Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 600

 

 

 

 

 

 

 

 

 

Н.М, С.Н нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч С.Н, тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Нн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.М, С.Н нарт холбогдох 1808015790341 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Нийн М, 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

2. Боржигон овгийн Сын Н, 1984 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин буух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Н.М, С.Н нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Энхтүвшингийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, түүний өмсөж явсан пүүз, куртик, биет 30.000 төгрөгийг дээрэмдэн авч, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ иргэн Э.Энхтүвшингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.М, С.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.М, С.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт Нийн М, Боржигон овогт Сын Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.М, С.Н нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Н.М, С.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, С.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 59 (тавин ес) хоног, шүүгдэгч С.Нн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 59 (тавин ес) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Мөнх- Очир, С.Н нарын эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хоёр охины хамт амьдардаг. Эхнэр Э.Нарангэрэл нь 2013 онд өвчний улмаас нас барсан. Том охин Н.Цэрэндулам сургуульд явдаг. Бага охин Н.Цэрэнханд нь Д.Ц.П өвчний оноштой эмчийн хяналтад, гэртээ хэвтэрт байдаг. Ярьж, явж чаддаггүй, байнгын асаргаанд байдаг тул ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Нн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Н, Н.М нарыг бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж, тухайн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт үйлдэлд тохирсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч С.Нн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.М, С.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.М, С.Н нарын  холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

 

Хавтас хэргийг шинжлэн судлахад, шүүгдэгч С.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр оргон зайлж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай прокурорын тогтоол/хх-166/-оор шүүгдэгч С.Нг оргон зайлсан үндэслэлээр мөрдөн байцаалтыг түдгэлзүүлж, эрэн сурвалжлах ажиллагаа хийсний үндсэн дээр түүнийг олж 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай прокурорын тогтоол/хх-171/-оор мөрдөн байцаалтыг сэргээсэн баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.” гэснээс үзэхэд шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх, анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон хэргийн зүйлчлэлээр ял оногдуулах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй тул дээрх үндэслэлээр шүүгдэгч С.Нн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 424 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.М, С.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Н.М, С.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ