| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2022/0129/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/135 |
| Огноо | 2022-08-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/135
2022 08 11 2022/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч М.Отгонбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваадорж,
орчуулагч М.Булган,
шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гд холбогдох эрүүгийн 2219002050211 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Г.Ю
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Гун Юу гуо нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 01-35 УНИ улсын дугаартай Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас осол гаргаж, иргэн Д.Лхагвасүрэнгийн биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй байсныг мэдээгүй байсан, асууж байгаагүй. 01-35 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрх байгаагүй. Гэхдээ даргаасаа зөвшөөрөл авч унасан. Машин жолоодоод явж байх үед руль өөрөө хөдлөөд эргэсэн. Ийм мэдрэмж надад төрсөн. Юунаас болж осол болсныг ойлгож байгаа. Маш их харамсаж байна, миний буруу. Хохирогчоос өдөр болгон уучлалт гуйсан. Хохирогчид 17.380.000 төгрөгийг компаниас шилжүүлсэн боловч миний цалингаас суутгаж байгаа. Монгол улсад ирээд 2 жил болж байна. Визний хугацаа одоо дууссан байгаа. Прокурорын ялын саналын талаар хэлэх зүйлгүй. Осол гарах өдөр хариуцсан ажлынхаа дагуу ажилчдаа хуваарилах гэж явж байсан. Тухайн үед хохирогч яаралтай ажилтай байна гэж бодож туслах гэж л машиндаа авч явсан. Хэргийн хувьд маргахгүй. Энэ бүх зүйл миний буруугаас болсон, хүлээн зөвшөөрч байна. Хохирогч болон түүний гэр бүлээс дахин дахин уучлалт гуйж байна. Надад хөнгөн ял оноож өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 03 дугаар сард манай эхнэр Даваахүү нь Бээжин юни констракшн монголиа ХХК-тай хувиараа гэрээ байгуулан гүүр хоолойн ажил гүйцэтгэж байсан юм. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 07 цагийн орчимд Бээжин юни констракшн монголиа ХХК-ны зуурмаг хариуцсан инженер гэх халзан толгойтой хятад ирж 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн цутгалтын ажлыг шалгахаар ирсэн юм. Тэгээд бид нарт түрхлэг хийж болно хэлэхээр нь дараагийн гүүр хоолойны арматурын хэмжээ нь зөрөөд байхаар нь хоорондоо ярьж ойлголцох гэхээр болохгүй байсан учраас орчуулагчаар дамжуулж хоорондоо ойлголцох санаатай Бээжин юни констракшн монголиа ХХК-ны кэмпрүү 01-35 УНА улсын дугаартай ландкруйзер-100 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байх замд замын ховилд шидэгдээд машин нь онхолдчихсон юм. Миний бодлоор машин 1-2 удаа хөрвөөгөөд машины дугуй дээшээ харсан байдалтай зогссон байхад нь арын салхины шил хагарсан байснаар нь мөлхөж гарч ирсэн юм. Машинаас гарч ирэхэд миний нуруу хэсгээр өвдөөд байсан ба машин онхолдох үед миний нуруу руу цементийн дээжний сав цохьсон бөгөөд тухайн үедээ гайгүй байлгүй гэж бодоод хэсэг зуур газар хэвтэж байгаад босоход миний нуруу хэсгээр өвчтэй байсан. Тэгтэл Бээжин юни констракшн монголиа ХХК-ны бас 1 саарал өнгийн ланд круйзер маркийн автомашиныг хятад жолооч уначихсан ирсэн бөгөөд бид нарыг суулгаад кэмпрүү явсан. Кэмп дээр очтол миний нуруу өвдөөд эхлэхээр нь орчуулагч Намараа, ХАБЭА-ийн ажилтан залуу нарт хандаж “миний нуруу нэг л биш байна, би эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй нь ээ” гэж хэлсэн чинь ХАБЭА нь сумын эмнэлэгт рентген, Эхо нтр байхгүй учраас шууд шандруу явуулая, таньд унаа гаргаад өгье гэж хэлээд ХАБЭА ажилтан жолооч бид гурав Сайншандруу 11 цагийн орчимд яваад 16 цагийн орчимд очсон. Тэгтэл Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 дээр очтол рентгений эмч нь байхгүй байна, та хүлээх болох байх гэж хэлэхээр нь ХАБЭА ажилтанд “би энд цаг алдаж байхаар шууд улаанбаатар явъя” гэж хэлтэл намайг таксинд суулгаад Улаанбаатар хотруу явуулсан. Тухайн үед ХАБЭА-н ажилтан нь “та санаа зоволтгүй, хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүл, төлбөр мөнгийг чинь төлчихнө” гэж хэлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагийн орчимд Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд "нурууны компьютер томографийн зураг авхуул” гэхээр нь 2-3 эмнэлэгт үзүүлэхэд цаг байхгүй гэхээр нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Гэмтэл согог судлалын төвийн хажууд “Медтравма” эмнэлэгт нурууны компьютер томографийн зураг авхуулахад 12 дугаар нугаламын их биеийн дээд гадаргууд шахагдсан шинэ хугаралтай байна гэсэн онош гарсан гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/,
-Гэрч Гэрч Хай Баогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Уг машиныг барьдаг албан ёсны жолооч байдаг үгүйг нь бол мэдэхгүй байна. Манай компаний машин бөгөөд өдөр бүр уг машинтай талбайгаа шалгаж явдаг машин байгаа юм. Яг ямар хүн хариуцаж барьдаг гэдгийг нь бол мэдэхгүй байна. Монгол улсад бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй үгүйг нь бол мэдэхгүй байна. Харин дараа нь бол Г нь БНХАУ-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн байсан гэдгийг нь бол мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,
-Гэрч Шиа Хуйгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Уг машиныг барьдаг албан ёсны жолооч бол байхгүй. Манай компаний машин байгаа юм. Тухайн өдөр манай инженер Г нь талбайгаа шалгах гээд уг машиныг аваад гарсан юм билээ. ...Монгол улсад бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх бол байхгүй, харин БНХАУ-д бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн байгаа юм. ...Энэ тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрийг манай компаний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 33-34 ху/,
-Иргэний нэхэмжлэгч Т.Дагиймаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...гүүр хоолойн инженер ажилтай Хятад ард улсын иргэн Г нь 0135 улсын дугаартай Ландкруйзер 100 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ онхолдож зам тээврийн осол гаргасан. Энэ ослоор тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл хохирол тогтоогдсон боловч манай компанийн захирал, удирдлагын зүгээс учирсан хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй, дотооддоо асуудлыг шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Манай компанийн зүгээс ямар нэгэн санал, гомдол байхгүй гэсэн мэдүүлэг /хх 46 ху/,
-Яллагдагч Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 01-35 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод зам барилгын трансын хажуугаар явдаг туслах замаар урд зүгээс хойд зүг рүү кемп рүүгээ явж байтал гэнэт жолоодож байсан тээврийн хэрэгслийн жолооны хүрд баруун гар тал руугаа булаасан. Тэгээд туслах замын баруун гар тал руу гарч тээврийн хэрэгсэл зүүн гар тал руу хажуугаараа унасан. Тээврийн хэрэгслийн 4 дугуй дээшээ харсан байдалтай байсан. Тээврийн хэрэгсэл дотроос хагарсан байсан салхины шилний нүхээр Жао Дежуны хамт гараад дараа нь зорчиж явсан монгол иргэн Лхагвасүрэнг тээврийн хэрэгсэл дотроос нөгөө цонхны нүхээр гарнаас нь татаж гаргасан. Хамт явсан Жао Дежун бид хоёрт гэмтэл шарх учраагүй. Харин Лхагвасүрэн нуруугаа дараад байгаа бололтой байсан. Тухайн үед зорчиж явсан хүмүүсээс нэг ч хүн хамгаалах бүс бүслээгүй явсан. Миний хувьд архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй. Осол тухайн өдрийн 10 цагийн үед болсон гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх 22-23, 87 ху/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №6425 дугаартай:
1.Д.Лхагвасүрэнгийн биед сээрний 12-р нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 57-58 ху/,
-Техникийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №ш/22 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх 62-68 ху/,
-Мөрдөгчийн магадлагаа /хх 69-71 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 75-78 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Гун Юу гуо нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 01-35 УНИ улсын дугаартай Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас осол гаргаж, иргэн Д.Лхагвасүрэнгийн биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г хэргээ хүлээн мэдүүлсэн “Энэ бүх зүйл миний буруугаас болсон, хүлээн зөвшөөрч байна“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Лхагвасүрэнгийн “...кемп рүү 01-35 УНА улсын дугаартай ландкруйзер-100 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байх замд замын ховилд шидэгдээд машин нь онхолдчихсон юм. Миний бодлоор машин 1-2 удаа хөрвөөгөөд машины дугуй дээшээ харсан байдалтай зогссон байхад нь арын салхины шил хагарсан байснаар нь мөлхөж гарч ирсэн. Машинаас гарч ирэхэд миний нуруу хэсгээр өвдөөд байсан ба машин онхолдох үед миний нуруу руу цементийн дээжний сав цохьсон бөгөөд тухайн үедээ гайгүй байлгүй гэж бодоод хэсэг зуур газар хэвтэж байгаад босоход миний нуруу хэсгээр өвчтэй байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Хай Бао, Шиа Хуй, иргэний нэхэмжлэгч Т.Дагиймаа нарын өгсөн мэдүүлгүүд, Ггийн яллагдагчаар өгсөн “Би 01-35 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод зам барилгын трансын хажуугаар явдаг туслах замаар урд зүгээс хойд зүг рүү кемп рүүгээ явж байтал гэнэт жолоодож байсан тээврийн хэрэгслийн жолооны хүрд баруун гар тал руугаа булаасан. Тэгээд туслах замын баруун гар тал руу гарч тээврийн хэрэгсэл зүүн гар тал руу хажуугаараа унасан. Тээврийн хэрэгслийн 4 дугуй дээшээ харсан байдалтай байсан. Тээврийн хэрэгсэл дотроос хагарсан байсан салхины шилний нүхээр Жао Дежуны хамт гараад дараа нь зорчиж явсан монгол иргэн Лхагвасүрэнг тээврийн хэрэгсэл дотроос нөгөө цонхны нүхээр гарнаас нь татаж гаргасан. Хамт явсан Жао Дежун бид хоёрт гэмтэл шарх учраагүй. Харин Лхагвасүрэн нуруугаа дараад байгаа бололтой байсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед сээрний 12-р нугалмын их биеийн хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн №6425 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №ш/22 дугаартай дүгнэлт, гэрэл зураг, мөрдөгчийн магадлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Гун Юунгуогийн үйлдэл нь хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.
Дорноговь аймгийн прокуророос шүүгдэгч Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Лхагвасүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь 17.380.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 134 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Гд Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэлл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Гд тээврийн хэрэгсэлл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.
3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчээс хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА