн үзүүлэлт, хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хохирогчийн өвчний түүх, гэрч Мөнхзул, П.У нарын утсаар харилцсаныг тэмдэглэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч П.С зэвсэг хэрэглэн бусдын биед хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан байх тул түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзнэ. Шүүгдэгч мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...Намайг гал тогооны шүүгээнээс хутга аваад эргэх үед Баттулга миний ард зогсож байгаад хутгалуулчихсан юм. Би хутгалаагүй...” гэж мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт “...Мах чанасан байсан. Би мах идэх гээд намайг хутга аваад эргэхэд хатгуулсан. Би хутгална гэж хутгалаагүй. Буруугаа хүлээж байна” гэж мэдүүлсэн боловч хэргийн газрын үзлэгийн үед бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэд гэрийн ширээ, шүүгээн дээр чанасан мах байгаагүй болон гэрч П.Угийн өгсөн “...урьд өдөр нь бууз салат идсэн. Хэрэг болсон өдөр шөлтэй хоол хийж идсэн. Мах чанаж идээгүй...”гэх мэдүүлэг, гэрч П.Оюунчимэгийн “...бид нар бууз салат хийж идсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тухайн үед П.Угийн гэрт мах чанаагүй, чанасан мах байгаагүй гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нотолгоогүй байна. Харин П.С нь уусан архиндаа согтуурч П.Оюунчимэгтэй эхэлж маргалдан улмаар Баттулгатай маргалдаж байхдаа гал тогооны шүүгээнээс очиж хутга авч түүнийг хатгасан болох нь гэрч У.Баттуулын мэдүүлгээр нотлогдсон ба хэрэг болохоос өмнөх маргаан үүссэн үеийн нөхцөл байдлын талаар болон дараахь үеийн талаар гэрч П.У, П.Оюунчимэг, Ч.Мөнхзул, Д.Тунгалаг нар мэдүүлсэн байна. Шүүгдэгч П.С зэвсэг хэрэглэн бусдын биед хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан байх тул түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзнэ. П.Сгийн үйлдлийн улмаас хохирогч Баттулгын биед хүнд хохирол учирсан бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн, зориуд хор уршиг учруулсан байна. Хэргийн материалд шүүгдэгчийг хэрэг хүлээх чадвартай эсэх талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, сэтгэцийн шинжилгээ хийгээгүй байна. Иймд П.Сг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг арилсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулав. Хэргийн 83 дугаар хуудаст шүүгдэгч П.Сд тархины судасны өвчний үлдэц оношоор 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон акт, 2016 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн Эмгэг сэтгэл судлалын шинжилгээний дүгнэлт тус тус авагдсан байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй ба хохирол төлбөр нэхэмжлэхгүй, санал гомдолгүй гэсэн тайлбар шүүхэд гаргасан байна. Шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хөрөнгө битүүмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутга, хатаасан цус зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахаар заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Пийн Сг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Сд оногдуулсан 5 /таван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч П.Сг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хатаасан цус зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Д.АРИУНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД             Ц.АЛТАНГАДАС

                                                                      Ж.БАЙГАЛМАА