Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           07          29                                      2022/ШЦТ/131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагч Б.Ариунтөр,

шүүгдэгч Э.О, О.Н, Б.Б,

шүүгдэгч Э.О, О.Н нарын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О, О.Н, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2219000000096  дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Э.О, Б.Б, О.Н

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.О, О.Н, Б.Б нар нь бүлэглэн, 10-62 ДГН улсын дугаартай, Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар баг, Зүүн нүхэн гэх газраас хохирогч Г.Дэлгэрхишигийн 1 хонь, 7 ямаа буюу олон тооны малыг хулгайлж, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр баг, Цагаан эрэг гэх газраас хохирогч Г.Түмэннасангийн соёолон насны 2 үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 3.600.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дэлгэрхишигийн 7 ямаа, 1 хонийг хулгайлсан. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өргөн сумын наана замын хажууд байсан 2 үхрийг хулгайлж, нядалж ченжид өгсөн. Мөн 6 ямааг ченжид өгч 1.140.000 төгрөг авсан. Бид 3 хамт явсан. Хэргээ хүлээн зөвшөөрнө, маргахгүй. Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл юм. Гэхдээ зээл аваад банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж шилжүүлсэн байгаа. Би 2 үхэр худалдан авч Түмэннастын хохирлыг төлсөн. Дэлгэрхишигийн 7 ямаа, 1 хонийг бас төлсөн. Хохирогч нарыг эд хөрөнгөөр хохироож, хулгай хийсэндээ гэмшиж байна. Дахиж хэзээ ч ийм хэрэг хийхгүй, амлаж байна гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч О.Нн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 7 ямаа, 1 хонь, 2 үхэр хулгайлсан, бид 3 хамт явсан. Гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг төлсөн. Би барилга дээр ажиллаж цалин буугаагүй байсан болохоор хохирлыг Б төлсөн гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Э.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирлыг Б төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Г.Дэлгэрхишигийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын эхээр нөхрийн хамт хөдөө гэрээсээ Сайншанд сум руу явсан. Би гэртээ ирээд 01 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд бог малаа тоолж үзэхэд улаан толгой, хүзүүтэй, 1 тооны эр хонь, улаан алаг зүсмийн 6 тооны ямаа дутахаар нь хулгайд алдсан байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед мал дутахаар бэлчээрээр нь хайж яваад олоогүй. ...Хулгайд алдсан 1 хонь, 6 ямаа нь манай өөрийн эзэмшлийн мал байсан. Манайх 2021 оны жилийн эцсээр яг хэдэн бог мал тоолуулснаа хэлж мэдэхгүй байна. Ямар ч л байсан бод малтайгаа нийлсэн 1000 гаран мал тоолуулсан. ...Манай алдсан 1 хонь нь бүдүүн эр хонь байсан ба тухайн үед цагаан сараар ууцанд тавих хэмжээний нэлээн тарган хонь байсан учраас 250.000 төгрөгөөр, ямаагаа тус бүрд нь 200.000 төгрөгөөр үнэлж байна. .... Би малаа алдсан тул гомдолтой байна. Хулгай хийсэн хүнийг олж хохирлыг барагдуулж, хариуцлага тооцож өгнө үү.  ...Би өмнө мэдүүлэг өгөхдөө өөрийн малаа тоолоогүй байхдаа баримжаагаар тоо авч 1 хонь, 6 ямаа дутсан гэж мэдүүлэг өгсөн. Харин би хөдөө гэртээ очиж малаа тоолж үзэхэд 1 хонь, 7 ямаа, нийт 8 бог мал дутсан байна. ...Хэргийн яллагдагч нар миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /1 хх 24-25, 27, 133 ху/,

-Хохирогч Г.Түмэннастын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2022 оны 01 дүгээр сарын 19-нд манай хүргэн ах Батбаяр хонио усалж яваад шувуу цуглаж байсан газар луу очиж шалгахад хоёр тооны үхэр нядлаад гэдэс хээлийг нь гаргаад хаясан байсан. Тэгэхээр нь өөрсдийн малаа тоолж үзэхэд манай малаас 2 хээлтэй үхэр байхгүй байсан. ...Манайх үхэр нь хөмөргөндүү эвэртэй улаан хүрэн зүсмийн 5 настай хээлтэй үнээ байсан. Мөн хөмөргөндүү эвэртэй ухаа хул шардуу өнгөтэй зүсмийн 5 настай хээлтэй үнээ байсан. Уг хоёр үнээ нь буруу чих араасаа догол имтэй байсан гэсэн мэдүүлэг /1 хх 211-212 ху/,

-Гэрч Х.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Туяагийн хамт баруун тийш байдаг гэр хорооллоос танихгүй айлаас 1 ямааны гулуузыг кг-ийг нь 6.000 төгрөгөөр тооцож 23 гулуузыг 138.000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь нэг залууд бэлнээр өгсөн. Тэгээд би гулуузаа тухайн мөнгө өгсөн хүнээрээ хүргүүлж, зөөлгөж лангуу руугаа оруулсан. ...Тэд нар надад гарал үүсэл байгаа гэж хэлээгүй. Тухайн үед өөр ямаа байгаа талаар асуухад байхгүй, таны л тавиулсан ямаа байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 39 ху/,

-Гэрч Ю.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Ог танина. 2021 оны намар 11 дүгээр сарын орчимд миний цэнхэр өнгийн Хао Жи маркийн мотоциклыг өвөл идшинд даага өгнө гээд авч яваад он гартал өгөхгүй байхаар нь даагаа авъя гэхэд одоохондоо боломжгүй байна, танд тэгж байгаад хонь өгье гэж хэлээд өнгөрсөн. Намайг 2022 оны 01 дүгээр сард Замын-Үүд сум руу бүжгийн тэмцээнд явсан хойгуур сар, өдрийг нь мэдэхгүй байна, О манай эхнэрт 1 тооны хонь үлгээгээд явсан байсан. Би түүнийг Замын-Үүд сумаас ирээд мэдсэн. Намайг ирэхэд манай эхнэр 1 хонь эвдээд бэлдсэн байхаар нь юун хонь бэ гэхэд “Нөгөө дүү чинь ирээд мотоциклийн хонь авч ирж өгөөд явсан” гэж хэлэхээр нь хэлсэндээ хүрээд хонио аваад ирсэн юм байна гэж ойлгосон гэсэн мэдүүлэг /1 хх 34 ху/,

-Гэрч М.Чулуунтөгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Ог нь зүс танина. Түүний аав нь над дээр туслахаар ажилладаг байсан. Нөгөө хоёр хүнийг нь танихгүй. ...2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой гэртээ унтаж байхад О залгаад “Ямааны мах авах уу, үнэ хэдтэй байгаа бэ” гэхээр нь мах худалдаж авч байгаа, кг нь 5.000 төгрөгийн ханштай байгаа гэхэд мах өгье гэхээр нь скаланд дээр аваад ирээ гэхэд нэг залуугийн хамт 10-62 ДГН дугаартай тээврийн хэрэгсэлд 6 ямааны гулууз ачиж авч ирээд надад кг-ийг 5.000 төгрөгөөр бодож 1.143.000 төгрөгөөр зарсан. ...Гарал үүслийн бичиггүй авч ирэхээр нь авсан. Тухайн үед О өөрийн хөдөө гэрээсээ ирж байна, өөрийн малаас хийсэн гэхээр нь гарал үүсэл нэхээгүй, найдвартай юм байна гэж бодоод авсан гэсэн мэдүүлэг /1 хх 41, 233-234 ху/,

-Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнх-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Бэрс Финанс ББСБ-ын Дорноговь салбарын өмчлөлд байгаа 10-62 ДГН улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг унаж байх үедээ хэрэгт холбогдон банк бус санхүүгийн байгууллагад зээл төлөлт хийхгүй хугацаа хэтрүүлсэн учраас 10-62 ДГН улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн зогсоолдоо байршуулах, зээлдэгч Б.Бын зээлийг хаалгаж, банк бус санхүүгийн байгууллагыг хохиролгүй болгуулах үүднээс иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Үндсэн зээлээс 666.666 төгрөг, зээлийн хүү 556.763 төгрөгийн төлөлт хийсэн байсан. Зээлдэгч Б.Б нь нийт 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл зээл нь хүүтэйгээ нийлээд 5.785.583 төгрөгийг төлөх ёстой байснаас 1.223.429 төгрөгийг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар 3.333.332 төгрөг, хүү 301.851 төгрөг, нийт 3.635.184 төгрөгийг төлөх ёстой бөгөөд нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хэзээ төлж дуусах хүртэл эсвэл хэрэг нь шийдэгдэж дуусах хүртэл хүү бодогдоно гэсэн мэдүүлэг /1хх 131 ху/,

-Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Айргаас урагшаа гармаар гарч Сайншанд руу төмөр замаа дагаад шороогоор явж байтал хэдэн үхэр таарсан ба тэр орчимд нь хальт зогсоод, бүрэнхий болгож байгаад хэдэн үхэр тууж ирэх гээд О, Н 2 машинаас буугаад явсан. Тэгээд би тэр хоёрыг ирэхгүй удахаар нь араас нь очиход үхрийн эзэн нь ирсэн гээд, худлаа зам асуугаад явсан гэсээр машинд орж ирсэн. Тэгээд бид цааш явахад замын хажуу талд 2 гэртэй, урдуураа шургаа хашаа, төмөр хашаа хольж тойруулсан айлд очиход тэр айл хүнгүй байхаар нь хашаанд орсон байсан ба хаалгыг нь хааж 1 хонь, 7 ямаа барьж аваад голыг нь газар дээр тасалж өөрийн 10-62 ДГН дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж Сайншандад Огийн хашаанд авч ирж махалсан. ...бид нар 6 ямааны 1 сая төгрөгөө дансаар авч гурвуулаа тэнцүү 330.000 төгрөгөөр хуваан авсан. ...Тухайн үед эхнэрийн бие муу мөнгө хэрэг болоод байсан юм. Хэн гэдэг айлын мал гэдгийг нь мэдэхгүй. Хоёр тооны үхэр нэг нь “халтар үнээ”, “ухаа гунж” байсан. Би олсон мөнгөнөөс авах хувийг аваад үлдсэн мөнгийн О, Н нар өгсөн тэр хоёр яаж хувааж авсан гэсэн мэдүүлэг /1 хх  31-32, 116, 214, 217-218, 2-р хх 7-8 ху/,

         -Яллагдагч О.Нн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...шороон замаар Шанд чиглэлтэй явж байхад замд таарсан худгийн хажууд үхэр харагдахаар нь О бид 2 эзэнгүй мал байна гэж бодоод машинаас буугаад мал дээр очиход мотоциклтой хүн ирэхээр нь буцаад машин дээрээ ирж суугаад цааш явахад хорооныхоо хажууд 2 гэртэй, эзэнгүй байсан айлын малаас 1 хонь, 7 ямаа хашаанд нь хашиж байгаад барьж тухайн хороон дээр нь голыг нь тасалж, Мийгаагийн машинд хийгээд авч явж байгаад жалгатай газар таарахаар нь хөдөө 7 ямаа нядалж, гэдсийг гаргаж, толгой, шийртэй нь хөдөө орхиод гулуузыг нь авч яваад Шандад зарсан. ...Мал хулгай хийсэн орой 6 ямааны мах зарж ирээд надад 350.000 төгрөг өгсөн. Тэр хоёр надад мөнгийг бэлнээр өгсөн. Маргааш нь зарсан 1 тооны ямааны махны мөнгөөр Мийгаагийн машинд бензин хийж үлдсэн мөнгөөр нь архи авч уугаад дуусгасан. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байхад Б манай гэрт ирсэн. Манай гэрт манай найз О байсан. Тэгээд О, Б бид гурав манай гэрээс 22 цагийн үед гарсан. Сайншанд сумын дэнжийн дэлгүүр орж О 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад АПУ нэртэй дэлгүүр орж нэг хайрцаг LD нэртэй тамхи худалдаж авсан. Тэгээд бид 3 пиво уугаад сууж байхад Б энүүхэнд үхэр байгаа 3-лаа явчхаад ирэх үү гэж асуухаар нь за гэж хэлсэн. Тэгээд бид гурав Сайншанд сумаас урагшаа 30 гаран километр яваад бэлчээрт байсан үхэр сүрэг дотроос О хар зүсмийн үхэр бугуйлдаж аваад нугасалж алсан. Дахин О хүрэн зүсмийн үхэр бугуйлдаж аваад дахин нугасалж алсан. Тэгээд бид гурав нядалж дуусаад машиндаа үхрийн махыг ачаад Сайншанд сум руу явсан. Үхрийн хоёр толгой, нэг ширийг нь явж байгаад замдаа замын усны хоолойд хийж үлдээсэн. Тэгээд бид гурав Сайншанд сум орж ирээд Бын байсан хашаанд ирж байж байгаад өглөө 09 цагийн орчимд 51 дугаартай Авто засварын газрын хажуу талд махны ченжид зарж борлуулсан. Надад 350.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг /1 хх 33-34, 116, 229-230, 2 хх 17-18 ху/,

          -Яллагдагч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...мөнгөний хэрэг байдаг энэ айлын малаас хэдийг авъя гээд эхлээд айлд хүн байгаа эсэхийг шалгахад тухайн айл хүнгүй байхаар нь 1 хонь, 7 ямаа хашаанаас нь авч голийг нь тасалж Мийгаагийн машинд ачиж Сайншандад ирж манай хашаанд бүгдийг нь махалсан. ...1 сая төгрөгийг 330.000 төгрөгөөр тус тус хуваан авсан. Харин 1 ямааг тухайн үед Н бид 2 зарна гэж авч үлдээд маргааш нь Н авч яваад 138.000 төгрөгөөр зарсан байхаар нь бид гурав архи авч ууж идээд дуусгасан. ...2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой ДГА-т гэртээ байсан тэгсэн Б Өргөн сумаас ирж байна гээд миний 96909201 тоот дугаар луу 86120476 гэсэн дугаараас залгаад Нгийнд очоод байж байгаарай гэхээр нь би Нгийнд очсон Н эхнэрийн хамт гэртээ байсан. Удалгүй Б ирээд хэдэн үхэр харчхаад ирлээ гэж Нгийнд ганцаараа орж ирсэн. Тэр оройдоо 22 цаг өнгөрөөгөөд Б, Н бид гурав Бын Тоёота Приус-20 маркийн 10-62 ДГА улсын дугаартай цэнхэр өнгийн машинтай гараад Өргөн сум явдаг замаар ороод явж байсан тэгсэн Бын харсан гэх үхэрүүд замын баруун талд байхаар бид гурав машинаа замаас гаргаж холхон тавьчихаад явган явж үхрүүдээ тууж машин тавьсан газарт хөөж очоод хоёр тооны үхрийн барьж аваад нядалж машиндаа ачиж Сайншанд суманд 05 цагийн үед орж Бынд очиж хоноод өглөө эрт үхрийн махаа ченжид худалдсан. Мөнгөө гурав тэнцүү хувааж аваад салцгаасан гэсэн мэдүүлэг /1 хх 29, 125, 221-222, 2 хх 27-29 ху/,

-Хохирлын үнэлгээ /1 хх 5-7, 237-239 ху/,

-Тээврийн хэрэгслийн үнэлгээ, гэрчилгээ, гэрэл зураг /1 хх 12-15 ху/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 18-20 ху/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 200-207/,

 -Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /2-р хх 63-64 ху/,

-Б.Б, О.Н, Э.О нарыг эрүүгийн хэрэг үүсгэж,яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 99-111, 116-120, 125, 2 хх 1-3, 7-8, 11-13, 17-18, 21-23, 27-29 ху/

-Хохирол төлсөн баримт /1хх 95, 2хх 67 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 154-156, 2 хх 32-34 ху/,

-Шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх 158-168 ху/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.О, О.Н, Б.Б нар нь бүлэглэн, 10-62 ДГН улсын дугаартай, Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар баг, Зүүн нүхэн гэх газраас хохирогч Г.Дэлгэрхишигийн 1 хонь, 7 ямаа буюу олон тооны малыг хулгайлж 1.350.000 төгрөгийг хохирол учруулсан, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр баг, Цагаан эрэг гэх газраас хохирогч Г.Түмэннасангийн соёолон насны 2 үхэр буюу олон тооны малыг хулгайлж 3.600.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Бын “2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дэлгэрхишигийн 7 ямаа, 1 хонийг хулгайлсан. Бид 3 хамт явсан. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өргөн сумын наана замын хажууд байсан 2 үхрийг хулгайлж, нядалж ченжид өгсөн. Мөн 6 ямааг ченжид өгч, 1.140.000 төгрөг авсан. Хэргээ хүлээн зөвшөөрнө, маргахгүй” гэсэн, шүүгдэгч О.Нн “7 ямаа, 1 хонь, 2 үхэр хулгайлсан ба бид 3 хамт явсан. Гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо төлсөн. Би барилга дээр ажиллаж цалин буугаагүй болохоор хохирлыг Б төлсөн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Огийн “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Дэлгэрхишигийн “...гэртээ ирээд 1 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд бог малаа тоолж үзэхэд улаан толгой, хүзүүтэй, 1 тооны эр хонь, улаан алаг зүсмийн 6 тооны ямаа дутахаар нь хулгайд алдсан байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн, хохирогч Г.Түмэннастын “...2022 оны 01 дүгээр сарын 19-нд манай хүргэн ах Батбаяр хонио усалж яваад шувуу цуглаж байсан газар луу очиж шалгахад хоёр тооны үхэр нядлаад гэдэс хээлийг нь гаргаад хаясан байсан. Тэгэхээр нь өөрсдийн малаа тоолж үзэхэд манай малаас 2 хээлтэй үхэр байхгүй байсан” гэсэн мэдүүлгүүд, гэрч Х.Одончимэг,  Ю.Мөнх-Эрдэнэ, М.Чулуунтөгөлдөр нарын мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, тээврийн хэрэгслийн үнэлгээ, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуульд "олон тооны мал" гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно гэж заасан. 

              Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, бусдын олон тооны малыг  тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Н, Б.Б, Э.О нарын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

 Энэ хэргийн улмаас хохирогч Г.Дэлгэрхишигт 1.350.000 төгрөгийн, хохирогч Г.Түмэннастад 3.600.000 төгрөгийн хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь хохирогч  Г.Дэлгэрхишиг, хохирогч Г.Түмэннаст нарын тодорхойлолт, мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

        Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлж барагдуулсан болон гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж, улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүрийг 1 жил, 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

         Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота Приүс 20 маркийн 10-62 ДГН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Бэрс Финанс ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа болох нь 1-р хавтаст хэргийн 13, 131-р хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж, улсын орлого болгохыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

        Энэ хэрэгт 10-62 ДГН улсын дугаартай, Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.О, Б.Б, О.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б, Э.О, Б.Н нарыг тус бүрийг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.О, Б.Н нарт оногдуулсан тус бүрийн 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Э.О, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота Приүс 20 маркийн, 10-62 ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 /есөн сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Б, Э.О, Б.Н нараас тэнцүү хуваан /9.000.000 : 3 = 3.000.000/  гаргуулж, улсын орлого болгохыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Энэ хэрэгт Тоёота Приүс 20 маркийн 10-62 ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.БАЙГАЛМАА