Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0090

 

 

 

 

 

 

 

 

 

         

“Х ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гуравдагч этгээд Э.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А

 

Нэхэмжлэгч: “Х ш” ХХК /РД:2019493/

Хариуцагч: Х б, х г

Гуравдагч этгээд: Э.Г /РД:ЦВ77102572/

Нэхэмжлэлийн шаардлага: “Х б, х г-н 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 458/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0762 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, Г.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0117/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х ш” ХХК-иас Х б, х г-т холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 458/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0762 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 28 дугаар зүйлийн 28.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х ш” ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0009342 458/2021 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт хариуцагчаас нэмж тодруулах ажиллагааг огт хийлгүйгээр зөвхөн Барилгын тухай хуулийн 28.2-т заасан бичиг баримтын бүрдэл бүрэн гэх үндэслэлээр өмнөх барилгын ажлын гэрчилгээтэй адил агуулгаар гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй байна...” гэж буруу дүгнэлт гаргажээ. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар тогтоолоор “... Гуравдагч этгээд Э.Ганболд өөрийн эзэмшлийн газартаа үйлчилгээний барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт, батлагдсан барилгын эх загвар болох шаардагдах зөвшөөрлүүд олгогдсон энэ тохиолдолд “Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгажих талбайг 198 м.кв байхад барилгын ажлын зөвшөөрөлд 17.0x12.0 метр буюу нийт 204 м.кв болгон нэмэгдүүлсэн шалтгааныг, мөн зөрүү 6 м.кв нь барилгын аль төлд гарч байгаа болохыг дахин захиргааны акт гаргахдаа анхаарах нь зүйтэй...” гэж дүгнэсэн.

3.3. Үүний дагуу Э.Г нь архитектур төлөвлөлтийн даалгаварт буюу “2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2017/16-42 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт” 18.0x11.0 хэмжээтэй заасан байсныг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дахин шинэ акт гаргуулахдаа Улсын дээд шүүхийн 95 дугаар тогтоолд заасан ажиллагааг хийж, барилгажих талбайн хэмжээг Барилгын тухай хуулийн 12.8-д “ ... тухайн газрын 70 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан шаардлагыг хангаж, өөрийн эзэмшил газрын 49.8 хувьд төлөвлөж, 17.0x12.0 метр буюу 204 м.кв хэмжээтэй болгон өөрчилж, уг нэмэгдүүлсэн 6 м.кв нь барилгын аль талд байрлаж байгаа болохыг зурагт  тусган, Барилгын загвар зураг болон барилгын ажлын зураг боловсруулж Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу барилгын ажлын гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргаж, үүнийг дагуу “Хот байгуулалт, Хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 458/2021 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г олгосон.

3.4. Гэтэл шүүх дүгнэхдээ “...хариуцагчаас нэмж тодруулах ажиллагааг огт хийлгүйгээр зөвхөн Барилгын тухай хуулийн 28.2-т заасан бичиг баримтын бүрдэл бүрэн гэх үндэслэлээр өмнөх барилгын ажлын гэрчилгээтэй адил агуулгаар гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй байна...” гэж буруу дүгнэлт гаргаж, энэ нь хэргийг буруу шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

3.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт: “...барилгын 2017 оны МЗХ2017/16-42 архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын хэмжээг 198 м.кв байхаар төлөвлөсөн боловч магадлалын ерөнхий дүгнэлтэд барилга нь тэнхлэгээрээ 17.0x12.0 буюу 204 м.кв хэмжээтэйгээр тусгагдсан, ... бодит байдалд 223 м.кв талбайтай..., шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь хэсэгт: “... энэ талаар өмнөх шүүхийн шийдвэрүүдэд дүгнэж, зөрүүтэй байдлыг дахин шинэ акт гаргахдаа харгалзан үзэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн байхад..., төлөвлөлтийн баримт бичиг, загвар зураг, магадлалын дүгнэлтэд заасан барилгын хэмжээ зөрүүтэй..., бодит байдалд зөрүүтэй байхад... хууль бус...” гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Учир нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар тогтоолд “Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгажих талбайг 198 м.кв байхад барилгын ажлын зөвшөөрөлд 17.0x12.0 метр буюу нийт 204 м.кв болгон нэмэгдүүлсэн .... захиргааны акт гаргахдаа анхаарах нь зүйтэй...” гэж дүгнэсэн.

3.6. Үүний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дахин шинэ акт гаргуулахдаа Улсын дээд шүүхийн 95 дугаар тогтоолд заасан ажиллагааг хийж, барилгажих талбайн хэмжээг Барилгын тухай хуульд заасан шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлэн, “Хот байгуулалт, Хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 458/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан.

3.7. Өмнөх шүүхийн шийдвэрүүдэд “барилгын суурийн бодит хэмжээ болох 223 м.кв суурийн” талаар огт дүгнэлт хийгээгүй бөгөөд уг асуудлыг “барилгын ажлын зөвшөөрөл олгогдсоноос хойших” асуудал гэж үзсэн. Харин ... барилгажих талбайг 198 м.кв байхад барилгын ажлын зөвшөөрөлд 204 м.кв байна гэх асуудлаар шүүхүүд дүгнэлт гаргаж, уг зөрүүг арилгах талаар дахин шинэ акт гаргах замаар зөрүүг арилгуулахаар шийдвэрлэсэн юм.

3.8. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл”гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг, 4.1.10-т “барилга байгууламж шинээр барих” гэж барилга байгууламж барих, эсхүл хуучин барилга байгууламжийг буулгаж барихыг; 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:”, 26.1.1-т “барилга байгууламжийг шинээр барих;”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар олгоно”, 28.1-т “Энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна.”, 28.5-д “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, ... зөвшөөрөл олгоно.” гэж тус тус заасны дагуу иргэн, байгууллагаас гаргасан хүсэлтийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийг олгохоор зохицуулсан бөгөөд иргэн Д.Ганболдоос дээрх хуульд заасан шаардлагын дагуу баримт бичгийг бүрдүүлэн өгснийг үндэслэн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон болно.

3.8. Харин барилга байгууламж барих асуудал нь Барилгын тухай хуулийн 28.2, 28.5-д заасан шаардлагын дагуу “барилгын ажлын зөвшөөрөл олгогдсон”-оос хойш хийгдэх ажил бөгөөд барилгын ажлын зөвшөөрөл эзэмшигч нь дээрх зөвшөөрлийн дагуу барилгаа барихдаа /шинээр, эсхүл өмнөх барилга, барилгын суурийг буулгах байдлаар/ батлагдсан зураг төслийн дагуу барих бөгөөд барилга нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан “зураг төслийн дагуу баригдсан байх” шаардлагыг хангасан байхыг хуульчилж заасан.

Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ барилгын ажлын зураг, Магадлалын ерөнхий дүгнэлтэд барилгажих талбайн хэмжээ 204 м.кв, бодит байдал дээрх барилгын суурь 223 м.кв байхад “барилгын ажлын зөвшөөрөл олгосон” нь хууль бус байна гэж буруу дүгнэлт хийсэн бөгөөд хоёр тусдаа асуудлыг хольж солин тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.9. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т “... дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна... гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд, нэхэмжлэгч “Хүчит шонхор” ХХК нь Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 458/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд,нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах 4 үндэслэлээр тодорхойлдог:

3.9.1. Дахин шинэ акт гаргахдаа алдаа гаргахгүй байх талаар өгсөн холбогдох дүгнэлтүүдийг илтэд зөрчиж, алдаагаа залруулаагүй дахин шинэ акт гаргасан.

3.9.2. Галын аюулгүй байдлын зөрчил, Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үл ойшоон хууль зөрчин барилгын ажпын зөвшөөрлийг дахин шинээр олгосон.

3.9.3. Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан барилгажих талбайг хэтрүүлэн, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын шаардлагыг шууд зөрчиж, хүчирхийллийн арга хэрэглэж илүү хэмжээгээр барилгын суурь цутгасан болох нь хөтөлбөргүй тогтоогдсон байтал “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 5.1-т заасныг зөрчсөн.

3.9.4. Э.Г-ын барилгын суурь “Х ш” ХХК-ийн барилгатай залгаа баригдаж, суурь нь ил гарч нурах, цонх хаалга аюулгүйн гарцыг таглах, галын аюул учруулах барилга баригдахаар болсон.

3.10. Нэхэмжлэгч нь дээрх 4 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргадаг бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарлахдаа “барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон нь” нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж тайлбарладаг.

3.11. Гэвч шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “барилгын ажлыг зөвшөөрлийг олгосон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэж дүгнэсэн боловч барилгын ажлын зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ямар үндэслэл байгааг болон, нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг огт дүгнээгүй бөгөөд ямар нэгэн үндэслэл дурдахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 762 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Х ш” ХХК-иас “Х б, х г-ын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 458/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулж гаргасан.

3. Анхан шатны шүүх “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар захиргааны байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр болсон магадлал, тогтоолд заасан нэмж тодруулах ажиллагааг хийсний үндсэн дээр гуравдагч этгээдэд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгох эсэхээ шийдвэрлэж шинэ акт гаргах үүрэгтэй. Гэтэл нэмж тодруулах ажиллагааг хийлгүйгээр, зөвхөн Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан баримт бичгийн бүрдэл бүрэн гэх үндэслэлээр өмнөх барилгын зөвшөөрлийн гэрчилгээтэй адил агуулгаар дахин гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй, хүсэлтэд хавсаргасан баримт бичгийг хянан шийдвэрлэсний үндсэн дээр зөвшөөрөл олгох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй нь хууль бус шийдвэр болжээ” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.   

4. Тогтоогдсон үйл баримтын тухайд,

4.1. “Х ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй Х б, х г-т холбогдох “Хот байгуулалт, хөгжлийн газраас Э.Г-д олгосон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 00735/186/2017 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0426 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 586 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, маргаан бүхий захиргааны актыг дахин шинээр гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.

4.2. Ингэхдээ давж заалдах болон хяналтын шатны шүүхээс (а) нэхэмжлэгч “Х ш” ХХК-ийн эзэмшлийн 52 дугаартай барилга нь нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гаргуулаагүй, зөвшөөрөлгүй, уг барилгын хойд талд зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн барилга эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгүүлээгүй, (б) гуравдагч этгээд Э.Г-ын хувьд “Х ш” ХХК-ийн эзэмшлийн 52 дугаартай барилгын хойд талд барьж буй 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга нь 00735/186/2017 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр 409 кв.м газарт 17.0х12.0 метр хэмжээтэй барилга байхаар заасан ч архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын хэмжээг 18.0х11.0 гэж төлөвлөсөн, бодит байдал дээр барилгажих талбай 223 кв.м буюу суурийг архитектур төлөвлөлтийн даалгаварт зааснаас илүү хэмжээгээр цутгасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн.

4.3. Улмаар нэхэмжлэгчийн 52 дугаартай барилга өөрөө уг байршилд зөвшөөрөлгүй баригдсан тул тухайн барилгын бүтэц, зориулалтыг шүүхээс тодорхойлох боломжгүй,  Хот төлөвлөлтийн барилгажилтын норм ба дүрэм /БнбД 30-01-04/-д заасан барилгын гал тэсвэржилтийн II зэргийн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын 8 метр зай зөрчигдсөн эсэхийг тухайн зэрэгцээ хоёр барилга ямар зориулалтаар зөвшөөрөгдсөн, ямар хийц, бүтэцтэй хийгдсэн зэргээс хамаарч тогтоох учир зай зөрчигдсөн эсэхэд шууд дүгнэлт хийх нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж тайлбарлан,

4.4.  Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгажих талбайг 198 кв.м гэсэн байхад барилгын ажлын зөвшөөрөлд 17.0х12.0 буюу нийт 204 кв.м болгон нэмэгдүүлсэн шалтгааныг, дахин захиргааны акт гаргахдаа анхаарах нь зүйтэй гэж дүгнээд, маргаан бүхий 00735/186/2017 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн.

4.5. Гуравдагч этгээд Э.Г-оос дээрх шийдвэрийг дурдан, тус барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахаар 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт гаргасан ба хавсаргасан баримт бичиг бүрдлийн хувьд Барилгын тухай хуульд заасан шаардлагын хангах эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

 4.6. Үүний дагуу хариуцагч захиргааны байгууллагаас 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 458/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон бөгөөд ... 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2017/16-42 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 17.0х12.0 метр хэмжээтэй 2 давхар үйлчилгээний барилгын загвар зураг батлагдаж, ажлын загвар зураг боловсруулагдан магадлал хийгдэн баталгаажсан тул Архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчилж олгох шаардлагагүй, тухайн барилгад Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасан баримт бичгийг бүрдүүлэн ирүүлсэн гэж тайлбарлана.

5. Маргааны бүхий 458/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шинээр олгосон үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчээс “хуулийн хүчин төгөлдөр болсон магадлал, тогтоолд дурдсан дүгнэлтийг зөрчиж, архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан барилгажих талбайг хэтрүүлсэн зөрчлөө арилгаагүй байхад дахин гэрчилгээ олгосон” гэж маргах бол гуравдагч этгээдээс “2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2017/16-42 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын хэмжээг өөрчлөх хүсэлт өгсөн ч хариуцагч шаардлагагүй гэсэн хариу өгсөн, 17.0х12.0 метр хэмжээтэй барилга барих нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан барилгажих хэмжээнээс хэтрээгүй, 458/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ, хариуцагчийн гаргасан “... Э.Г-ын барилга эзэмшил газрын 49.8 хувьд төлөвлөгдсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг хангасан, Э.Г-ын төлөвлөгдсөн барилга болон “Х ш” ХХК-ийн эзэмшлийн 52 дугаар барилгын хооронд галын норм тооцохгүй, Улсын дээд шүүхийн 2021 оны 95 дугаар тогтоол болон Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу 2021 оны 458/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон” гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй талаар зөв дүгнэжээ.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан гаргах шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь үндсэндээ тогтоогдсон байх ч шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд маргааны үйл баримтад голлох ач холбогдолтой нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах боломжийг хариуцагчид олгосон ба тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүйн улмаас /түдгэлзүүлсэн/ маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох эрх зүйн үр дагавартай болохыг тодорхойлсон шийдэл байдаг.

8. Дээрх зохицуулалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх зарчмын агуулгатай хамтатган тайлбарлавал, энэ тохиолдолд хариуцагчаас дахин гаргах шинэ захиргааны акт нь хуулийн хүчин төгөлдөр болсон магадлал, тогтоолд заасан нэмж тодруулах ажиллагааг хэрэгжүүлснээр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангана.

9. Гэтэл хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд, Э.Г-ын барилгыг Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 617/2017 дугаартай зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтэд “барилга нь тэнхлэгээрээ 17.0х12.0 м буюу 204 кв.м хэмжээтэй” гэж тусгасан бол нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2017/16-42 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт “барилгын хэмжээ 18.0х11.0 м буюу 198 кв.м барилгажих талбайтай” болохыг тодорхойлсон ч бодит нөхцөлд уг барилгын суурь 223 кв.м талбайтай буюу төлөвлөснөөс илүү хэмжээтэй болохыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/135 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гэх үйл баримт Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 458/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Э.Г-д дахин шинээр олгох үед ч өөрчлөгдөөгүй байжээ.

10. Өөрөөр хэлбэл, энэ хэсгийн 4.4-т заасан шалтгаан нөхцлийг тодруулах үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй буюу дээрх зөрүүтэй байдлыг харгалзахгүйгээр  дахин шинээр гаргасан 2021 оны 458/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг анхан шатны шүүхээс хууль бус гэж дүгнэснийг буруутгахгүй.

11. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан “... МЗХ2017/16-42 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт 18.0х11.0 метр хэмжээтэй байсныг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дахин шинэ акт гаргуулахдаа Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар тогтоолд заасан ажиллагааг хийж, барилгажих талбайн хэмжээг 17.0x12.0 метр буюу 204 м.кв хэмжээтэй болгон өөрчилж, уг нэмэгдүүлсэн 6 м.кв нь барилгын аль талд байрлаж байгаа болохыг зурагт  тусган, Барилгын загвар зураг болон барилгын ажлын зураг боловсруулж, хүсэлт гаргасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 458/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон” гэх тайлбар нь бодит байдалд нийцэхгүй тул хүлээн авах үндэслэлгүй юм.

12. Учир нь Хот байгуулат, хөгжлийн газраас Э.Г-д барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгох эсэхийг шийдвэрлэхдээ, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу бүрдүүлсэн түүний хүсэлтийг хүлээн авснаас өөрөөр, тухайлбал хуулийн хүчин төгөлдөр болсон магадлал, тогтоолын дагуу Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд барилгажих талбай 6 метр зөрүүтэй, уг зөрүү барилгын аль талд гарч байгаа зэргийг тогтооход чиглэсэн ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт цугларсан бичгийг нотлох баримтаар тогтоогдсон.

13. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Э.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлы хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Г.МӨНХТУЛГА

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ