Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

 

 

 

 

 

   

                                 

      2022         07           29                                        2022/ШЦТ/129

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох эрүүгийн 2219002300190 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Э.Э

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд Викториа баарны гадна хохирогч Э.Даваадоржтой маргалдаж, биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөг, баруун хацрын шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед би хүн андуураад мөр рүү нь алгадсан. Тэгтэл Даваадорж араас гараад ирсэн. Тэгээд намайг цохисон. Тэгэхээр нь би Даваадоржийг унагаагаад 2 цохиод зугтаасан. Эмчилгээний мөнгөний хувьд бид хоёр тохиролцсон, бид одоо бараг найзууд болсон. Хэргийн хувьд маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрнө. Дахиж ийм зүйл хийхгүй, маш их ойлгосон гэсэн мэдүүлэг,

          -Хохирогч Э.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед Виктори клубт анагаахын ангийнхаа хүүхдүүдийн хамт хойд талын хэсэгт байсан ширээний сандал дээр сууж байхад, намайг намхан эрэгтэй хүн миний баруун талын шанаа хэсэгт нэг алгадсан. Яаж байгаа юм гэж хэлэн маргалдах үед хажууд байсан хүмүүс салгасан чинь тэр залуу баарнаас гараад явсан. Манай ангийн Буянтогтох гэх хүнтэй намайг андууран намайг алгадсан юм. Би тэр залуугийн араас баарнаас ганцаараа гарч чи намайг зүгээр байхад яаж байгаа юм гэж хэлээд, тухайн залуугийн гэдэс хэсэг рүү 1 жийж өшиглөх үед миний баруун талаас нэг залуу цохисон. Би нэг мэдсэн чинь газарт унасан байсан. Намайг газар унасны дараа тэр намхан залуу миний нүүр лүү цохиж, нуруу хэсэг рүү өшиглөсөн. Намайг газраас манай ангийн охидууд босгосон. Би Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр зам дагаад явж байхад цагдаагийн албан хаагч машинтай тааран яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэж өгч намайг үзүүлсэн. Би 0.5 литрийн, сэнгүүр пиво 1 ширхэгийг авч уусан. Надтай мууддаг залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,

            -Гэрч С.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Даваадоржийг Виктори клубын дотор талын баруун талын хэсэгт байрлуулсан ширээний ард сандал дээр сууж байх үед нь дунд зэргийн нуруутай, туранхай залуу ирж Даваадоржийн нүүрэн хэсэгт нь 1 удаа алгадахаар нь манай ангийнхан салгасан. Тэгээд тэр залуугаас яагаад зүгээр байгаа хүнийг алгадаж байгаа юм гэж асуухад, тэр залуу намайг “Виктори клуб "-ийн бүжгийн талбай дээр бүжиглэх гэхэд танай ангийхан надад зай өгсөнгүй гэх мэтээр үглэн баарнаас гараад явсан. ... Даваадорж өөрийг нь алгаддаг дунд зэргийн нуруутай, туранхай залуугийн араас баарнаас гарч баарны үүд хэсэгт тэр залууг зогсож байхад Даваадорж тэр залууд хандан “чи намайг яагаад зүгээр байхад алгадаж байгаа юм бэ” гэхэд, нөгөө залуу нь “би чамайг алгадсан юм уу” гэхэд, Даваадорж чи намайг зүгээр байхад алгадсан гэж хэлээд нөгөө залуугийн зүүн талын хацар хэсэгт нь баруун гараараа 1 удаа алгадсан чинь нөгөө залуу нь Даваадоржийг буцааж цээж хэсэгт нь өшиглөөд, нүүр хэсэгт цохин, газарт унагаад дээр нь гарч цохиж, хэд хэд өшиглөсөн. Би тэр залуугийн цамцны араас нь татан болилдоо гэж хэлээд татах үед тэр залуу Даваадоржийг толгойгоо 2 гараараа хамгаалан газарт хэвтэж байхад тэр залуу дээрээс нь өшиглөж, цохиж байсан гэсэн мэдүүлэг х 34 ху/,

          -Гэрч У.Буянтогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Намайг Виктори клубын бүжгийн талбайд бүжиглэж байх үед намайг 1 залуу биеэрээ шахаад байхаар нь тэр залууг цаашаа бужиглээчээ гэж хэлэхэд, миний өөдөөс бид нар ч гэсэн адилхан бүжиглэж байгаа биз дээ гэж хэлэхэд нь манай ангийн нэг охин миний араас цамцнаас татан намайг суу гэхээр нь Виктори клубын дотор талын баруун талын хананы наана нь байх ширээний ард талын сандал дээр очиж суусан. Ойролцоогоор 10 минутын дараа Виктори клубээс гарч, тус клубийн ард талд Очирпүрэвийн хамт тамхи татаж байхад хүмүүс хашгиралдаад байхаар нь Виктори клубын үүд хэсэг рүү очиход Даваадоржийн нүүр хэсэг нь цус болсон байдалтай байхаар юу болсон талаар асуухад манай ангийн Хонгорзул нь сая нэг залууд зодуулчихлаа гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг х 35 ху/,

          -Гэрч О.Үнэнхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Даваадорж гэх залуу нь Эыг өшиглөн, баруун талынх нь шанаа хэсэгт 1 удаа цохихоор нь би, Даваадоржийг ертөнцийн зүгээр урагшаа харж зогсож байх үед нь баруун хацар хэсэгт нь баруун талаас нь шулуун цохисон. Би Даваадоржийг хүчтэй цохиогүй. Намайг цохисоны дараа Э ах Даваадоржийг газарт ташин унагааж дээрээс нь цохисон гэсэн мэдүүлэг х 38 ху/,

          -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02/0247 дугаартай дүгнэлтэнд:

         1.Э.Даваадоржийн биед тархи доргилт, зүүн хөмсөг, баруун хацрын шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

          5. Учирсан гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх 17 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас /хх 18 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл   /хх 42-45, 48- ху/

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд Викториа баарны гадна хохирогч Э.Даваадоржтой маргалдаж, биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөг, баруун хацрын шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...Тухайн үед би хүн андуураад мөр рүү нь алгадсан. Тэгтэл Даваадорж араас гараад ирсэн. Тэгээд намайг цохисон. Тэгэхээр нь би Даваадоржийг унагаагаад 2 цохиод зугтаасан. Хэргийн хувьд маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн хохирогч Э.Даваадоржийн “Намайг намхан эрэгтэй хүн миний баруун талын шанаа хэсэгт нэг алгадсан. Яаж байгаа юм гэж хэлэн маргалдах үед хажууд байсан хүмүүс салгасан чинь тэр залуу баарнаас гараад явсан. Манай ангийн Буянтогтох гэх хүнтэй намайг андууран намайг алгадсан юм. Би тэр залуугийн араас баарнаас ганцаараа гарч чи намайг зүгээр байхад яаж байгаа юм гэж хэлээд, тухайн залуугийн гэдэс хэсэг рүү 1 жийж өшиглөх үед миний баруун талаас нэг залуу цохисон. Би нэг мэдсэн чинь газарт унасан байсан. Намайг газар унасны дараа тэр намхан залуу миний нүүр лүү цохиж, нуруу хэсэг рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг,            гэрч С.Хонгорзул, гэрч У.Буянтогтох, гэрч О.Үнэнхүү нарын өгсөн мэдүүлнүүд, хохирогчийн биед тархи доргилт, зүүн хөмсөг, баруун хацрын шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл учирсныг тогтоосон 02/0247 дугаартай шинжээчийн дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Э.Эын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

          Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Даваадоржийн биед тархи доргилт, зүүн хөмсөг, баруун хацрын шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь “...эмчилгээний зардал авна, эмнэлгийн байгууллагад дахин сайн үзүүлнэ” гэсэн байх боловч эмчилгээтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, гэвч шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Эмчилгээний мөнгөний хувьд бид хоёр тохиролцсон” гэж мэдүүлж хохирол төлөхөө илэрхийлсэн байна.

          Хохирогчийн хувьд хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

         Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, оногдуулсан ял албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА