| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2018/02210/И |
| Дугаар | 2059 |
| Огноо | 2018-06-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2059
| 2018 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2018/02059 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Төв шуудангийн зүүн жигүүр, 201 тоотод байрлах, ХХМТ газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 54-А байрны 3б тоотод байрлах, Н ХХК /РД: /-д холбогдох,
4,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Э.Б, Х.С, хариуцагчийн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХБМТГ-аасшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газрын харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай 151 дүгээр тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гарсан бусад дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс тус санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажилладаг. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь албан татварт ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг, үүнээс шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь дараах хувь хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 39 тоот тогтоолоор 2009 онд санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 800.000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 57 тоот тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1,000,000 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 тоот тогтоолоор 2011, 2012, 2013 онуудад санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1,500,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65 тоот тогтоолоор 2014 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ Улаанбаатар хотод 1,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 56 тоот тогтоолоор 2015 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1,130,000 төгрөг байхаар тус тус тогтоосон. Н ХХК -аас нь Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 13 тоот тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд 2010-2013 оны хооронд үүссэн 4,450,000 төгрөгийн авлага үүсээд байна. Дээрх хувь хэмжээний дагуу Н ХХК -иас 2011 оны 4 дугаар сарын 25 өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 7/849 тоот албан бичгийн дагуу тус тус хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлэх шаардлагыг нэхэмжлэлийн хамт хүргүүлсэн. Шаардлагыг хүргүүлснээс хойш өнөөг хүртэл тус компани нь хуулиар хүлээсэн албан татвар ногдуулах үүргээ биелүүлээгүй, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 4,450,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Н ХХК -ийн тусгай зөвшөөрөл нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 48 дугаар тогтоолоор цуцлагдсан байдаг. Иймд Н ХХК -иас нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг бүрэн барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н ХХК -ийн төлөөлөгч Э.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг ХБМТГ-ын нэхэмжлэлийн дагуу тайлбар гаргаж байна. Тус компаний Монкореа илгээмжийн төв /РД:5023416/ нь Улаанбаатар-Сөүл хотуудын хоорондын шуудангийн илгээмжийн Б ангиллын 191/Б/ I Р0SТ 21 дугаартай тусгай зөвшөөрлийг 2006 оны 02-р сарын 23-ний өдөр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Тухайн үед тусгай зөвшөөрлийн гэрээт хугацаа буюу 2006-2009 оны төлбөрийг төлж барагдуулсан. 2009 оны намар БНСУ дахь салбар үйл ажиллагаагаа зогсоосон учраас Монголоос илгээмж явуулах боломжгүй болсноос шуудан илгээмжийн илгээлтийн үйл ажиллагааг зогсоосон юм. Тиймээс нэгдүгээрт гэрээт хугацаа дууссан, хоёрдугаарт үйл ажиллагаа зогсоосон зэргээс шалтгаалж 2010-2013 оны тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлөх боломжгүй. ХБМТГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХБМТГ нь хариуцагч Н ХХК -д холбогдуулан Улаанбаатар хот-БНСУ-ын Сөүл хотуудын хооронд улс хооронд шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөр 2010 оны 1,000,000 төгрөг, 2011 оны 1,500,000 төгрөг, 2012 оны 1,300,000 төгрөг, 2013 оны 650,000 төгрөг нийт 4,450,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, тус компани нь Харилцаа холбооны зохицуулах хороотой 2006 онд тусгай зөвшөөрлийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. 2009 онд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн. Үүнээс хойш тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй, аваагүй тул 2010-2013 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Н ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороотой 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот-БНСУ-ын Сөүл хотуудын хооронд улс хооронд шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэхээр 191/Б/I POST21 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрээ-г байгуулж, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос мөн өдөр 191/Б/I POST21 дугаартай тусгай зөвшөөрлийг Н ХХК -д олгосон байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Н ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчсөн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн тогтоох;, 9 дүгээр зүйлийн 9.1.2-т энэ хуулийн 7.1.1-д заасан давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх; гэж тус тус заасны дагуу ХБМТГ тусгай зөвшөөрлийн төлбөрийг шаардах эрхтэй.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана. гэж заасан.
Хариуцагч Н ХХК -ийн тусгай зөвшөөрөлийн хугацаа 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дууссан, тусгай зөвшөөрлийн хугцаа сунгасан, шинээр тусгай зөвшөөрөл авсан талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй. Зохигч энэ талаар баримт байхгүй гэж тайлбарласан болно.
Хэдийгээр Н ХХК -ийн тусгай зөвшөөрлийн хугацааг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолоор хүчингүй болгосон боловч тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд зааснаар сунгуулаагүй, аваагүй гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн авсан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд заасан журмаар сунгасан нь тогтоогдохгүй байх тул хариуцагч 2010-2013 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэггүй байна.
Иймд хариуцагч Н ХХК -иас 4,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХБМТГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т а үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н ХХК -иас 4,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХБМТГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч ХБМТГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР