| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2018/01523/И |
| Дугаар | 2266 |
| Огноо | 2018-07-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 2266
| 2018 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2018/02266 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *******,******* тоотод оршин суух, Б.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******, ******* тоотод оршин суух, Өндөр шарав ургийн овогтой Ц.О холбогдох,
Зээлийн болон зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлж, гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, түүний өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Гшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Отай 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь 2015 оны 06 сарын 08-ны өдөр гэж бичигдсэн байдаг ч 06-ны өдөр хийгдсэн юм. "Юу Энд Ай Скай” ХХК-ний захирал Б.Б 2015 оны 06 сарын 03-ны өдөр надад хандаж иргэн Ц.Отай харилцан тохиролцож гүйцэтгэж буй барилгын санхүүжилтэнд мөнгө хэрэгтэй болсон тул ажил гүйцэтгэх гэрээний мөнгөнөөс гаргуулан авч барилгын ажлаа дуусгахын тулд үл хөдлөх хөрөнгийн барьцаа хэрэгтэй байна гэсэн. Учрыг тайлбарлахдаа барилгын ажлын гүйцэтгэлийн мөнгөний урьдчилгаа аваад дуусгасан. Ажил хангалттай хийгдээгүй тул дахин санхүүжилт авахад заавал барьцаа хөрөнгө авна гэсэн. Намайг туслаад уг мөнгөний барьцаанд хашаа, байшингийнхаа гэрчилгээг түр хугацаанд иргэн Ц.Од зээлийн барьцаанд тавьж өгөөч гэсэн. Б.Б, Ц.О нартай харилцан ярилцаад өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 16 хороо, Бэлхийн 5-65 тоот хаягт байрлах 31 м.кв, Г-2203000827 улсын бүртгэлийн дугаартай, №000120753 гэрчилгээтэй газар, 122м.кв талбай бүхий Ү-2203011609 улсын бүртгэлийн дугаартай, №000259648 гэрчилгээтэй хувийн сууцыг барьцаалан зээлийн гэрээг иргэн Ц.Отай хийсэн. Гэхдээ энэ гэрээг Ц.Огийн хүсэлтээр хийсэн. 10,000,000 төгрөгөөр гэрээ хийнэ гэдгийг Ц.О өөрөө хэлсэн юм. Энэ гэрээг н.Бахдалын оролцоотой байгуулсан. Тухайн үед би Б.Баас авлагатай байсан учир барилгын ажлыг нь дуусгуулаад үлдэгдэл төлбөрөө авахаар нь авлагаа авах зорилготой хийсэн юм. Тухайн үед би дээврийн ажил хийх юм байна, үүнд зарцуулах мөнгө нь 10,000,000 төгрөг гэж ойлгосон. 10,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр болон дансаар шилжүүлж аваагүй. Ц.О цуг явж, өөрөө хяналт тавих талаар яриа хийсэн. Гэрээ хийсний маргааш материалыг нь хамт авалцаад байшин дээр нь буулгаж өгсөн. Одоо болохоор хариуцагч талын ярьж байгаа тайлбарыг харахад энэ тайлбараа эрүүгийн хэрэг шалгахад ч өгсөн байна. Энэ хэрэг дээр ч өгсөн байна. Намайг 10,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр зээлж аваад одоо болтол оргон зайлж байгаа хүн гэсэн маягтай тайлбар хийж байна. Намайг алга болсон гэсэн хэрнээ өнөөдрийг хүртэл надтай ямар ч харилцсан гэх баримт, шүүхэд гомдол гаргасан зүйл өгөөгүй явж байгаад өдийг хүрсэн. Б.Б дээврийн ажлыг нь гүйцэтгээд байхад иргэн Ц.О миний үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхгүй намайг хохироосоор өдийг хүрлээ. Иргэн Ц.Отай байгуулсан энэ гэрээ нь хэлбэр төдий хийсэн учраас дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Гэрээ нь талуудын эрх тэгш байдлыг хангаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор заасан байтал Ц.О бэлнээр буюу миний дансаар мөнгө шилжүүлээгүй. Намайг хууль мэдэхгүйг далимдуулж шахалтад оруулж Монгол улсын иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 болон 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл буюу дүр үзүүлсэн хэлцэл хийсэн. Иймд Ц.О, Б.Гнарын 2015 оны 06 сарын 06-ны өдрийн 5 тоот зээлийн гэрээ болон мөн өдрийн 06 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Б.Гминий газрын болон хувийн сууцны гэрчилгээг иргэн Ц.Огаас гаргуулж, барьцааны бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.О иргэн Б.Ганзоригтой харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 06 сарын 06-ны өдөр 05 тоот “Зээлийн гэрээ”, үл хөдлөх хөрөнгө барьцаалан тус өдрөө 06 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. “Юу Энд Ай Скай" ХХК-ийн захирал Б.Б, Б.Гнар найзын харилцаатай хүмүүс бөгөөд надтай танилцуулан мөнгө зээлүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлж мөнгө зээлдүүлсэн юм. Б.Бтай тухайн үед Ц.О нь “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан хамтарч ажиллаж байсан бөгөөд барилга байшин барьж гүйцэтгэх ажил эхэлж байсан. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 06-07 өдрүүдэд надад хандан манай найз Б.Гмөнгө зээлэх хүсэлтэй байгааг хэлсэн бөгөөд барьцаатай зээлэх талаар хэлсэн. Ингээд бид зээлийн гэрээг хуулийн дагуу нотариат дээр байгуулан нотариатч хууль сануулсны дагуу бэлнээр мөнгө өгсөн. Одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөөгүй байгаа бөгөөд харин ч ямар ч холбоогүй алга болсон. Гэтэл өнөөдөр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Б.Гнь Б.Бтай тус зээлийн талаар ямар харилцаатай байх, зээлсэн мөнгөө Б.Бд өгч захиран зарцуулсан нь надад огт хамааралгүй бөгөөд тусдаа харилцаа тул Б.Б, Б.Гнарын харилцааны асуудалд хариуцлага хүлээхгүй. Нэхэмжлэгч нь Б.Бтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнээс болж маш их хэмжээний хөрөнгөөр хохирсон бөгөөд өвчтэй байсан тул шүүхэд хандаагүй. Б.Быг саяхан шүүхэд өгч асуудлаа шийдүүлэхээр хандсан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Гнь хариуцагч Ц.Од холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай зээлийн болон 06 дугаартай зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хувийн сууц, газраа барьцаанаас чөлөөлүүлж, гэрчилгээ гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулагдсан, зээлээ төлөөгүй байгаа гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Ц.О нар 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр 05 дугаартай зээлийн гэрээ, зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 5-56 тоот 301м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-2203000827 дугаар гэрчилгээтэй газар, мөн газар дээр барьсан 122м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203011309 дугаар гэрчилгээтэй хувийн сууц барьцаалж 06 дугаартай зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, гэрээг нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Зохигч зээлийн болон барьцааны гэрээнд огноог 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэж бичсэн байх боловч 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дээр дурдсан нөхцөлөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагч авсан тухайд мараагүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Харин Иргэний хуулийн 56 дугаар 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
Нэхэмжлэгч Б.Г10,000,000 төгрөгийг Ц.Огаас зээлэх хүсэл зориггүй байсан болох нь шүүхэд гэрч Б.Б-ын “Миний ажил удаашраад би авах ёстой 30,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгт барьцаа тавиад, Ц.Отай хамт явж барилгын материал авсан. Ц.О нь өөрөө хамт явж бараа материалаа авсан” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Ог хохирогчоор байцаасан тэмдэглэлд “...Би Бахдалд өгсөн мөнгөнөөс болж сар болгон 2,000,000 төгрөгийн зээлийн хүү төлдөг. Бахдалаар бариулсан байранд одоог хүртэл халаалт хийлгэж чадаагүй болохоор ашиглаж чадахгүй байна. ... би Бахдал Г нараас барьцаанд авсан газраар өөрийн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Быг яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлд “...Очирмаа эгчийн барилгын ажлыг зогсоохгүй гэсэндээ мөнгө гаргаж өгөөч гэхэд Очирмаа чи ядаж надад барьцаанд тавих зүйл өг тэр зүйлийг чинь би барилгын ажил дуустал өөртөө хадгалаад байж байна тийм учраас надад барьцаанд тавих ямар нэг зүйл байвал өгчих гэхээр нь найз Ганзоригийнхоо хашаа байшингийн бичиг баримтыг Ганзоригтой хамт аваачиж өгөөд Очирмаа Ганзоригтой нотариатаар орж гарч ирсэн. Чухам ямар гэрээ хийснийг мэдэхгүй байна. ...надад мөнгө бэлнээр өгөөгүй надтай хамт явж барилгын материалын дэлгүүрээс бараа материал авч өөрөө түүнийхээ тооцоог хийсэн” гэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Түүнчлэн хариуцагч нь 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид хэзээ, хаана өгсөн талаар тодорхойлж чадаагүй. Мөн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Б.Гнь хариуцагч Ц.Отай байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээг 10,000,000 төгрөг зээлэх зорилгогүйгээр байгуулсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ. Барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэмэлт үүрэг үүсгэх хэлцэл тул зээлийн барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бус байна.
Хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулж, барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хүсэл зоригоос үзвэл гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бус барьцааны бүртгэлийг хүчингүй болгох, барьцаалсан хөрөнгийн гэрчилгээг гаргуулах шаардлагын үндэслэлд хамраач байна гэж үзэв.
Иймд хариуцагч Ц.Огаас Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 5-56 тоот 301м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-2203000827 дугаар гэрчилгээтэй газар, мөн газар дээр барьсан 122м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203011309 дугаартай хувийн сууцны гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганзоригт олгож, улсын бүртгэлийн байгууллагад Б.Ганзориг, Ц.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 06-ны /гэрээнд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр бичигдсэн/ өдрийн 05 дугаартай зээлийн гэрээ, 06 дугаартай зээлийн барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 5-56 тоот, 301 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 122 м.кв талбайтай хувийн сууцны гэрчилгээг хариуцагч Ц.Огаас гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгож, Б.Ганзориг, Ц.О нарын 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 05 дугаартай зээлийн, 06 дугаартай зээлийн барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Огаас 245,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР