| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0154/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/172 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Ц.И
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Э
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Ө
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эмнэлгийн чанартай албадлыг арга хэмжээ хэрэглэх саналтай ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 1725002610026 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
М.Б
2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 09 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт баг Овоотын 22-09 тоотод байх гэрт 2013 оны 03 сарын 08-ны өдөр төрсөн бага насны буюу 4 настай Э.Н хоолойг боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Э.Н-ий ... “Би өглөө сэрчихээд орноосоо босоод Б ахынхаа орон дээр сууж байсан чинь манай хойд талын айлын нүдний шилтэй ах орж ирсэн. Тэгээд намайг хэнтэй гэртээ байгаа юм бэ? гэж асуухаар нь би Э ах, О ах нартай байна гэж хэлсэн. Би гэртээ ганцаараа байсан Э агаа бие засах гээд явсан байсан. Тэр нүдний шилтэй ах миний хоолойг боосон. Тэгээд Э агаа орж ирсэн чинь тэр нүдний шилтэй ах гүйгээд гараад явчихсан. Бүгдийг нь ална гэж хэлж байсан. Тэр миний хоолойг боосон. /хх-ийн 13-р хуудас/ Би нүдний шилтэй ахаас айж байна. Хоолойг боочих болов уу гээд айгаад байдаг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/
2.Гэрч И.Э ын..”2017 оны 09 сарын 20-ны өдөр өглөө гэртээ 06 цагийн үед дүү Н-ий хамт байж байгаад бие засах гээд жорлон орчихоод иртэл манай хашаан дотор нэг залуу ороод ирчихсэн хашаа даваад зугтааж байсан. Тэгээд юу болсон юм бол гээд гэртээ яваад ортол дүү Н уйлчихсан хоолой нь улайсан байдалтай байсан. Тэгээд тайвшруулж байгаад асуусан чинь нэг ах орж ирээд ээж, аав нь байгаа юу гээд асуусан тэгээд байхгүй гэсэн чинь орон дээр суулгаж байгаад хоолойг боочихоод зугтаасан гэж хэлсэн. Тэгээд би араас нь яваад гэрт нь очтол хаалгаа онгойлгож өгөхгүй нуугдаад байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-р хуудас/
3.Гэрч И.О ын ... “2017 оны 09 сарын 21-ний өглөө 06 цаг 30 минутын үед манай төрсөн эгч Э-н охин 4 настай Н-г харж байсан манай төрсөн дүү Э ороод ирсэн. Юу болсон талаар асуухад манай хойд айлын нүдний шилтэй залуу Н-ий хоолойг нь хоолойг нь боогоод айлгасан байна гэсэн. Тэгээд Н-г харахад хоолой нь улайсан царай болон хоёр нүд нь хөхөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/
4.Гэрч М.В ... “2018 оны 01 сарын 14-ний өдөр манай гэрт Б орж ирэнгүүтээ зүгээр байхад намайг цохиод гараад зугтаачихсан. Дараа нь энэ талаар асуухад би танайд очоогүй биз дээ гээд байдаг юм. Б нь зан байдлын хувьд ухаан санаа нь орж гардаг, хавар цагаар бүх өвчин нь хөдөлдөг, хийсэн зүйлээ мэдэхгүй, шууд хүн цохиод авдаг юм. Тийм болохоор Батчулууны хажууд хүн байдаггүй юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/
5.Гэрч Ц.Д-н ... “Сүүлд сураг нь сонсоход Б хүүхдийн хоолой боосон гэсэн. Мөн 2014 онд миний хүү Н-г хашааны хаалга онгойлгоход танайд Д байгаа юу гэж асуугаад байхгүй гэж хэлэхэд томроод байна уу гээд төмрөөр цохиод авсан. Б нь сэтгэцийн өвчтэй юм шиг дандаа худлаа ярьдаг. Хий юм сонсогдоод байна гээд ярьдаг. Ойр хавийн хүмүүс Батчулуунаас айдаг. Өөрийгөө дээд тэнгэрийн сахиус буулгадаг гэж ярьдаг. Гудамжаар явж байгаа хүнийг зодох гээд байдаг. Дараа нь би яагаа ч үгүй гээд байдаг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29-р хуудас/
6.Гэрч М.А ... “Б манай гэрт орж ирэнгүүтээ бид нарыг цохиод авсан. Яагаад цохисон талаар асуухад мэдэхгүй гээд байдаг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31-р /
7.Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 803 дугаартай дүгнэлтийн ... “Э.Н биед хүзүү, зүүн эгэм, зүүн чихний ард, доод эрүүнд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт үүсчээ. Гэмтлийн улмаас амьсгал бүтэлтийн шинж илэрсэн байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн дарах, дарагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 33-р хууас/
8.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 241 дугаартай дүгнэлтийн ... “М.Б нь Орхон аймгийн БОЭТ-н сэтгэцийн тасагт 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл F20.0 Пранойдная шинзофрения оношоор хэвтэн эмчлүүлж байсан тухай №303 дугаартай өвчний түүх байна. М.Б нь 2012 оноос “Органик дэмийрлийн эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгээр өвдсөн байна. М.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй. М.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн дүгнэлт. /хх-ийн 70-80-р хуудас/
9.Гэрч М.М ... “2013 оноос эхэлж сэтгэцэд өөрчлөлт орж дэмийрч хүн зодох болсон. Яагаад ийм болсныг ойлгохгүй байна. Манай дүү урд өмнө нь бас хэд хэдэн хүнд гар хүрч байсан. Одоо цаашид хүн зодохгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэж ах дүү нарын зүгээс үзэж байна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-р хуудас/
10.Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Ө ийн ... “2013 оноос эхэлж Б-ы зан харьцаанд өөрчлөлт орж манай хүргэн ах Ш-ыг зодсон. Үүнээс хойш Ш ахыг 2 удаа зодож байсан. Тэгээд Ш-ыг зод гэж миний чихэнд шивнээд байна гээд байдаг болсон. Үүнээс хойш хэд хэд цохиж зодож байсан. Бид нар сүүлдээ нэг лам дээр дагуулж очоод үзүүлсэн чинь лам худлаа ярьж байна гээд ламаа хүртэл зодож байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 96-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Э мэдүүлэхдээ “ Б өмнө нь манайд орж ирж байгаагүй. Тэр өдөр охины маань хоолойг боож гэмтэл учруулж айлгасан. Одоо охин маань айгаад хэцүү байгаа. Хохирол 500 000 төгрөг нэхэмжлэнэ” гэв.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Ө мэдүүлэхдээ “Б нь 2012 оноос сэтгэцийн өвчтэй болсон. Анх намайг хаалганд шахаж зодох гэсэн. Тэр үед нь юу болсныг ойлгоогүй. Гэтэл сэтгэцийн өвчин нь эхэлж байсан байна лээ. Бид нар эмнэлэг, лам хар гээд бүхий л арга хэмжээг авсан. Одоо эмчилгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй. Эмчилгээ хийлгээд сайжирч байвал сайн байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогчдоос шинээр нотлох баримт ирүүлээгүй болно.
Шүүх насанд хүрээгүй бага насны хохирогч Э.Н мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Э ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 803 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 241 дугаартай дүгнэлт, гэрч И.Э , И.О , М.Ванчиндорж, Ц.Д, М.А, М.Мөнхөө нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Ө ийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад шүүгдэгч М.Б нь 2017 оны 09 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 22-09 тоотод 2013 оны 03 сарын 08-ны өдөр төрсөн бага насны буюу 4 настай Э.Н хоолойг боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б үйлдэл нь бага насны биеэ хамгаалах чадваргүй хүүхэд гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч гэм буруутай байна. Шүүх сэтгэц, эмгэг судлалийн шинжилгээний дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзвэл М.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь тогтоогдож байна. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нь бага насны хүүхдийн хоолойг боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн өөртөө болон бусдад аюул учруулахаар үйлдэл удаа дараа хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б-ны сэтгэцийн байдалд шинжилгээ хийсэн шинжээчдийн дүгнэлт, үйлдсэн гэмт хэргийн шинж, чанар, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан түүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн ердийн эмнэлэгт, засрал сайжралаа олох хүртэл хугацаагаар эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч М.Б-ыг сэтгэцийн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах зорилгоор СЭМҮТөвд 49 хоног албадан хэвтүүлсэн болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн ердийн эмнэлэгт хүргүүлэх нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “гэм хорын хохирол 500 000 төгрөг нэхэмжлэнэ” гэж байх боловч холбогдох баримтаа ирүүлээгүй байна. Иймд гэм хорын хохирлын нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3, 34.19, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овгийн М-ийн Б-ыг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг засрал сайжралаа олох хүртэл хугацаагаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн ердийн эмнэлэгт эмчлүүлэхээр тогтоосугай.
5.Шүүгдэгч М.Б нь шүүхийн шийдвэрээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэстний төвд 49 хоног албадан хэвтүүлсэн болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн ердийн эмнэлэгт хүргүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Э нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС