Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/02521

 

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/02521

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Э....ийн гудамж ..., Нарны гүүрний зүүн талд байрлах, У.Д.С. ТӨХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ... овогт О...ын Н... /РД: .../-д холбогдох,

 

Дулааны эрчим хүчийг худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,786,879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Д.С. ТӨХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Харицагч О.Н нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлалтай 32 айлын орон сууц захиалж бариулсан. Хариуцагч тус орон сууцыг ашиглалтад оруулахдаа У.Д.С. ТӨХК-тай дулааны эрчим хүч худалдах-худалдан авах тухай 4178 дугаартай гэрээ байгуулсан. Уг барилга 3577 м2 талбайтай, хэрэглээний халуун ус нь 12.42 п/к хэрэглээтэй. Хариуцагч гэрээ байгуулсан үеэсээ сар бүрийн төлбөрөө төлөхгүй эсвэл дутуу төлж явсаар 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 5,786,879 төгрөгийн өр төлбөр үүсээд байна. Халаалт жил бүрийн намар 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлдэг. Талууд халаалтын улирал эхлэхээс өмнө жил бүр дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ шинээр байгуулдаг. Гэрээ байгуулах үед хариуцагч О.Намнандарж манайд төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна, гэрээний хугацаа сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг тухай бүрд тавьж байсан. Хэдийгээр хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй ч гэсэн манай дулааны эрчим хүчний гэрээг нь сунгаж, дулаанаар хангаж ирсэн. Сүүлийн үед хариуцагч бидэнтэй ирж уулзахаа больсон учраас бидэнд шүүхэд хандахаас өөр аргагүй байдал үүссэн. Иймд хариуцагч О.Ноос дулааны эрчим хүчийг худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,786,879 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Д.С. ТӨХК нь хариуцагч О.Нид холбогдуулан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,786,879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч О.Нид шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч У.Д.С. ТӨХК болон хариуцагч О.Н нар нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус 4178 тоот дулааны эрчим хүч худалдах-худалдах авах гэрээ байгуулж, У.Д.С. ТӨХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байрны 32 айлын орон сууцыг хэрэглээний халуун ус болон салхивч, технологийн халуун усаар хангах, О.Н нь хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулах тохирсон зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй;, 30.1.2-д Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх;, мөн зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.13-т Худалдан авагч тал тухайн сарын дулааны төлбөрийг дараахь хуваарийн дагуу төлнө. 15-ны дотор 50 хувийг, 20-ны дотор 75 хувийг, 25-ны дотор 100 хувь гэж заасан тул хариуцагч хэрэглсэн эрчим хүчний төлбөрөө төлөх үүрэгтэй, харин нэхэмжлэгч У.Д.С. ТӨХК нь нэхэмжлэх эрхтэй байна.

 

Гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч У.Д.С. ТӨХК нь одоо хүртэл гүйцэтгэж байгаа бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй, харин хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө хариуцагч О.Н нь гэрээ байгуулсан үеэс эхлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, 2014 оноос 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө төлөлгүй хуримтлуулсаар 5,786,879 төгрөгийн төлбөр үүссэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, төлбөрийн түүх зэргээр тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч О.Ноос 5,786,879 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Д.С. ТӨХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан хариуцагч О.Ноос 5,786,879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Д.С. ТӨХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107,539 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.МӨНХТӨР