Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 193

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

           улсын яллагч Ж.Энхжаргал,

            шүүгдэгч Ц.Болормаа, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Галзад овогт Цэвээний Болормаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0636 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Түргэн-Овоо суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-6, нөхөр хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, баруун дэнжийн 3-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Галзад овогт Цэвээний Болормаа, РД:ОН74120869, 

Шүүгдэгч Ц.Болормаа нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн зам дээр Toyota Probox маркийн 43-59 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч О.Мягмардоржийн жолоодож явсан 02-18 УБЦ улсын дугаартай Toyota Land Cruiser-70 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж О.Мягмардоржид 29.968.600 төгрөгийн шууд, 36.063.600 төгрөгийн нийт хохирол учруулан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Ц.Болормаа нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн зам дээр Toyota Probox маркийн 43-59 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч О.Мягмардоржийн жолоодож явсан 02-18 УБЦ улсын дугаартай Toyota Land Cruiser-70 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж О.Мягмардоржид их хэмжээний буюу 29.968.600 төгрөгийн бодит хохирол учруулсан болох нь:    

             - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал схем зураг, гэрэл зураг /хх-4-12/, 

            - хохирогч О.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед санагдаж байна, би Улаанбаатар хотоос гараад Архангай аймаг руу явах гээд Тоёота Ландкруйзер-70 маркийн 02-18 УБЦ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Ингээд эмээлтийн замаар зүүнээс баруун чиглэлд замын 2-р эгнээгээр явж байтал эсрэг урсгалаас  Тоёота Пробокс маркийн автомашин хажуу талаас орж ирээд мөргөсөн. Мөргөлт болсны дараа манай машин 2, 3-н удаа бүтэн эргээд, босож зогссон. Тэгээд би бууж ирээд нөгөө машин дээр очсон чинь жолооч нь уйлаад сууж байсан. Тэгээд би өөрийнхөө утасны дугаараараа цагдаад дуудлага өгсөн. Энэ үед Тоёота Пробокс маркийн автомашины жолоочийн талын хамаатнууд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-69/,

            - техникийн шинжээчийн №452 дугаартай:...43-59 УНД улсын дугаартай Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Болормаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 02-18 УБЦ улсын дугаартай Toyota Land Criuser -70 маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Мягмардорж нь Монгол Улсын Замын хөпөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...гэх дүгнэлт /хх-89/,

            - хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний “Автомашины хохирол үнэлсэн тухай тайлан” ...2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар “Land Cruiser 79” маркийн 02-18 УБЦ улсын дугаартай автомашинд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын эд ангийн зах зээлийн үнэ, цэнэ-29.968.600 төгрөг, эд ангийг засах ажлын хөлс-1.595.000 төгрөг, эд ангийг будах ажлын хөлс-1.900.000 төгрөг, эд ангийг солих ажлын хөлс-2.600.000 төгрөг, нийт 36.063.000 төгрөг болохыг тодорхойлов. /хх-31-36/

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээч эмчийн №8460 дугаартай дүгнэлт,

           - жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-27/,

           - “Ашид билгүүн” ХХК-ийн Д.Болормаагийн машинд үнэлгээ хийсэн тайлан /хх-55-58/,  

           - иргэний нэхэмжлэгч Н.Сүхбаатарын:...би энэ машиныг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Ариг банк”-наас /тухайн үед Эрэл банк/ 9.900.000 төгрөгийн лизингээр худалдаж авсан. Ц.Болормаа манай эхнэр байгаа юм. Би эхнэрээсээ хохирол нэхэмжлэхгүй, надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-75-76/,

            - шүүгдэгч Ц.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…осол бослон газраас ертөнцийн зүгээр баруун талын хашаанд манай ахынх байдаг юм. Тэгээд би 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим ах Галбаатарын гэрээс гараад Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зам хөндлөн гараад зүүн талд нь байдаг Маргад хүнсний дэлгүүрийн хашаанд гэртээ орох гээд “Ариг банк”-ны эзэмшлийн Тоёота Пробокс маркийн 43-56 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод зам руугаа орох гээд 2 тийшээгээ хартал миний баруун гар талаас нэг машин нилээн буюу ойролцоогоор 200-300 метрийн цаанаас нэг цагаан өнгийн автомашин ирж байхаар нь амжих юм байна гэж бодоод зам руугаа ороод ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлийн замын 1-р эгнээ рүү орох үед миний машины хамар дээгүүр даваад явах шиг болсон. Тэгсэн нөгөө машин нь цаашаагаа яваад хоёр бүтэн эргээд буцаад 4-н дугуйн дээрээ буусан юм. Нөгөө машины жолооч буугаад аймар хашгирч ирээд миний машины зүүн хойд хаалга руу нэг удаа өшиглөсөн юм. Тэгсэнээ цагдаад дуудлага өгсөн. Осол болсон газрын ойролцоо манай гэр байдаг учраас манай эгч дүү нар гараад ирсэн юм. Тэгээд тэд түргэнд дуудлага өгсөн. Эхлээд түргэн ирээд намайг үзчихээд шууд аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Ослын газар хэмжилт хийх үед би хамт байгаагүй. Би тухайн үед ганцаараа явж байсан....гэх мэдүүлэг /хх-41/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Болормааг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хохирогч нь шууд ба шууд бус хохиролд нийт 36.063.600 төгрөг /хх-31-35/ нэхэмжилсэн байх ба хохирлыг бүрэн барагдуулсан, цаашид нэхэмжлэх гомдол саналгүй /хх-140/ гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.  

Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй /хх-112/ байна.  

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй зэрэг нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.    

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрх хасах болон хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэв.       

          Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Ц.Болормаагийн В ангиллын 1059148 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:   

 

            1. Шүүгдэгч Ц.Болормааг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болормааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болормаагийн эдлэх 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Болормаа цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болормаад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж,  хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болормаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч Ц.Болормаагийн тус хэрэгт хураагдсан В ангиллын 1059148 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

 

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Болормаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР