Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/02317

 

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/02317

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ...дугаар хороо, Ж...н ... тоот хаягт байрлах П.И ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух ... овогт Ш... Г... /РД: .../-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 4,478,921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.И ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Згийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: П.И ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хариуцагч Ш.Гтой Баянгол дүүргийн ... дүгээр хороо, С...н гудамжны ... дүгээр байрны ...тоотод байрлах 192.44 м2 талбай бүхий рестораны зориулалттай орон сууцыг 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн обьект нь урд, хойноосоо 2 орцтой, аж ахуйн нэгжүүд нь тухайн 11 дүгээр байрны 2g-2 гэсэн тоотыг өөр өөрийнхөөр бүртгэж явдаг. Тухайн объект нь Алтантуяагийн өмчлөлд байсан боловч Алтантуяа, Энхдалай гэх хоёр хүний гишүүнтэй П.И ХХК-ийн өмчлөлд шилжсэн ба тухай компанийн гүйцэтгэх захирлаар нь Л.А ажилладаг. Уг объект нь анхнаасаа оршин суугчид орж гардаг орцны хаалганы дугаараараа бүртгэлтэй буюу Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, С...н гудамж, ... дүгээр байрны ... тоот гэх хаягаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай явдаг.

 

2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч тал нь хариуцагч Ш.Гд хэвийн үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардлагатай эд зүйлийн хамт ресторан, паб /pub/-ын зориулалттай аж ахуйн нэгжийн обьектийг хүлээлгэж өгсөн. Түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явагдсан бөгөөд түрээсийн хугацаанд ашиглалтын зардлыг Ганцолмон хариуцахаар гэрээнд заасан. Хариуцагч нь түрээсийн төлбөрөө зарим тохиолдолд хугацаа хэтрүүлж удаашруулж төлж байсан бөгөөд өөр бусдаар ашиглалтын зардлыг төлөөд, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж нэхэмжлэгч тал ойлгож байсан. 2017 оны 6 дугаар сард байгууллагын архины тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа тул холбогдох засвар үйлчилгээг хийж гүйцэтгэвэл тусгай зөвшөөрлийг сунгахад татгалзах зүйлгүй гэх хариуг төрийн байгууллагаас өгсөн. Бид тусгай зөвшөөрлийг авсан байсан. Бид тодорхой засвар үйлчилгээ хийхээр Ганцолмонг 3 хоног үйл ажиллагаагаа зогсоож өгөөч, гадна шат, дотор камер, 00-ийн засварыг хийж гүйцэтгээд, 3 хоногийн түрээсийн төлбөрийг хасч тооцох санал тавьсан. Гэтэл Ганцолмон нь түлхүүрээ өгөхгүй, та нар засвар хийх бол хийж болно гэж хэлж байсан. Бид засвар үйлчилгээг хийж байх явцад хариуцагч ашиглалтын зардлыг анх орсноос хойш өгөөгүй, цахилгааны төлбөрийг дутуу төлсөн, сууц өмчлөгчдийн холбооны зардлыг төлдөггүй байсныг олж мэдсэн. Тэгээд бид Ганцолмонд ашиглалтын зардлыг хэвийн төлвөл гэрээг цуцлалгүй үйл ажиллагааг хэвийн явуулж болно гэж санал тавьсан. Гэтэл Ганцолмон ресторонд байсан сандал ширээг зөөж, явж эхэлсэн. Энэ талаар манай талаас хүн явуулж шаардлага тавихад Ганцолмон эдгээр сандал ширээний заримыг үлдээж, заримыг авч явсан. Тэрээр өөрийн өмчлөлийн газар руу зөөж байгаа гэж тайлбарласан байсан. Бид Ганцолмонтой уулзаж сандал ширээг нэхэж, шаардлага тавихад Био комбинатад карентин гарсан байгаа учраас авч ирж чадахгүй байна гэж хэлсэн. Манай талаас гэрээг цуцалж, байрыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч объектийг суллаж өгөөгүй. Бид аргаа бараад цоожны голыг сольж, түрээсийн гэрээг цуцлах талаар шаардсан боловч үг хэлээр учир зүйгээ ололцож чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ашиглалтын зардал 4,200,000 төгрөг, цахилгааны төлбөр 200,000, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр зэргийг нэхэмжилж байгаа. Хариуцагч нь хариу тайлбараа бичгээр өгөөгүй боловч 2,500,000 төгрөг барьцаалсан түүгээр төлбөрийг хаахаар тайлбар гаргаж байгаа. Хариуцагчаас барьцаанд өгсөн гэх 2,500,000 төгрөгийг түрээсийн төлбөр, алданги, эд хогшилийн тооцоонд тооцож хассан ба үлдсэн төлбөрийг алдангигүй тооцох талаар санал тавьсан. Гэтэл хариуцагч нь уг саналыг үгүйсгэж, ашиглалтын зардлыг 2,500,000 төгрөгийн барьцаагаар тооцож хаана гэж тайлбарлаж байна. Иймд ашиглалтын зардалд 3,670,836 төгрөг, цахилгааны төлбөрт 200,000 төгрөг, Богд өргөө СӨХ-ны төлбөр 608,085 төгрөг, нийт 4,478,921 төгрөгийг хариуцагч Ш.Ггоос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Ггийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би П.И ХХК-тай /захирал Л.Алтантуяатай/ гэрээ байгуулсан. Алтантуяатай хамт нотариатад очиж гэрээ байгуулж байсан. Шүүхэд миний гаргаж өгсөн хувийн бүртгэлийн дэвтэрт эд хогшил, ширээ сандал, шилэн эдлэл зэргийг хүлээлцсэн талаар бүртгэсэн байгаа. Нэхэмжлэгч тал нь захирагчийн албанд таньдаг хүнтэй. Тусгай зөвшөөрлийн ард тус зөвшөөрлийг хувь хүнд зарах, худалдаалах, түрээслүүлэхийг хатуу хориглоно, хуулийн арга хэмжээ авна гэж заасан байдаг. Энэ тухай Алтантуяад хэлэхэд зохицуулна гэж хэлж өнөөг хүрсэн. Ширээ сандал хурааж авсан зүйл байхгүй бөгөөд өөрийн хийсэн зүйлийг авч явсан. Би бизнес эрхлэгч эмэгтэй бөгөөд татварын албанд бүртгэлтэй байдаг, татварын програмыг 480,000 төгрөгөөр худалдан авсан байсан. Обьектийн тусгай зөвшөөрөл нь 2015 оны 7 сарын 15-нд дуусаад 2017 оны 7 сарын 15-ны өдөр хүртэл сунгагдах байсан. Тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийхээр цагдаа, галынхан, мэргэжлийн хяналт, захирагчийн алба зэрэг байгууллагаас нэгдсэн шалгалт ирсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг хувь хүнд түрээсэлж болдоггүй гэдгийг тайлбарласан. Би үүнийг Алтантуяад хэлэхэд Алтантуяа нь байрыг суллаад өг гэж хэлсэн. Тэгэхэд нь би тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгааг мэдсээр байж гэрээ байгуулсан байна, төрөх хугацаа минь ойртсон, барьцаа төлбөрөө аваад суллаад өгье гэж хэлэхэд намайг зодож удаа дараа гэмтэл учруулж байсан. Энэ талаар цагдаад мэдэгдэж байсан бөгөөд дараагийн хуралдаан болоход нотлох баримт гаргаж өгөхөд бэлэн байгаа.

 

Өнөөдөр хоорондоо зөвшилцөөд шийдвэрлэх боломжтой байх гэж бодоод бүх нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Гэрчээр Ганбатыг, сууц өмчлөгчдийн холбооны даргыг оролцуулмаар байна. Ашиглалтын зардал гэж ямар зардлыг хэлж байгаа талаар гэрээнд тусгайлан заагаагүй. Амаар тохиролцохдоо 2,500,000 төгрөгтөө бүх зардал багтсан гэж ярьсан. Гэтэл Л.А нь цаг хугацаа өнгөрөх тусам юмны үнэ нэмэгдэж байгаа тул түрээсийн үнэ нэмэгдэж байгаа. Чи ашиглалтын зардлаа төлөөрэй гэсэн. Би ашиглалтын зардал гэдгийг хуулийн мэдлэггүй учраас ямар зардлыг хэлээд байгааг мэдэхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны дарга нь Алтантуяаг надтай танилцуулж байсан. Сууц өмчлөгчдийн холбооны даргын манайхаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөр авахгүй тухай баримт байгаа бөгөөд тухайн асуудлаар сууц өмчлөгчдийн холбооны даргатай асуудлаа шийдвэрлэх болно. Цахилгааны төлбөрийн хувьд лавлагаа авах гэхэд Алтантуяад гаргаж өгнө гэж тайлбарлаж байсан. Гэтэл тухайн өдөр нь Алтантуяа нь хүсэлт гаргаж манай цахилгааныг таслуулсан тухай рапорт нь байсан. Энэ талаар нотлох баримтыг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.И ХХК нь хариуцагч Ш.Гд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 4,478,921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ-ээр түрээслэгч Ш.Г нь түрээслүүлэгч П.И ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205030086 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, С...н гудамж, ... дүгээр байрны ... тоотод байрлах 192.44 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ресторан-ны зориулалтаар, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын 2,500,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн нь хавтаст хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000297164 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн тайлбараар тус тус нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэрээ байгуулагдсан болон гэрээ хэрэгжсэн, түрээсийн гэрээний төлбөрийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн түрээсийн гэрээний 2.1-д Түрээслэгч түрээсийн эд хөрөнгийг актаар хүлээн авч, ариг гамтай ашиглан, ашиглалтын зардлыг гарсан хэмжээгээр нь цаг тухайд нь төлнө. гэж заасны дагуу түрээсийн гэрээний хугацааны цахилгааны төлбөрт 200,000 төгрөг, Богд өргөө СӨХ-ны төлбөрт 608,085 төгрөг, ашиглалтын зардалд 3,670,836 төгрөг, нийт 4,478,921 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч П.И ХХК нь Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, С...н гудамж, ... дүгээр байрны ... тоотод байрлах 192.44 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд тухай үл хөдлөх эд хөрөнгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүрэгтэй боловч зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 2.1-д Түрээслэгч түрээсийн эд хөрөнгийг актаар хүлээн авч, ариг гамтай ашиглан, ашиглалтын зардлыг гарсан хэмжээгээр нь цаг тухайд нь төлнө. гэж тохиролцсон байна.

Гэвч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. гэж заасны дагуу тухай үл хөдлөх эд хөрөнгийн цахилгааны төлбөрийг эрх бүхий байгууллага, дундын өмчлөлийн ашиглалтын зардлыг сууц өмчлөгчдийн холбоо нэхэмжлэх эрхтэй байхад дээрх зардлуудыг П.И ХХК нь хариуцагч Ш.Ггоос нэхэмжилсэн нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч П.И ХХК нь шаардах эрхгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд хариуцагч Ш.Ггоос түрээсийн гэрээний үүрэгт цахилгааны төлбөр, ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөрт нийт 4,478,921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Ггоос түрээсийн гэрээний үүрэгт цахилгааны төлбөр, ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөрт нийт 4,478,921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         М.МӨНХТӨР