Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

 

 

 

 

   

                                 

      2022         07           29                                        2022/ШЦТ/127

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дэлгэрцэцэг,

         шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тт холбогдох эрүүгийн 2219000000197 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Т

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Мандах наран хорооллын 501-Б-26 тоотод байрлах өөрийн гэртээ төрсөн хүү Т.Ховор-Эрдэнийг хоол идээгүй гэх шалтгаанаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны цууралт, зүүн чих, баруун мөрний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хүүхдээ хоол идсэнгүй гэсэн шалтгаанаар халдсан нь үнэн. Би буруу зүйл хийсэн.Хүүхдээ эмнэлэгт үзүүлж боолт хийлгэсэн. Одоо эдгэрсэн байгаа. Хэргийн хувьд маргахгүй, ойлгож гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг,

           -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дэлгэрцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Болсон асуудлын хувьд байгаагүй учраас хэлэх зүйл алга. Хүүхэд маань одоо одоо хэвийн зүгээр болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудлаас хойш ойлгож, ямар нэг асуудал гараагүй гэв.

          -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дэлгэрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би 17 цаг 30 минутанд ажлаа тарчихаад гэртээ очтол манай бага хүү Ховор-Эрдэнэ нь унтаж байгаад дөнгөж сэрсэн бололтой өөрийнхөө зүүн мөрлүү баруун гараараа заагаад "аав намайг зодсон" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ховор-Эрдэний зүүн мөрийг нь харахад бага зэрэг бомбойгоод хөхөрчихсөн байсан. Тэгээд би уурандаа Тийг жижиг өрөөний орон дээр унтаж байхад нь уурандаа очоод бөгсрүү нь гараараа 1 удаа цохьсон чинь сэрэхээр нь "чи хүүхдээ зодоод ийм болгочихсон байна" гэж хэлтэл би тэгснээ мэдээгүй, би тийм сүртэй зодоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би том хүү Ананд, дунд хүү Амгалансар, бага хүү Ховор-Эрдэнэ нарыг дагуулаад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү очсон. ...Манай бага хүү ер нь хоолондоо жоохон муу, хажууд нь суугаад одоо ид барь гэж хэлж байж идүүлдэг юм, манай нөхөр Т согтуудаа уур нь хүрээд л хүүхэд ингээд зодчихсон байх гэсэн мэдүүлэг /хх 24-25, 63-64 ху/,

            -Насанд хүрээгүй гэрч Т.Амгалансарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Гэртээ дүү Ховор-Эрдэний хамт байж байхад манай аав архи уучихсан гэртээ ирсэн. Тэгэхэд манай дүү хоолоо идээгүй байхад нь аав өлсөхгүйн тулд ид гээд загнаад толгойных нь ард талаас алгадчихсан чинь Ховор-Эрдэнэ уйлчихсан. ...тэгээд Ховор-Эрдэнийг сандал дээр сууж байхад аав сандалыг нь татаад Ховор-Эрдэнэ зүүн гар талаараа уначихсан, тэгснээ хөлнөөс татаж босгох гэж байгаад ахиад зүүн талаар нь газар унагаачихсан. Тэгээд Ховор-Эрдэнэ босож чадахгүй байхад нь толгой, чих, хацарлуу нь алгадчихаад өөрийнхөө гар утсыг хайж явснаа унтлагын өрөөнд очоод унтчихсан. Тэгэхэд нь Ховор-Эрдэнэ газар уйлж байгаад өөрөө том өрөөний буйдан дээр очиж суугаад уйлаад байхаар нь би дүүдээ тоглоомон бамбарууш, дэр аваачиж өгсөн чинь уйлж байгаад унтчихсан гэсэн мэдүүлэг х 28 ху/,

           -Яллагдагч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...хөдөлмөр аюулгүй байдлын сургалтад хамрагдаж ажил дээрээ байж байгаад 12 цагийн орчимд тарсан. Манай ажлын газрын Баттулга 1 шил архи ууя гэхээр нь би зөвшөөрөөд дэлгүүрээс 0.5 литрийн архи аваад Баттулга бид 2 хүний машины ард сууж байгаад авсан архиа ууж дуусгаад дахиад дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад нөгөө хүний машины ард Баттулга бид 2 юм ярингаа ууж байгаад талд нь оруулчихаад би гэр лүүгээ явлаа гээд явсан юм. ...Намайг гэртээ ирэхэд манай 3-н хүү гурвуулаа гэртээ байж байсан ба хоол хийсэн байхаар нь бага хүүгийнхээ хоолыг идүүлэх гэж байхад хоолоо идэхгүй гээд байхаар нь бухимдаад сууж байгаад бага хүү Ховор-Эрдэний сууж байсан сандлыг нь өшиглөхөд бага хүү Ховор-Эрдэнэ маань шалан дээр хажуу талаараа унах шиг болсон. ...Би өөрийн буруутай үйлдэлд үнэхээр гэмшиж байна. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна гэсэн мэдүүлэг х 61-62 ху/,

          -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02/0299 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Т.Ховор-Эрдэнийн биед зүүн эгэм ясны цууралт, зүүн чих, баруун мөрний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна.

          5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт х 32-33 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас х 34-37 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45-р хуудас/

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 52-54, 61-62 ху/зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Мандах наран хорооллын 501-Б-26 тоот өөрийн гэртээ төрсөн хүү Т.Ховор-Эрдэнийг хоол идээгүй гэх шалтгаанаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны цууралт, зүүн чих, баруун мөрний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Тийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...Хүүхдээ хоол идсэнгүй гэсэн шалтгаанаар халдсан нь үнэн. Би буруу зүйл хийсэн” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дэлгэрцэцэгийн “... Ажлаа тарчихаад гэртээ очтол манай бага хүү Ховор-Эрдэнэ нь унтаж байгаад дөнгөж сэрсэн бололтой өөрийнхөө зүүн мөрлүү баруун гараараа заагаад аав намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ховор-Эрдэний зүүн мөрийг нь харахад бага зэрэг бомбойгоод хөхөрчихсөн байсан“ гэсэн мэдүүлгүүд, хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй гэрч Т.Амгалансарын “...Манай дүү хоолоо идээгүй байхад нь аав өлсөхгүйн тулд ид гээд загнаад толгойных нь ард талаас алгадчихсан чинь Ховор-Эрдэнэ уйлчихсан. Тэгэхэд нь хүзүүнээс нь жоохон дээр нь алгадчихсан, тэгэхэд Ховор-Эрдэнэ уйлж л байсан, тэгээд Ховор-Эрдэнийг сандал дээр сууж байхад аав сандалыг нь татаад Ховор-Эрдэнэ зүүн гар талаараа уначихсан тэгснээ хөлнөөс татаж босгох гэж байгаад ахиад зүүн талаар нь газар унагаачихсан, тэгээд Ховор-Эрдэнэ босож чадахгүй байхад нь толгой, чих, хацарлуу нь алгадчихаад өөрийнхөө гар утсыг хайж явснаа унтлагын өрөөнд очоод унтчихсан” гэсэн мэдүүлэг, бага насны хохирогч Т.Ховор-Эрэнийн биед зүүн эгэм ясны цууралт, зүүн чих, баруун мөрний зулгаралт гэмтэл учирсныг тогтоосон 02/0299 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан байна. Тухайлбал 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

           Шүүгдэгчийн өөрийн төрсөн хүү Т.Ховор-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзсэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ховор-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дэлгэрцэцэг нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож, хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА