Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

 

 

                                 2021/ШЦТ/47

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: Б.Буяндалай

Хохирогч: Д.Ж

Шүүгдэгч: Б.А

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Бын Ад холбогдох 2112000000018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн Арслан цохио хороололд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ховогт Бын А /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.А нь Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн Арслан цохио хорооллын задгай тоотод 2021 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу нөхөр Д.Жыг баруун гуя, зүүн шилбэ орчимд нь хутгалж, эрүүл мэндэд нь баруун гуя, зүүн шилбэнд хутгалагдсан шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд хохирогч Д.Ж мэдүүлэхдээ: Тухайн өдөр найзуудтайгаа архи ууж байгаад гэртээ харьсан. Гэртээ хариад айл руу очих гэтэл эхнэр хамт явна гэж байсан. Үүнээс хойш болсон зүйлээ санахгүй байна. Тэгсэн чинь нэг мэдэхэд хутгалуулсан байсан. Тэгээд ээжийгээ дуудаад ээж ирсэн. Мөн ээж эмнэлэг рүү хэлээд  сумын цагдаа ирсэн гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000018 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Жы мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 16-ны үдээс хойш 15 цагийн үед шиг санаж байна, машины дугуй нөхүүлэх гэж гараад сургуулийн урд талын хорооллын хамгийн арын гудамжны хойшоо харсан Б гэдэг хүний дугуй засвар дээр очоод дугуйгаа засуулчихаад байж байтал М, А гэдэг миний найзууд дугуй засуулах гээд ирсэн. Тэгээд байж байтал Өлзийт гол багийн 1 залуу ирээд хэн гэдгийг нь санахгүй байна, 1 шил архи авчирч өгөөд өөрөө нөгөө архинаасаа 1 удаа уучихаад яваад өгсөн бөгөөд үлдсэн архийг нь М бид 2 хувааж уусан. Гэтэл А, М бид хоёрт нэг шил архи авч өгсөн бөгөөд өөрөө уугаагүй. М бид 2 архийг хувааж уусан. Тэгж байтал манай найз Б ирсэн. Тэгсэн чинь А би чамайг гэрт чинь хүргэж өгье гэхээр нь Б бид 2 машинд нь суугаад гэртээ хүргүүлээд гэртээ орсон чинь манай эхнэр А гэртээ байхгүй болохоор нь буцаж гараад явж байтал манай эхнэр А Мын машинд суугаад явж байснаа Аын машиныг хараад буугаад ирсэн. Тэгээд манай эхнэр Аын машинд суугаад бид нар гэртээ ирсэн. Эхнэр бид 2 гэртээ байж байтал М эхнэртэйгээ манайд ирсэн. Би гэртээ байсан 1 шил архийг задлаад М, Мын эхнэр, манай эхнэр, А бид 4 хувааж уугаад би уг нь Быг миний мотоциклийг дөхүүлээд өгөөрэй гэж утсаар ярьсан байсан. Тэгсэн чинь М гэр рүүгээ явахаар нь би хамт яваад замдаа дугуй засвараас мотоциклио аваад гэртээ ирсэн. Тэгсэн чинь Б чиний мотоцикль алга байна гээд ирэхээр нь би өөрөө яваад аваад ирсэн гэж хэлсэн. Б бид хоёрын хэн нь ярьсныг нь мэдэхгүй, Мынд очъё гээд явах гэсэн чинь манай эхнэр А би хамт явна гээд байсан санагдаж байна. Тэрнээс хойш юу болсныг би угаасаа санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь гэртээ байсан бөгөөд баруун талын гуя руу өвдөөд нойтон оргиод байхаар нь өмдөө тайлаад үзсэн чинь цус гарч байхаар нь юу болсон юм, яасан юм гэсэн чинь манай эхнэр А намайг хутгалчихсан байсан. Тэгээд би өөрийн ээж Б руу утсаар яриад дуудсан чинь удалгүй ирсэн. Манай ээж, охин дүү 2 хамт ирсэн. Ээж өөрийнхөө дүү А ахыг дуудаад машинаар нь эмнэлэг рүү хүргүүлээд эмнэлэг дээр ирж шархаа оёулсан. Би угаасаа санахгүй байгаа юм. Б бид 2 Мынд очно гэсэн чинь манай эхнэр хамт явна гээд байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Би эхнэр Атайгаа маргалдсан юм шиг байна лээ. Миний баруун талын гуяны урд хэсэгт хутгалсан, зүүн хөлийн шилбэ рүү бас хутгалсан байсан. Би зүүн хөлийн шилбэ рүү хутгалсныг нь мэдээгүй бөгөөд нойтон оргиод байхаар нь ээжээр үзүүлсэн чинь хутганы үзүүр орсон байна гэж хэлж байсан. Хааяа нэг хэрэлдэж маргалдаж байсан. Тэгэхдээ тэр болгон хэрэлдэж маргалдаад байдаггүй юм. Хааяа, хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Хүн өдөж хоргоогоод хэрүүл өдөөд байвал зүгээр байхгүй, адилхан хэрэлдэж маргалдана. Хүн янз бүрийн юм яриад байхгүй бол яах ч үгүй зүгээр л байдаг. Намайг архи уугаад согтуу гэртээ орохоор манай эхнэр архи уулаа гэж хэлэхээр нь би уурлаад хэрэлдэж, маргалдаж байсан. Тэрнээс цохиж нүдээд байсан асуудал байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай эхнэр намайг үгэнд нь орохгүй маргалдаад байхаар нь хутгаар айлгах гээд хатгасан чинь миний гуя руу хутга нь орчихсон гэсэн. Зүүн хөлийн шилбэ рүү хутгалснаа санахгүй байна гэсэн. Манай эхнэр уурлахаараа багтраад заримдаа юугаа ч мэдэхээ байчихдаг юм. Би ч өөрөө хутгалуулснаа мэдээгүй. Манай эхнэр ч тухайн үедээ мэдээгүй байна лээ. Гуя руу өвдөөд нойтон оргиод байхаар нь үзсэн чинь хутгалчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бы мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн орчимд миний утас руу Д.Жы эхнэр Б.А залгаад Д.Ж дугуй нөхүүлнэ гээд гарсан чинь ирдэггүй, архи уугаад явчих шиг боллоо, чи гадуур дугуй засваруудаар яваад үзээдэхээч гэхээр нь би гэрээсээ гараад сургуулийн урд талын хорооллын хамгийн арын гудамжинд дугуй засвар дээр ирсэн чинь Ж дугуйг засуулаад байж байхаар нь явъя, чамайг эхнэр чинь асуугаад байна гээд дугуй засварын хажуу талд зогсож байсан бөгөөд машинд суулгаад гэрт нь ирсэн чинь эхнэр нь байхгүй болохоор нь буцаад гараад явж байсан чинь Мын машин явж байхаар нь зогссон чинь Жы эхнэр А буугаад ирэхээр нь би сууж явсан машиндаа Аыг суулгаад Жы гэрт ирсэн. Тэгээд би нөгөө машинтайгаа яваад дугуй засвар дээрээс өөрийнхөө мотоциклийг аваад гэртээ ирээд байж байсан чинь Ж над руу утсаар яриад миний мотоциклийг дөхүүлээд өгөөч гэхээр нь мотоциклийг нь аваачаад өгчихье гэж бодоод дугуй засвар дээр ирсэн чинь Жы мотоцикль байхгүй болохоор нь Жы гэрт ирсэн чинь Ж би өөрөө яваад мотоциклио аваад ирсэн гэж хэлэхээр нь чи мотоциклио өөрөө очоод авсан юм бол хэлчихгүй яасан юм, намайг алхуулаад гэж хэлсэн. Тэгээд байж байтал Ж, А хоёр Мынд очъё гэхээр нь за тэгье гээд Жы мотоциклийг би бариад Ж, А хоёр миний ард сундлаад Мынд очсон чинь М байхгүй, эхнэр нь унтаж байсан. Тэгээд буцаад явж байхдаа эмнэлгийн хойд талын гудамжинд замын гөлөөн дээр мотоцикльтойгоо гурвуулаа унасан. Би мотоцикльд нь хөлөө даруулчихаад авч чадахгүй байсан чинь А яваад өгсөн. Тэгсэн чинь араас нь Ж нэг нь хөлөө даруулчихаад байхад чинь хамжаад босгоод өргөчихөд яадаг байна гэж хэлсэн. Ж бид хоёр гэрт нь ирэхэд А гэртээ ирчихсэн, их ууртай байсан. А юунаас болж уурласныг нь мэдэхгүй. А, Ж 2 маргалдсан. Жыг архи уулаа гэж маргалдсан байх. Тэгсэн чинь Ж уурлаад сандал аваад шидэх гэхээр нь би Жыг араас нь тэвэрч аваад орон дээр суусан. А урд нь ирэх шиг болсон чинь гуя руу нь хутгалчихсан байсан. Тэгээд А хадам ээж рүүгээ яриад Жы ээж Б эгч бага охинтойгоо хамт орж ирсэн. Тэгээд Анхаа ахыг дуудаад машинтай нь эмнэлэг дээр авч ирсэн. Сүүлд нь эмнэлэг дээр очсон хойноо Ааас чи яаж байгаа юм бэ гэсэн чинь айлгах гэсэн чинь харин гуя руу нь  хутгалчихсан байна лээ, архи уухаар нь миний уур хүрээд байдаг юм, архинаас болж л хамаг асуудал үүсдэг, тэрнээс бол бид 2 хэрэлдэж маргалдаад байдаггүй гэж ярьж байсан. А Жыг архи уулаа, аль өдөр дугуй засуулна гээд гарсан гэж загнаснаас болж маргалдсан. Тэрнээс өөрөөр маргалдаагүй. Ж дугуй засварын тэнд архи уугаад нэлээн халамцуу байсан. А нэг их согтуу биш байсан. Гэхдээ ууртай байгаад байсан. Намайг Жы гэрт очихоос өмнө М, Мын эхнэр, Ж, А 4 нэг шил архи хувааж уусан гэж ярьж байсан. Тэгээд Мын очъё гэж яриад байсан. Би хаанаас хутга авсныг нь хараагүй. Сүүлд нь харахад шар цоохор юм уу, эрээн иштэй хутга харагдах шиг болсон. Би Жыг араас нь тэврээд орон дээр суусан байсан болохоор сайн хараагүй. Би Жы гарыг араас нь тэврээд хойшоо орон дээр суусан байсан бөгөөд А ирэх шиг болсон чинь гуя руу нь хутгалсан байсан. Зүүн хөлийн шилбэ рүү хэзээ нь хутгалсныг мэдэхгүй. Намайг Жы араас нь тэвэрсэн байхад Ж 2 хөлөөрөө ээлжлээд савчаад байсан. Тэгэхэд л шилбэ рүү нь хутгалсан байх гэж бодож байна. Би Ааас нөхрөө яагаад хутгалсан талаар асуугаагүй. Ж архи уудаг. Гэхдээ янз бүрийн илүү зан ааш байхгүй. Би бага зэрэг архи уусан байсан. Гэхдээ тийм их согтуу байгаагүй. Ж архи ууж эхнэр, хүүхдэдээ агсан тавьдаг байсан талаар би сайн мэдэхгүй байна. Ж, А нар гэрлээд 10 гаруй жил болсон байх...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аын мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд сургуулийн урд талын хорооллын хамгийн ард талын гудамжинд байдаг дугуй засвар дээр дугуй засуулах гэж ирсэн чинь Д.Ж мотоциклийн дугуй засуулах гээд зогсож байсан. Тэгээд байж байтал Г.Б гэдэг залуу ирсэн. Би Д.Жыг чи архи уусан согтуу байна, мотоциклио үлдээчих, өглөө эрүүл болоод ирээд ав, би чамайг гэрт чинь хүргээд өгье гээд Б, Ж хоёрыг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн чинь Ж, Б хоёр Жы гэрт нь ороод эхнэр нь байхгүй байна гээд гарч ирээд миний машинд суусан. Тэгсэн чинь Ж би угаасаа мотоциклио авна гэхээр нь дугуй засвар руу явж байтал замд нэг машин тааралдаад зогссон чинь М гэдэг хүн байсан. Тэгсэн чинь Мын машинаас Жы эхнэр бууж ирээд миний машинд суухаар нь би гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн. Миний машинд хоёулаа суугаад явж байхдаа хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Архи уусан халамцуу байсан. Гэхдээ тийм ч их согтуу байгаагүй. А архи уугаагүй эрүүл байсан. Надад л архи үнэртээгүй. Дугуй засварын Б, Ж, М /халзан банди/ энэ гурван хүн байсан. Дараа нь Б ирсэн. Намайг очиход Ж, М 2 нэг шил архи уугаад дуусч байсан. Тэгэхээр нь би өөрөө 1 шил архи авч Ж, М хоёрт өгсөн бөгөөд тэр хоёр хувааж уугаад дууссан. Дахиж архи нэмж уугаагүй. Ж архи уух нь уудаг. Архи уусан үедээ ямархуу ааш зантайг нь мэдэхгүй байна. Ж архи уусан үедээ эхнэр, хүүхдэдээ агсан тавьж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эсэх талаар би сайн мэдэхгүй. Ж, А нар гэр бүл болоод 10 гаруй жил болсон байх. 3 хүүхэдтэй шиг санаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бын мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө намайг гэртээ унтаж байтал манай хүү Ж над руу утсаар яриад ээжээ намайг манай эхнэр А хутгалчихлаа гэхээр нь хөдөөнөөс ирсэн охинтойгоо Жы гэрт ирсэн чинь манай хүү Ж баруун гуяа хар даавуугаар боочихсон, боосон газраас нь цус гарчихсан шалан дээр нь нэлээн цус гарсан байсан. Тэгээд би гэрээсээ авч гарч ирсэн бинтээр шархыг нь боогоод төрсөн эгчийн хүү болох Аыг дуудаад машинтай нь эмнэлэг рүү авч яваад эмчид үзүүлээд шарханд нь оёдол тавьж байж цусыг нь тогтоосон. Жы гэрт нь ороход манай хүү Ж, бэр А, хүүгийн найз Б нар байсан. Өөр хүн байгаагүй. Хэрэлдэж, маргалдаж янз бүр болсон юм байгаагүй. Аыг юунаас болж нөхрөө хутгалсныг юун асуухтай манатай, шууд эмнэлэг рүү авч явсан. Жы биеийн баруун гуяных нь урд хэсэгт, зүүн хөлийн шилбэнд нь гээд 2 газар хутгалсан байсан. Би том хүүтэйгээ хамт айл байдаг болохоор сайн мэдэхгүй байна. Уг нь хэдэн жилийн өмнө айл хамт зусаад, намарждаг байхад аав нь ч амьд байсан бөгөөд архи дарс уугаад байдаггүй л байсан. Харин салж нүүснээс хойш архи уудаг болсон үгүйг нь мэдэхгүй байна. Архи уухаараа ямар ааш зантайг нь мэдэхгүй байна. Манай хүү бэр 2 урьд өмнө нь хэрэлдэж, маргалдаж байсан эсэх талаар надад мэдэх юм байхгүй. Тэр хоёр хэрэлдэж маргалдлаа л гэж сонсогдож байгаагүй. Тэр хоёр гэр бүл болоод нэлээн хэдэн жил болсон бөгөөд 3 хүүхэдтэй. Хоёулаа дуу шуу багатай, нэг их юм яриад байдаггүй хүмүүс байгаа юм. Би болж бүтэж байгаа хойно амьдрал ахуйд нь оролцоод юу хийх вэ гэж бодоод том хүүтэйгээ айл аймаг явдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Аын мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлд тохирч байна. 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би нөхөр Д.Жд хоёулаа Чахынд очиж маань хөгжөөе гэсэн чинь би ажилтай завгүй гээд 14 цаг өнгөрч байхад куртикээ өмсөөд мотоциклио унаад гараад яваад өгсөн. Чгэдэг хүн манай ээжийн ах нь байгаа юм. Саяхан эхнэр нь нас барсан учраас хамт очиж маань хөгжөөе гэсэн чинь гараад явчихсан. Би Чахынд маань хөгжөөчихөөд гэртээ ирсэн чинь манай нөхөр Д.Ж байхгүй байхаар нь хүүхдүүдээсээ асуусан чинь ирээгүй гэхээр нь би найз Б руу утсаар яриад Ж 2 цаг өнгөрөөгөөд гараад явсан чинь байдаггүй, аягүй бол архи уусан байх, чи гадуур хайгаад олоод аваад ирээч гэсэн чинь за ч гээгүй, үгүй ч гээгүй утсаа салгасан. Тэгээд нэлээн удсан ирэхгүй болохоор нь би Хүрэм багийн нэрийг нь мэдэхгүй М гэдэг машинтай хүн рүү яриад манайд хүрээд ирээч, Ж өдөр гараад явсан, байдаггүй араас нь Б яваадах гэсэн чинь чимээгүй болчихлоо, хүйтэн байгаад байна, энд тэнд уначихвал яана гэсэн чинь М эхнэртэйгээ хамт манайд хүрээд ирэхээр нь гурвуулаа гараад хайгаад явж байсан чинь сургуулийн урд талын хорооллоос урагшаа 2 машин яваад өгөхөөр нь тэр 2 машины араас нь очсон чинь манай нөхөр Ж саарал өнгийн машинд сууж байхаар нь юу хийж байгаа юм бэ, явъя, цаашаа суу гээд тэр машинд нь суугаад гэртээ хүргүүлсэн. Тэгээд Бг чи хурдан харь жаахан байж байгаад би утсаар ярьж эхнэрээс чинь асууна шүү гэсэн чинь за гээд яваад өгсөн. Тэгээд гэртээ хариад байж байтал М эхнэртэйгээ манайд ороод ирсэн. Манай нөхөр Ж хүмүүс ороод ирлээ, ганц шил архи байгаа биз дээ гэхээр нь яаж ч чадахгүй байсан нэг шил архиа гаргаад дөрвүүлээ архиа хувааж уугаад М эхнэртэйгээ харих гээд явсан. Харин манайхан унтах гэж байтал Б манайд ирсэн бөгөөд Ж, Б 2 хамт Мынд очно гээд яриад байхаар нь та хоёрыг явуулчихаад би юу бодож суух вэ гээд хамт явахаар болоод манай мотоциклийг Б бариад Ж бид 2 ард нь сундлаад Мынд очсон чинь М байхгүй, эхнэр нь унтаж байхаар нь бид 3 буцаад явж байхдаа эмийн сангийн хажуу талд зам дээр мотоцикльтойгоо унасан бөгөөд би арай гэж боссон чинь манай нөхөр надад уурлаад байсан. Би намар үхэрт дайруулаад хөлөө хугалаад, одоо бороолоод овоо гайгүй болоод яваад байгаа юм. Би хөлийнхөө бороогоо салгачихвал тэрнээсээ эс болно гэж бодоод гэр рүүгээ яваад өгсөн. Миний уур ч хүрсэн. Гэртээ ирээд унтах гэж байтал Ж, Б 2 хүрээд ирэхээр нь миний уур хүрээд чи яахаараа гудамжинд хүн рүү уурлаад, орилж, хашгираад байдаг юм бэ гэж хэлчихээд уур хүрээд гарч бие засчихаад буцаад орох гэсэн чинь хаалга түгжсэн байхаар нь татаж байгаад гэртээ орж ирээд тогооны авдраас шар эрээн бариултай хутга аваад Жыг айлгах гээд гуя хавь руу нь хий хатгасан чинь цус гараад эхэлсэн. Би цус хараад айгаад тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа юм. Намайг орилж хашгираад эхэлсэн чинь Б чи тайвшир, тайвшрахгүй бол болохгүй гэж зөндөө аргадаад байсан санагдаж байна. Тэгсэн чинь манай хадам ээж Б, манай нөхрийн охин дүү нар ирсэн байсан. Би нүүр гарын алчуураар боож, цусыг нь тогтоох, боох гээд байж байсан чинь А ах машинтайгаа ирээд бүгдээрээ эмнэлэг рүү явсан бөгөөд очоод эмчид үзүүлсэн чинь баруун талын гуяны урд хэсгийн гадна талаас нь дотор тал руу нэвт хутгалагдсан юм шиг шарх байна гэсэн. Бас зүүн хөлийн шилбэнд нь хутгалагдсан шарх байна гэсэн. Би зүүн хөлийн шилбэ рүү нь хэзээ хутгалснаа санахгүй байгаа юм. Одоо манай нөхөр Ж бие нь зүгээр болсон. Би нөхрөө хутгалъя гэж бодоогүй, хутга аваад айлгая гээд баруун гуя хавь руу нь дээгүүр нь хатгах шиг болсон чинь цус гараад эхэлсэн. Тэрнээс хойш юу болсныг би заримыг нь сайн санахгүй байгаа юм. Эмч хэлэхдээ баруун гуяны урд хэсэг гадна талаасаа дотор тийшээ нэвт хутгалсан юм шиг байна, зүүн хөлийн шилбэнд нь бас хутгалсан шарх байна гэж хэлж байсан. Б хэр уусныг мэдэхгүй. Гэхдээ согтуу байсан. Ж ч бас согтуу байсан. Манайд М эхнэртэйгээ ирээд манай нөхөр бид 4 нэг шил архи хувааж уусан. Намайг шахаад байхаар нь би тэрнээс нь уусан. Тэгээд жаахан халсан байсан. Би Жыг цохиж, зодсон зүйл байхгүй. Би нөхрөө айлгая гэж бодоод тогооны авдраасаа хутга аваад гуян дээгүүр нь хий хатгалаа гэж бодсон чинь гуя руу хутгалчихсан байсан. Тэрнээс хойш юу болсныг би сайн мэдэхгүй байгаа юм. Манай нөхөр бид 2 хааяа нэг найз нөхөдтэйгээ нийлж архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ янз бүрийн ааш зан байхгүй. Манай нөхөр архи уухаараа их шуналтай уудаг бөгөөд заримдаа 2-3 хоногоор уудаг. Архи уусан үедээ жаахан агсан талдаа бөгөөд хэрүүл өдөөд байдаг юм. Манай нөхөр өмнө нь намайг цохиж, зодож байгаагүй. Тэр үед ч гэсэн цохиж, зодоогүй. Харин хэрүүл, маргаан хийх гээд байдаг юм. Архи уулаа гэхээр урдаас хэрэлдэж, маргалддаг байсан. Тухайн үед нь би өөрийнхөө болон аав, ээж, нөхрийнхөө нэр сүрийг бодоод цагдаад дуудлага өгдөггүй байсан юм. Би нөхөр Д.Жтайгаа эвлэрсэн. Надад гомдол, санал байхгүй гэсэн тул надад холбогдох хэргийг хурдан хугацаанд шийдэж өгнө үү гэж хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 61 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Жы биед баруун гуя, зүүн шилбэнд хутгалагдсан шарх, зүүн гарын чигчий хуруу дагуу зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Баруун гуя, зүүн шилбэнд хутгалагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Зүүн гарын чигчий хурууны зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Баруун гуя, зүүн шилбэнд хутгалагдсан шарх гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын чигчий хурууны зулгаралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 38 хуу/

           

            Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-08 хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 53 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн Арслан цохио хорооллын Задгай тоотод 2021 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Д.Ж нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас өөрийн эхнэр Б.Ад хутгалуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Б.А нь Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн Арслан цохио хорооллын Задгай тоотод 2021 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу нөхөр Д.Жыг баруун гуя, зүүн шилбэ орчимд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                                 

           мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Жы мэдүүлсэн “Нэг мэдсэн чинь гэртээ байсан бөгөөд баруун талын гуя руу өвдөөд нойтон оргиод байхаар нь өмдөө тайлаад үзсэн чинь цус гарч байхаар нь юу болсон юм, яасан юм гэсэн чинь манай эхнэр А намайг хутгалчихсан байсан. Тэгээд би өөрийн ээж Б руу утсаар яриад дуудсан чинь удалгүй ирсэн. Манай ээж, охин дүү 2 хамт ирсэн. Ээж өөрийнхөө дүү А ахыг дуудаад машинаар нь эмнэлэг рүү хүргүүлээд эмнэлэг дээр ирж шархаа оёулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бы мэдүүлсэн “А, Ж 2 маргалдсан. Жыг архи уулаа гэж маргалдсан байх. Тэгсэн чинь Ж уурлаад сандал аваад шидэх гэхээр нь би Жыг араас нь тэвэрч аваад орон дээр суусан. А урд нь ирэх шиг болсон чинь гуя руу нь хутгалчихсан байсан. Тэгээд А хадам ээж рүүгээ яриад Жы ээж Б эгч нь бага охинтойгоо хамт орж ирээд Анхаа ахыг дуудаад машинтай нь эмнэлэг дээр авч ирсэн. Сүүлд нь эмнэлэг дээр очсон хойноо Ааас чи яаж байгаа юм бэ гэсэн чинь айлгах гэсэн чинь харин гуя руу хутгалчихсан байна лээ, архи уухаар нь миний уур хүрээд байдаг юм, архинаас болж л хамаг асуудал үүсдэг, тэрнээс бол бид 2 хэрэлдэж маргалдаад байдаггүй гэж ярьж байсан. А Жыг архи уулаа, аль өдөр дугуй засуулна гээд гарсан гэж загнаснаас болж маргалдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бын мэдүүлсэн “2021 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө намайг гэртээ унтаж байтал манай хүү Ж над руу утсаар яриад ээжээ намайг манай эхнэр А хутгалчихлаа гэхээр нь хөдөөнөөс ирсэн охинтойгоо Жы гэрт ирсэн чинь манай хүү Ж баруун гуяа хар даавуугаар боочихсон, боосон газраас нь цус гарчихсан шалан дээр нь нэлээн цус гарсан байсан. Тэгээд би гэрээсээ авч гарч ирсэн бинтээр шархыг нь боогоод төрсөн эгчийн хүү болох Аыг дуудаад машинтай нь эмнэлэг рүү авч яваад эмчид үзүүлээд шарханд нь оёдол тавьж байж цусыг нь тогтоосон. Жы гэрт нь ороход манай хүү Ж, бэр А, хүүгийн найз Б нар байсан. Жы биеийн баруун гуяных нь урд хэсэгт, зүүн хөлийн шилбэнд нь гээд 2 газар хутгалсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/,

 

            мөрдөн байцаалтын шатанд Б.Аын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлд тохирч байна. Гэртээ ирээд унтах гэж байтал Ж, Б 2 хүрээд ирэхээр нь миний уур хүрээд чи яахаараа гудамжинд хүн рүү уурлаад, орилж, хашгираад байдаг юм бэ гэж хэлчихээд уур хүрээд гарч бие засчихаад буцаад орох гэсэн чинь хаалга түгжсэн байхаар нь татаж байгаад гэртээ орж ирээд тогооны авдраас шар эрээн бариултай хутга аваад Жыг айлгах гээд гуя хавь руу нь хий хатгасан чинь цус гараад эхэлсэн. Би цус хараад айгаад тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа юм. Намайг орилж хашгираад эхэлсэн чинь Б чи тайвшир, тайвшрахгүй бол болохгүй гэж зөндөө аргадаад байсан санагдаж байна. Тэгсэн чинь манай хадам ээж Б, манай нөхрийн охин дүү нар ирсэн байсан. Би нүүр гарын алчуураар боож, цусыг нь тогтоох, боох гээд байж байсан чинь А ах машинтайгаа ирээд бүгдээрээ эмнэлэг рүү явсан бөгөөд очоод эмчид үзүүлсэн чинь баруун талын гуяны урд хэсгийн гадна талаас нь дотор тал руу нэвт хутгалагдсан юм шиг шарх байна гэсэн. Бас зүүн хөлийн шилбэнд нь хутгалагдсан шарх байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50/,

 

            хохирогч Д.Жы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 61 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ховогт Бын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар эрээн иштэй 28 см урттай, ажлын хэсэг нь 15.5 см урттай, ишний хэсэг нь 13 см урттай, 3.5 см өргөнтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байх ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 тоот тогтоолоор яллагдагч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Б.А зөвшөөрсөн байна.

                                                

             Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ховогт Бын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар эрээн иштэй 28 см урттай, ажлын хэсэг нь 15.5 см урттай, ишний хэсэг нь 13 см урттай, 3.5 см өргөнтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ