Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 650

 

 

 

 

 

 

 

                       

 

                                   Ф.Од холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч Ф.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,  

хохирогч Ц.Анх-Учралын өмгөөлөгч Ж.Оюунболд,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 714 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ф.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ламын гэгээ овгийн Феодорын Отгонсайханд холбогдох эрүүгийн 1806 0621 42066 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1989 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, спортын тоглоомын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Барилга-Менежмент” ХХК-д мужаанаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 99 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Ф.О нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” авто тээврийн оношлогооны гадаа хохирогч Ц.Анх-Учралтай маргалдах явцдаа түүний хоолойг нь боож, ухаан алдуулан, газар унагааж, эрүүл мэндэд нь дагзны зүүн хэсгийн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай суурийн хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ф.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ф.Оыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ф.Од оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ф.Оаас /РД:УУ89031251/ 4.144.373 /дөрвөн сая нэг зуун дөчин дөрвөн мянга гурван зуун далан гурван/ төгрөгийг гаргуулан хохирогч Цогийн Анх-Учралд /РД: ЙЛ88060615/ олгож, хохирогч Ц.Анх-Учрал нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ф.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ф.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ф.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Ф.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэн. Хавтас хэргийн 85 дугаар талд, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх бөгөөд уг тэмдэглэлд “...2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн бичлэг 15:33:13 минутад оношилгооны гадна хашаанд хоёр эгнээ болж оочирлосон нийт 7 машин зогсож байгаа бичлэг явсаар 15:34:52 минутад хашаанд хар өнгийн дугаар номергүй машин орж ирэн хоёр эгнээ болж зогссон машинуудын дундуур явж урд талын эгнээний эхэнд зогсож байгаа саарал өнгийн дугаар, номергүй приус-20 машины өмнө ирж зогсоход приус-20 машины жолооч талаас хохирогч Анх-Учрал бууж ирж, хар машины жолоочтой уулзаад оношилгооны төв рүү орж 15:36:41 минутад хохирогч Анх-Учрал нь дунд зэргийн нуруутай, цэнхэр ноосон цамц, жинсэн өмд, хар өнгийн пүүз өмссөн залуутай барьцалдсан байдалтай гарч ирэн 15:36:45 хохирогч болон цэнхэр цамцтай залуу хоёр биенээ гараараа өмсөж явсан цамцны захнаасаа боолцож байгаа дүрс харагдах ба 15:36:56 минутад цэнхэр цамцтай залуу хохирогчийг боосон гараа тавихад хохирогч ертөнцийн зүгээр хойшоо биеийн ар хэсгээр унаж, шууд хөл гаранд таталт өгч байгаа бичлэг байх ба 15:37:10 минутад хохирогч Анх-Учралыг боож унагасан залуу болох цэнхэр  цамцтай залуу гараараа амны дээд хэсэгт дарж татаж босгож байгаа дүрс бичигдсэн. ...2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Ф.О гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /хх 15-16-р тал/ “...би дахин нэг машин оруулна гэж хэлсэн чинь Ц.Анх-Учрал машинаас бууж ирээд чи юу гээд байгаа пизда вэ гээд намайг үзэх үү гээд заамдаад авахаар нь би зөрүүлж өмсөж явсан нимгэн цамцаар нь баруун гараар боосон. Тэр үед миний хоолой хорсоод боолт орох гээд байхаар нь би Ц.Анх-Учралыг боосон баруун гараа тавьсан чинь Ц.Анх-Учрал шууд хойшоо савж газар унаад ухаан алдахаар нь би цамцнаас нь сэгсрээд босооч гэсэн чинь босохгүй байхаар нь уруул, хамар хоёрын хооронд нь хүчтэй баруун гарын долоовор хуруугаар дарж босгосон...” гэжээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч анхнаасаа үйл баримтын талаар үнэн зөвөөр мэдүүлж байсан нь хэрэгт авагдсан камерийн бичлэгээс харагдаж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэргийг шууд бус санаатай үйлдсэн гэж үздэг хэмээн дүгнэсэн шүүхийн дүгнэлттэй нийцэхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэжээ. Гэтэл Ф.О өөрийг нь боосон боолтны улмаас хоолой нь хорсож буюу боолт орох магадлалтай байснаас хохирогчийг боосон гараа авснаас хохирогч шууд арагшаа унасан байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэж үзэхээр байна. Тэрээр өөрөө ч гэсэн хоолойгоо боолгосны улмаас өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцох боломжгүй байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хор уршиг гэм буруугүйгээр учруулсан” гэж үзэх нөхцөл байдал ч байгаа болно. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг хөдөлбөргүй үнэн гэж үзэх боломжгүй байна. Хэргийн 20 дугаар талд авагдсан, шинжээчийн 9178 тоот дүгнэлт: “...дагзны зүүн хэсгийн шугаман хугарал, тархины баруун талын бөмбөлгийн дух, чамархай суурийн хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлмйн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т “тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл: Үүнд тархины хүнд няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн (аксон) тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна” гэсэн байх бөгөөд дагзны зүүн хэсгийн шугаман хугарал, тархины баруун талын бөмбөлгийн дух, чамархай суурийн хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлийн аль нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан нь ойлгомжгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тархины хүнд няцрал, дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдлын аль нь дээрх гэмтэлд хамаарах талаар дурьдаагүйгээр барахгүй цус хуралт нь цусан хураа, цус харвалтын аль шинжид хамаарч байгаа нь тодорхойгүй байна. Мөн дүгнэлтийн 3-т дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн байх бөгөөд 3.12 гэх заалт Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалд байхгүй байх бөгөөд техникийн алдаа гэж үзвэл гэмтлийн зэрэг тогтоох журмын аль зүйл, хэсгийг хамааруулан оруулсныг тодруулах шаардлагатай байна. Түүнчлэн хавтас хэрэгт хэвтэн эмчлүүлсэн гэх Гэмтэл согог судлалын үндэсний төвийн болон Тамир мандал эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийг нотолсон баримт буюу өвчний түүх авагдаагүйгээс гадна хавтас хэргийн 27 дугаар талд авагдсан, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болон 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд Тамир мандал эмнэлэгт шилжүүлсэн 500.000 төгрөг, 300.000 төгрөгийн баримт байх атлаа хэргийн 38 дугаар талд авагдсан кассын орлогын ордер гэх баримтаар 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бэлнээр 500.000 төгрөг хүлээн авсан гэх баримт авагдсан нь яг хичнээн төгрөгийг эмнэлэгт өгсөн эсэх, яг энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь үнэн талаарх ямар ч баримт авагдаагүй байна. Тодруулбал, хохирогч 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “...Тамир мандал хувийн эмнэлэгт 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 хоног хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардалд 2 сая төгрөг зарцуулсан...”  гэсэн байтал тэрээр эмнэлгийн төлбөр гэх 300.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлсөн байгаа нь энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн шинжээчийн дүгнэлтийн хэсэг “газрын үзлэг” гэх хэсэгт МЕD ТRAUMA эмнэлгийн КТГ-д: Зүүн талын дагз ясны шугаман хугаралтай. Баруун дух, чамархай суурийн хэсгийн тархины эдийн няцрал, хавангаар хүрээлэгдсэн цус хуралттай, тархины бор, цагаан эдийн ялгарал буурсан, хавантай ... зүүн дагз ясны зөөлөн эдэд хийтэй, хавантай ... эмч Д.Тунгалаг” гэх бичвэр байдаг атлаа тухайн МЕD ТRAUMA эмнэлгийн КТГ-д харсан талаарх баримт хэрэгт огт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримтгүй шинжээчийн дүгнэлтийг хөдөлбөргүй үнэн гэж үзэх боломжгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 714 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ф.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Хохирогч Ц.Анх-Учралын өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч талаас зүйлчлэл дээр маргадаг. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх биш тус хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх ёстой гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ф.Од оногдуулсан ял нь үйлдэгдсэн гэмт хэрэг, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байдаг. Хэрэгт авагдсан камерийн бичлэгээр шууд санаатай гэмт хэрэг болох нь харагддаг. Хохирогч руу шууд чиглэсэн үйлдэл буюу хохирогчийг боож байгаа үйлдэл нь шууд санаатай хэлбэр юм. Камерийн бичлэгээс харахад шууд түлхсэн байдаг. Түлхсэний улмаас хохирогч арагшаа дагзаараа савж унасан байдаг. Зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд 3.12-т зааснаар гээд нэгийн тооны ард цэг тавиагүй байдаг. Энэ нь техникийн шинжтэй алдаа болсон. Хэргийг буцаах үндэслэл болохгүй. Шүүгдэгч Ф.О тухайн үед хохирогчийг сэрээсэн гэдэг бөгөөд үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ эмнэлгийн тусламж үзүүлсэн асуудал байдаггүй. Сар гаруй хугацааны дараа хохирогч өөрөө хөөцөлдөж байж шүүгдэгчийг олсон байдаг. Хохирлын баримтууд зөрүүтэй гэж байна. Харин ч 1.300.000 төгрөг болох ёстой байсан хохирлыг 1.000.000 төгрөг гээд алдаатай бодоод өгсөн байдаг. 300.000 төгрөгөөр багасгаж бодсон байдаг. Хавтас хэргийн 30 дугаар хуудсанд компьютер томографид үзүүлж, төлбөр төлсөн баримт байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл болсон томографийн зураг байсныг нотолдог. Хавтас хэргийн 31-33 дугаар хуудсанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тодорхойлолт маш тодорхой авагдсан байдаг. Анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн. ...” гэв.

 

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нарын тайлбарыг сонслоо. Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор орж байна. Болсон үйл баримт маш ойлгомжтой харагддаг. Гэрчийн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг байдаг. Хэргийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс санаатай юу, болгоомжгүй юу гэдэг тал дээр ярьж байна. Камерийн бичлэгээр хохирогчийг боосон санаатай шууд үйлдэл харагддаг. Хохирогчид хүнд гэмтэл учирсан байна. Хохирол төлбөрөө төлөөд, гэм буруугаа хүлээгээд ороод ирсэн бол хөнгөрүүлэх нөхцөл байдал байх боломжтой. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэл буруу гэж яриад байгаад нь прокурорын зүгээс гайхаж байна. Хэргийн үйл баримтын хувьд маргаан байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Ф.О нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” авто тээврийн оношлогооны гадаа хохирогч Ц.Анх-Учралтай маргалдах явцдаа түүний хоолойг нь боож, ухаан алдуулан, газар унагааж, эрүүл мэндэд нь дагзны зүүн хэсгийн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай суурийн хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Анх-Учралын “...Тэр залуу намайг цамцны захаар боохоор нь би мөн адил зөрүүлэн тэр залууг цамцны захаар нь боогоод би өөрөө ухаан алдаж унасан байсан. Намайг заамдаж аваад 2 тийш сэгсчээд байсан. Тэгээд би ухаан алдсан. Намайг хаашаа юугаар цохисныг мэдээгүй. ... 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах авто оношилгооны төвд машинаа үзлэгт оруулах санаатай дугаарлаад зогсож байтал урдуур нэг машин дайрч орсон. Би яараад байна, битгий оочер дайраад бай гэтэл 03-98 УБЭ машины жолооч над руу хэл амаар дайрч доромжлоод намайг заамдаад боосон. Хэсэг хугацаанд ухаан алдаж унаад босоод иртэл толгой өвчин орчихсон өвдөж байсан. Тэр залуу намайг зодчихоод зугтаагаад яваад өгсөн. Одоо миний бие өвдөөд хэцүү байна. ...” /хх 6-8, 10-11/,

 

гэрч Б.Эрдэнэдалай “...2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би нутгийн ах Ц.Анх-Учралтай хамт явж Приус-20 маркийн машин аваад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байдаг Авто оношилгооны гадаа машинаа үзлэгт оруулах гэж дугаарлаад зогсож байхад манай машины урдуур нэг суудлын жижиг тэрэг дайраад орохоор нь Ц.Анх-Учрал нөгөө машины жолоочийг чи оочер дайраад байна, бид нар энд түрүүнээс хойш оочерлож байна гээд нөгөө машины жолоочтой маргалдаад, тэр хоёр сүүлдээ барилцаад авсан чинь би хажуугаар нь салгах гэхэд хажуу талаас нэг хөгшин ах “чи зүгээр холд” гээд байхаар нь би ойртоогүй, нэг харахад Ц.Анх-Учрал ахыг нөгөө махлаг биетэй залуу цамцаар нь бооход Ц.Анх-Учрал ухаан алдсан чинь шууд нөгөө залуу боож байсан гараа тавиад цааш нь түлхсэн чинь Ц.Анх-Учрал ах толгойны ар хэсгээр зам дээр шууд унаад ухаан алдаад чичрээд байсан. Би очих гэхэд хажууд байсан хүмүүс хамаагүй хөдөлгөж болохгүй, шууд цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудаад нөгөө машины жолоочийг хайхад яваад өгсөн байсан. ...” /хх 66-67/,

 

гэрч Ц.Эрдэнэ-Очирын “...тэгснээ машинаа хурдан гарга гэсэн чинь Ф.О  өмнө машин байна гээд тэр хоёр маргалдаад хоорондоо барилцаж аваад хоёр биенээ цамцаараа боолцоод тэр хоёр оношилгооны гадаа гарсан. Тэгтэл хохирогч гэх залуу гэнэт хойшоо саваад цементэн зам дээр унасан. Тэгэхээр нь би Ф.Оыг чи наад хүнээ босгооч гэж хэлсэн чинь Ф.О нөгөө залууг татаж босгосон, тэр үед оношилгооны хүмүүс ирээд бид хоёрыг машинаа гарга гээд байхаар нь бид хоёр машиндаа суугаад явсан. ...” /хх 81-82/,

 

Ф.Оы яллагдагчаар өгсөн “...хохирогч Ц.Анх-Учралтай машины дарааллаас болж маргалдан, барилцаж аваад бид хоёр харилцан хувцаснаас боолцсон. Тэр үед би хохирогч Ц.Анх-Учралын өмсөж явсан цамцны захнаас баруун гараараа бооход боолт орохоор нь би боосон гараа тавихад, хохирогч шууд арагш толгойн ар хэсгээр зам дээр дээшээ харж унаад хөл, гар нь таталт өгч, ухаангүй байхаар нь би очиж, хохирогчийн хамрын доод хэсэгт хүчтэй дарахад хохирогч сэргэсэн. ...” /хх 77/ гэх мэдүүлгүүд,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Приус-20 машины жолооч талаас хохирогч Анх-Учрал бууж ирж хар машины жолоочтой уулзаад оношилгооны төв рүү орж 15.36.41 минутанд хохирогч Анх-Учрал нь дунд зэргийн нуруутай, цэнхэр ноосон цамц, жинсэн өмд, хар өнгийн пүүз өмссөн залуутай барилцсан байдалтай гарч ирэн 15.36.45 минутанд хохирогч болон цэнхэр цамцтай залуу хоёр биенээ гараараа өмсөж явсан цамцны захнаасаа боолцож байгаа дүрс харагдах ба 15.36.56 минутанд цэнхэр цамцтай залуу хохирогчийг боосон гараа тавихад хохирогч ертөнцийн зүгээр хойшоо шууд биеийн ар хэсгээр унаж, шууд хөл гаранд таталт өгч байгаа бичлэг байх ба 15.37.10 минутанд хохирогч Анх-Учралыг боож унагаасан залуу болох цэнхэр цамцтай залуу гараараа амны дээр дарж татаж босгож байгаа дүрс бичигдсэн тул үзлэгийг дуусгав.” /хх 85/ гэх тэмдэглэл,

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн “1. Ц.Анх-Учралын биед дагзны зүүн хэсгийн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх 20/ гэх 9178 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

  Шүүгдэгч Ф.Оы хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.Од 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний хувьд тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ф.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нар нь “...Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэжээ. Гэтэл Ф.О өөрийг нь боосон боолтны улмаас хоолой нь хорсож буюу боолт орох магадлалтай байснаас хохирогчийг боосон гараа авснаас хохирогч шууд арагшаа унасан байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, тархины хүнд няцрал, дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдлын аль нь дээрх гэмтэлд хамаарах талаар дурьдаагүйгээр барахгүй цус хуралт нь цусан хураа, цус харвалтын аль шинжид хамаарч байгаа нь тодорхойгүй байна. Мөн дүгнэлтийн 3-т дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн байх бөгөөд 3.12 гэх заалт Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалд байхгүй байх бөгөөд техникийн алдаа гэж үзвэл гэмтлийн зэрэг тогтоох журмын аль зүйл, хэсгийг хамааруулан оруулсныг тодруулах шаардлагатай байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

 

Шүүгдэгч Ф.О нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амгалан авто тээврийн оношлогооны гадаа хохирогч Ц.Анх-Учралтай дарааллаас болж маргалдах явцдаа түүний хоолойг нь боож, ухаан алдуулан, улмаар ухаан алдсан байхад нь цементээр бүрсэн хатуу гадаргуутай газар унагаасны улмаас хохирогч Ц.Анх-Учралын тархинд хүнд гэмтэл учруулсан үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй бөгөөд  шүүгдэгч нь бусдын бие махьбодид халдаж, заамдаж ухаан алдуулан газар унагаасныг санаатай үйлдэл гэж үзнэ.   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 9178 дугаар дүгнэлтэд “...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэжээ.  

 

Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт 3.12 гэсэн заалт байхгүй, харин 3.1.2 гэх заалт байх бөгөөд уг заалтад “гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал; Үүнд гавлын орой (дух, зулай яс), чамархай, дагз ба суурь яс (өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс, ухархай, самалдагийн дээд хана)-ны хугарал, заадсын салалт хамаарах ба харин нүүр, духны хөндийн өмнөд ханын хугарал, гавлын орой ясны гадна ялтасны цууралт хамаарахгүй” гэж заасан, мөн уг журмын 3.1.3-т заасан гэмтэл нь дангаараа ч гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Харин 9178 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 3.1.2 гэхийг 3.12 гэж журамд байхгүй заалт бичсэн нь техникийн шинжтэй алдаа болжээ.  

 

 Анхан шатны шүүх хохирогч Ц.Анх-Учралын өмгөөлөгчид төлсөн зардал 3.000.000 төгрөг, эмчилгээний зардал 1.144.373, нийт  4.144.373 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн гаргасан “өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн тухай”-д хохирогч Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох хууль зүйн үндэслэлгүй.

 

 Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс нийт 4.144.373 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэснээс өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөгийг хасч тооцож, энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээж авах үндэслэлтэй.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхээс өмнө шүүгдэгч  Ф.О нь Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 1.144.373 төгрөгийг  хохиролд тооцуулахаар байршуулсан байгааг дурдаж байна.

 

 Иймээс шүүгдэгч Ф.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 714 дугаартай шийтгэх тогтоолын:

6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ф.Оаас /РД: УУ89031251/ 4.144.373 /дөрвөн сая нэг зуун дөчин дөрвөн мянга гурван зуун далан гурван/ төгрөгийг гаргуулан хохирогч Цогийн Анх-Учралд /РД: ЙЛ88060615/ олгосугай.” гэснийг “Ф.Оаас /РД: УУ89031251/ 1.144.373 /нэг сая нэг зуун дөчин дөрвөн мянга гурван зуун далан гурван/ төгрөгийг гаргуулан хохирогч Цогийн Анх-Учралд /РД: ЙЛ88060615/ олгосугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Хохирогч Ц.Анх-Учрал нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч  Ф.О нь Төрийн сангийн 100900005406 тоот дансанд нийт 1.144.373 төгрөгийг  хохиролд тооцуулахаар байршуулсныг тус тус дурдсугай.

 

3. Шүүгдэгч Ф.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ