Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/136

 

 

 

 

 

   

                                

      2022         08           16                                        2022/ШЦТ/136

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эд холбогдох эрүүгийн 2219002710210 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: А.Э

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.Э нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Э.Ууганбаярыг өөдөөс салаавч гаргалаа гэх зүйлээр шалтаглан түүний нүүр хэсэг рүү алгадаж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч А.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Энэ хүүхэдтэй уулзъя гэсэн юм. Тэгтэл тэр хүүхэд өөдөөс салаавч гаргаад байсан. Тэгээд уураа барьж чадалгүй алгадсан. Учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хийсэн хэргээ ойлгож гэмшиж байгаа. Дахин ийм хэрэг хийхгүй. Хохиролд 300.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг,

           -Насанд хүрээгүй хохирогч Э.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн үед хөдөө Оюунбилэг эгчийн гэр лүү явах гээд манай ах Анхбаярын мотоциклыг хараад байж байсан чинь Ганбаа гэх ах ирж мотоциклыг нь янзалсан. Бид хоёр 50 метр зайнд овгор шороо байсныг би мотоциклтой тойроод ирэх хооронд Э ах Влерка ах хоёртой таарсан цагаан өнгийн 03-53 ДГС гэсэн улсын дугаартай машинтай явж байсан. Тэгээд сигналдаад байхаар нь зогссон тэгээд Э ахыг би адуу асуух гэж байгаа юм байх гэж бодсон Влерка нь хүний мотоциклын түлхүүр аваад ир пизда минь гэсэн. Тэгэхээр нь би та чинь юун донгио юм яриад байгаа юм бэ би өчигдөр орой хөдөө байдаг Оюунбилэг эгчийн гэрээс ирсэн гээд хөдлөөд Оюунбилэг эгчийнх рүү ирсэн чинь араас тэр хоёр ирээд Влерка нь чи муу юу гээд хуцаад байгаа юм бэ бацаан минь гэхэд тэгэхээр нь би та чинь юу яриад байгаа юм бэ гэсэн чинь би чамайг ална шүү бацаан минь гэсэн алаач дээ таниар алуулдаг юм гэж юу байсан бэ гэхэд Э дуугай байлдаа чи чинь яасан ядаргаатай юм бэ гэсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг юм бэ Влерка чинь өөрөө хүн амьтан доромжлоод байгаа биз дээ гээд та яах гээд байгаа юм бэ ер нь хэн юм бэ гэхэд Э байна гээд намайг байшин налаад сууж байхад гараараа хацар руу хоёр цохиод хөлөөрөө нэг эрүү рүү цохисон би амаа ч олигтой ангааж чадахгүй болсон. Тэгээд миний толгой эргээд босох гэсэн чинь нүд бүрэлзээд байсан. Тэгээд хамраас минь цус гарсан гэсэн мэдүүлэг /хх 25-26 ху/,

            -Гэрч Б.Влеркагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 07 сарын 02-ны өглөө 09 цагийн үед... Ууганбаяр нь гэж Зүүнбаянгийнхан дуудах залуугийн хашаанд Э эмнэг үрээгээ мотоцикл унаж явж байгаад бид хоёртой зөрсөн дуудаад зогсоох гэсэн боловч зогсоогүй тэгээд бид хоёр Оюунбилэг гэх эгчийнх руу нь араас давхиж очсон юм. Тэгээд би М.Батаалай гэх залуугийн мотоциклын түлхүүрийн асуухад Ууганбаяр түй май халзан толгойтод ямар хамаа байсан юм гэсэн. Тэгэхээр нь Э очоод тэгж болохгүй ш дээ ахын дүү наад чинь настай хүн шүү гэж хэлэхэд бид хоёрт ахиад салаавч гаргаад та хоёрт хамаагүй шүү гэсэн тэгээд Э дахиж очиж уулзаад юм ярьж байсан тэгсэн дахиж салаавч гаргаад байсан над руу бас гаргасан. Тэгээд Э ам руу нь алгадсан бололтой Ууганбаярын хамраас нь цус гараад эгч Оюунбилэг нь хараад утсаар  ээж рүү нь залгаж ээж нь ирсэн бид хоёр хоёулаа ээжтэй нь уулзсан юу болсон талаар ээжид нь хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 34-35 ху/,

           -Яллагдагч А.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ууганбаяр гэх хүүхэд мотоциклтой явж байсан. Влерка тэр хүүхдээс мотоциклийн түлхүүр асууна гээд очиж уулзсан. Тэгээд тэр хоёр түлхүүрийн талаар ярилцаж байгаад сүүлдээ маргалдаад Ууганбаяр гэх хүүхэд нь салаавч гаргаад хэрэлдээд байсан. Тэгээд би боль гэсэн чинь миний өөдөөс салаавч гаргаад байсан тэгэхээр нь хоёр удаа гараараа хацар хэсэг рүү нь алгадсан гэсэн мэдүүлэг /хх 54-55 ху/,

          -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №02/0335 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Э.Ууганбаярын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 10 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас /хх 6-7ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 46-48 ху/зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч А.Э нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Э.Ууганбаярыг өөдөөс салаавч гаргалаа гэх зүйлээр шалтаглан түүний нүүр хэсэг рүү алгадаж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч А.Эы өгсөн “тэр хүүхэд өөдөөс салаавч гаргаад байсан. Тэгээд уураа барьж чадалгүй алгадсан. Учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Ууганбаярын өгсөн “Оюунбилэг эгчийнх рүү ирсэн чинь араас тэр хоёр ирээд Влерка нь чи муу юу гээд хуцаад байгаа юм бэ бацаан минь гэхэд тэгэхээр нь би та чинь юу яриад байгаа юм бэ гэсэн чинь би чамайг ална шүү бацаан минь гэсэн алаач дээ таниар алуулдаг юм гэж юу байсан бэ гэхэд Э дуугай байлдаа чи чинь яасан ядаргаатай юм бэ гэсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг юм бэ Влерка чинь өөрөө хүн амьтан доромжлоод байгаа биз дээ гээд та яах гээд байгаа юм бэ ер нь хэн юм бэ гэхэд Э байна гээд намайг байшин налаад сууж байхад гараараа хацар руу хоёр цохиод хөлөөрөө нэг эрүү рүү цохисон би амаа ч олигтой ангааж чадахгүй болсон. Тэгээд миний толгой эргээд босох гэсэн чинь нүд бүрэлзээд байсан. Тэгээд хамраас минь цус гарсан” гэсэн мэдүүлэг,            гэрч Б.Влеркагийн гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн №02/0335 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч А.Эы үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

          Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Ууганбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 300.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч талаас “гомдол саналгүй, хохирлоо нөхөн төлүүлсэн” гэсэн хүсэлт гаргасан болох нь хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч А.Эыг учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч А. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА