Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0220

 

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0220

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.С ХХК

Хариуцагч: АМГТГКХ.

Нэхэмжлэлийн шаардлага: АМГТГКХД-ын2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаартай шийдвэр болох захиргааны актыг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б****, гэрч Б.Д,  орчуулагч Л.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .".... Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших “**********" нэртэй газарт байрлах ХХ/-****43 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “С.С" ХХК нь 2011 оноос эхлэн эзэмшиж ирсэн. Уг хугацаанаас хойш 9 дэх жилдээ тус талбай дээр хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулсан ба манай байгууллагын зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг аливаа саадгүйгээр хугацаандаа, тасалдалгүйгээр төлсөөр ирсэн татвар төлөгч-хуулийн этгээд билээ. Харин энэ жилийн хувьд ээлжит жилийн төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх ёстой сан боловч захирал Ш.С нь гэнэт хүндээр өвчилж зайлшгүй хэвтрийн дэглэмтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага үүсэн болно. Үүний улмаас миний бие компанийн үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй болсноор АМГТГКХД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2020 оны 7 дугаар арын 31-ний өдрийн 265 дугаартай шийдвэрээ^ тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтад заасан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй бидний хууль ёсны эрхээ хамгаалах, түүнийгээ нотлох боломжийг олгоогүй.

Төрийн захиргааны байгууллага манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгах хугацаа болж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэл тогтоогдсоныг манайд мэдэгдээгүй төдийгүй мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан мэдэгдэлд дурдсан үндэслэлийг өгөхгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгаан түүнийг нотлох баримт бичгийг захиргааны байгууллагад ирүүлэх эрхийг минь эдлүүлсэнгүй. Манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, бусад албан хаагчид хандаж холбогдох нотлох баримтыг үзүүлсэн боловч тухай үед хариу өгөөгүй байдаг. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.7 дахь заалтад заасны дагуу “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр” нь татварын төрөлд хамрагддаг, 6 дүгээр зүйлийн 6.1.41-т хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах 6.1.41а дахь заалтад өвчтэй болон өвчнөө эмчлүүлсэн байдлыг тус тус хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулсан байна. Дээрх хуульд зааснаас үзвэл Ш.С нь өвчтэй, мөн өвчнөө эмчлүүлсэн нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байх ба энэ нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байгаа болно.

Мөн “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг Улсын дээд шүүхийн ‘Тэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” зөвлөмжийн 2.1-т хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг “...хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй, эсхүл хүндрэлтэй байгаа, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй гэж тайлбарласан бол Улсын дээд шүүхийн 2006 оны 07-р сарын 03-ны 33-р тогтоол буюу “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 28 дахь хэсэгт“...гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ” хэмээн тайлбарласан байдаг. “С.С” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцааг 100% дангаар эзэмшигч нь Ш.С бөгөөд гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж, компанийн бүх үйл ажиллагааг ганцаараа явуулдаг юм. Гэтэл бие нь хүндээр өвдөж яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хэвтрийн дэглэм сахих шаардлага үүсэн учир 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд УБ Сонгдо эмнэлэгт “бөөрний хурц үрэвсэл” оноштойгоор зайлшгүй хэвтэн эмчлүүлсэн ба түүнээс хойш хэвтэн эмчлүүлснээс хойш гэртээ хэвтрийн дэглэм барьж эмчлүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй бас нэг шалтгаан бол энэ жил дэлхий нийтэд тулгарч буй цар тархалт гоц халдварт өвчин Коронавирус (Ковид-19) юм.

Ковид-19-өөс шалтгаалан, байгууллагын үйл ажиллагаа доголдож, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө хэвийн хэмжээнээс ихэсч, үүнээс болж манай байгууллага цалин хөлс, татвар, хураамжийг төлөх хугацаанд нь төлж чадаагүй нөхцөл байдал үүссэн. Үүнээс шалтгаалан Ашигт малтмалын, тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд ээлжит жилийн төлбөрийг 2020 , оны 6 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх ёстой байсан боловч дээрх хугацааны дотор төлж чадаагүй болно. Татварын ерөнхий хуулийн 6.1.4 д- “...хуульд заасан эрх бүхий этгээдээс  албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг ойлгохоор байна. Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх журмын 1.2.1-т заасны дагуу буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэгт Талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухааны даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдлын улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгодог. Үүнд:

1.Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын

түрэмгийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хувьсгал;

2.Байгалийн бүр төрлийн гамшиг (хүчтэй салхи шуурга, хар салхи, газар хөдлөлт, хүчтэй давалгаа, үер, цас, зуд гэх мэт);

3.Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгаан ноцтой гэмтэл;

4.Бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй аж ахуйн нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт орно.

Танхим нь дээрх аль нэг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсан байдлыг холбогдох баримтыг нягталсны дагуу “Force majeure”-ийн гэрчилгээг олгодог байна. С.С ХХК-ийн голлох чиглэл ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улс, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмалын хайгуулын өөрийн эзэмшлийн ХУ-014587 дугаартай 216,83 гаталбай буюу нийт 462,46 га бүхий талбайтай болно. Уг талбайд С.С ХХК нь олон жил хайгуулын ажлыг үр бүтэлтэй хийж гүйцэтгэн, талбайд холбогдох хөрөнгө оруулалтыг хийж гүйцэтгэн, эзэмшиж ирсэн ба Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу аливаа зөрчил, хууль бус үйлдэл гаргалгүйгээр ажилласаар ирсэн байдаг.

Ингээд 2019 онд С.С ХХК-д Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “А.С” ХХК-ийн захирал АНУ-ын иргэн Б.Д гэдэг хүн хөрөнгө оруулалт хийх саналыг тавьж, хамтран ажиллахаар болсон. Бид харилцан тохиролцсоноор 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр “А.С” ХХК нь дэс дараатайгаар хөрөнгө оруулалтыг хийх, харин С.С ХХК нь үе шаттайгаар эрэл хайгуулын ажлыг зохион байгуулж, зохих үр дүнд хүрэхээр тохиролцсон. Уг гэрээг хэрэгжүүлэхийг тулд С.С ХХК нь эрэл хайгуулын багыг бэлтгэж, зохион байгуулж, өөрийн хөлс хүч, хөрөнгө мөнгийг зарцуулан хайгуулын төлөвлөгөөт ажлыг хийж гүйцэтгэн зохих үр дүнд хүрсэн байдаг. Гэтэл “А.С” ХХК-ийн захирал Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын хилээр гаран явснаас байсан бөгөөд буцааж ирээд хөрөнгө оруулалтыг хийх ёстой байсан боловч Монгол Улсын хэмжээнд Ковид-19-тэй холбоотойгоор Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаартай тогтоолоор Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам авто бүх боомтоор БНХАУ-н иргэд болон тус улмаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг Монгол улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон ба шилжилт хөдөлгөөний хугацааг өнөөдрийг хүртэл сунгасан байна.

Үүнтэй холбоотойгоор Бидний хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж Гэрээний 3.1-т заасан үүргийг “А.С” ХХК хүлээх нөхцөл байдал Талуудын буруутай үйлдлээс үл шалтгаалан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс болж үүслээ. Бид энэ талаар холбогдох бүхий л арга хэмжээг авч хялбар байдлаар шийдвэрлэхийг эрмэлзсэн ч Хөрөнгө оруулагч нь өөрийн биеэр ажлын гүйцэтгэл, хайгуулын төлөвлөгөөт ажлын үр дүнг нүдээр харж, хяналт тавьж Хөрөнгө оруулалтыг ажлыг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл Ковид-19-с шалтгаалан хөрөнгө оруулагч нь Монгол Улс руу нэвтэрч чадахгүй нөхцөл болсон учир Гэрээнд заасан хөрөнгө оруулалтыг зохих хугацаанд хийх боломжгүй болсон. Гэрээний 3.1.3-т “Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бусад бүхий л зардлыг Б тал бүрэн хариуцна. Үүнд: Лицензийн төлбөр, татварын хураамж зэрэг бусад бүхий л зардал багтана.” гэсний дагуу Б тал болох “А.С” ХХК нь Х\/-****87 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг хийх ёстой байсан боловч төлж чадаагүй хүрсэн. Үүнээс шалтгаалан тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл байдал бүрдсэн байдаг. Хэрэв Ковид-19 гэдэг цар тархалт халдвар өвчин дэлхий хэмжээнд тархаагүй байсан бол хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хилээр нэвтрэн хөрөнгө оруулалтын ажлыг үргэлжлүүлэн зохих үүргээ биелүүлэн хамтран ажиллах байсан. Энэ талаар хөрөнгө оруулагч өөрөө маргахгүй байх бөгөөд өнөөдрийг хүртэл хилийн чандад байгаа нь түүний гадаад паспортын хуулбараар нотлогдож байгаа болно.

Энэ талаар манай байгууллага Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Н.Хэрлэн нарт тус тус гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй болно.

Иймд, дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төлөх ёстой тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх боломжгүй байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан “..захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”-г үндэслэн мөн хуулийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б**** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/-ын даргын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1043 дугаар зэрээр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт байрлах Гурван хар нэртэй 11371.77 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХУ-****43 дугаартай тусгай зөвшөөрлийг “М*****” ХХК-иас “С.С” ХХК-д эзэмшүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлөөгүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”,34 дүгээр зүйлийн 34.7-д "Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ.

Гэтэл “С.С” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын Х\/-****43 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т  заасныг үндэслэн АМГТГКХД-ын2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч компани нэхэмжлэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй бидний хууль ёсны эрхээ хамгаалах, түүнийгээ нотлох боломжийг олгоогүй гэжээ.

Гэтэл  АМГТГКХД-ын“мэдэгдэл хүргүүлэх тухай” 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8/2838 дугаартай албан бичиг, мөн даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрийг “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8/3450 тоот албан бичгээр тус тус С.С ХХК—ийн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн систем /CMCS/-Д бүртгүүлсэн албан ёсны хаяг болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, тээвэрчдийн гудамж, Нарны зам 53 Саруул төв 105 тоот хаягаар мэдэгдсэн бөгөөд шуудангийн буцалтаар ирээгүй байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйлд заалтыг тайлбарлах тухай тогтоолд “ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан бөгөөд холбогдох албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж

Үүнээс харахад “С.С” ХХК-д тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хүргүүлээгүй гэх нь үндэслэлгүй юм.

Иймд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаартай шийдвэр болох захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ашигт малтмалын газрын, Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1043 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “С.С” ХХК-д Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “**********” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-****43 дугаар тусгай зөвшөөрлийг /“М********” ХХК-ийн эзэмшиж байсан/ шилжүүлж эзэмшүүлсэн[1] байх бөгөөд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар “тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна[2].

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэжээ.

Маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч “С.С” ХХК нь тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө урьдчилан төлөөгүй, улмаар хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар нэмж 30 хүртэл хоног буюу 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор алдангийн хамт төлөх боломжтой байтал өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий шийдвэрийг эс зөвшөөрч “...“С.С” ХХК-ийн хувьд 100 хувь Ш.С эзэмшдэг. Тэрээр 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ нь Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжтой. 2019 оны 11 дүгээр сарын 17-нд “А.С” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Энэ гэрээний 3.1.3-д “Б” тал буюу “А.С” ХХК тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг хариуцахаар тохиролцсон.

Гэвч Ковид -19 цар тахлын улмаас хөрөнгө оруулагч маань Монголоос яваад буцаж ирж чадаагүй. Улмаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл “Force majeure”-ийн гэрчилгээ өгсөн. Хариуцагчийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүлээж аваагүй. Хариуцагч энэ үүргээ хэрэгжүүлээгүй...” гэж тайлбарлан маргасан.

1.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгч компанид 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8/2838 дугаартай албан бичгээр[3] тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, хуульд заасан хугацааны дотор алданги төлөх боломжтой талаарх мэдэгдлийг тус компанийн албан ёсны хаяг болох “Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо,Тээвэрчдийн гудамж, Нарны зам-53, Саруул төв-105 тоот” хаягт шуудангаар хүргүүлсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй учир хариуцагч захиргааны байгууллага нь тус компанийн хайгуулын XV-****43 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, цуцалсан талаарх мэдэгдлийг 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 8/3450 дугаартай албан бичгээр[4] мөн дээрх хаягаар хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлүүдийг хариуцагчид бүртгүүлсэн тус компанийн албан ёсны хаягаар, шуудангаар хүргүүлсэн байх тул мэдэгдлийг хүлээж аваагүй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, хуульд заасан мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлсэн гэж үзэхээр байна.

Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл” бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж буй зорилго нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон зохицуулалт болохоос мэдэгдэл авсны дараа төлбөрөө төлнө гэсэн ойлголт биш, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг учраас төлбөр төлөөгүй шалтгаанаа “...мэдэгдэл хүлээн аваагүй”-тэй холбон тайлбарласан нь үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч “С.С” ХХК-аас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх эцсийн хугацаа болохтой зэрэгцэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр компанийн гүйцэтгэх захирал Ш.С “С****” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх боловч энэ нь түүнийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдох хангалттай үндэслэл биш. 

Учир нь хэрэгт нотлох баримтаар хавсарган ирүүлсэн “Сонгдо” эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчийн карт, магадалгаа, онош зэргээс[5] үзвэл “С.С” ХХК-ийн захирал Ш.Сг компанийнхаа үйл ажиллагааг огт явуулах боломжгүй хүнд өвчтэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан “С.С” ХХК болон “А.С” ХХК-ийн байгуулсан “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ”[6]-ний 3.1.2-т “Гэрээний 2.1.1-д заасан өрөмдлөгийн ажлыг бүрэн хийж дууссаны дараа “Б” талд компанийн хувьцаа эзэмших, асуудлыг шилжүүлэх ажлыг гүйцэтгэх бөгөөд гарах зардал, татварын асуудлыг “Б” тал өөрөө хариуцна. 3.1.3-д “Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бусад бүхий л зардлыг “Б” тал бүрэн хариуцна. Үүнд: Лицензийн төлбөр, татварын хураамж зэрэг бусад бүхий л зардал багтана” гэжээ[7].

Хэдийгээр дэлхий нийтэд дэгдээд буй Ковид-19 буюу коронавирусийн цар тахал, түүний халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 102 дугаар тогтоолын дагуу “хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон” хэдий ч “А.С” ХХК-ийн хөрөнгө оруулагч[8], захирал Америкийн Нэгдсэн Улсын иргэн Б.Д[9] паспортын дугаар 64******31, /Боржигон Давид В/[10]-ийн хувьд төлбөрийг цаг үеийн дэвшилтэд технологийн нэг болох цахим гуйвуулгаар шилжүүлэх боломжтой байсан.

Гэвч тэрээр гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан шалтгаанаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хууль сануулан гэрчээр оролцохдоо “...Гэрээний 3.1.1-т заасны дагуу 35 мянган доллар буюу 100 сая төгрөг өгсөн. Лицензийг сунгасан тохиолдолд ажиллах сонирхолтой байгаа. Хоёр дахь хөрөнгө оруулалтыг хийхээс өмнө би өөрөө газар дээрээ очиж үзэх сонирхолтой байсан юм...” гэж мэдүүлсэн.

Товчхондоо “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ”-ний 2.1.1-д заасан хайгуулын өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлийн үр дүнгээс шалтгаалан цаашид хөрөнгө оруулалт буюу санхүүжилт хийх хүсэл зорилготой байснаа илэрхийлсэн болно.

Үүнээс үзвэл “А.С” ХХК-ийн захирал Америкийн Нэгдсэн Улсын иргэн Б.Д/Боржигон Давид В/-г “С.С” ХХК-ийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “**********” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-****43 дугаар тусгай зөвшөөрлийг ээлжит жилийн төлбөрийг төлөх үүргийг дангаар шууд хүлээсэн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан Ашигт малтмалын хуульд заасан зохицуулалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хуулиар хүлээсэн үүргийг хөрөнгө оруулагч “А.С” ХХК биш нэхэмжлэгч “С.С” ХХК  өөрөө хариуцах ёстой байжээ.

Тиймээс энэ тохиолдолд Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02/487 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл “Force majeure”-ийн гэрчилгээг[11] олгосон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх үзлээ.

4.Түүнчлэн “С.С” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй байхад тусгай зөвшөөрлийн хугацааг хариуцагч сунгасан нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхөөс чөлөөлсөн эсхүл ээлжит төлбөр төлөх хугацааг хойшлуулсан явдал биш төдийгүй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан нь түүнд ээлжит жилийн төлбөрөө төлөхгүй байх давуу байдал үүсгэхгүй.

Эцэст нь дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэр нь эрх зүйн зөрчилгүй, хуульд үндэслэгдсэн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй  байх тул нэхэмжлэгч “С.С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С.С” ХХК-ийн “АМГТГКХД-ын2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаартай шийдвэр болох захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

[1] Хавтас хэргийн 66-67 хуудас

[2] Хавтас хэргийн 108 хуудас

[3] Хавтас хэргийн 110-111, 115-116 хуудас

[4] Хавтас хэргийн 26-27, 106-107, 115, 117 хуудас

[5] Хавтас хэргийн 17-25 хуудас

[6] Хавтас хэргийн 74-81 хуудас

[7] Хавтас хэргийн 75-76 хуудас

[8] Хавтас хэргийн 104 хуудас

[9] Хавтас хэргийн 87 хуудас

[10] Хавтас хэргийн 81 хуудас

[11] Хавтас хэргийн 15 хуудас