Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/133

 

 

 

 

 

 

   

                                 

      2022         08           09                                        2022/ШЦТ/133

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгч Б.С, О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С, О.Б нарт холбогдох эрүүгийн 2219002110194 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.С

         Биеийн байцаалт: О.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.С, О.Б нар нь бүлэглэж 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, 126-20 тоотын гадна хохирогч Б.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, баруун тохой, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт, зүүн шууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч Б нь миний төрсөн дүү байгаа юм. Манай дүү Б ханийг маань дорд үздэг байсан. Хэдий төрсөн дүү ч гэсэн ханийг минь элдвээр хэлэхийг тэвчихгүй. Би тэсээд л яваад байсан. Сая л гар хүрчихлээ. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,

           -Шүүгдэгч О.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч Б нь манай нөхрийн төрсөн дүү байгаа юм. Бид хоёрын дунд таарамжгүй харилцаа байсан. Намайг загнаж доромжлоод олон жил болсон. Маргааны шалтгаан нь ганц ногоон цай биш. Миний ээж дүү нар болон хоёр том охиныг минь элдвээр хэлдэг байсан. Энэ байдлыг залруулах гэж очоод л тийм байдалд хүрчихлээ. Бгийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирогч нь мөнгөн хэлбэрээр хохирол нэхэмжлээгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,

          -Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2022 оны 05 дугаар сарын 21-ний өглөө бэр эгч рүүгээ надад өглөгтэй байсан 65.000 төгрөгөө хурдан хий, хүүхэд өвдөөд байна гээд чат бичсэн юм. Тэгтэл манай бэр гэрт ирээд чи намайг гуйлгачин гэдэг юу юм гэхээр нь би угаасаа үнэн ш дээ гэтэл намайг зодож эхэлсэн. Тэгтэл манай ах эхнэр нь намайг зодож байхад хараад зогсоод байхаар нь та ийм арчаагүй ш дээ ийм хүнтэй суучихаад төрсөн дүүгээ ингэж зодуулж байдаг, энэ хүүхэндээ толгойгоо мэдүүлсэн, наадахаа аваад яв, хүн амьтнаас ичиж байна гэхэд өөдөөс хэрэлдээд байсан. Мөн манай ах би чамайг алж хаячихаад шороонд булчихна, чи төрсөн ахгүй гэж бодож амьдраарай гээд хэл амаар доромжлоод байсан. Б намайг 2 давхарын буланд шахаж байгаад баруун хөлөөрөө миний 2 хөл рүү зөндөө их өшиглөж, баруун зүүн гараа зангидаж байгаад миний зүүн гарын бүдүүн булчинд цохиж, зүүн гарын булчингаас шуу хүртэл маажсан. Тэр үед би 2 настай хүүхдээ баруун гартаа тэвэрсэн байсан болохоор зүүн хөлөөрөө өөдөөс нь өшиглөсөн чинь хажуугаас манай ах С баруун гараа зангидаж байгаад миний толгойн зүүн тал руу цохиж байгаад зүүн гарын булчин руу 2-3 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 4, 7-9 ху/,

            -Насанд хүрээгүй гэрч Б.Элбэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ээж дүү бид 3 гэртээ орох гэсэн чинь гэрийн гадаа Обамбаа /С/ ах, Дуугий аниа /Б/ нар ээжтэй уулзах гэж байсан. Ээж яах гээд байгаа юм, та нартай уулзах юм байхгүй гэсэн чинь гэрт чинь орж байгаад ярилцая гэсэн ээж оруулахгүй гэсэн. Тэгтэл ээжийг Обамбаа ах, Дуугий аниа нар ээжийг орцны буланд шахаад Дуугий аниа эхэлж ээжийн хөлний гуя хэсэгт 2-3 удаа өшиглөж, Обамбаа ах ээжийн зүүн гарт 2 удаа цохисон. Тэгснээ Обамбаа ах өнөөдрөөс эхлээд ах гэж битгий бодоорой, хутга шаагаад ална гэж хэлсэн гэсэн мэдүүлэг х 13-14 ху/,

           -Яллагдагч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бгийн хүүхдийн хаягаас ээжийг таныг мөнгөө өг гэж байна гэсэн чат ирсэн. Тэгэхээр нь би ах руугаа ярь гэж чат бичсэн чинь Бгийн хүүхэд дахин одоо хий, бүтэн жил болсон гэж чат бичсэн. Тэгэхээр нь би яагаад над руу хэлээд байгаа юм, ах руу хэл гэсэн. Би тэгэхээр нь Сын утас руу залгаад Бгаас авсан цайныхаа мөнгийг өгөөгүй юм уу, над руу чат бичээд байна гэсэн чинь мөнгийг нь одоо хийлээ, Бтай очиж учраа олъё гэж хэлсэн. Тэгээд Бгийн гэрт очиход байхгүй болохоор нь хүлээсэн. Удалгүй Б гэр рүүгээ орж байхаар нь бид 2 араас нь дагаад орох гэсэн чинь Б яах гэж явж байгаа билээ гэхээр нь бид 2 учраа олъё гэж хэлсэн. Тэгсэн чинь Б та нар шиг хэрүүлийн бузруудтай харьцахгүй, гэртээ оруулахгүй гэж хэлсэн. Манай нөхөр С мөнгийг чинь хийсэн гэхэд хэзээ хийсэн юм гэж хэлсэн. Б бид хоёрыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, манай гэр бүл дүүг минь гуйлгачин гэж доромжилсон чинь манай нөхөр С баруун гараараа Бгийн зүүн гарын булчин хэсэгт 1 удаа гараа зангидаж байгаад цохисон чинь Б ах руугаа салаавч гаргаснаа баруун гараараа цохисон чинь С Б хоёр хоорондоо 1-2 удаа гараа зангидаж байгаад бие биенийхээ баруун зүүн гар руу цохилцоод өшиглөөд байхаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь Б миний баруун зүүн гар руу гараа зангидаж байгаад 1-2 удаа цохиж миний давсаг орчим 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би зүгээр зогсож байгаад цохиулахгүйн тулд өөдөөс нь баруун гараараа зүүн гар руу нь 2 удаа цохиод баруун хөлөөрөө 2 шилбэ гуя орчим 1-2 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг х 16-17, 47 ху/,

          -Яллагдагч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай дүү Б гэр рүүгээ орж байхаар нь эхнэр бид 2 араас нь орсон чинь манай дүү Б 2 гуйлгачин яаж яваа юм, та нартай уулзах хэрэг байхгүй, муу сайн гуйлгачингууд гэж хэлээд нөхрийнхөө утас руу залгаад 2 гуйлгачин ирсэн байна, цагдаа дууд гээд миний өөдөөс салаавч болон дунд хуруу гаргахаар нь би уурандаа баруун гараа зангидаж байгаад 2 удаа зүүн гарынх нь мөр хэсэгт цохисон чинь цаашаа айгаад зайлахдаа оррцны хананд толгойгоо цохисон байж магадгүй, би толгой хэсэгт нь цохиогүй. Мөн баруун хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Энэ үед манай эхнэр салгах гэж дундуур орсон чинь манай дүү Б манай эхнэрийн давсаг болон хөл рүү өшиглөсөн. Тэгсэн манай эхнэр өөдөөс нь өөрийгөө хамгаалан түлхэж мөн гараа сарвалзсан гэсэн мэдүүлэг /хх 19-20, 45 ху/,

          -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02/0273 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Б.Бгийн биед зүүн зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, баруун тохой, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт х 24-25 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас х 26 ху/,

          -Гэрэл зураг /хх 55-58 ху/,

          -Шийтгэх тогтоол /хх 66-69 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64-65-р хуудас/

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 36-37,  39-40, 44-47  ху/зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.С, О.Б нар нь бүлэглэж 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, 126-20 тоотын гадна хохирогч Б.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, баруун тохой, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт, зүүн шууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Сын өгсөн “Манай дүү Б ханийг маань дорд үздэг байсан. Хэдий төрсөн дүү ч гэсэн ханийг минь элдвээр хэлэхийг тэвчихгүй. Би тэсээд л яваад байсан. Сая л гар хүрчихлээ. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Бгийн өгсөн “Хохирогч Б нь намайг загнаж доромжлоод олон жил болсон. Маргааны шалтгаан нь ганц ногоон цай биш. Миний ээж дүү нар болон хоёр том охиныг минь элдвээр хэлдэг байсан. Энэ байдлыг залруулах гэж очоод л тйм байдалд хүрчихлээ. Бгийн биед учруулсан гэмтлийн хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Бгийн Б намайг 2 давхарын буланд шахаж байгаад баруун хөлөөрөө миний 2 хөл рүү зөндөө их өшиглөж, баруун зүүн гараа зангидаж байгаад миний зүүн гарын бүдүүн булчинд цохиж, зүүн гарын булчингаас шуу хүртэл маажсан. Тэр үед би 2 настай хүүхдээ баруун гартаа тэвэрсэн байсан болохоор зүүн хөлөөрөө өөдөөс нь өшиглөсөн чинь хажуугаас манай ах С баруун гараа зангидаж байгаад миний толгойн зүүн тал руу цохиж байгаад зүүн гарын булчин руу 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг, Б.С, О.Б нарын яллагдагчаар өнгсөн мэдүүлгүүд /44-47 ху/,  хохирогчийн биед зүүн зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, баруун тохой, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт, зүүн шууны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон  02/0273 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.С, О.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.

           Шүүгдэгч нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзсэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.С, О.Б нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч О.Б, Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, О.Б нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, О.Б нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА