Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0257

 

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0257

Улаанбаатар хот

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: ЮЛЭК

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, Я.Н.

Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Я.Н нарын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02***42 дугаар шийтгэлийн хуудсаар 1,600,378,875.41 төгрөгийн зөрчилд 354,545 50 төгрөгийн нөхөн татвар, 79,667,492.10 төгрөгийн торгууль, 42.583 000.20 төгрөгийн алданги, нийт 122,605,037.80 төгрөгийн төлбөр ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж, 37,537,009.14 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах тухай” гомдол бүхий зөрчил хянан шийдвэрлэх хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Г.О, хариуцагч Г.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ““ЮЭЭК” ХХК шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, Я.Н нар “ЮЭЭК ХХК-ийн 2014-2017 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02***42 дугаар шийтгэлийн хуудсаар 1,600.378.875 41 төгрөгийн зөрчилд 354,545 50 төгрөгийн нөхөн татвар, 79,667.492 10 төгрөгийн торгууль, 42,583,000.20 төгрөгийн алданги, нийт 122,605,037.80 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг хянан хэлэлцээд 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 95 дугаар тогтоолоор төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэхдээ 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу төлбөрийн тодорхой хэсгийг буюу нийт 17,183,512.52 төгрөгийг Өршөөлд хамруулан багасгахаар шийдвэрлэсэн. Гэвч Маргаан таслах зөвлөл нэхэмжлэгчийн гаргасан зарим үндэслэлд буруу дүгнэлт хийж Зөрчлийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байгаа дараах үндэслэлүүд байна. Маргаан таслах зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэгт Зөрчлийн тухай хууль нь ямар хуулийг зөрчихөд тооцох хариуцлагын талаар заасан ерөнхий хууль юм гомдол гаргагчид Татварын алба Зөрчлийн тухай хуульд нарийвчлан заасан Татварын хууль зөрчсөн тул /11 19 дүгээр заалт/ уг хуулиар хариуцлага тооцож шийтгэлийн хуудас үйлджээ Татвар төлөгчийн гомдож байгаа Зөрчлийн тухай хуулийн 1,4 дүгээр зүйл уг хуулиар зохицуулсан шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэдэгт тухайлбал торгуулийн арга хэмжээ авах, хөрөнгө орлогыг хураах. шилжүүлэх гэх мэт үйл явцыг хамааруулахаар байна.

Харин татварын байцаагчийн үйлдсэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж шийтгэлийн хуудас үйлдсэн нь шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэр биш юм.  Нөгөө талаас татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үйлдсэний дараа татварын алба уг шийдвэрийн дагуу төлүүлэхээр ногдуулсан төлбөрийг өрд тооцож, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 Татвар төлөгч энэ хуулийн 43 1-д заасны дагуу гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй гэж заасан нь тухайн шийдвэртэй холбоотой өр барагдуулах ажиллагаа хийгдэж эхэлснийг харуулж байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1 4 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг буцаан хэрэглэх зохицуулалтгүй байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэлээ” хэмээн тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, Я.Н нар "ЮЭЭК" ХХК-ийн 2014-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02***42 дугаар шийтгэлийн хуудсаар 1,600,378,875.41 төгрөгийн зөрчилд 354,545 50 төгрөгийн нөхөн татвар, 79,667,492.10 төгрөгийн торгууль, 42.583 000.20 төгрөгийн алданги, нийт 122,605,037.80 төгрөгийн төлбөр ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж 37,537,009.14 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Г.А, Я.Н нар Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй 51***18 регистртэй, “ЮЭЭК" ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд «Татварын хяналт шалгалт хийх томилолт», «Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж», 2018 оны 8 сарын 29-ний өдрийн томилолтын дагуу татварын иж бүрэн хяналт шалгалтыг татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримт зэрэг баримт материалд тулгуурлан Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн хэрэгжилтэд татварын хяналт шалгалт хийж, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2502***42 тоот шийтгэлийн хуудас үйлдсэн.

Шалгалтын үр дүнгээр нийт 1,600,378,875.41 төгрөгийн зөрчилд 354,545.50 төгрөгийн нөхөн татвар, 79,667,492.10 төгрөгийн торгууль, 42,583,000.20 төгрөгийн алданги, нийт 122,605,037.80 төгрөгийн төлбөр ногдуулсан. Дээрх зөрчлүүд нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл Татвар төлөгчийн үүрэг, 18.1.1. “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;” 43.5 “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”. 57.2. “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан хугацаанд татварын өрийг төлж чадахааргүй бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн татварын албаны даргын тушаалаар хугацааг нь 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.” 57.3. “Энэ хуулийн 57.1,57.2-т заасан журмаар татварын өр төлөх хугацааг тогтоох, сунгах нь татварын алданги үл тооцох үндэслэл болохгүй”, 2016 оны “үндсэн хөрөнгө” журналын бичилтээр 3,545,454.54 төгрөгийн орлого бүртгэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт байсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Үндсэн хөрөнгө бэлтгэхтэй холбоотой худалдан авалт” хэсэгт тухайн гүйлгээг хасагдахгүй гүйлгээгээр .бүртгээгүй байсан болно. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 95 тоот тогтоолоор 1,295,797,030.03 төгрөгийн зөрчилд оногдуулсан 68,561,505.34 төгрөгийн торгууль, 36,860,019.94 төгрөгийн алданги, нийт 105,421,525.28 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Зөрчил болон төлбөрийн дүнг задалбал 2014, 2015 оны зөрчилд ногдох Аж ахуй нэгжийн орлогын албан татварын зөрчлөөс 739,945.45 төгрөгийн төлбөр, Нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчлөөс 15,911,748.62 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуулийн үйлчлэх заалтад хамааруулан хассан шийдвэр гаргасан болно.

Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

             ҮНДЭСЛЭХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас шинэчлэн найруулагдсан Татварын ерөнхий хуулийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.

Уг хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дэх заалтын 2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг хүчингүй болгожээ.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “ЮЭЭК” ХХК-аас “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Я.Н нарын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02***42 дугаар шийтгэлийн хуудсаар 1,600,378,875.41 төгрөгийн зөрчилд 354,545 50 төгрөгийн нөхөн татвар, 79,667,492.10 төгрөгийн торгууль, 42.583 000.20 төгрөгийн алданги, нийт 122,605,037.80 төгрөгийн төлбөр ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж, 37,537,009.14 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах тухай” гомдол бүхий шаардлага гаргажээ.

Харин энэхүү гомдлын шаардлагын үндэслэлээ “...Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуулиар 11.19 дүгээр зүйлийн 2-г  зөрчилд тооцохоо больж, хариуцлагын хэмжээ нь өөрчлөгдсөн. Тэгэхээр Татварын ерөнхий хуулийг буцааж хэрэглэвэл нийт алданги нь бүхэлдээ байхгүй болж байгаа юм. Шүүхээс зөвхөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэе гэж байгаа юм...” тайлбарласан болно.

Шүүхээс гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлын үндэслэл, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ы тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтыг үнэлж, шаардлагын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч ...гагцхүү хуульд захирагдана” гэсэн нь шүүхийг хуулиас өөр ямар нэгэн эрх зүйн актад захирагдахгүй гэсэн санаа илэрхийлж байгаа бол энэ хуулийн Тавьдугаар зүйлийн 3-д “... бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй...” гэж заасныг шүүх гагцхүү Үндсэн хуульд нийцсэн, албан ёсоор нийтлэгдсэн хуулийг хэрэглэх эрхтэй гэж ойлгохоор байна.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”,11.4 “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”, 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэжээ.

Татварын ерөнхий хуульд шинэчлэн найруулагдсантай холбогдуулан хууль тогтоогчоос Татварын  ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлан гаргаж, уг хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ”-хээр зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл хууль тогтоогч Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх; үндсэн үүргийг тогтвортой мөрдүүлэхийн тулд Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу эрх бүхий этгээдээс шалган тогтоосон шийтгэлийг хэвээр үлдээх хүсэл зоригийг агуулсан гэж үзэхээр байна.

Үүнээс үзвэл Татварын ерөнхий хуульд гомдол гаргагчийн маргаж байгаа харилцааг буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс өмнө тогтоосон татварын зөрчилд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг дагаж мөрдөхөөр зохицуулсан зохицуулалт тусгаагүй байна.

3.Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” талаар Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар тогтоолын гуравт заасан дүгнэлтийг үндэслэлтэй[1] гэж үзэж байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаа зарчмыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т[2], Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-д заасныг баримтлан “ЮЭЭК” ХХК-аас “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Я.Н нарын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02***42 дугаар шийтгэлийн хуудсаар 1,600,378,875.41 төгрөгийн зөрчилд 354,545 50 төгрөгийн нөхөн татвар, 79,667,492.10 төгрөгийн торгууль, 42.583 000.20 төгрөгийн алданги, нийт 122,605,037.80 төгрөгийн төлбөр ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж, 37,537,009.14 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР