Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/136

 

                                  


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Агаар хөтлүүлж
    Улсын яллагч: Б.Батсайхан
    Хохирогч: А.Ц
    Хохирогчийн өмгөөлөгч: Б.А
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э
Шүүгдэгч: Ж.Батсайхан нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Жгийн Батсайхан холбогдох эрүүгийн 1712000600008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймаг, Хотонт суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Хар балгас гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овгийн Жгийн Батсайхан /РД:А00000/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Батсайхан нь 2017 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Хар балгас гэх газарт байх иргэн А.Цэцэглэнгийн гэрт түүнийг хонь хулгайлсан гэж хэлсний улмаас маргалдан, улмаар А.Цэцэглэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч А.Цэцэглэн шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: ...Ж.Батсайхан манайд өдөр 12 цагийн үед ирсэн. Тэгээд “танай хонинд манай хонь байна. Та нар яахаараа хүний хонь авчихаад хэлж, ярьдаггүй юм” гэхээр нь би мэдэхгүй гэхэд “чи яагаад мэддэггүй юм бэ” гэсэн. Би гэрт орж ирэхэд айраг хийж өгөөд “та хонь авсан гээд байгаа юм бол хуулиар шийдүүл, цагдаад хэл, манайх хүний хонь авах байтугай өөрийнхөө хонийг эмхлүүлж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Ж.Батсайхан нь гараад явсан. Тэгсэн шөнийн 02 цаг болж байхад манай гэрт орж ирээд “гэрлээ асаа муу хулгайчууд минь” гэсэн. Манай нөхөр босоод гэрлээ асаахад манай нөхөр лүү гутал шидсэн. Манай нөхөр гараад зугтсан. Би орон дээрээ дотуур хувцастайгаа хоёр настай хүүхэдтэйгээ хэвтэж байсан.Тэгээд муу хулгайчууд минь та нар яахаараа хүний хонь хулгай хийдэг юм гээд үсдэж аваад хөлөөрөө өшиглөж, хамар, хацар руу цохисон. Би хутга бариагүй. Барих тийм боломж ч байгаагүй. Би дээл өмсөөгүй байсан. Тэр үед дотуур хувцастайгаа хэвтэж байсан. Тухайн үед манай хонинд Ж.Батсайханы хонь байсан. Манай хонинд нийлсэн байсныг би мэдээгүй. Манай хадам ээжийн хоньтой нийлээд нийт 600 орчим хонь байдаг. Ж.Батсайхан нь намайг хэвтэж байхад “чи юу гээд байгаа гичий вэ” гээд бөөр лүү өшиглөж, нүдний хэсэг рүү хоёр удаа цохисон. Мөн хамар руу цохисон. Тэр үед би ухаан алдсан байсан болохоор юу болсныг сайн мэдээгүй. Нэг мэдсэн хамраас цус гоожиж байсан. Манай хадам ээж орж ирэхэд элдвээр хэлж байсныг санаж байна. Ж.Батсайхан миний биед гэмтэл учруулсан. Ж.Батсайхан намайг эмчилгээнд яв гэж мөнгө өгөөгүй. Би 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэн эмчилгээний төлбөрийг төлсөн юм байна лээ. Би мэдэхгүй. Би банкнаас мөнгө зээлээд хоёр эгчтэйгээ эмчилгээнд явсан. Ж.Батсайхан нь миний банкны зээлийг төлсөн. Би өөрөөс нь эмчилгээний зардал гэж бэлнээр мөнгө аваагүй. Би 3 сарын хугацаанд сааль алдсан. Багаар бодоход өдрийн 60.000 төгрөг, гоо сайхны хагалгаа хийлгэх зардал 4.000.000 төгрөгийг зэргийг тус тус нэхэмжилж байна гэжээ. 

Шүүгдэгч Ж.Батсайханы шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: ...Би А.Цэцэглэнд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна. Хотонт сумаас 35000 төгрөгөөр машин хөлсөлж анхны тусламж үзүүлж, 300.000 төгрөгөөр эмнэлэгт хэвтүүлсэн. Мөн 100.000 гаран мянган төгрөгөөр ойр зуурын хувцас хэрэгсэл авч өгсөн. Мөн А.Цэцэглэнгийн банкнаас авсан малчны зээл болох 3.000.000 төгрөгийг өдөрт нь төлж зээлийг нь хааж өгсөн. Би А.Цэцэглэнд нийт 3.440.000 төгрөг өгсөн мэдүүлэг. 

    Мөрдөн байцаалтын үед:
    Хохирогч А.Цэцэглэнгийн өгсөн... 2017 оны 07 дугаар сарын 17 ны өдөр 12 цагийн үед Ж.Батсайхан нь манай гэрт ганцаараа ирээд “Манай хонь яагаад танай хонин дотор байдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь Ж.Батсайхан “Ах нь одоо ойр хавийн айлуудын хониор явж шүүгээд үлдсэн хонио танайхаар төлүүлж авна. Хотонт сумын төв орж цагдаад хэлнэ” гээд явсан. Тэгэхэд нь би “Та шүүх цагдаагаар нь яв” гэж хэлээд явуулсан. Шөнө 02 цагийн үед Ж.Батсайхан нь манайд орж ирээд гэрлээ асаа гэхээр нь манай нөхөр Ц.Эрдэнэбат босоод гэрлээ асаасан. Тэгтэл “Та нар миний хонийг хулгайлчихаад яасан удаан асаадаг юм бэ, би очиж хэлдэг газар нь хэлчихээд ирлээ. Маргааш та нар миний хонийг авсан шигээ буцаагаад аваачиж өгөөрэй” гэж хэлэхээр нь би “Та юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд “Чи юу гээд байгаа гичий вэ” гээд босож ирсэн. Тэгтэл манай нөхөр гэрээс гараад явтал миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа гараа цохиод, баруун бөөр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би боссон чинь миний давсаг хэсэг, баруун гуяны дотор хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл гаднаас манай хадам ээж Сосорбурам орж ирээд “Чи эмэгтэй хүн зодоод байхдаа яадаг юм” гэж хэлсэн чинь Ж.Батсайхан миний нутгаас зайл гэж орилоод байсан. Тэгээд манай хадам ээж гараад явсан. Тэгээд Ж.Батсайхан над руу миний кетийг шидээд, дахиад хүрч ирээд миний үснээс татаж байгаад миний хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд чамайг алчихсан байхад 20 сая төгрөг өгөөд гараад ирнэ гэж хэлж. Тэгэхэд нь би балмагдаад сууж байгаад нэг харахад Ж.Батсайхан манай гэрийн баруун орон дээр хэвтэж байгаад гараад явсан. Тэгтэл манай багийн Баярбат гэх хүн орж ирэхээр нь би “Ж.Батсайхан ах намайг зодчихлоо гэж” хэлэхэд чимээгүй сууж байгаад гараад Ж.Батсайхантай хамт мотоцикльтой явсан. Тухайн үед 03 цаг болж байсан байх. Тэгээд би Хотонт сумын цагдаа, Эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн. Эмнэлгийн машин 04 цагийн үед ирээд намайг аваад явсан. Тэгээд өглөө нь намайг Хотонт сумын эрүүл мэндийн төвд ирсний дараа сумын цагдаа нар Хар балгас гэх газар манайд очсон байсан. М.Баярбат Ж.Батсайхантай хамт ирээд гэрт орж ирэхгүй. Манай гэрийн гадна согтуу унтаад байсан. Харин Ж.Батсайхан нь согтуу байсан. Тэгээд тухайн үед Ж.Батсайхан нь би эрүүл байна гэж хэлж байсан. Би хутга заазуур гаргасан зүйл байхгүй. Би өөрөө группэд байдаг. Миний зүүн гар мэдээ байхгүй татчихсан юм. Тухайн үед гэрт Ж.Батсайхан бид хоёроос өөр хүн байгаагүй. Манай нөхөр гараад явчихсан байсан.Хадам ээж Сосорбурам орж ирээд гараад явсан. Яг харсан хүн байхгүй. Зодуулсны дараа манай нөхөр, хадам ээж, М.Баярбат нар харсан. Миний хамраас цус гараад тогтохгүй болохоор нь саахалт айлын Орхоны эхнэр Амараа эгчийг дуудсан. Тэр эгч харсан. Архангай аймгийн Эрүүл мэндийн төвд үзүүлсэн хамар хугарсан, тархинд гэмтэлтэй Улаанбаатар хот явж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би Ж.Батсайханд ямар нэгэн байдлаар гар хүрсэн зүйл байхгүй. Ж.Батсайхан гэх хүнийг танихгүй, өмнө нь харьцаж байгаагүй болохоор ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Би эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санаагаараа хохирсон тул эмчилгээгээ хийлгэж дуусаад нэхэмжлэх зүйлээ бодитоор нь нэхэмжилнэ.....гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

    Гэрч Ц.Эрдэнэбатын өгсөн: ... Намайг Хотонт сумын Бургалтай багийн нутаг Хар балгас гэх газар гэртээ байж байхад 2017 оны 07 дугаар сарын 17 -ны өдөр 12 цагийн үед манайд Ж.Батсайхан гэх хүн ганцаараа мотоцикльтой ирээд “Танай хонин дотор байгаа хонийг та нар хаанаас авч ирсэн юм. Манай хонь гол гарч танай хоньтой нийлэх ёс байхгүй. Та нар хулгай хийж авч ирсэн байна. Би одоо үлдсэн хонио энэ хавийн айлуудаар хонио шүүж үзээд байхгүй бол танайхаар дутуу хонио төлүүлнэ. Хотонт сум орж цагдаад хэлнэ” гэж хэлэхээр нь би “Хуулийн байгууллага зөв бурууг нь гаргах байх” гэж хэлсэн. Тэгээд шөнө эхнэр А.Цэцэглэнтэй хамт гэртээ амарч байхад 02 цагийн үед Ж.Батсайхан нь манайд согтуу орж ирээд “Гэрлээ асаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод гэрлээ асаасан чинь “яасан удаан гэрлээ асаадаг юм хулгайчуудаа, та нар миний хонийг авсан шигээ буцааж өгөөрэй” гэж хэлээд манай эхнэрийн пүүзийг аваад над руу шидэх гээд зангахаар нь би гэрээс гараад зугтаасан юм. Тэгээд төрсөн ээж Сосорбурамд “Ж.Батсайхан гэрт ирээд агсам тавиад байна” гэж хэлсэн. Тэгээд манай ээж босоод бид хоёр хамт манайд ирэхэд манай эхнэр Ж.Батсайханыг миний шанаа, бөөр лүү өшиглөчихлөө гээд орон дээрээ сууж байсан. Харин Ж.Батсайхан, А.Цэцэглэнгийн урд зогсож байсан. Тэгээд манай ээж “чи эмэгтэй хүн яагаад зодож байгаа юм” гэж хэлэхэд Ж.Батсайхан манай ээж рүү хандаж “чи нөхрөө өөрөө алж шороонд булсан биздээ” гээд ээжийн эрүү хэсгээс гараараа бариад дээш өргөөд түлхээд байсан. Тэгээд над руу чамайг ална шүү гээд байхаар нь би гэрээс гараад ээжийн гэр лүү орсон. Тэгээд байж байтал ээж гэртээ орж ирэхээр нь би ээжтэй зөрөөд гараад гадаа сууж байгаад М.Баярбат, Ж.Батсайхан хоёрыг явсны дараа гэртээ ороход манай эхнэрийн хамраас цус гарч байсан. Тэгээд цус нь тогтохгүй болохоор нь саахалт айлын Амараа эгчийг дуудсан юм. Тухайн үед Ж.Батсайхантай М.Баярбат хамт ирсэн талаар би мэдээгүй. Дараа нь эхнэрээсээ мэдсэн юм. Би гэрээсээ хол байсан болохоор ямар нэгэн чимээ сонсогдоогүй, хараагүй тухайн үйл явдал бол манай гэрт болсон. Ж.Батсайхан бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Ж.Батсайхан нэлээн согтуу, архи үнэртэж байсан. Мөн байгаа байдал нь согтуу байх шиг хэвийн бус байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

    Гэрч М.Баярбатын өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байж байх үед Батсайхан ганцаараа мотоцикльтой ирээд “хонь хайж явна. Манай хониноос 60-д хонь дутсан байна. Тэгсэн Ц.Эрдэнэбат гэх айлд 40-д тооны хонь байна үлдсэн нь байхгүй байна. Хоёулаа хамт сумын төв ороод цагдаад мэдэгдээдхий” гээд ирсэн юм. Тэгээд бид 2 сумын төв дээр ирэх үед цагдаа нар байхгүй байсан. Тэгээд бид 2 сумын төвөөс 22 цагийн орчимд гараад гэрлүүгээ явсан. Гэртээ харих замаараа Ц.Эрдэнэбат гэх айлд очсон. Тэр үед Ж.Батсайхан түрүүлээд Ц.Эрдэнэбатын гэр лүү орсон. Би тэр үед нь гадаа бие засчихаад араас нь Ц.Эрдэнэбатын гэрт орох үед Ж.Батсайхан нэлээд ууртай байгаа бололтой Ц.Эрдэнэбат болон түүний эхнэр А.Цэцэглэн нарт “та нар хонь яаж авсан. Тэрэн шигээ манай хонийг аваачиж өгөөрэй” гээд хэлээд байсан. Тэгээд А.Цэцэглэн “юу яриад байгаа юм. Манайх танай хонийг аваагүй” гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд байж байх үед Ц.Эрдэнэбат гэрээсээ гараад явсан. Тухайн үед цаг 23 цаг болж байсан байх сайн мэдэхгүй байна. Тэгээд хэрүүл маргаан хийгээд байж байхад А.Цэцэглэн “та нар манайхыг хулгайд гүтгэлээ. Та нартай алалцсан ч яадаг юм” гээд тогооны авдраас 2 ширхэг хутга аваад гартаа бариад зогссон тэр үед Ж.Батсайхан урдаас нь босоод А.Цэцэглэнг гараараа алгадсан уу, цохисон уу нэг мэдсэн А.Цэцэглэн хойшоо орон дээр уначихсан. Тухайн үед Ж.Батсайхан ямар ч байсан гараа далайх шиг л болсон. Тэгээд л бид 2 гэрээс нь гараад харьцгаасан. Тухайн үед Ж.Батсайхан архи дарс уугаагүй эрүүл байсан. Ж.Батсайхан А.Цэцэглэн болон түүний нөхрийн хонь хулгай хийсэн гэж хардаад, түүнээсээ болж А.Цэцэглэн Ж.Батсайхан 2 маргалдаж улмаар Ж.Батсайхан А.Цэцэглэнг зодсон. А.Цэцэглэнг хутга бариад босоод ирэхээр нь Ж.Батсайхан урдаас нь босоод л гараараа далайх шиг болсон. Хэрхэн яаж цохиж зодсоныг би мэдэхгүй хараагүй. Би тухайн үед тамхи ороогоод орон дээр сууж байсан юм. Би яг хэрхэн яаж цохиж зодсоныг хараагүй нэг их удаан сүртэй юм болоогүй. Тэгээд л бид 2 гараад явсан. Тухайн үед А.Цэцэглэн Ж.Батсайхан бид 3 л байсан. Ж.Батсайханы буруутай үйлдлээс болж А.Цэцэглэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Ж.Батсайхан нь малд хөдөлмөрч, даруухан нөхөрсөг хүн байгаа юмаа....гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

Ж.Батсайханы яллагдагчаар мэдүүлсэн: ... 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би өөрийнхөө хонийг тоолж үзэхэд манай хониноос 60-д тооны хонь дутсан юм. Тэгээд би хонио хэсгийн төлөөлөгчид бүртгүүлэх гэж бодоод явж байтал Хар балгасны ойролцоо байх талд байх хонин дунд манай 40-өөд тооны хонь байж байсан. Тэгэхээр нь би хүнээс “энэ хэний хонь вэ” гэж асууж сурч яваад Ц.Эрдэнэбат гэх айлын хонь гэдгийг мэдээд Ц.Эрдэнэбатын гэрт очсон. Тэр үед өдрийн 12-13 цагийн орчим болж байсан. Тэгээд гэрт нь ороод “танай хонинд яагаад манай хонь  нийлчихсэн юм бэ, танай хонинд хэд хонож байгаа юм бэ” гэж Ц.Эрдэнэбат болон түүний эхнэр А.Цэцэглэн нараас асуухад “манай хонинд нийлээд 4-5 хонож байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яагаад танай хонинд нийлсэн байдаг юм бэ, та нар тэгээд хүн амьтанд хэлдэггүй юм уу” гэж асуухад Ц.Эрдэнэбат “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за тэгвэл би сумын хэсгийн төлөөлөгчид хэлж мэдэгдэнэ. Та нар тууж ирж нийлүүлсэн байна” гэж хэлээд би Хотонт сумын төв рүү явсан. Явах замдаа М.Баярбатын гэрт орж М.Баярбатыг дагуулаад Хотонт сумын төвд очсон. Тэгсэн хэсгийн төлөөлөгч байхгүй байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчтэй уулзаж чадаагүй орой болгоод буцсан. Буцах замдаа Ц.Эрдэнэбатынд 22-23 цагийн орчимд дахиад орсон. Тэр үед Ц.Эрдэнэбат эхнэрийнхээ хамт унтах гэж байсан. Тэгэхээр нь би гэрт нь ороод “та нар энэ хонийг яаж авч ирсэн. Түүн шигээ буцааж аваачиж өгөөрэй. Одоо 16 тооны хонь дутаж байна” гэж хэлсэн. Тэгсэн Цэцэглэн гэх эхнэр нь “манайх танай хонийг хулгайлчихсан юм уу” гээд байсан. Тэгээд А.Цэцэглэн өөрийнхөө нөхөртэйгөө хэрэлдэж байгаад “ер нь хүн алсан ч чадна шүү” гээд 2 гартаа хутга бариад босоод ирэхээр нь би цааш нь түлхээд А.Цэцэглэнг ор луу нь унагаасан. Тэгээд би гэрээс нь гараад мотоциклио асаагаад хамт явсан М.Баярбатыг гэрт нь хүргэж өгөөд гэрлүүгээ харьж амарсан. Тэгээд маргааш нь адуундаа явж байсан чинь хэсгийн төлөөлөгч Б.Энхболд манайд ирээд “өчигдөр юу болсон юм бэ, өргөдөл ирсэн” гээд намайг дагуулаад аваад явсан. Тухайн үед манай алга болсон хонь Ц.Эрдэнэбатын хонинд нийлсэн байсан. Тэгээд түүнээс болж маргах үед А.Цэцэглэн “би хүн алсан ч чадна шүү” гээд над руу босоод ирэхээр нь би хойш нь ор луу нь түлхээд унагаачихсан юм. Би А.Цэцэглэнг юм хумаар цохиж зодоогүй. Нэг удаа нүүр лүү нь алагдчихсан. Тэр үед А.Цэцэглэн нь хойшоо ор луугаа унасан. Тэгээд би гэрээс нь гараад явсан юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэр үед А.Цэцэглэн М.Баярбат бид 3 л байсан. А.Цэцэглэнгийн нөхөр Ц.Эрдэнэбат гэрээсээ гараад явсан байсан. Өөр хүн байгаагүй. А.Цэцэглэн болон түүний нөхөр Ц.Эрдэнэбат та нар хооронд өр авлага, өс хонзонгийн болон бусад хувийн таарамжгүй харьцаа байхгүй. А.Цэцэглэнгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл болох тархи доргилт, хамрын нуруунд зулгаралт, 2 нүдний доод зовхинд цус хуралт, хэвлийн урд хананд өнгөц зулгаралт, баруун хөлийн гуяны урд дунд хэсэгт бүдэг цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл миний буруутай үйлдлээс болж учирсан. Дээрх гэмтлийг би учруулсан. Би А.Цэцэглэнд 3.000.000 төгрөг эмчилгээнд нь зориулж өгсөн. Тухайн үед А.Цэцэглэнг Улаанбаатар хот руу авч явж үзүүлнэ гээд А.Цэцэглэн банкнаас малчны зээл авсан. Би тэр зээлийг нь тэр өдөрт нь хааж өгсөн байгаа. Мөн Архангай аймагт очиж эмнэлэгт үзүүлж хэвтүүлэх үед нь бензин тос, ор хоногийн мөнгө гэх мэт нийт 440.000 төгрөг өгч төлбөр хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/ 

    Хохирогч А.Цэцэглэнгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 308 дугаар дүгнэлт:
1.    А.Цэцэглэнгийн биед, тархи доргилт, хамрын нуруунд зулгаралт, 2 нүдний доод зовхинд цус хуралт, хэвлийн урд хананд өнгөц зулгаралт, баруун хөлийн гуяны урд дунд хэсэгт бүдэг цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ.
2.    Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
3.    *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1 -д зааснаар, биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4.    Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
5.    3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана....гэх дүгнэлт /хх-ийн 16-17 хуу/, 


    Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 308 дугаар нэмэлт  дүгнэлт:
1.    А.Цэцэглэнгийн биед, тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, 2 нүдний доод зовхинд цус хуралт, хэвлийн урд хананд өнгөц зулгаралт, баруун хөлийн гуяны урд дунд хэсэгт бүдэг цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ.
2.    Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
3.    *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1 -д зааснаар, биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4.    Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5.    А.Цэцэглэн нь зүүн гарын бугалганы доод талын ялтсан ба шрупен бэхэлгээ хийлгэсний дараах байдал. Зүүн гарын тохойн үений гэмтлийн дараах үрэвсэл. Шууны мэдрэлийн дарагдах хам шинж өвчтэй байжээ....гэх дүгнэлт /хх-ийн 27-29 хуу/, 
    Гэрэл зураг /хх-ийн 20 хуу/    
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 47-48 хуу/
    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 хуу/ 
   Шүүгдэгч Ж.Батсайхан хохирогч А.Цэцэглэнгийн нөхөр Ц.Эрдэнэбатын 00000 дүгээр данс руу зээл хаав гэсэн гүйлгээний утга бүхий 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 39 хуу/ зэрэг нотлох баримтууд болно.


Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Батсайхан нь 2017 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Хар балгас гэх газарт байх иргэн А.Цэцэглэнтэй маргалдан толгой, нүүр, хөл зэрэг газруудад цохиж өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.


    Шүүгдэгч Ж.Батсайхан нь хохирогчийг цохьсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч А.Цэцэглэн, гэрч Ц.Эрдэнэбат, М.Баярбат нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 308 дугаар дүгнэлт, 308 дугаартай нэмэлт  дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна гэж үзлээ.


    Шүүгдэгч Ж.Батсайхан нь хохирогч А.Цэцэглэнгийн нүүр, хөл хэсэгт нь цохиж, өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.


    Аймгийн прокурорын газраас Ж.Батсайханы үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.


    Иймд шүүгдэгч Ж.Батсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 


Ж.Батсайханыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.


Цэвэлдоржийн Эрдэнэбат гэх хүний зээлийг хааж Жигмидсорогдонгийн Батсайханаас 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 /гурван сая/ төгрөг шилжүүлсэн  ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байх ба үүнийг хохирогч А.Цэцэглэн нь өөрийнх нь нөхөр Ц.Эрдэнэбатын зээлийг шүүгдэгч Ж.Батсайхан  төлж мөнгө шилжүүлсэн гэж тайлбарласан болно.


Хохирогч А.Цэцэглэн нь шүүх хуралдааны үед нэхэмжилсэн гоо сайхны мэс засалд зарцуулах 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг болон эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой нотлох баримтууд эрүүгийн хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Ж.Батсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн хохирогчийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 


    Шүүгдэгч Ж.Батсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Батсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   
                                           
                                                                   ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч Б овгийн Жгийн Батсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батсайханыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Батсайхан нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Ж.Батсайханд нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Батсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ж.Батсайханд Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

7. Хохирогч А.Цэцэглэнгийн нэхэмжилсэн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

8.  Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ