Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/02179

 

2018 оны 07 сарын 04 өдөр                    Дугаар 102/ШШ2018/02179                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Г.О-ын  нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: С.П-д холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 14.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие unegvi.mn сайтаас “киа бонго” маркийн машин зарна гэсэн зарын дагуу 99099467 дугаартай утсаар холбогдож 2017 оны 10 дугаар сард машиныг очиж үзсэн. Уг машиныг Солонгосоос хүн захисан ч авах боломжгүй болоод хямдруулж 21.000.000 төгрөг зарж байгаа гэж хэлсэн. Тухайн үед С.ПСолонгост байсан учраас машиныг надад дүү нь үзүүлсэн. Машиныг 21.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр С.Пийн данс руу 14.000.000 төгрөг шилжүүлсэн. Намайг үлдэгдэл 7.000.000 төгрөг  хайж байхад миний авах гэсэн цэнхэр өнгийн “киа бонго”  маркийн машинд 0678 УБН улсын дугаар авчихсан Г.Агэх хүн ачлага хийж явсан. Би түүнээс яагаад миний худалдаж авах гэсэн машиныг уначихсан явж байгаа юм бэ гэж асуухад Г.А, С.Птой зээлийн гэрээ байгуулж худалдаж авсан гэж хэлсэн. Би яах учраа олохгүй өмгөөллийн байгууллагад хандсан. Өмгөөлөгч намайг С.Поос мөнгөө нэхэмжилж авах эрхтэй гэж хэлсэн. Тухайн үед намайг С.Птой уулзахад тэр Г.Атэй гэрээ байгуулж, миний машиныг өгч явуулсан гэж хэлсэн. Би С.Поос мөнгөө авмаар байна гэхэд манай өмгөөлөгч Б.Гтэй очиж уулз гэж хэлсэн. Б.Г өмгөөлөгч С.Пийн өмгөөлөгч мөртлөө чи намайг өмгөөлөгчөөр авах юм уу гэхэд би боломжгүй гээд өөр газраас өмгөөлөгч авсан. Хариуцагч С.Пруу шилжүүлсэн 14.000.000 төгрөгөө түүнээс нэхэмжилж байна гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О, С.Птой уулзаж машин авах талаар ярилцаж, гэрээ байгуулаагүй. Г.О тухайн үед машин зарж байсан хүнтэй харьцсан. Машины худалдагч машиныг 21.000.000 төгрөгөөр зарна гэсэн Г.О машин авахаар шийдсэн. Тухайн үед Г.АГ.Отай хамт байсан. Машины худалдагч машины эзэн С.Пгэдэг  хүн байдаг. Тэр хүнийг Солонгоос ирсний дараа машины үлдэгдэл төлбөр 7.000.000 төгрөг төлөөд гэрээ байгуулаарай гэж хэлсэн байсан. С.Пийг Солонгосоос ирсний дараа Г.О үлдэгдэл 7.000.000 төгрөгийг хэрхэн төлөх талаар тохиролцох ёстой байсан. Гэтэл энэ талаар Г.О, С.Птой тохиролцоогүй. С.Пхудалдагчаар дамжуулж Г.Отай амаар худалдах худалдан авах гэрээ байгуулж, талууд тохиролцсон. Г.О машины төлбөр 14.000.000 төгрөгийг худалдагч С.Пийн данс руу шилжүүлсэн. Г.Оыг С.Пид машины төлбөр төлсөн гэдгийг Г.Амэдсэн. Г.А, Г.Оаас зөвшөөрөл авалгүй худалдах, худалдан авах харилцаанд оролцсон. С.П14.000.000 төгрөгийн эх үүсвэрийг шалгахгүйгээр нөхөж худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд 14.000.000 авсан гэж заасан. Тухайн үед С.Пид Г.Аөөс Г.Оаас зөвшөөрөл авсан эсэхийг лавлаж, дансны хуулга авах ёстой байсан. С.Пмашин анх худалдаж авахаар үнийн санал гаргасан хүнтэй харьцах ёстой болохоос Г.Оыг дагаж явсан хүнийг худалдан авагч гэж андуурч болохгүй. С.Пнь Г.О, Г.А2-ын аль нь худалдагч юм бэ гэдгийг нарийн тогтоох ёстой байсан. С.Пхудалдах, худалдан авах гэрээг Г.Атэй байгуулсан. Г.Ат машины эзэмшил ашиглалтыг шилжүүлж өгсөн. Хариуцагч тал машин худалдаж авахад 3 залуу хамт явж байсан гэж тайлбарладаг. Үнэхээр л 3 залуу машин худалдаж авсан юм бол 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 2 хүний эрх ашиг хөндсөн эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байдаг нь ямар учиртай юм бэ. Хариуцагч тал Г.Оаас машины төлбөрт 14.000.000 төгрөг авсан. Худалдах, худалдан авах харилцаанд хамааралгүй Г.Амашины үлдэгдэл 7.000.000 төгрөгийг төлнө гэж зүтгээд С.Птой гэрээ байгуулсан. С.Пүлдэгдэл мөнгөө олж авахын тулд Г.Амашиныг ахынхаа нэр дээр шилжүүлж, барьцааны гэрээ байгуулж С.Пид машины төлбөрт 6.700.000 төгрөг төлсөн. Г.Амашины төлбөрт 6.700.000 төгрөг төлсөн. Г.Атөлбөр төлөхөөс өмнө Г.О руу утсаар машины үлдэгдэл төлбөр төлөхийг шаардаж байгаагүй. Г.О сүүлд Г.Ат залилуулсан гэдгээ мэдсэн. С.ПГ.Аийг Г.Оаар цохилдуулж гэрээ байгуулсан гэдгийг мэдэж байгаа. Хариуцагч тал Г.Оын шилжүүлсэн 14.000.000 төгрөгийг хэзээ шилжүүлсэн талаар зөрүүтэй тайлбар өгч байна. Хэрвээ С.П14.000.000 төгрөгийн эх үүсвэрийг сайтар нягталсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй байх байсан. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар 14.000.000 төгрөгийг С.Поос нэхэмжилж байна. Г.О цагдаагаар машины өмчлөл С.Пийн нэр дээр байгаа гэдгийг шалгуулж мэдсэн. Г.Ач Г.Отай сүүлд уулзахдаа машиныг С.Поос зээлээр худалдаж авсан. С.Пийн нэр дээр машины гэрчилгээ байгаа  гэдгийг хэлсэн. Г.О хууль зүйн туслалцаа авахаар эхлээд өмгөөлөгч Б.Гт хандсан. Б.Гөмгөөлөгч Г.Оад намайг өмгөөлөгчөөр авбал чиний 14.000.000 төгрөгийг гаргаж өгнө гэж хэлсэн байдаг. Б.Г2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зохигчдын эвлэрэл баталсан шүүгчийн захирамж гарахаас өмнө бүх зүйлийг мэдэж байсан. Тэр ч утгаараа маргаанд Г.Оыг санаатай оролцуулаагүй. Б.ГГ.Аийг сайн мэдэж байсан учраас бэлдэж гэрчээр асуулгасан. Г.АБ.Гийн захисанаар мэдүүлэг өгсөн. Г.Аийн мэдүүлснээр Г.О, Г.А2 хамтарч ажиллаж байсан юм бол энэ талаар баримт байх ёстой. Мөн Г.Аямар нэгэн үйлдэл хийхдээ хамтарч ажилласан Г.Аөөс зөвшөөрөл авах ёстой байсан. Тэр зөвшөөрөл байхгүй байна. С.Пхудалдах, худалдах авах гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэв

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанаар “киа бонго” маркийн авто машиныг зарахаар unegvi.mn сайтад байршуулсан байсан. Зарын дагуу машиныг Г.А, Г.О гэх 2 хүн очиж үзсэн байдаг. Эдгээр хүмүүс машиныг 21.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 14.000.000 төгрөгийг бэлнээр 7.000.000 төгрөгийг тодорхой хугацааны дараа хэсэгчилж төлөхөөр амаар авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. С.П2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г.Оаас машины төлбөрт 14.000.000 төгрөг шилжиж орсноор машины ашиглах эрх шилжүүлж өгсөн. Талууд сарын дараа машины үлдэгдэл төлбөр 7.000.000 төгрөг төлөхөөр тохирсон байсан ч мөнгөө төлөөгүй. Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 7.000.000 төгрөгтэй холбоотой маргаанд нэг талаас С.П, нөгөө талаас Г.Анар оролцож шүүхийн журмаар асуудлыг шийдсэн. Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа юм уу эсвэл С.Пийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм уу ямар үндэслэлээр С.Поос 14.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Г.О авто машины төлбөр 14.000.000 төгрөг шилжүүлсэн. Талууд сүүлд авто машин худалдах, худалдан авах зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Г.О, С.Пийн данс руу 14.000.000 төгрөг шилжүүлчхээд төлбөр нэхэмжилж байх шиг байна. Би нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг ойлгохгүй байна. Гэрээний дагуу худалдан авагч худалдагчид авто машины төлбөр шилжүүлсэн. Худалдагч өмчлөлийн зүйлийг худалдагчид шилжүүлсэн. Нэхэмжлэгч Г.О С.Пид мөнгөө шилжүүлснээс хойш хагас жилийн дараа энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Г.О, Г.Анар хамт ирж машин сонирхсон. Г.Аавто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, машиныг авч явсан. Машины өмчлөх эрх худалдан авч талд шилжсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,             

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч С.Пид холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 14.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь түүнээс үндэслэлгүй мөнгө хүлээн аваагүй гэж эс зөвшөөрч маргав.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Хариуцагч С.Пийн өмчлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад орж ирсэн 06-87 УБН улсын дугаартай, Киа Бонго 3 маркийн, бага оврын ачааны зориулалттай автомашиныг худалдах зарын дагуу нэхэмжлэгч Г.О, гэрч Г.Анар 2017 оны 10 дугаар сарын эхээр Баянбүрдийн урд байрлах зогсоол дээр очиж үзээд 21.000.000 төгрөгөөр худалдан авах саналаа илэрхийлж, хэд хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г.О нь автомашины урьдчилгаа төлбөрт 14.000.000 төгрөгийг хариуцагч С.Пийн данс рүү шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдлоо.

            Улмаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг С.П, Г.Аиунхөлөг нар байгуулж, 14.000.000 төгрөг нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлөгдсөн, үлдэгдэл 7.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлөх, төлбөр төлсний дараа тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэр шилжүүлэхээр тохиролцсон байна.

            Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр С.Пнь Г.Ат холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хариуцагчийн зөвшөөрөл баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 00465 тоот шүүгчийн захирамж гарчээ.

            Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөр шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

            Харин худалдах, худалдан авах гэрээг хариуцагч нь худалдан авагч талыг төлөөлж, Г.Атэй байгуулсан байна.

            Худалдан авагч тал нь Г.А, Г.О нар байна гэж шүүхээс үзлээ. Учир нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр автомашиныг хамт очиж үзсэн, хариуцагчийг төлөөлж үзүүлсэн дүүд нь бид авна шүү гэж мэдэгдсэн, гэрч Г.Аийн “бид ачигч машиныг худалдан авч, хамтран ажиллахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрийг Г.О төлсөн” гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч нь Г.Атэй хамтарч автомашин худалдан авахаар тохиролцсон гэж үзнэ.

            Худалдах, худалдан авах гэрээний дагуу тээврийн хэрэгсэл Г.Аийн эзэмшилд бодитоор шилжиж ирсэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзэхгүй. Мөн үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болоогүй тул хариуцагчийг нэхэмжлэгчийн шилжүүлсэн 14.000.000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

            Иймд хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 14.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

                                 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 14.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                         

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ