| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/01347/И |
| Дугаар | 102/ШШ2018/01799 |
| Огноо | 2018-05-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2018/01799
| 2018 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2018/01799
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: П.С,
Нэхэмжлэгч: Н.Ц нарын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт сэргээлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.С, Н.Ц, гэрч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 1998 онд гэрлэлтээ салгаснаас хойш хамтран амьдарч байсан. Цаашид хүүхдүүддээ асуудал гаргахгүйн тулд гэрлэлтээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1975 онд гэр бүл болж, 4 хүүхэд гарсан. Залуу насандаа 1998 оны 6 дугаар сард гэрлэлтээ цуцлуулж, 1 сар Сонгинохайрхан дүүрэгт тусдаа амьдарч байгаад эргэж ирсэн. Насаараа нөхөртэйгээ хамт амьдарчихаад цаашид хүүхдүүдэд асуудал болох учраас гэрлэлтээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.С, Н.Ц нар нь гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, гэрлэлтээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.14-д “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал”-г тогтоохоор заасан байна.
Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нар нь 1977 онд гэр бүл болж, Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 760 дугаартай шийдвэрээр П.С, Н.Ц нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэжээ.
Зохигч хоорондоо харилцан эвлэрч, 1998 оны 7 дугаар сараас эхлэн нэг гэрт хамтран амьдарсан болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч нарын тайлбар, иргэний үнэмлэх дээрх хаягийн бүртгэл, гэрч С.Мын “аав ээж хоёр байнга хамт амьдарч байсан. Гэрлэлтээ цуцалсан гэдгийг нь бид мэдээгүй. Одоо ч хамт амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд П.С, Н.Ц нар нь гэрлэлт цуцалснаас хойш өөр гэрлэлт бүртгүүлээгүй болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн Төв архивын лавлагаагаар нотлогдлоо.
Иймд П.С, Н.Ц нар нь эвлэрч, 1998 оноос хойш хамтран амьдарч, хэн аль нь эвлэрснээ хамтран илэрхийлж гэрлэлтийг сэргээхийг хүссэн тул нэхэмжлэлийг хангаж тэдний гэрлэлтийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг”-ийн тэмдэгтийн хураамж хураахаар заасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч П.С, Н.Цнарын гэрлэлтийг сэргээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ