Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр                               Дугаар 2022/ШЦТ/81                             Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Г.Г,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Гын Год холбогдох 2228000650076 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 25-наас 26-ны өдрийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, архины мөнгө олох зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 9-35 тоотод байх иргэн Т.Бын гэрийн хаалгыг эвдэн, дотогш нэвтэрч "Монел" маркийн 32 инчийн хар өнгийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн согтуугаар архины мөнгө олох зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруунсайхан хорооллын 9-15 тоотод байх иргэн С.Чийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч Алтанбулаг хивс, уурын индүүг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.407.666 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэн бусдад 1.687.666 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Гын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв гэв.

Хохирогч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би гэртээ байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хадам ээж Эрдэнэсангийн гэрт очиж байж байгаад хоночхоод 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэртээ орой 18 цагийн үед очоод хаалганы цоож онгойлгох үед манай гэрийн хаалганы цүй хэсэг сунаж гарч ирсэн байсан тэгэхээр гэр лүү хүн орсон юм болов уу яагаад цүй эвдэрсэн байдаг билээ гэж бодоод гэр лүү ороход манай гэрийн зурагт алга болчихсон байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс Монел маркийн 32 инчийн хар өнгөтэй зурагт алга болсон тухайн зурагтыг би 2019 онд Дархан аймагт байдаг дүүгээсээ 380.000 төгрөгөөр худалдан авсан. Миний эзэмшлийн зурагт байгаа юм. Би одоо зурагтаа 350.000 төгрөгөөр үнэлж байна. Би гэртээ эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг манай эхнэр эмнэлэгт хэвтчихсэн 2 хүүхэд хадмын гэрт хүн байгаагүй. Манай хашаанд өөр айл байхгүй манай илүү гэр байдаг юмаа. Манай гэрт өмнө хулгай орж байсан зүйл байхгүй. Зурагт алга болсон байна өөр эд зүйл алга болоогүй. Манай гэрийн хойд талын гудманд байдаг Алтанзул гэж танилын гэрт би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн үед ороход гэрт нь Рэнцэнсодном, Г, Алтанзул нар архи уугаад сууж байсан тэр хүмүүсийг шалгуулмаар байна. Би хохирлоо барагдуулж зурагтаа олж авмаар байна. Нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан зүйл бүгд үнэн зөв” гэжээ. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

Гэрч П.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Өмнөговь Даланзадгад сумын Баруунсайхан 7-10 тоотод хувиараа зурагт засвар ажиллуулдаг. Ер нь бол хагарч эвдэрсэн зурагт сэлбэгэнд авдаг ганц бүтэн авсан нь энэ Монел брэндийн зурагт байна. 2022 оны 1 дүгээр сарын сүүлээр авсан санагдаж байна, 32 инчийн, туузан гэрэлтэй, хүрээн дээрээ хагарсан нэлээн элэгдэлтэй товчлуурууд байхгүй тийм зурагт зармаар байна гээд нэг хүн орж ирсэн. Ахимаг насны 160 орчим өндөртэй, 40 гарч байгаа гэмээр, туранхайвтар бараан царайтай, Сайн танихгүй өмнө ганц нэг зүс харж байсан. Тухайн хүнийг нүдээр харвал танина, зурагт нь байхгүй сэлбэгэнд дэлгэцийг нь аваад янзлаад зарсан. Би тухайн зурагтыг хулгайн зурагт гэж мэдээгүй надад шинэ зурагт аваад хуучин зурагтаа хямдхан зараад 1 шил юм авч уух гэсэн юм гээд гуйгаад байсан. Тэр хүний амнаас бага зэргийн архи үнэртэж байсан. Тэр зурагтын дэлгэцийг нь аваад бусдыг нь хаясан хэрэггүй болсон байсан. Тэгээд дэлгэцийг нь өөр дэлгэцэн дээр угсраад босгоод тавьчихсан байхад 2 хүн орж ирээд зурагт үзүүлээд засах боломжгүй болчихсон байсан тэр хоёр хүн зарах зурагт байна уу гэсэн тэгээд би тэр хоёр хүнд хуучин зурагт байна зарна гэсэн чинь авъя гээд 150.000 төгрөгөөр зарсан. Бэлэн 150.000 төгрөгөөр зарсан.” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Г овогтой Г гэж хүнийг танихгүй Г гэх хүнийг бол танина. Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэж би дэвтэр дээрээ тэмдэглэсэн өдөр байсан. Тухайн өдөр 17 цагийн үед махны дэлгүүртээ сууж байхад гаднаас бор залуу орж ирээд хивс авах уу гэхээр нь би ямархуу хивс вэ, хэмжээ хэр юм, их эдэлсэн юм уу, үзье гэхэд нөгөө хүн буцаж гарсан тэр хүнд бичиг баримттайгаа ирээрэй гэж хэлсэн тэр хүн удаагүй  нөгөө залуу бас нэг хүнтэй хамт хивс өргөөд оруулаад ирсэн би тэр хивсний захыг үзэхэд гайгүй хивс байсан цэхэр ногоон өнгийн хивс байсан би яагаад энэ хивсээ зарах гэж байгаа юм гэж асуухад тэр хүн хэвийн боовны мөнгө дутаад байна цаана бас худалдаж авах юм байна гэж хэлсэн тэгээд би хэдэд зарах юм 100,000 төгрөгөнд бол авна тэрнээс дээш авахгүй гэсэн тэгээд тэр хүнд би хивсийг нь авч үлдээд бэлэн 100,000 төгрөг тоолж өгсөн тэгээд тэр хүн яваад өгсөн би тэр бичиг баримтыг тэмдэглэж үлдсэн. Тухайн өдөр надад 2 хүн ирж бага малын мах зарсан хүнд би хивсийг 150,000 төгрөгөөр зарсан тухайн хүнийг би танихгүй Цогтцэций юм уу, Цогт-Овоо сумын хүн байсан байх. Надад хивс зарсан хүнийг би харж байгаагүй Гын хүүхэд гэж байсан. Надад тэр хүн өөр зүйл зараагүй. Би тэр хивсийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Би яагаад хивсээ зарах талаар асуухад хэвийн боовны мөнгө дутсан гэсэн би хулгайн юм байх гээд асуухад тийм юм байхгүй гээд бичиг баримтаа надад бүртгүүлсэн. Би хивсийг 100,000 төгрөг бэлнээр өгөөд авсан. Цайвар ногоон өнгийн хивс байсан. Би 2022 оны 01-р сарын 08-н хивс авсан өдрөө махны дэлгүүр дээрээ байж байхад эмэгтэй эрэгтэй хоёр хүн орж ирээд 1 хонь зарсан тэр хүмүүст хивсээ 150,000 төгрөгөнд бэлнээр хивсээ зарсан. Тэр хүмүүсийг танихгүй царайг нь харвал танина.” /хавтаст хэргийн 126-127 дахь тал/

Шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Гэрчийн мэдүүлэгт би бүгдийг хэлсэн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би Хас хөрөнгө үнэлгээний 581 дугаартай дүгнэлттэй санал нийлж байна. Би хохиролоо барагдуулаагүй. Би хэрэг үйлдэх үедээ ганцаараа байсан. ” /хавтаст хэргийн 42 дахь тал/,

Хохирогч С.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Даланзадгад суманд ирсэн. Манайх Даланзадгад суманд арслан хороололд болон Баруунсайханы 9-15 тоотод байшинтай. Өвөлдөө арслан хорооллыг байрандаа, зундаа Баруунсайханы байшиндаа амьдардаг. Ер нь бол Гурвантэс сумын нутагт байрлах Овоотын цэргийн ангид ажиллаж амьдардаг юм. Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би Баруунсайханы 9-15 тоотод байх хашаа байшиндаа очсон. Улмаар байшин дотроо орж үзэхэд хойд талын жижиг өрөөний цонхыг хагалж хулгай орсон байсан. Байшингийн том өрөөний шалан дээр байсан 3,5х4 метр хэмжээтэй ногоон эрээн өнгийн Алтанбулаг үйлдвэрийн хивс 1 ширхэг, хүүхдийн жижиг өрөөнд байсан уурын индүү 1 ширхэг тус тус алдагдсан байсан. /хавтаст хэргийн 120 дахь тал/

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2022 оны 01 дүгээр сарын 008-ны өдөр гэж би дэвтэртээ дээрээ тэмдэглэсэн өдөр байсан. Тухайн өдөр 17 цагийн үед махны дэлгүүртээ сууж байхад гаднаас бор залуу орж ирээд хивс авах уу гэхээр нь би ямархуу хивс вэ хэмжээ хэр юм, их эдэлсэн юм уу, үзье гэхэд нөгөө хүн буцаж гарсан. Тэр хүнд бичиг баримттайгаа ирээрэй гэж хэлсэн. Тэр хүн удаагүй бас нэг хүнтэй хамт хивс өргөөд оруулаад ирсэн би тэр хивсний захыг үзэхэд гайгүй хивс байсан цэхэр ногоон өнгийн хивс би яагаад энэ хивсээ зарах гэж байгаа юм гэж асуухад тэр хүн хэвийн боовны мөнгө дутаад байна. Цаана бас худалдаж авах юм байна гэж хэлсэн. Би хэдэд зарах юм 100.000 төгрөгт бол яах вэ авна тэрнээс дээш авахгүй гэсэн. Тэр хүнд би хивсийг нь авч үлдээд 100.000  төгрөг тоолж өгсөн. Тэр хүн яваад өгсөн би тэр бичиг баримтыг тэмдэглэж үлдсэн. Тухайн өдөр надад 2 хүн ирж бага малын мах зарсан хүнд би хивсийг 150.000 төгрөгөөр зарсан. Тухайн хүнийг би танихгүй Цогтцэций юм уу, Цогт-Овоо сумын хүн байсан байх гэжээ. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

  “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 754 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “хивс 1 ширхэг, 1.227.666 төгрөг, уурын индүү 1 ширхэг 180.000 төгрөг нийт 1.407.666 төгрөг” /хавтаст хэргийн 131 дэх тал/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 581 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Зурагт Монел 32 инч 1 ширхэг, 280.000 төгрөг” /хавтаст хэргийн 33 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9,  дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13, 54-61 дэх тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-16 дахь тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 38 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 47-50 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51-52 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 54-56 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 57 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 29 ний өдрийн 63А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 58-59 дэх тал/

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 60-62 дахь тал/

Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 63-65 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 66-73 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 74-76 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 77-85 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 86-90 дэх тал/

- Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 147-149 дэх тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 109-111 дэх тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 112-115 дахь тал/

Хохирол төлж барагдуулсан Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 151-152 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Г.Г холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Год холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Гын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,

 Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр  далд авсныг тус тус ойлгохоор тайлбарласан.

Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно.

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 25-наас 26-ны өдрийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, архины мөнгө олох зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 9-35 тоотод байх иргэн Т.Бын гэрийн хаалгыг эвдэн, дотогш нэвтэрч "Монел" маркийн 32 инчийн хар өнгийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн согтуугаар архины мөнгө олох зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруунсайхан хорооллын 9-15 тоотод байх иргэн С.Чийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч Алтанбулаг хивс, уурын индүүг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.407.666 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэн бусдад 1.687.666 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, гэрч П.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127 дахь тал/, хохирогч С.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дахь тал/, гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,  “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 754 дугаартай үнэлгээний дүгнэлтэд “хивс 1 ширхэг, 1.227.666 төгрөг, уурын индүү 1 ширхэг 180.000 төгрөг нийт 1.407.666 төгрөг” /хавтаст хэргийн 131 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 581 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Зурагт Монел 32 инч 1 ширхэг, 280.000 төгрөг” /хавтаст хэргийн 33 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-16 дахь тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 38 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 109-111 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 112-115 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэжээ.

Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

          Иймд шүүгдэгч Г.Гыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бт Монел маркийн 32 инчийн 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгийн зурагт, С.Чт Алтанбулаг хивс, уурын индүү зэрэг 1.407.666 төгрөгийн үнэлгээ бүхий хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 754 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “хивс 1 ширхэг, 1.227.666 төгрөг, уурын индүү 1 ширхэг 180.000 төгрөг нийт 1.407.666 төгрөг” /хавтаст хэргийн 131 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 581 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Зурагт Монел 32 инч 1 ширхэг, 280.000 төгрөг” /хавтаст хэргийн 33 дахь тал/ гэх дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Г хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бт 280.000 төгрөг, С.Чт 1.408.000 төгрөгийг төлсөн болох нь  хохирол төлж барагдуулсан Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 151-152 дахь тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Гыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Улсын яллагч О.Батнасан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг одоогийн шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа хорих ялтай нэмж нэгтгэн хорих ялыг тогтоох, Г.Год оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх  хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд эрүүгийн хариуцлагын хувьд хорих ялаас багасгаж өгнө үү гэх тайлбарыг гаргасан.

 Шүүх шүүгдэгч Г.Гыг хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар удаа дараа нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Год Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 9 сар 16 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд тус хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 26 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан  хувийн байдлыг харгалзан оногдуулсан 5 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч Г.Г бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Г.Г нь тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байсан ба  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.  

Шүүгдэгч Г.Г нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогтой Гын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Год 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч Г.Год энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 9 /ес/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар  хорих ялаас эдлээгүй үлдсэн  3 /гурав/ жил 7 /долоо/ сар 26 /хорин зургаа / хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Гын нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 7 /долоо/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Г н хохирогч Т.Бт хохирол төлбөрт 280.000 /хоёр зуун наян мянга/  төгрөг, хохирогч С.Чт хохирол төлбөрт 1.407.666 /нэг сая дөрвөн зуун долоон мянга зургаан зуун жаран зургаа/  төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Г.Г бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Г.Г тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байсан, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ