Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/02176

 

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/02176

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, ... тоотод оршин байгаа Хотон овогт .Б..ийн Э. /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоотод оршин байгаа Б... овогт Л... А. /РД: .../-д холбогдох

 

53,250,000 төгрөг гаргуулах, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн 20,346,122 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Л.А, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Э би өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ...тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө байрыг Л.Ад 120,000,000 төгрөгөөр худалдахаар 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг Л.Атай байгуулсан. Бидний тохиролцсоноор Л.А нь байрны урьдчилгаа 60,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр бэлнээр төлж, үлдэгдэл 60,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд графикийн дагуу төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны нэрийг шилжүүлэхээр гэрээгээр тохиролцсон билээ. Гэтэл хариуцагч Л.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй буюу үлдэгдэл төлбөрөө төлөлгүй 3 жил гаран миний байрыг эзэмшиж амьдар ч байгаад худалдах-худалдах авах гэрээнээс татгалзаж, 69,000,000 төгрөгийг надаас нэхэмжилж шүүхэд өргөдөл гаргасан. Шүүхээс намайг хариуцагчаар татаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 102/ШШ2017/00164 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, Б.Э надаас 69,000,000 төгрөг гаргуулж Л.Ад олгохоор шийдвэрлэсэн.

 

Хариуцагч Л.А нь надтай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаар надад дараахь хохирол учраад байна. Л.А нь миний өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ...тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцанд 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 3 жил 9 сар буюу 45 сарын хугацаанд үнэ төлбөргүй оршин сууж байна. Хэрвээ би энэ байраа бусдад түрээслүүлсэн бол /1 сарын түрээсийн төлбөр 650,000х45 сар=29,250,000 төгрөг/ 29,250,000 төгрөг олох байсан. Мөн 2014 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ...тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууц 120,000,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд түүнээс хойш байрны ханш унаж орон сууц маань өдрөөдрийн байдлаар 1 м/кв нь 1,600,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд ханшийн зөрүүнд 1 м/кв-аас 400,000 төгрөгийн буюу 24,000,000 төгрөгийн хохирол надад учраад байна.

 

Иймд хариуцагч Л.Ааас гэрээнээс татгалзсаны хохиролд 53,250,000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нь одоо хүртэл миний орон сууцыг эзэмшиж, ашиглаад суллаж өгөхгүй байгаа тул Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ...тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцыг хариуцагч Л.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Аын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Л.А миний бие нь 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ...тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Б.Этай тохиролцож гэрээ байгуулсан. Урьдчилгаанд 60,000,000 төгрөг бэлнээр өгч, графикийн дагуу 9,000,000 төгрөгийг нэмж төлсөн. Ингээд 2016 оны дунд үеэс эхлэн Б.Эыг бидэнд банкны барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгч чадахгүй өөрөөр хэлбэл бид байр ч үгүй, мөнгө ч үгүй болох юм байна гэж мэдсэн. Бид Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандах гэж байгааг мэдээд тухайн үед Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрөө хандаж байсан. Шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа Б.Э надтай эвлэрье гэж гуйсныг би зөвшөөрөөд бидний зөвшөөрлийг шүүх баталгаажуулсан. Одоо шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Би Б.Эд өгсөн 69,000,000 төгрөгийг арилжааны банкинд хугацаатай байршуулбал жилийн 15.6 хувийн хүүтэй, 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 20,346,122 төгрөгийн орлого олох байсан тул энэ хохирлыг Б.Эаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Л.Ад холбогдуулан гэрээнээс татгалзсаны хохиролд 53,250,000 төгрөг гаргуулах, хариуцагчийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ...тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцыг хариуцагч Л.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Л.А нь нэхэмжлэгч Б.Эд холбогдуулан олох байсан орлогод 20,346,122 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Л.А нар нь 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ...тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Л.А нь гэрээ байгуулсан өдрөө орон сууцны үнийн 50 хувь буюу 60,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 60,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд графикийн дагуу төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны нэрийг шилжүүлэхээр тохиролцож, орон сууц худалдах-худалдах авах тухай гэрээ байгуулсан болох нь тухайн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Талууд гэрээ байгуулсанд болон урьдчилгаанд хариуцагч Л.А 60,000,000 төгрөг, графикийн дагуу 9,000,000 төгрөг, нийт 69,000,000 төгрөг төлсөнд, өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ...тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцыг Л.А эзэмшиж байгаа тал дээр маргаагүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээнд ... Капитал банкны зээлийн барьцаанд орон сууц байгаа. Худалдагч тал зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх үүрэг хүлээнэ. Төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд гэрчилгээг Л.Аын нэр дээр шилжүүлж өгнө. Гэрээг 2 тал цуцлахгүй гэжээ. Гэтэл хариуцагч Л.А нь гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 11 дүгээр сард ... Б.Э нь байрны гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхгүй байна, гэрээний урьдчилгаанд төлсөн 69,000,000 төгрөгийг Б.Эаас гаргуулж өгнө үү гэж гэрээнээсээ татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг тухайн иргэний хэргийн хариуцагч Б.Э зөвшөөрсөн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 102/ШШ2017/00164 дүгээр захирамжаар ... Л.Аын нэхэмжилсэн 69,000,000 төгрөгийг хариуцагч Б.Э 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа өөрөө гэрээнээс татгалзсан нь дээр дурдсан шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул гэрээнээс татгалзсанаас нэхэмжлэгч Б.Эд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Б.Э Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Л.А нь Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ...тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцыг 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд нийт 45 сарын хугацаанд төлбөргүйгээр эзэмшсэн, хэрэв энэ хугацаанд нэхэмжлэгч тухайн орон сууцыг бусдад түрээслүүлсэн бол 1 сард 650,000 төгрөгийн орлого, 45 сарын хугацаанд 29,250,000 төгрөгийн орлого олох байсан. Мөн тухай үед Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ...тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцны м/кв-ыг 2,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож байсан, одоо тухай орон сууцны 1 м/кв-ын үнэ 1,600,000 төгрөг буюу нэхэмжлэгчид 1 м/кв-аас 400,000 төгрөгийн, нийт 24,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхээр байна. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын Ди Энд Юу Аженси ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь маргааны зүйл болох Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ...тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь эрхийн улсын Ү-2205026146 дугаарт бүртгэлтэй, бүртгэлийн дагуу олгосон 000182096 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна. гэж хуульчилснаас үзэхэд маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.Э байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Л.Аын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч Б.Э шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч Л.Аын сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Л.А нь нэхэмжлэгч Б.Эд холбогдуулан ... байрны урьдчилгаанд Б.Эд өгсөн 69,000,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд арилжааны банкинд 15.6 хувийн хүү хадгалуулсан бол 20,346,122 төгрөг олох байсан гэж нэхэмжлэгч Б.Эаас олох ёстой байсан орлого нэхэмжилсэн байна.

 

Гэтэл зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч Л.А өөрөө зохих ёсоор биелүүлээгүй атлаа, гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээнээс татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх түүний нэхэмжлэлийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу төлбөр төлөгч Б.Эаас 69,000,000 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа болох нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор тогтоогдожээ. Иймд хариуцагч Л.А гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзсаны хохирол нэхэмжлэх эрхгүй гэж шүүх үзлээ.

 

Иймд хариуцагч Л.Ааас гэрээнээс татгалзсаны хохиролд 53,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож, мөн Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ...тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцыг хариуцагч Л.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлж, харин хариуцагч Л.Аын ... олох ёстой байсан орлого 20,346,122 төгрөгийг нэхэмжлэгч Б.Эаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Ааас гэрээнээс татгалзсаны хохиролд 53,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож, мөн Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ...тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцыг хариуцагч Л.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Л.Аын ... олох ёстой байсан орлого 20,346,122 төгрөгийг нэхэмжлэгч Б.Эаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,200 төгрөгийг, хариуцагч Л.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ааас 429,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР