Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

 

 

 

 

 

   

                                 

      2022         08           11                                        2022/ШЦТ/134

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат /цахимаар/,

         шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 2219001620191 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Э

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтын төмөр замын бүтээн байгуулалт хийж буй газарт хохирогч Т.Баяр-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бид хоёрын хооронд урьд нь үл ойлголцол гарч байсан. Дотоод журам зөрчлөө гэдгээс болж маргалдаж байсан. Холбогдсон хэргийн хувьд маргахгүй. Гэмтэл учруулъя гэж бодож халдаагүй. Хохирогчид хохиролд нийт 30.000.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

          -Хохирогч Т.Баяр-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төмөр замын бүтээн байгуулалтын 206 дугаар км газарт ажилдаа гарчихаад байрлаж байтал 21 цаг өнгөрч байхад хурандаа Э намайг 2-3 удаа дуудуулсан юм байна лээ. Тэгэхээр нь би 22 цагийн орчим Эын өрөөнд орох үед манай нөгөө багийн инженер Загдаа, Эрдэнэсүх 3 сууж байсан. Тэд нар 1 шил архи талаас нь доогуур ортол уусан байсан. Тэгээд ажил ярих гэсэн юм, ажлаа цааш нь түргэн шуурхай яаж явуулах вэ гэх зүйлс ярьсан. Тэгээд би явж амарлаа гэтэл Э сууж бай гээд тэгээд бид нарын дунд маргаан болсон. Тэгээд би гарах гээд бостол Э намайг мөргөж унагаагаад нүүр рүү өшиглөсөн. Э миний хамар руу 1 удаа мөргөөд, нүүр рүү 1 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,

            -Гэрч Г.Эрдэнэсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Архи ууж байхдаа Э, Баяр-Эрдэнэ нар төмөр замын ажлын талаар ярьж байтал Баяр-Эрдэнэ гэх залуу согтож төмөр замын ажилд зэвсэгт хүчний хийж байгаа ажил байхгүй, та нарын ажил явах, явахгүй нь надаас шалтгаална гэж хэлээд ширээ гараараа цохиж, босож ирэх үед хурандаа Э чи намайг доромжилж болно, зэвсэгт хүчнийг доромжлох хэрэггүй гээд босож ирэхэд хурандаа Эыг Баяр-Эрдэнэ заамдаад авсан. Энэ үед хурандаа Э шууд Баяр-Эрдэнийн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөхөд Баяр-Эрдэнэ гэх залуу газар унасан. Би Баяр-Эрдэнийг босгоход хамраас нь бага зэрэг цус гарч байсан. Тэгээд би цэргийн сувилагч Олонбаярыг дуудаж анхны тусламж үзүүлсэн гэсэн мэдүүлэг х 6-7 ху/,

           -Гэрч Б.Төмөрхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би талбай дээр ажил шалгаж байгаад 00 цаг өнгөрч байхад байрладаг кемп дээр ирэхэд захирагч Эын өрөөний гэрэл асаалттай байхаар нь захирагчид илтгэж танилцуулахаар ороход хурандаа Э Баяр-Эрдэнийн нүүр тус газар толгойгоороо 1 удаа мөргөж байгаа харагдсан. Тэгэхэд Эрдэнэсүх хурандаа Эыг тэвэрч аваад холдуулсан гэсэн мэдүүлэг х 9-10 ху/,

           -Яллагдагч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Таван толгой-Зүүнбаянгийн бүтээн байгуулалтын оролцож байсан талаар ярилцаад сууж байгаад Баяр-Эрдэнэ согтож хэлэхдээ танай зэвсэгт хүчин авто замын салбарыг ажилгүй болгож байна, та нар төмөр замын ажилд зэвсэгт хүчин хийж чадаж байгаа ажил байхгүй, та нарын ажил явах, явахгүй нь надаас шалтгаална гэж хэлээд ширээг гараараа цохиж босож ирээд байсан. Тэгэхээр нь би зэвсэгт хүчин бол дуртай ажил руугаа орж ажил булаацалддаггүй, бид нар төр засгаас гаргасан шийдвэрээр улс орны страгтегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажилд оролцдог, энэ төсөл дээр бол улсын хилээс 53 км төмөр замын ажлыг бид нарт тушаалаар өгсөн. Тийм учраас бид нар оролцож байгаа, бид харин ямар нэгэн аж ахуйн нэгжтэй тендерт өрсөлдөж байж тухайн ажлыг авсан зүйл байхгүй гэж хэлж маргаан үүссэн. Тэгээд Баяр-Эрдэнэ хэлэхдээ би зэвсэгт хүчний ажлыг явуулах, явуулахгүйг мэднэ гэхээр нь би чи манай ажилтай уялдуулж хяналт тавьж ажиллах болохоос хяналтаас шалтгаалж ажил удаашрах ёсгүй гэж хэлсэн чинь Баяр-Эрдэнэ танай зэвсэгт хүчин юу чаддаг юм гэж хэлээд 2 дахь удаагаа ширээ цохиод авахаар нь би Баяр-Эрдэнэд хэлэхдээ та нар авто замын салбарт бусад хувийн аж ахуйн нэгжээ дарамталж, шантаачилж ажлыг зогсоодог шигээ бид нарыг зогсоож чадахгүй шүү, бид нар тушаалаар ирсэн төрийн албан хаагч нар, бид нар ажлаа явуулахын тулд та нарт өгдөг мөнгө төгрөг байхгүй, чи талбай дээрээ том бай, харин энэ цэргийн ангийн байрласан бүс газарт болон манай гэрт чи ингэж томрохгүй шүү гэж хэлсэн чинь Баяр-Эрдэнэ би хаана ч том байна, би бол хяналтын инженер гээд байхаар нь чиний хяналтын инженер бол надад хамаа байхгүй шүү чи очиж талбай дээрээ томор гэхэд Баяр-Эрдэнэ босож ирээд намайг түрүүлээд заамдаад авахаар нь би дотроо бодохдоо надаас өндөр, залуу хүүхдэд зодуулчих байх гэж бодоод түрүүлж хөдлөх ёстой гээд заамдаж аваад шууд нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн гэсэн мэдүүлэг х 12-13, 81 ху/,

          -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/0291 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Т.Баяр-Эрдэнийн биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй

          5.Учирсан гэмтлүүдийн үүссэн цаг хугацаа, шинэ хуучныг эмнэлгийн бичиг баримтаар тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт х 40-41 ху/,

          -Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлгийн баримтууд х 56-69 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 23 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 75-78, 80-81 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтын төмөр замын бүтээн байгуулалт хийж буй газарт хохирогч Т.Баяр-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн  “Холбогдсон гэмт хэргийн хувьд маргахгүй. Гэмтэл учруулъя гэж бодож халдаагүй. Хохирогчид хохиролд нийт 30.000.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Баяр-Эрдэнийн “...би гарах гээд бостол Э намайг мөргөж унагаагаад нүүр рүү өшиглөсөн. Э миний хамар руу 1 удаа мөргөөд, нүүр рүү 1 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэсүх, Б.Төмөрхуяг нарын мэдүүлэг, хохирогчийн биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсныг тогтоосон 02/0291 дугаартай дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлгийн баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Эын учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Баяр-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь 30.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 89 длүгээр хуудсанд авагдсан баримтаар  нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж, уг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.

         3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         4.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА