Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

арван найман насанд хүрээгүй хохирогч Э.М хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, хохирогчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

шүүгдэгч С.Э******* нарыг оролцу тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н Э*******д холбогдох эрүүгийн 1907001600052 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******н Э******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.Э******* нь *******,******* тоотод байх гэртээ 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хүү, бага насны буюу 9 настай Мыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...нэмж хэлэх зүйл байхгүй. Би ер нь гар хүрдэггүй. Тэр өдөр дүүгийнх нь толгой хагарсан гээд багш нь дуудсан. Эмнэлэгт дагуулж 4 оёо тавиулсан. Орой нь 2 хүүхдээ хүлээгээд ирэхгүй толгойгоо боосон дүүгээ дагуулаад оройтсон болохоор би бухимдсандаа уураа ил гаргаад хүүхдээ цохьсон. Энэ бол миний алдаа юм. Хүүхдээ тэгж зодож болохгүй гэдгийг сайн ойлгосон. Би хүүхэдтэйгээ тулж харьцдаггүй байснаас хүүхдүүдээс хөндий болсон байсан. Хэрэг болсноос хойш бид 2-н харьцаа өөр болсон. Цаашид хүүхдүүддээ сайн асарч хүмүүжүүлнэ ” гэв.

Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэртээ байх гоё. Ээжаавдаа хайртай. Хичээлээ тараад толгой боолттой дүүгээ дагуулаад оройжингоо тоглоод аав уурласан. Аавдаа гомдохгүй байгаа . надад өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Намайг хүүхэд хамгааллын байгууллагад байхад ээж дүү нар очсон гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... хохирогч хүүхэд энэ гэмт хэргийн улмаас хохирсноос хойш эрүүл мэндийн болон сэтгэл санааны эмчилгээ үйлчилгээнд хамрагдсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэнсудлав.

Үүнд: Шүүгдэгч С.Э*******н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манай хүү М хичээлээ тараад гадуур яваад ирэхэд нь миний уур хүрч зүүн бугалга хавьд нь 2-3 удаа цохиж өшиглөх үед тонгойх нь таараад нүүрэнд нь хөл хүрсэн. Тэгтэл хүү маань газар унасан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр хуудас/

Хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав минийзүүн талын хацар руу нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 9 дүгээр хуудас/

Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Голомтцогцолбор сургуулийн 4-2 дугаар ангийн багш юм. Манай ангийн сурагч Э.МөнхО нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хичээлдээ ирээгүй байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ирэхдээ нүүр нь хавдсан байдалтай ирэхээр нь би яасын гэж асуухад төмөр мөргөчихсөн гэж хэлэхээр нь төмөр мөргөхөд ийм болохгүй дээ гэхэд төмөр мөргөсөн гээд байсан. Өчигдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би Моос багшдаа үнэнээ хэлчих юм болсон юм бэ гэхэд аав 7 хоногийн өмнө нүүрэнд өшиглөөд ийм болгосон, хэд хоног хичээлд явуулаагүй гэж хэлсэн юм. Тэгээд би дагуулж яваад Налайхын гэмтлийн эмчид үзүүлж цагдаагийн байгууллагад ирж мэдээлэл өгсөн юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 11 дүгээр хуудас/

Гэрч С.Э*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 03дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд хүү М, О нарыг сургууль нь машинтай хүргэж өгөөд явсан. Удалгүй манай хүү Оын ангийн багш нь эхнэр рүү залгаж хүүхдийн чинь духны хэсэгт язарсан байна ир гэж хэлэхэд бид 2 яваад очиход дух нь жаахан шалбарсан байхаар нь яасын гэхэд сургууль руу орохдоо паар мөргөөд уначихсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хүүхдээ аваад Налайхын эмнэлэг дээр очиж духыг нь боолгоод буцааж сургуульд нь аваачиж өгсөн.17 цагийн үед сургуулийн гадаа нь очоод 4 дүгээр ангийн хүү М руу залгахад дүүгээ аваад гэр рүүгээ орж байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод хүлээгээд байхад ирэхгүй удаад 19 цагийн үед хоёулаа орж ирэхээр нь толгойгоо боочихсон дүүгээ дагуулаад хаашаа явчихсан юм бэ гээд хүү Мын зүүн бугалга хавьд нь нэг удаа цохиж өшиглөхөд хүү тонгойж таараад зүүн талын хацар хавьд нь өшиглөчихсөн юм. Тэгтэл нүүрний баруун хацар нь хавдаад хөхрөөд ирэхээр нь би хүйтэн жин тавьж хэд хоног хичээлд нь явуулаагүй гэрт нь байлгаж байгаад 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хичээлд нь явуулсан. Багш нар нь яасын гэвэл аавтай юм хийж байгаад юманд цохичихсон гэж хэлээрэй гэж захисан. Хичээлд нь явуулахад нүүрний зүүн талаас бусад хэсгийн хаван нь буучихсан зүүн хацарт нь бондгор хаван үлдсэн байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч С.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд хүү М, дүү О нарыг нөхөр Э******* сургуульд нь хүргэж өгөөд буцаад явж байхад бага хүү Оын ангийн багш Х над руу залгаад хүүхэд чинь сая дух нь шалбарсан байна та ирэх үү гэхээр нь би ажлаас явж очоод яасын гэхэд О паар мөргөөд духаа шалбалсан байна гэж хэлсэн. Тэгээд хүүгээ эмнэлэг рүү авч яваад духыг нь боолгоод сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа явсан. Орой 19 цагийн үед нөхөр Э******* ажил дээр очиж намайг аваад буцахдаа би Мыг өшиглөөд нүүрийг нь хавдуулчихлаа гэхээр нь яасын гэтэл хичээлээ тараад гэртээ ирэлгүй толгойгоо боочихсон дүүгээ дагуулаад тэнэлээ гээд өшиглөсөн гэж хэлсэн. Гэртээ ирэхэд хүү Мын нүүрний зүүн тал нь хавдсан байсан. Тэгээд хэд хоног хичээлд нь явуулаагүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.М нь2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай түр хамгаалах байранд ирсний маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийхэд зүүн нүд цус хурсан, зүүн хацар, шанаа хэсэг хавдартай, халуунтай, толгой өвдөж байгаа зовиуртай байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлээд шүүх эмнэлэгт үзүүлж бичиж өгсөн эмчилгээний дагуу эмчилгээ асаргаа хийгдсэн. Манайд 14 хоноод, СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн клиникт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тэндээ хацрын хаван хавдрыг буулгах физик эмчилгээ хийгдсэн. СЭМҮТ-аас гарахад нь хүлээж авахад хацар нь эдгээгүй байсан учраас гэмтлийн эмнэлэгийн эрүү, нүүрний эмчид үзүүлэхэд зүүн хацрын булчин задарсан байна, үүнийг одоо залгах боломж байхгүй гэж хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 10-нд Ид шидийн орон хамгаалах байранд хүлээлгэж өгөх үед материалыг нь хамт өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4187 дугаар: “1. Э.Мын биед тархи дот, зүүн хацар, зүүн доод зовхи, зүүншилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүлмэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

Шүүх сэтгэцийн эмгэг судлалын №839 дугаар: “1.Э.М нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 2. Э.М нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 04дүгээр сарын 29-ний хооронд СЭМҮТ-ийн ХӨҮК-д онош: F 91.2 Зан төрхийн нийгэмшсэн эмгэгтэй хэвтэн эмчлүүлсэн байна. Э.Мын дээрх эмгэг нь хүмүүжлийн доголдлын улмаас үүсдэг сэтгэцийн олдмол эмгэг болно. 3. Э.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.” Гэсэн дүгнэлт /хх-191 дүгээр хуудас/,

Материалаар хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийншинжээчийн №772 дугаар: “1.Э.Мын биед тархи дот, зүүн хацрын зөөлөн эдийн няцралцус хуралт, зүүн доод зовхи, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ. 2.4187 дугаартай дүгнэлт гарснаас хойш Э.Мын биед гарсаннэмэлт өөрчлөлт тогтоогдохгүй байна. 3. Э.Мын биед 2019 оны 06 дугаар сарын 14-ний үзлэгээр баруунбугалга, зүүн шуунд хуучин сорви тогтоогдлоо. Сорви гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг сорви гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Э.Мын биед тогтоогдсон нийт гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-203 дугаар хуудас/

Гэрч Б.А, Х.А, Б.А нарын хүүхэд хэрхэн асарч сувилж хамгаалж байсан талаар өгсөн мэдүүлгүүд , Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ, Налайх дүүргийн 1 р хорооны Засаг даргын тодорхойлолт, ийн тодорхойлолт, хохирогч хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хохирогч Э.Мыг асран хамгаалж байсан төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох баримтууд зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.Э******* нь *******,******* тоотод байх гэртээ 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хүү, бага насны буюу 9 настай Мыг зодож эрүүл мэндийн болон сэтгэл санааны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч С.Э******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манай хүү М хичээлээ тараад гадуур яваад ирэхэд нь миний уур хүрч зүүн бугалга хавьд нь 2-3 удаа цохиж өшиглөх үед тонгойх нь таараад нүүрэнд нь хөл хүрсэн. Тэгтэл хүү маань газар унасан..." гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав миний зүүн талын хацар руу нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би Моос багшдаа үнэнээ хэлчих юм болсон юм бэ гэхэд аав 7 хоногийн өмнө нүүрэнд өшиглөөд ийм болгосон, хэд хоног хичээлд явуулаагүй гэж хэлсэн юм....” гэсэн мэдүүлэг, гэрч С.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 19 цагийн үед нөхөр Э******* ажил дээр очиж намайг аваад буцахдаа би Мыг өшиглөөд нүүрийг нь хавдуулчихлаа гэхээр нь яасын гэтэл хичээлээ тараад гэртээ ирэлгүй толгойгоо боочихсон дүүгээ дагуулаад тэнэлээ гээд өшиглөсөн гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №4187 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №772 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч С.Э******* нь өөрийн хүү Э.Мын бие махбодынхүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7., 2.8-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхдийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх ба Улсын яллагчийн зүгээс уг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон ба хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ******* овогт *******н Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Э*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгох ял оногдуулах, зан үйлээ засах сургалтанд хамрах үүргийг оногдуулах дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авах санал тус тус гаргасан болно.

Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтийгхаргалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн нөхцлийг хүндрүүлэх нөхцөлд тооцож шүүгдэгчид 500 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноож, ял эдлэх хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийнбаримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаарзүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******н Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э*******д 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э*******д оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялаа эдлэх хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

5. Шүүгдэгч С.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД