Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 167/2022/0125/Э |
Дугаар | 2022/ШЦТ/130 |
Огноо | 2022-07-29 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.5.1., |
Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/130
2022 07 29 2022/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгч Ж.М, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М, Б.М нарт холбогдох эрүүгийн 2219001790192 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Б.М
Биеийн байцаалт: Ж.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.М, Ж.М нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 25-наас 27-ны хооронд Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар баг, Сайн ус гэх газарт хохирогч С.Гантөмөрийн эзэмшлийн 29 тооны бог мал иргэн Ж.Жавзангийн малд нийлсэн байхад нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, захиран зарцуулж, 4.620.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.М нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрүүл мэндийн 122 дугаар байрны гадна хохирогч Б.Эрдэнэбатын эзэмшлийн 03-34 ГСА улсын дугаартай Приүс-20 маркийн автомашины баруун хойд талын салхины шил, 2265 ДГА улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины баруун хойд талын салхины шилийг хагалж, эд зүйл хулгайлж 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 12 дугаар сард хөдөө яваад иргэн Гантөмөрийн 29 тооны бог малыг завшсан нь үнэн. 29 тооны бог малыг авахад М мэдэж байсан. Портер машинаар авч явсан. Энэ машин нь Мын машин байгаа юм. Гантөмөрт хохирлыг малаар өгсөн. 2022 оны 04 дүгээр сард 2 машины цонхыг хагалж, дотроос нь эд зүйл авсан нь үнэн. Машины цонхыг хагалахдаа архи уусан байсан. Хохирлыг төлж барагдуулсан. Би урьд нь эхнэр авч байгаагүй, олон хэрэгт холбогдож дахиж шүүхээр орохгүй гэж сайхан амьдарна гэж бодож байсан гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Ж.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргээ хүлээн зөвшөөрнө, маргах зүйлгүй. Ээж маань энэ машиныг авсан бөгөөд бичиг баримтгүй учир миний нэр дээр гэрчилгээг нь авсан. Энэ тээврийн хэрэгслийг хураахгүйгээр үнийг нь төлөх хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ө.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирж байрныхаа зүүн хойд буланд машинаа урагшаа харуулсан байдалтай байрлуулчихаад гэртээ орж амарсан. Тэгээд маргааш өглөө нь 08 цаг 30 минутын үед гэрээсээ гарч ирээд машиндаа суух гэтэл миний машины баруун урд талын хойд талын салхины шилийг дунд хэсэгт нь хагалчихсан байсан. ...Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд арын багаажинд байсан цүнхтэй дугуй хийлэгч, холбогч, чирэгч, ослын гурвалжин, галын хор, цахилгаан бороохойтой гар чийдэн зэргийг хийсэн цүнхийг хулгайлаад авчихсан байсан. Хохирлоо барагдуулчихвал санал хүсэлт байхгүй. ...Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Б.М гэх хүнээс өөрийн дансаар хохирлын мөнгө болох 285.000 төгрөгийг авсан гэсэн мэдүүлэг /1 хх 22, 25 ху/,
-Хохирогч Б.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 18-19 цагийн үед гадуур явж байгаад гэртээ орж амарсан. Тэгээд манай эхнэр маргааш өглөө нь 08 цагийн орчим гэрээсээ гарч ирээд машиндаа суух гэтэл машины цонх хагалчихсан байсан. Миний 0334 ГСА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины баруун хойд талын 2 салхины шилийг хагалсан байсан. Мөн манай хажуу айлын 2265 ДГА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины баруун хойд талын салхины шилийг хагалж дотроос нь эд зүйлс хулгайлсан байна гэсэн. Би 2020 онд Айраг сумын төмөр замд ажилладаг Насанжаргал гэдэг хүнээс 10 сая төгрөгөөр худалдаж аваад өмчлөлдөө шилжүүлж өөрийн нэр дээр одоог хүртэл шилжүүлээгүй байгаа юм. ...Би автомашины салхины шил хагалуулаад нөхөж хийлгэсэн хохирлын мөнгө болох 140.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулчихвал санал хүсэлт байхгүй гэсэн мэдүүлэг /1 хх 29-30 ху/,
-Хохирогч С.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би нөхөр Буяндэлгэрэхийн хамтаар Сайншанд сум руу явсан. Тэгэхэд манай хонь ямаанууд бүгд бүрэн бүтэн байсан. ...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ дээл оёод өнжсөн. Манай нөхөр адуугаа харахаар яваад Адъяа ахынд хоночихоод 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Цас орсноос хойш хонио усласангүй, өнөөдөр тэнгэр сайхан байна гээд услахаар манай нөхөр хонь руугаа яваад хониныхоо хагас байхгүй байгааг мэдээд Баяржаргал ахынхаас асуухаад байхгүй болохоор нь дэрсэн дундуур явсаар байгаад Жавзан гэх айлын хонь байхаар нь орж харсан. Манай хурга ишиг байгааг хараад нөхөр Буяндэлгэр нь харчихаад шууд цаашаагаа яваад Жавзан гэх айлд очиход Цогтбаяр, М, Жавзан гэх хүн гэрт байхаар нь хонио сурахад мэдэхгүй, үзэгдээгүй гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр шууд гэртээ ирээд надад намайг мал сурсан чинь хэлэхгүй байна, чи яв гэхээр нь би Жавзан гэх айлд очиход Цогтбаяр, М, М, Жавзан нар байсан. Харин Цогтбаяр нь согтчихсон байсан. Би Жавзан гуайнд байсан хүмүүсээс “цэнхэр будагтай хонь үзэгдэв үү, манай хонины хагас нь байдаггүй танай хонь хаана байгаа бэ хонь шүүж үзье” гэж хэлэхэд “зүүн хойно байгаа” гэж хэлэхээр нь би ганцаараа хонин дээр очиход манай өөрийн зүүн чих урдаасаа догол имтэй, буруу чих нь хулгар имтэй хурга 34, ишиг 5 хоёр чих зүрхэн ухам имтэй, нэг хуц байхыг нүдээр харчихаад буцаад Жавзан гуайнд очоод танай хонинд ишиг, хурга, хуц байна бусад том эм хонинууд нь алга байна гэж хэлсэн. ...2022 оны 01 дүгээр сарын 03-ны үед билүү 04-ний үед М, Жавзан гэх хөгшин 2 манайд ирээд манай малчин байсан залуу болох М нь танай малыг ачуулсан юм шиг байна, төлж өгье хэдэн мал дутаж байна гэж асуухаар нь би дутсан малынхаа тоо болох хонь 27, ямаа-2 дутсан гэж хэлсэн чинь малыг чинь нас хүйсээр нь ялгаж өгье гэж хэлсэн. Миний 29 тооны бага малыг М нь тоо ёсоор надад буцаан өгсөн тул одоо ямар нэг гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /1 хх 121-126 ху/,
-Гэрч О.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын сүүлээр юм би сар өдрийг сайн мэдэхгүй байна. Би хонио услах гэсэн чинь зүсээр 27 эм хонь, 2 ямаатай алдсан тухайн манай хонинууд янз бүрийн имтэй худалдаж авсан бэлгэнд ирсэн хонинууд сүүлэн дээрээ цэнхэр будагтай, ямаанууд нь эврэндээрээ цэнхэр будагтай. Жавзан гэх айлын маланд миний өөрийн 40 хурга ишиг байхыг би нүдээр харчихаад бүдүүн мал нь байхгүй байсан учир эхнэр Гантөмөрт очиж бүдүүн малууд алга байх шиг байна чи очоод ирээч гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 145 ху/,
-Гэрч Г.Жавзангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...манай охин М, Мөнхөөтэй хамт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14 ямаа авч явсан. Үүнээс 2 ямаа нь минийх, 12 ямаа нь Мын мал юм. Ямаа авч явдаг өдрөөс 4-5 хоногийн дараа манай охин М Мөнхөөгийн хамт цагаан өнгийн портер маркийн машинтай ирж ...14 ямаа болон 15 хонь амьдаар нь авч явсан. Мал ачиж явахад гарал үүслийн бичиг авсан үгүйг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /1 хх 138-140 ху/,
-Яллагдагч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Алтанширээ сумын 3 дугаар баг, Сайн-Ус гэх газарт өөрийн хониноосоо 2 чих цуулбар имтэй, зарим ямаа нь зүүн чих цуулбар, баруун чих араасаа ухам имтэй нийт 13 тооны ямааг хамтран амьдрагч Мын хамт Портер маркийн 64-45 ДГА улсын дугаартай, цагаан өнгийн автомашин дээр ачиж, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Дэнжийн 415 тоотод байх хашаандаа авчирч, 13 ямааг би алж, арьсийг нь хуулсан. М нь гэдсийг нь арилгаж янзлаад Хайрхан зах дээр аваачиж, ченжид өгсөн. Би мөнгө санхүүтэй ордоггүй учир хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. М нь өөрийн хотноос алж борлуулсан ямаануудын мөнгийг дансандаа авсан. Би 2022 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд суманд байх Эрчмийн байранд байдаг найз Санаагийн гэрт очиход Санаа гэртээ ганцаараа байсан юм. Би найз Санаагаас ганц юм аваад өгөөч гэж гуйхад Санаа гэрээсээ гараад надад 0.75 литрийн Хараа нэртээ архи 1 ширхэгийг авчирч өгсөн. Би тухайн архийг Санаагийн гэрт тал хүртэл нь ганцаараа уусан ба найз Санааг архи уухгуй гэхээр нь би Санаагийн гэрээс гараад ертөнцийн зүгээр урд зүгт явган Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Дэнжийн 415 тоот гэр лүүгээ алхаж байгаад Будкагийн байрны хойд талын овоолсон шороо нь дээр сууж байгаад үлдсэн архиа ууж дуусгасан. Би архиа ууж дуусгаад дахиж архи уумаар санагдаад мөнгөгүй байсан учир Будкагийн байрны хойд талын авто зогсоол дээр байсан машинууд дотор зарж болох эд зүйл байвал хулгайлж мөнгөтэй болъё гэж бодоод хамгийн хойд талын байрны зүүн хойд талд нилээн зайтай шороон дээр байруун тийш харуулан байрлуулсан саарал өнгийн приус-20 маркийн автомашины баруун тапын хойд хаалганы цонх, хойд талын жижиг гурвалжин цонхыг хагалсан ба уг машин дотроос хулгайлчихаар юм хайгаад олоогүй. Мөн байрны зүүн хойд буланд урд зүгт харуулан байрлуулсан саарал өнгийн приус-20 маркийн автомашины баруун талынх нь хойд талын хаалганы шилийг хагалаад хаалгыг нь онгойлгоод дотроос нь авахаар зүйл хайгаад урд хайрцгийг нь ухаж үзэхэд бичиг баримт гэх мэт зүйлс байсныг нь аваагүй, цааш нь багажинд авахаар зүйл байна уу үзэхэд цүнхтэй цүнхтэй зүйл байхаар нь аваад ертөнцийн зүгээр зүүн тийшээ байшингуудын хойгуур явган яваад хамгийн зүүн талын дутуу баригдсан, дээвэргүй улаан тоосгон байшин дотор орж машинаас авсан цүнхээ нээхэд дугуй хийлэгч байхаар нь аваад тэр байшин дотор цүнхийг нь үлдээгээд явсан ба зам дээр жийп буюу Хариер шиг машиныг зогсооход эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан ба эхнэр нөхөр 2 байх шиг байсан. Би тухайн 2 хүнээс дугуй хийлэгч авах уу гэж асуухад эрэгтэй нь хэдэд өгөх юм бэ гэхээр нь би таньд нэг шил архиар өгнө гэсэн чинь нөгөө эрэгтэй нь машиныхаа араас тап шил архи гаргаж өгөөд энэ болох уу гэхээр нь би болно гээд архийг нь аваад Дэнжийн дэлгүүрээс зүүн урагш байдаг Дэнжийн 415 тоот гэр лүүгээ харьсан. гэсэн мэдүүлэг /1 хх 33, 35, 99-100, 132-136, 235-236, 2 хх 26-27 ху/,
-Яллагдагч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч Б.Мын хамт 64-45 ДГА улсын дугаартай машинтайгаа ээж Ж.Жавзангийн хөдөө гэрт очиж өөрийн малаа авахаар явсан. ...Би ээж Ж.Жавзангийн гэрт үлдээд хамтран амьдрагч Б.М нь явган яваад хонь, ямааг тууж ирээд хашиж байсан ба хамтран амьдрагч Б.М нь намайг дуудаад ямаагаа машиндаа ачъя гэхээр нь би гэрээс гарч очоод малаа Б.Мын хамт хурааж хашаанд хашсан ба тухайн үед Б.М нь надад хандаж өөр имтэй айлын мал нийлсэн талаар надад хэлсэн юм. Тэгэхээр нь би малаа харахад айлын олон тооны мал нийлсэн байсан. Өөрийнхөө 13 ямааг аваад бид 2 Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Дэнжийн 415 тоот гэртээ ирээд 13 ямаагаа төхөөрч, янзлаад маргааш нь буюу 2021 оны 12 дугаарын сарын 26-ны өдөр өглөөгүүр Хайрхан зах дээр Шижир гэх ченж дээр өгсөн ба тэр өдрөө 18 цагийн үед Б.Мын хамт өөрийн 64-45 ДГА улсын дугаартай машинтайгаа ээж Жавзангийн гэрлүү явж манай малд нийлсэн малаас авч ирэхээр болоод ээж Ж.Жавзангийн гэрт ирээд Б.М нь манай малд нийлсэн хонь, ямааг машиндаа ачаад бид 2 Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Дэнжийн 415 тоот гэртээ ирээд авчирсан хонь ямаагаа янзлаад 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 64-45 ДГА машинтайгаа Б.Мын хамт Хайрхан захын ченжид өгөөд өөрийн дансаараа мөнгийг нь авсан гэсэн мэдүүлэг /1 хх 128-129, 142-143, 2 хх13-15, 30-31 ху/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-19, 111-117, 2 хх 4-8, 16 ху/,
-Шүүгдэгч Х.Мын Хаан банкин дахь 5361059322 дугаарын дансны хуулга /1 хх 175-176 ху/,
-Хохирлын үнэлгээ /1 хх 37-38, 43-44, 148 ху/,
-Porter маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ /1 хх 152-155 ху/,
-Эрүүгийн хэрэг үүмгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 91, 225, 2хх 20, 24 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /1хх 60-61, 2хх 16 ху/
-Шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх 64-76, 181-189, 191-205, 209-210 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.М, Ж.М нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 25-наас 27-ны хооронд Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар баг, Сайн ус гэх газарт хохирогч С.Гантөмөрийн эзэмшлийн 29 тооны бог малыг иргэн Ж.Жавзангийн малд нийлсэн байхад нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, захиран зарцуулж, 4.620.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Б.М нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрүүл мэндийн 122 дугаар байрны гадна хохирогч Ө.Эрдэнэцэцэгт эзэмшлийн 03-34 ГСА улсын дугаартай Приүс-20 маркийн автомашины баруун хойд талын салхины шилийг хагалж эд зүйл хулгайлж 285.000 төгрөгийн, хохирогч Б.Эрдэнэбатын эзэмшлийн 2265 ДГА улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины баруун хойд талын салхины шилийг хагалж 95.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн шүүгдэгч Б.Мын “2021 оны 12 дугаар сард хөдөө яваад иргэн Гантөмөрийн 29 тооны бог малыг завшсан нь үнэн. 29 тооны бог малыг авахад М мэдэж байсан. Портер машинаар авч явсан. Энэ машин нь Мын машин байгаа юм. Гантөмөрт хохирлыг малаар өгсөн. 2022 оны 04 дүгээр сард 2 машины цонхыг хагалж, дотроос нь эд зүйл авсан нь үнэн. Машины цонхыг хагалахдаа архи уусан байсан. Хохирлыг төлж барагдуулсан. Би урьд нь эхнэр авч байгаагүй, олон хэрэгт холбогдож дахиж шүүхээр орохгүй гэж сайхан амьдарна гэж бодож байсан” гэсэн, шүүгдэгч Ж.Мын “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргээ хүлээн зөвшөөрнө, маргах зүйлгүй” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ө.Эрдэнэцэцэгийн “2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирж байрныхаа зүүн хойд буланд машинаа урагшаа харуулсан байдалтай байрлуулчихаад гэртээ орж амарсан. Тэгээд маргааш өглөө нь 08 цаг 30 минутын үед гэрээсээ гарч ирээд машиндаа суух гэтэл миний машины баруун урд талын хойд талын салхины шилийг дунд хэсэгт нь хагалчихсан байсан. ...Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд арын багаажинд байсан цүнхтэй дугуй хийлэгч, холбогч, чирэгч, ослын гурвалжин, галын хор, цахилгаан бороохойтой гар чийдэн зэргийг хийсэн цүнхийг хулгайлаад авчихсан байсан” гэсэн /1 хх 22, 25 ху/, хохирогч Б.Эрдэнэбатын “2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 18-19 цагийн үед гадуур явж байгаад гэртээ орж амарсан. Тэгээд манай эхнэр маргааш өглөө нь 08 цагийн орчим гэрээсээ гарч ирээд машиндаа суух гэтэл машины цонх хагалчихсан байсан. Миний 0334 ГСА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины баруун хойд талын 2 салхины шилийг хагалсан байсан” гэсэн /1 хх 29-30 ху/, хохирогч С.Гантөмөрийн “...хонин дээр очиход манай өөрийн зүүн чих урдаасаа догол имтэй, буруу чих нь хулгар имтэй хурга 34, ишиг 5 хоёр чих зүрхэн ухам имтэй, нэг хуц байхыг нүдээр харчихаад буцаад Жавзан гуайнд очоод танай хонинд ишиг, хурга, хуц байна бусад том эм хонинууд нь алга байна гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны үед билүү 04-ний үед М, Жавзан гэх хөгшин 2 манайд ирээд манай малчин байсан залуу болох М нь танай малыг ачуулсан юм шиг байна, төлж өгье хэдэн мал дутаж байна гэж асуухаар нь би дутсан малынхаа тоо болох хонь 27, ямаа-2 дутсан гэж хэлсэн чинь малыг чинь нас хүйсээр нь ялгаж өгье гэж хэлсэн“ гэсэн /1 хх 121-126 ху/, мөн гэрч Г.Жавзангийн “...ямаа авч явдаг өдрөөс 4-5 хоногийн дараа манай охин М Мөнхөөгийн хамт цагаан өнгийн портер маркийн машинтай ирж 14 ямаа болон 15 хонь амьдаар нь авч явсан” гэсэн /1 хх 138-140 ху/ мэдүүлгүүд, мөн яллагдагч Б.Мын “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Алтанширээ сумын 3 дугаар баг, Сайн-Ус гэх газарт өөрийн хониноосоо 2 чих цуулбар имтэй, зарим ямаа нь зүүн чих цуулбар, баруун чих араасаа ухам имтэй нийт 13 тооны ямааг хамтран амьдрагч Мын хамт Портер маркийн 64-45 ДГА улсын дугаартай, цагаан өнгийн автомашин дээр ачиж, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Дэнжийн 415 тоотод байх хашаандаа авчирч, 13 ямааг би алж, арьсийг нь хуулсан. М нь гэдсийг нь арилгаж янзлаад Хайрхан зах дээр аваачиж, ченжид өгсөн” гэсэн, яллагдагч Ж.Мын “...Б.М нь надад хандаж өөр имтэй айлын мал нийлсэн талаар надад хэлсэн юм. 2021 оны 12 дугаарын сарын 26-ны ...18 цагийн үед хамтран амьдрагч Б.Мын хамт өөрийн 64-45 ДГА улсын дугаартай машинтайгаа ээж Жавзангийн гэрлүү явж манай малд нийлсэн малаас авч ирэхээр болоод ээж Ж.Жавзангийн гэрт ирээд Б.М нь манай малд нийлсэн хонь, ямааг машиндаа ачаад бид 2 Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Дэнжийн 415 тоот гэртээ ирээд авчирсан хонь ямаагаа янзлаад ...Хайрхан захын ченжид өгөөд өөрийн дансаараа мөнгийг нь авсан” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгө үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн хохирлын үнэлгээ, шүүгдэгч Х.Мын Хаан банкин дахь 5361059322 дугаарын дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М, Ж.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг, шүүгдэгч Б.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан байр буюу тээврийн хэрэгсэлд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлах гэмт зүйлийн үндсэн шинжийг тус тус агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.М, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэргийн улмаас хохирогч С.Гантөмөрт 4.620.000 төгрөгийн, хохирогч Ө.Эрдэнэцэцэгт 285.000 төгрөгийн, хохирогч Б.Эрдэнэбатад 95.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 25, 31 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан мэдүүлэг, тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Проркурорын шатанд яллагдагч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гаргаж, яллагдагч нарт оногдуулах ялын төрөл хэмжээний талаар санал гаргаж яллагдагч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялын санал гаргасан байсан бөгөөд шүүх хуралдааны дүгнэлт гаргах ажиллагааны явцад улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хорих ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжтой, хууль зөрчөөгүй гэж үзсэн болно.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагыг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил, 1 сар, 10 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М “...Портер маркийн тээврийн хэрэгслийг ээж Жавзан худалдан авсан боловч бичиг баримтгүй байсан учир миний нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг авсан. Иймд тээврийн хэрэгслийг хураахгүйгээр үнэлгээний дагуу үнийг нь улсын орлогод төлмөөр байна” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 64-45 ДГА улсын дугаартай, цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.200.000 төгрөгийг шүүгдэгч Б.М, Ж.М нараас тэнцүү хуваан гаргуулж, улсын орлого болгохыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт 64-45 ДГА улсын дугаартай, цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.М, Ж.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Баасанжавын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан байр буюу тээврийн хэрэгсэлд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагыг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногоор тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын эдлэх 1 жил, 1 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд 100.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 64-45 ДГА улсын дугаартай, цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.200.000 төгрөгийг шүүгдэгч Б.М, Ж.М нараас тэнцүү хуваан гаргуулж улсын орлого болгохыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Энэ хэрэгт 64-45 ДГА улсын дугаартай, цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА