Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Х.Г

Хохирогчийн өмгөөлөгч Д.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б

Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-д холбогдох эрүүгийн 1725000000098 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Л.Э

2.Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч  Л.Э-г 2017 оны 09 сарын 18 ны өдөр **** ОРО улсын дугаартай Хюндай Соната 5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг газраар явж байвал зам тавьж өгнө”, 9.2. “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчин Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Уртбулаг багийн дунд байрлах төв авто замын явган хүний гарц дээр явган зорчигч Х.Г ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Х.Г ийн ... “2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 08 цагийн үед 5-1-24 тоотоос гараад аймгийн захиргаан дээр хүнтэй уулзах зорилгоор яваад 5-1 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талын авто замын явган хүний гарцаар гарах үед суудлын авто машин явж байгаад мөргөж унагаасан. Уулзвар дээр олон машин цуваад зогссон байсан. Би цувж зогссон 2 машины дундуур гараад ирсэн чинь тэр машин хурдтай ирж толиороо мөргөөд хойд дугуй зуүн хөл дээгүүр гарсан. Би энэ хэрэг болох үед тээврийн хэрэгсэл ойртон ирж байна уу үгүй юу гэж хараагүй. Зогсож байсан 2 машины дундуур гарцаар гарч ирээд мөргүүлсэн. Би хурдан гарна гэж бодоод хурдан алхаж явсан. Би цаанаас ирэхдээ гүйж ирээд гарцаар гарахдаа түргэн түргэн алхаад гарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-13-р хуудас/

2.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг. /хх 2-6-р хуудас/

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 809 дугаартай дүгнэлтийн ...“Х.Г ийн биед зүүн шилбэний тахилзуур ясны гадна хавчаарын далд зөрөөтэй хугарал, шагайн үений мултрал, зүүн шилбэ, шагайн үенд зөөлөн эдийн гэмтэл , баруун шуу, тохойд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. 3үүн шилбэний тахилзуур ясны гадна хавчаарын далд зөрөөтэй хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. / хх-ийн 26-р хуудас /

4.Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №137 дугаартай дүгнэлтийн ... “13.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. 9.2. жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн. Уг осол нь 1364 орх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрхи заалтуудыг тус тус зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 31-32- р хуудас/

5. Шинжээчийн 2017 оны 10 дугаартай 11-ний өдрийн 147 дугаартай дүгнэлт /37-38-р хуудас/

6.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, техникийн байдлыг шалгасан тэмдэглэл / хх-ийн 76-79-р хуудас /

7.Эд зүйл, баримт бичиг, гомдол , мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол / хх-ийн 83-р хуудас /

            8. Гэрч Б.Э-н ... “Энэ хэрэг болсон өдрийн өглөө би хойд талаасаа урагшаа “Хүлэг” захын чиглэлд явах гээд 5 дугаар микрийн 1 дүгээр байрны зүүн талын 4 замын уулзвар дээр зогсож байсан. Би ногоон гэрэл хүлээгээд явган хүний гарц орчим зогсож байсан. Намайг зогсож байхад зүүн талд гэнэт шар хийх чимээ гарсан. Тэгэхээр нь зүүн тийшээ харсан чинь ертөнцийн зүгээр хойд зүгт сараал өнгийн Сонота-6 маркийн машин явган хүний гарц жаахан өнгөрөөд зогсож байсан” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 14-р хуудас/

              9. Гэрч М.Э-н ... “Э бид хоёр гэрлэн дохиотой уулзвар дөнгөж эргээд явж байсан чинь түс гээд явчихсан. Хажуу бөөрнөөс л түс гээд явчихсан. Хажуу талаас ирээд мөргөх шиг л болсон. Тэр хүн чинь өөрөө ирээд мөргөсөн шүү дээ” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 16-17-р хуудас/

          10. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт хавсарган ирүүлсэн дүрс бичлэг / хх 75-р хуудаст/, Л.Э ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүгдэгч Л.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Замаар явж байхад хүн харагдаагүй. Гэтэл хохирогч миний машины хажуу талаас ирж мөргөсөн. Гэм хорын хохиролд 1 сая гаруй төгрөг төлсөн” гэв.

Хохирогч Х.Г  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би гарцаар гарч явсан. Гэтэл машин ирж шүргээд хойд дугуй нь хөл дээгүүр гарсан. Үүнээс болж хөдөлмөрийн чадвараа алдаж, ажлаасаа чөлөөллөгдсөн. Осолд орсноос хойш 3 сар эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацааны цалингийн зөрүү 230 000 төгрөгөөр бодож нийт 690 000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдаж ажлаас чөлөөлөгдсөн учир 1 жилийн цалин нийт 3 600 000 төгрөг, дээр нь өмгөөллийн хөлс, замын зардал нэмэгдээд нийт 5 сая 500 мянган төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс соната маркийн автомашины өндөрийг хэмжсэн тухай гэрэл зураг, дуу бичлэгийн хуурцаг 1 ширхэг гаргаж өгснийг шинжлэн судалсан боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Хохирогч явган хүний гарцаар явж байсан. Л.Э нь зам тавьж өгөөгүй, зогсоох арга хэмжээ аваагүй осол гаргасан учир шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-г 900 000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Г дүгнэлтдээ “шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хохирол гэмтэл бүрэн тогтоогдсон. Хохирогчийн нэхэмжлэлийг хангаж, цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байх хугацааны цалин орлого, бусад зардлаа нэхэмжлэх эрхийг дурьдаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б дүгнэлтдээ “Хохирогч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэл байгаа. Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Эсрэг урсгалд зогсож байсан машинууд хоёр эгнээ үүсгэж харагдах орчинг хязгаарласан. Хохирогч зам хөндлөн гарахдаа гүйж явсан гэдэг. Л.Э нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг нь эргэлзээтэй. Иймд хэргийг сайтар нягталж зөв дүгнэлт гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Х.Г ийн мэдүүлэг, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 809 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №137 дугаартай дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, замын хяналтын камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Э нь 2017 оны 09 сарын 18-ний өглөө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, Уртбулаг багийн дунд байрлах төв авто зам дээр **** ОРО улсын дугаартай Хюндай Соната 5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Х.Г ийг машины хажуу хэсгээр шүргэж, хойд дугуйгаар хөл дээгүүр нь гарснаас зүүн шилбэний тахилзуур ясны гадна хавчаарын далд зөрөөтэй хугарал, шагайн үений мултрал, зүүн шилбэ, шагайн үенд зөөлөн эдийн гэмтэл, баруун шуу, тохойд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Л.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. 9.2. жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчснөөс хохирогчийн хөлийг дайрч гэмтэл учруулсан байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “зам тээврийн осолд тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан, хохирогч зам тээврийн осолд буруутай” гэж мэтгэлцэж байх боловч осол гарсан нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд хохирогч явган хүний гарцаар гарч явсан болох нь тогтоогдсон, явган зорчигч нь гарцаар давуу эрхтэй зорчих эрхтэй, жолооч явган хүний гарцаар гарч яваа зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй байна. Эсрэг урсгалд тээврийн хэрэгслүүд зогсож явган хүний гарцын зарим хэсгийн үзэгдэх орчин хязгаарлагдсан нь жолоочийг дээрхи үүргээс чөлөөлөхгүй, харин ч анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг шаардах бөгөөд явган зорчигчийн давуу эрхийг хязгаарлахгүй болно. Автомашины хажуу хэсгээр хохирогчийг шүргэж, хойд дугуйгаар хөл дээгүүр нь дайрсан байдал нь жолоочийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

            Орхон аймгийн Прокурорын газраас Л.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг зохих хэмжээгээр төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Хохирогч Х.Г  нь гэм хорын хохиролд ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин орлогын зөрүү, 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсаны цалин орлого, унааны зардал, өмгөөллийн хөлс нийт 5 500 000 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч Л.Э нь хохирогчийн эмчилгээний зардалд 1 сая орчим төгрөг төлсөн гэж мэдүүлснийг хохирогч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь эмчилгээний зардлаа нэхэмжлээгүй байна. Шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шинжлэн судлаад 2017 оны 10 сараас 12 сарыг хүртэл ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 690 000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж 1 жилийн хугацаагаар тогтоолгосон, үүний улмаас ажилгүй болсон цалин орлого 3 600 000 төгрөгийн нэхэмжлэлийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзлээ. Цаашид эмчилгээ хийлгэх, хөдөлмөрийн чадвар алдалт сэргэхгүй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдал бий болвол цалин орлого, эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг дурьдаж өгнө үү гэсэн хохирогчийн хүсэлт үндэслэлтэй байна. Мөн Хөвсгөл, Орхон аймгийн хооронд явсан зардал нь баримтаар тогтоогдохгүй боловч хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ. Нэхэмжлэлийн бусад шаарлага нь нотлогдохгүй, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцох үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.Энх-Эрдэнээс 4 290 000 /дөрвөн сая хоёр зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х Г-д олгохоор шийдвэрлэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг хуурцаг /СD/-ийг  хэрэгт хавсарган үлдээж, **** ОРО улсын дугаартай Хюндай Соната маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, №00383675 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:    

            1.Шүүгдэгч Б  овгийн Л-ийн Э-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.Э-4 290 000 /дөрвөн сая хоёр зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х Г -д олгосугай.

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, **** ОРО улсын дугаартай Хюндай Соната маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж,  №00383*** дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

            7. Шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Х.Г  нь Хөвсгөл, Орхон аймгуудад зорчсон унааны зардал, цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөр эрхлэх боломжгүй бол цалин орлогоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                  Ц.АЛТАНГАДАС