Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/170

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С   

Улсын яллагч Б.Ж

Хохирогч Д.Н

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-д  холбогдох эрүүгийн 1825001950140 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Э.А

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.А нь 2018 оны 03 сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн *****тоотод Д.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Н-н ...“Би 2018 оны 03 сарын 05-ны өдөр Зэст багийн ***** тоотод дүү Э-д  очиж дүү нартайгаа уулзаад сууж байтал манай ээж надад дүү Э  чинь намайг хөөж туугаад байна гэж хэлсэн. Тэгсэн тэр үгнээс болж бид хэд хоорондоо маргалдаад байж байтал манай дүү Э гийн хүү болох А хүрч ирээд намайг хэд хэдэн удаа толгой руу цохиж хана мөргүүлсэн. Мөн  сууж байсан чинь араас нуруу руу өшиглөж миний нүүр нүд болон бусад биеийн хэсгүүдээр хөхөрсөн байгаа. Би энэ өдөр А-тэй маргалдаагүй ээжтэй нь маргалдаад байж байтал ээжийгээ өмөөрөөд намайг зодсон. Тухайн үед манай ээж, манай хоёр дүү бид дөрөв нэг шил вино хувааж уусан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

2. Гэрч Д.Э гийн ... “Э.А Н  эгчийг түлхэж холдуулсан. Тэгсэн Н  Э-н  шээс намайг зодлоо, гөлөг болгож цагдаад өгнө, танайхыг бузарлах болно гээд орилоод байсан. Миний хүү А тэсэхээ болиод уурлаад над руу авч шидсэн таягийг аваад Н  эгч рүү шидсэн. Н  эгч А-г муу хужаагийн шээс гээд дайраад байсан бөгөөд А хөдөлгөөнийг нь хориод хоёр гарнаас нь бариад авсан. Тэгсэн бүр дайраад байсан бөгөөд А-ий тэвчээр алдагдаад ганц нэг цохиод авсан байж магадгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/

 

3. Гэрч Г.Г-н... “Э гийн гэрт орсон чинь Н  А-г хятадын шээс гээд А рүү орилж эхэлсэн. Энэ үед Э  юу ч дуугарахгүй суугаад байсан. Тэгээд Н  чи муу хятадын шээс биз дээ гээд орилоод байсан чинь А ирээд Н гийн гуя хэсэг рүү нэг өшиглөж, эгэм хэсэг, шанаа хэсэг рүү цохиж авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/

 

4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Д.Н-н биед баруун нүдний урд булан, зүүн нүдний зовхи, дух хоёр гарын бугалга, нуруу, зүүн хөхний доод хэсэг, баруун гуянд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/

 

5. Шүүгдэгч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “2018 оны 03 сарын 05-ны өдөр манай гэрт манай эмээ, ээжийн эгч дүү нар ирсэн байсан. Тэгээд тэр хэд хөзөр тоглож вино ууж сууж байгаад хоорондоо маргалдаж байгаад манай ээжийг Н  эгч цохиж аваад намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бас намайг цохиод байсан тэгэхээр нь би сандал дээр суулгах гэтэл бас цохиж аваад байхаар нь би нэг удаа цохисон тэгээд удалгүй нөхөр нь гаднаас орж ирээд аваад явсан. Намайг тухайн үед Н  миний баруун талын мөр дал руу цохисон. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Би Н  эгчийг гараараа дух руу нь нэг удаа цохисон. Түүнээс биш олон удаа цохиж өшиглөсөн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 06-р хуудас/

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 200 000 төгрөг төлсөн” гэв.

 

Хохирогч Д.Н  мэдүүлэхдээ “А намайг зодож гэмтээчихээд уучлал гуйгаагүйд гомдолтой байна. Хэрэв уучлал гуйгаад чинь сэтгэлээсээ хандсан бол ийм асуудал болохгүй. Хохирлын баримтуудаа гаргаж өгсөн. 200 000 төгрөг авсан” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.А нь хохирогч Д.Н-н биед хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Н-н мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 238 дугаартай дүгнэлт, гэрч Г.Г-нмэдүүлэг, Э.А-ий мэдүүлэг зэргээр шүүгдэгч Э.А нь 2018 оны 03 сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн *****тоотод нагац эгч Д.Н тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.А-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч Э.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Н  нь гэм хорын хохирол баримтаар 797 250 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүх хохирлын баримтуудыг шинжлэн судлаад КТГ хийлгэсэн 150 000 төгрөг, тархины цахилгаан бичлэг хийлгэсэн 60 000 төгрөг, эм тариа худалдаж авсан 314 700 төгрөг, 75 450 төгрөг, 22 100 төгрөг, нийт 622 250 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзлээ. Хөвсгөл аймагт очиж бариа засал хийлгэсэн гэх 150 000 төгрөг, унааны зардал 25 000 төгрөг, нийт 175 000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нотлох баримтаар тогтоогдсон 622 250 төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн төлсөн гэх 200 000 төгрөгийг хасч 422 250 төгрөгийг шүүгдэгч Э.Ан-Эрдэнээс гаргуулж хохирогч Д.Н д олгох нь зүйтэй. Хохирогч Д.Н  нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байх тул нотлох баримтаа бүрдлүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн хөрөнгө орлого тогтоох ажиллагаа хийгдээгүй, хөрөнгө орлогын байдал тодорхойгүй байх тул шүүхээс хохирол төлөх хугацаа тогтоох, түүнийг хэсэгчлэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч хохирлыг сайн дураар нэн даруй төлөх үүрэгтэй. Сайн дураар төлөөгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсгийг үндэслэн мөн хуулийн 2 дугаар хэсэгт заасан журмын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хохирлыг албадан төлүүлэх ажиллагааг явуулна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Б овгийн Э-ны А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д  оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анх-Эрдэнээс 422 250  төгрөг гаргуулж, хохирогч Д Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 175 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Д.Н  нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

   7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС